| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2023/00209/И |
| Дугаар | 101/ШШ2023/02082 |
| Огноо | 2023-04-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2023/02082
2023 04 25 101/ШШ2023/02082
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ядаргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Д-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч- М-т холбогдох,
847,936 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Д нь Т.Мт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний хариу төлбөрт 200,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохиролд 647,936 төгрөг, нийт 847,936 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ****** улсын дугаартай, Тоёота ланд *** маркийн автомашиныг хариуцагчид 5,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд хариуцагч нь 4,800,000 төгрөгийг дансаар шилжүүлснээр автомашиныг авч явсан боловч үлдэгдэл 200,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна.
Мөн хариуцагч нь худалдан авсан автомашины өмчлөлийг өөрийн нэр дээр шилжүүлж бүртгүүлээгүй, тухайн автомашиныг жил бүрийн үзлэг оншлогоонд оруулаагүй, татвар, торгуулийн төлбөрийг төлөөгүйн улмаас нэхэмжлэгч 647,936 төгрөгийг хариуцагчийн өмнөөс төлснөөр гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж тайлбарласан.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа ****** улсын дугаартай, Тоёота ланд крузер 80 маркийн автомашиныг худалдан авч 4,800,000 төгрөгийг төлсөн нь үнэн. Энэ автомашиныг худалдан авснаар унаж замын хөдөлгөөнд оролцоогүй, засвар үйлчилгээ хийсээр байгаа, бичиг баримт нь миний нэр дээр шилжиж ирээгүй, машины бичиг баримтыг нэр дээр шилжүүлснээр үлдэгдэл төлбөрийг төлөхөөр байсан, энэ машин замын хөдөлгөөнд огт оролцоогүй тул үзлэг оношлогоонд оруулаагүй, татвар хураамж төлөөгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.
4. Нотлох баримтын тухайд
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Автотээврийн үндэсний төвийн 2022-12-21-ний өдрийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн хасалтын **** дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр А.Тг томилсон итгэмжлэл, Б.Дын Хаан банк ХХК-ний ****** дугаартай дансны хуулга, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Быг томилсон итгэмжлэл, А.Т-н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзсан хүсэлт, өмгөөлөгч оролцуулах хүсэлт, Б.Лын Төрийн банкны ************** дугаартай дансны хуулга, Б.Д, Б.Л нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг нэхэмжлэгчээс, хариуцагчаас төлөөлөгч томилсон итгэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Б.Д нь Т.Мт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 200,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохиролд 647,936 төгрөг, нийт 847,936 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн өмчлөлийн ****** улсын дугаартай, Тоёота Ланд ******* маркийн автомашиныг 5,000,000 төгрөгөөр худалдсан боловч худалдах худалдан авах гэрээний төлбөрт 200,000 төгрөгийг төлөөгүй байгаа.
Хариуцагч нь худалдан авсан автомашинаа өөрийн нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлийг шилжүүлээгүйн улмаас худалдсан автомашины татвар, торгуулийн төлбөрийг төлсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар автомашиныг худалдан авсан байх бөгөөд төлбөрийг эхнэр болох хариуцагчийн данснаас шилжүүлсэн байна. Худалдан авсан хөрөнгө болох автомашинаа эзэмшилдээ шилжүүлж авсан тул үнийг төлөх үүрэгтэй. Уг худалдсан автомашин эвдрэл гэмтэлтэй болохыг хариуцагч тал мэдсээр байж 5,000,000 төгрөгөөр худалдан авсан, хөөн хэлэлцэх хугацааны талаар хариуцагч тал маргаагүй тул шаардах эрхийн хугацаа дуусаагүй, доголдлын талаар хариуцагчийн зүгээс шаардлага гаргаж байгаагүй гэж тодорхойлон тайлбарласан.
3. Хариуцагч Т.Мт холбогдуулан гаргасан 847,936 төгрөг гаргуулах тухай Б.Дын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гардуулан өгч /хх-29/, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулж /хх-26/, хэргийн материалтай танилцуулсан /хх-31/ боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацааны дотор уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар ямар нэгэн тайлбарыг шүүхэд гаргаагүй байна.
4. Хариуцагч Т.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн итгэмжлэлээр Д.Бд зургаан сарын хугацаатай олгосон, шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс автомашины бичиг баримтыг нэр дээр шилжүүлснээр үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохирсон байсан, уг автомашиныг худалдан авснаар замын хөдөлгөөнд оролцоогүй, одоо ч гэсэн засвар үйлчилгээ хийсээр л байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргаж байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Автотээврийн үндэсний төвийн хасалтын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаартай тодорхойлолтод ******* регистртэй Б овогтой Д-н нэр дээр бүртгэлтэй байсан ****** улсын дугаартай ************* арлын дугаартай тээврийн хэрэгслийг ******** гэсэн бүртгэлээр системд хасалт хийв гэжээ /хх-4/.
Б.Дын Хаан банкны ****** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2018 оны 12-р сарын 18-ны өдөр 4,800,000 төгрөгийн орлого орж, гүйлгээний утга land80 mashinii mungu гэж бичигдсэн байна /хх-6/.
Б.Лын Төрийн банкны ************** дугаартай дансны хуулгаар ******* торгууль 20,000 төгрөгийг, smartcar online ******* татвар 628,036 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлсөн байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар Б.Д, Б.Л нар гэр бүл болох нь нотлогдож байна.
6. Зохигчид ****** улсын дугаартай, Тоёота Ланд ******* маркийн автомашиныг 5,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах тохиролцоо амаар хийсэн болохыг тайлбарлаж, нэхэмжлэгчийн Хаан банкны ****** тоот дансанд 4,800,000 төгрөг land80 mashinii mungu гэх гүйлгээний утгаар орж ирсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн автомашиныг худалдан авсан, төлбөрт 4,800,000 төгрөг төлсөн, автомашиныг эзэмшилдээ авсан болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэлийг нөгөө тал хүлээн авснаар хэлцэл хүчин төгөлдөр байна гэж, 42 дугаар зүйлийн 42.1-т хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэжээ.
Тиймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулснаар талуудын хоорнд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.
7. Хариуцагч нь худалдан авсан автомашины төлбөрийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож, хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн баримтууд, ****** дугаартай автомашины татвар, торгууль төлсөн баримтуудтай танилцсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлэх, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй тул хариуцагч нь тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгчтэй амаар байгуулсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар хариуцагч нь үүргийг тогтоосон газар, гэрээнд заасан хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй тул хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 200,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
8. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэжээ.
Хариуцагчид худалдсан ******* улсын дугаартай автомашины торгуульд 20,000 төгрөг, татварт 628,036 төгрөгийг төлсөн талаарх дансны хуулгыг нэхэмжлэгч нотлох баримтаар гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж маргаагүй буюу хариуцагч тал татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй.
Хариуцагч худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь худалдсан автомашины торгууль, татварыг төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулга баримт, зохигчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн 647,936 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
9. Иймд дурдсан үндэслэлээр хариуцагч Т.Маас худалдан авсан ****** улсын дугаартай, Тоёота Ланд ******* маркийн автомашины үлдэгдэл төлбөрт 200,000 төгрөгийг, уг автомашины торгууль, татварын төлбөрт 647,936 төгрөг, нийт 847,936 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэжээ.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,901 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 24,901 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Боржигон овогт Тогоонсүх-н М /**********-с 847,936 /найман зуун дөчин долоон мянга есөн зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бын Д /*******/-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,901 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Маас 24,901 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ Д.Я