| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2022/05268/И |
| Дугаар | 101/ШШ2023/02360 |
| Огноо | 2023-05-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2023/02360
| 2023 05 11 | 101/ШШ2023/02360
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Жуковын өргөн чөлөө гудамж, өөрийн байранд байрлах******* ОНӨААТҮГ-т холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 176,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Амарбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мягмардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртлэх 18 км сайжруулсан түр шороон замын тоосжилт бууруулах ажил гүйцэтгэлийн УБЗЗАГ/ТБА-2019 тоот гэрээг******* ОНӨААТҮГазартай байгуулсан.
Уг гэрээгээр ******* ХХК нь түр шороон замын тоосжилт бууруулах ажлыг гэрээ байгуулсан өдрөөс хойш 2019 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэх ба Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГазар нь ажлын гүйцэтгэлд 492,000,000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцсон.
******* ХХК нь гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхийн тулд 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 09-ний хооронд 14,3 км замд 127,000 кв талбайд 114 тоон бүтээгдэхүүн, 2019 оны 6 сарын 21-ны өдрөөс 24-ний хооронд 18.3 мкв талбайд 134,500 мкв 100 тонн бүтээгдэхүүн, бусад хөдөлмөрлөх хүч болон техник тоног төхөөрөмжийн зэрэг ажил гүйцэтгэлийн зардлыг гаргасан. Ажлыг зохих чанар стандартын дагуу болон шаардлага хангахуйц гүйцэтгэсэнийг ажлыг хүлээн авсан инженер, дээжийн үзүүлэлт ажлыг гүйцэтгэсний дараах үеийн тоосжилт зэрэг олон зүйлсээр баталгаажуулсан.
Гэтэл******* нь гэрээг нэг талын санаачлагаар зогсоон санхүүжилт олгохоос татгалзсан бөгөөд энэ талаар санхүүжилт олгохыг удаа дараа байгууллагын эрх бүхий этгээдэд хандахад санхүүжилт дууссан төрийн өөр байгууллага төлнө гэх зэрэг хариу өгч одоо болтол манай гүйцэтгэсэн ажлын төлбөр 176,000,000 төгрөгийг олгоогүй байна.
Иймд гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөр 176,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь ******* ХХК болон******* нарын хооронд албан ёсоор энэ гэрээ байгуулагдаагүй. Хариуцагч нар АНУ-аас тоосжилт бууруулах бүтээгдэхүүн оруулж ирэхийн тулд гэрээ хэлцэл шаардлагатай байгаа тул гэрээ байгуулаад өгөөч гэж хүссэн дагуу энэ гэрээг байгуулж өгсөн.
Харин гэрээ бодит байдал дээр хэрэгжээгүй. Энэ гэрээг хариуцагчийн гадаад улсаас бүтээгдэхүүн оруулж ирэх ажилд нь туслаж байгуулсан бөгөөд тухайн үед гэрээг устгаад, энэ гэрээ ингээд дуусгавар боллоо шүү гэж ойлголцсон.
Хариуцагч тал тухайн үед танай замын ажлын тоосжилт бууруулах ажиллагаанд оруулж ирсэн бүтээгдэхүүний туршиж үзээд болж байвал дараа нь Дарханы замын ажилд хэрэгжүүлэх юм гэж ярилцаж байсан.
Бид гэрээ байгуулсны дараа хариуцагч байгууллага дээр очсон боловч гарал үүслийн бичиг байхгүй, хаанаас оруулж ирсэн нь тодорхойгүй, удаан хугацаагаар хадгалсан юу нь мэдэгдэхгүй бодис байсан.
Мөн анх гэрээ байгуулах үеийн зураг дээрх шиг байдал огт байхгүй хуучин машины ард шаланк холбочихсон ус юм уу юу нь мэдэгдэхгүй зүйл гоожиж байсан. Иймд бид тэр даруй албан ёсоор бүтээгдэхүүнийхээ гарал үүслийн бичиг баримт болон шинжилгээний бичиг баримтуудаа бүрдүүлээд аваад ир гэсэн боловч хариуцагч тал алга болсон.
Энэ гэрээг хоёр тал байж байгаад устгасан байхад хаанаас яаж нотариатаар батлуулсан нь ойлгомжгүй байна. Энэ ажлыг манай байгууллага өөрсдийн боломж нөөцөөр хийж дуусгасан. Хариуцагч тал ямар ажил хийгээгүй. Ажлын гүйцэтгэл гэх баримт дээр гарын үсэг зурсан А.Содномдорж гэх хүн нь ажлаасаа халагдсан бөгөөд халагдсаныхаа дараа хариуцагч нарын энэ баримт дээр гарын үсэг зурж өгсөн байсан. Мэдээж халагдсан хүн байгууллагтаа сайнаар хандахгүй зураад өгөх нь ойлгомжтой. Энэ үйлдлийг нь өөрийг нь дуудаж тодруулах гэсэн боловч гадагшаа яваад ирээгүй байгаа юм байна. мөн хэргийн 163 дугаар талд авагдсан ахлах инженер Ж.Батболд гэх нэрийн урд зурсан бичвэр Ж.Батболдын гарын үсэг биш. Илтэд хуурамч баримт бичиг үйлдэж болохгүй. Хүний гарын үсгийг хуурамчаар зурах нь хууль бус үйлдэл.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв
3.Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
-Нэхэмжлэгчээс гаргасан компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2019 оны 5 сарын 22-ны өдрийн №УБЗЗАГ/ТБА-2019 дугаартай Гачуурлын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртлэх 18 км сайжруулсан түр шороон замын тоосжилт бууруулах ажил гэх нэртэй гэрээ, 2019 оны12 сарын 11-ний өдрийн 06/6173 тоот албан бичиг, ажлын гүйцэтгэлийн төсөвт өртөгийн товчоо, цалингийн нэгтгэл, материал тээврийн зардал, машин механизмын тооцоо,
-Хариуцагчаас гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 6 сарын 15-ны өдрийн 9/17 тоот албан бичиг, 2019 оны 6 сарын 17-ны өдрийн үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, татварын албаны тодорхойлолт, Шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт, тоосжилт бууруулах технологийн талаарх мэдээлэл, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 6 сарын 18-ны өдрийн 309 дугаартай албан тоот, гэрээ дутуу материал гэх бичвэр, 2019 оны 6 сарын 28-ны өдрийн 4/1379 дугаартай албан тоот, гэрэл зураг, түр замын тоосгүйжүүлэх ажлын гүйцэтгэл гэх нэртэй төсөвийн баримт, ажлын гүйцэтгэлийн тайлан, ажлын Дархан-Уул аймаг дахь Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2019 оны 8 сарын 13-ны өдрийн 140 дугаартай албан тоот, А-23/2019 дугаар техникийн нөхцөл, ажлын зураг, 1 ширхэг сиди зэрэг баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч******* ОНӨААТҮГ-т холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс 176,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2019 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн УБЗЗАГ/ТБА-2019 тоот гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс буюу гарсан зардал 176,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон.
2. Хэрэгт зохигч талуудын хооронд байгуулагдсан гэх Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртлэх 18 км сайжруулсан түр шороон замын тоосжилт бууруулах ажил нэртэй УБЗЗАГ/ТБА-2019 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ авагдсан байна. /хх-ийн 10 дугаар тал/
Нэхэмжлэгчээс энэ гэрээний үүрэгт хариуцагчаас 176,000,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж, харин хариуцагчаас энэ гэрээ байгуулагдаагүй гэж маргаж байна.
Хариуцагчаас гэрээ байгуулагдаагүй гэх тайлбарын үндэслэлийг хариуцагч талын хүсэлтийн дагуу АНУ-аас бүтээгдэхүүн оруулж ирэх шаардлагатай тул гэрээ хэрэгтэй байна гэсний дагуу энэ гэрээг байгуулж өгсөн хэдий ч гэрээ хэрэгжээгүй, гэрээний дагуу хариуцагч тал ажил гүйцэтгээгүй гэж тодорхойлсон.
Иймд талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Дээрх гэрээнд захиалагч талыг төлөөлж******* ОНӨААТҮГ-ын Орлогч дарга, Ерөнхий инженер, нягтлан бодогч, гэрээ эрх зүйн мэргэжилтэн нар, нөгөө талаас ******* ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Баттогтох нар гарын үсэг зурсан байна.
Энэ гэрээгээр захиалагч нь Гачуурт уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртлэх 18 км сайжруулсан түр шороон замын тоосжилт бууруулах ажлыг 492,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн тендерийг үүгээр хүлээн зөвшөөрөв гэж, гүйцэтгэгч нь Гачуурт уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртлэх 18 км сайжруулсан түр шороон замын тоосжилт бууруулах ажлыг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр тохирсон байна.
Хэрэгт авагдсан баримтаар энэ гэрээг ******* ХХК-ийг гадаад улсаас бүтээгдэхүүн оруулж ирэхэд нь зориулж байгуулсан, ажил гүйцэтгүүлэх хүсэл зориг байгаагүй гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоогүй, энэ гэрээг байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагчийн тайлбарын үндэслэл болсон 2017 оны 3 сарын 07-ны өдрийн 09/063/55 дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлт, ажлын байр түрээслэх гэрээ, 2019 оны 12 сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл зэрэг баримтууд нь гэрээний талуудын хүсэл зоригийг тодорхойлох, тайлбарлах шууд нотлох баримт биш байна. /хх-ийн 168-174, 184-190 дугаар тал/
Мөн хэрэгт авагдсан ******* ХХК-ийн 2019 оны 6 сарын 15-ны өдрийн 9/17 дугаартай албан бичиг, үнийн санал, татварын албаны тодорхойлолт, Шийдр гүйцэтгэх албаны тодорхойлолт, техник тоног төхөөрөмжийн үзүүлэлтийн талаар танилцуулга, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,******* ОНӨААТҮГ-ын 2019 оны 6 сарын 18-ны өдрийн 309 дугаартай ******* ХХК-нд үнийн санал хүргүүлэх тухай албан тоот, гэрээний дутуу материалын нэрс, видео бичлэг дэх харилцан яриа зэрэг бичгийн баримтууд нь зохигчдын хооронд гэрээ байгуулагдах бэлтгэл үе шатанд хэрэгжүүлж байсан үйл баримт болон гэрээний хэрэгжилтийн явц дахь үйл баримтыг тодорхойлсон баримтууд гэж үзэхээр байна. /хх-ийн 31-66, 155-158 дугаар тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Иймд гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга, зорилгоос үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
3.Ажил гүйцэтгэх гэрээний 2-т ..захиалагч 492,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн тендерийг үүгээр зөвшөөрөв. Гэрээнийн үнэ нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно гэж, 6-д Дараах баримт бичиг нь цаашид гэрээний хэсэг болно. Үүнд: Үнэлгээний хорооны зөвлөж, бусад шаардлагатай баримт бичиг, гэрээний ерөнхий нөхцөл, гэрээний тусгай нөхцөл, техникийн тодорхойлолт, ажлын график гэж тус тус тусгасан байх бөгөөд талуудын тайлбараар гэрээний 6-д заасан баримт бичиг үйлдэгдээгүй талаар хэн аль нь тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж, мөн хуулийн 344.2-т ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж зохицуулсан байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2-т заасан нөхцлийг ажлын хөлсийг талууд гэрээгээр тодорхой тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.
Иймд хариуцагч нь хичнээн хэмжээний ажил хийсэн, 176,000,000 төгрөгийн зардал гаргасан эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
3. Хариуцагчаас нэхэмжлэгч нь гэрээний дагуу огт ажил хийж гүйцэтгээгүй, 176,000,000 төгрөгийн зардал гараагүй гэж маргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 176,000,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснийг тодорхойлох баримт болох Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртлэх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажилтай холбогдуулан барих хайргын хучилттай 17.6 км түр авто замын тоосжилт бууруулах ажлын гүйцэтгэл гэх баримт ажил гүйцэтгэлийн төсөвт өртгийн товчоо гэх баримтуудад захиалагч тал болох******* ОНӨААТҮГ нь гарын үсэг зураагүй байна.
Мөн цалингийн нэгтгэл, материал ба тээврийн зардал, машин механизмын зардлын тооцооллыг нэхэмжлэгч тал өөрсдөө тооцоолж гаргаж өгсөн байх бөгөөд тус баримтуудад захиалагч тал гарын үсэг зураагүй, тооцоолол гаргасан санхүүгийн баримтуудыг ирүүлээгүй байхын зэрэгцээ тус баримтуудаар нэхэмжлэгчийг 176,000,000 төгрөгийн зардал гаргасан гэх үйл баримт нотлогдохгүй байна. /хх-ийн 143-147, 163-165 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмлэлийн шаардлага үндэслэлийг өөрөө нотолно, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан.
Хэргийн 86-142 дугаар талд авагдсан Баянзүрх товчооноос Налайх Чойрын уулзвар хүртлэх 17 км сайжруулсан түр шороон замын тоосжилт бууруулах ажлын гүйцэтгэлийн тайланд хийж байсан ажлын явц, үйл ажиллагааны талаар дурдаж, гэрэл зургуудыг хавсаргасан байх бөгөөд уг тайлангаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон гарсан зардлын хэмжээг тодорхойлох боломжгүй байна.
4.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд хуулийн зохицуулалтаар ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг нь ажил гүйцэтгэгчид байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь өөрийн тодорхой хийсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж үзэх үйл баримт мөн тогтоогдохгүй байна.
Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч******* ОНӨААТҮГ-аас гүйцэтгэсэн ажлын хөлс 176,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийн 45-47, 168-174 дүгээр талд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй. Мөн тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 26-ны өдрийн нотлох баримт гаргуулах шүүгчийн захирамжийн биелэлт хангагдах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон буюу зохих байгууллагуудаас захирамжинд дурдсан баримт нь байхгүй талаар хариу ирүүлсэн, энэ талаар талууд хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 176,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,037,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА