| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2022/01181/и |
| Дугаар | 155/ШШ/2023/00163 |
| Огноо | 2023-02-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ/2023/00163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар баг .... тоотод оршин суух, Х.Ц-н Б,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын ...дугаар багт оршин суух, Х.В.Б,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын ...дугаар багт оршин суух, Х.М.Д,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 8,190,000 /найман сая нэг зуун ерэн мянга/ төгрөг гаргуулах тухай 155/2022/01181/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Иргэдийн төлөөлөгч: Г.Мөнхзул,
Нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,
Хариуцагч В.Б, М.Д,
Хариуцагч нарын өмгөөлөгч Н.Баттөмөр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь В.Б, М.Д нарт холбогдуулан гэм хорын хохирол 8.190.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Б нь Түнэл сумын ..дугаар багийн нутаг Ногоон булаг гэх газарт 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс нийт 5 га газар төмс, хүнсний ногоо тариалсан. Үүний 3 га газарт төмс, 0.4 га газарт цэцэгт байцаа, байцаа, 0.5 га газарт сонгино, үлдэх хэсэгт нь хүрэн манжин, шар манжин, лууван тариалсан. Гэтэл 2022 оны 7 дугаар сарын 15-нд хариуцагч В.Б, М.Д нарын 20-30 тооны үхэр, 2022 оны 8 дугаар сарын 30-нд хариуцагч М.Д-н хонь ямаа нийлсэн 300-аад тооны бог мал, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 10 хоногийн хугацаанд хөрснөөс гаргасан төмс рүү хариуцагч нарын үхэр тус тус орж тариалсан ногоог идэж, ногооны талбайг талхалсан. Үүний улмаас надад учруулсан хохирлыг би дараах байдлаар тооцоолж хохирлоо гаргуулахаар нэхэмжилж байгаа. Үүнд: 0.4 га талбайд 2000 ширхэг байцаа, 100 ширхэг цэцэгт байцаа тариалсан байснаас 7 сард В.Б-н үхэр орж бүх байцааг идэж сүйтгэсэн ба дахин нэмж 500 ширхэг байцаа тариалсан боловч нэг ч ургац авч чадаагүй.
Иймд 1 ширхэг байцааг багадаа 1 килограмм болохоор тооцоолж 2000 ширхэг байцааг нэг килограммыг нь 900 төгрөгөөр үнэлж нийт 2000х900=1.800.000 төгрөг, цэцэгт байцаа 100 ширхгийг тариалсан ба нэг ширхэг нь 0.5 килограмм, килограмм тутмын үнийг 9000 төгрөгөөр тооцоолж 100х0.5кг=50 килограмм, 50х9000=450.000 төгрөг, 0.4 га талбайд тариалсан сонгиноос 4 тонн ургац хураах байснаас 3 тонныг хураасан. Иймд 1 тонн сонгиныг 1 килограммыг нь 1300 төгрөгөөр тооцож 1000х1300=1.300.000 төгрөг, 3 га талбайд төмс тариалснаас 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 1.8 га талбайгаас 21.6 тонн төмс хурааж аваад дараагийн өдөр үлдсэн 1.2 га талбайгаас төмсөө хураах гэтэл бороо орон 10-аад хоног хурааж чадаагүй. Энэ хугацаанд үлдэгдэл төмсний 50 хувийг хариуцагч нарын үхэр орж идэж сүйтгэсэн ба үлдсэн 1.2 га талбайгаас нийт 7.2 тонн төмс хурааж авсан. Иймд идүүлж сүйтгүүлсэн төмсний 50 хувь болон 7.2 тонн төмсний үнийг нэхэмжилж байгаа. 7.2 тонн төмснөөс 5.2 тонн нь таваарын төмс, 2 тонн нь үрийн төмс, таваарын төмс 1 килограмм нь 700 төгрөг, үрийн төмс 1 килограмм нь 500 төгрөг, 5.2 тонн төмсийг 700 төгрөгөөр тооцож 5.2х700=3.640.000 төгрөг, 2 тонн төмсийг 500 төгрөгөөр тооцож 2000х500=1.000.000 төгрөг, нийт 8.190.000 төгрөгийг хариуцагч В.Б, М.Д нараас тавь тавин хувиар буюу тэнцүү хариуцуулж хариуцагч тус бүрээс 4.095.000 төгрөг, нийт 8.190.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Төмс, байцаа, цэцэгт байцаа, сонгины үнийг 2022 оны 9-10 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зарагдаж байсан хүнсний ногооны дундаж үнээр тооцоолсон болно гэв.
Хариуцагч В.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Түнэл сумын ...дугаар багийн нутаг Эрээний өвөр гэх газар зусаж өвөлжиж, хаваржиж, намаржиж 19 жил болж байна. Манай зуслан болон өвөлжөөний газрын ойролцоо Ц.Б нь хүний ногооны хашаа түрээсэлж 2022 оны зун ногоо тарьсан боловч ногоогоо өөрөө хардаггүй, хашаагаа янзалдаггүй, ямар ч сахиулгүй хаяад явчихдаг байсан. Тэр хавийн айлуудын үхэр мал ногоо руу нь орж л байдаг байсан. Манайх үхрээ хүний ногоо руу оруулахгүй гэж намаржин Бааст гол руу тууж манай үхэр Дэлгэрмөрөн Бааст голын дунд намаржсан. Тэр хавийн ногоо тарьж байгаа айлууд тийшээ явлаа, ийшээ явлаа гэдгээ хэлдэг байхад энэ залуу болохоор тэглээ ингэлээ харж байгаарай гэдэг ч юм байхгүй, өөрөө байгаа нь ч мэдэгдэхгүй, манаач нь ч байдаггүй бүгдээрээ хаяад явчихдаг байсан. Ийм залхуу ногоочныг харж байгаагүй. 2022 оны 8 сарын 20-дын үеэр Ц.Б нь надаас шүдлэн үхэр худалдаж авсан ба үхрийн үнэнд ногооны талбайн хашаан доторх өвсийг нь хадаж авах, 150 килограмм хүнсний ногоо авахаар тохиролцож шүдлэн үхэр өгсөн. Өвсийг нь хадаж авахаасаа өмнө Б-т Ахын дүү ногоо руу чинь мал ороод амар заяа үзүүлэхгүй байна. Д гэдэг хүний ногооны хашааны торыг аваад хадчих, би гуйгаад аваад өгье гэж ч хэлж байсан. Тэгээд ногоогоо ч хураалгүй авсан шүдлэн үхрээ нядлаад аваад явсан. Хүн олж ирж ногоогоо хураах юм байх гээд хараад байтал 9 дүгээр сарын 20-ны орчимд ирж мөн ногоо тарьдаг Г гэх айлын трактороор төмсөө хураалгасан. 2022 оны 10 дугаар сард Түнэл сумын хэсгийн төлөөлөгч Нямдоржид мөн манайхыг малаараа ногоо идүүлсэн гэж өргөдөл гаргасны дагуу хэсгийн төлөөлөгч ирж шалгах үед Д-н болон манай үхрүүд гэрийнхээ гадна байхад манай дээд айлуудын үхрүүд орсон байсан. Д-г танай хашаа руу айлын үхрүүд орсон байна гэхэд хэсгийн төлөөлөгч тэр хоёр ум хумгүй гараад явж байсан. Надад 150 кг ногоогоо өгч чадахгүй болоод ийм нэхэмжлэл гаргаж байгаа юм уу гэж бодоход хүргэж байна. Манайхаас үхэр авахаас өмнө 50 метр урттай 3 үе байцаа тарьсан байсан. Түүнийг нь дээд айлын үхэр идчихсэн. 2022 оны 7 сард манай үхэр тарьсан байцааг нь идсэн нь үнэн. Тэр үед байцаа одоо яахав өөрийнхөө мууд идүүлчихлээ гэж хүртэл ярьж байсан. Цэцэгт байцаа гэх зүйл тарьсан талаар нь мэдэхгүй байна. Сонгино тарьсан бол бүгдийг нь өөрөө хурааж авсан байх. Төмсөө манаач нь эхнэртэйгээ дээр нь 2 хүн ирж нийт 6 хүн л хураасан. Иймд би Б-н нэхэмжилсэн мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч М.Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Түнэл сумын ... дугаар багийн нутаг Эрээний өвөр гэх газар оршин амьдардаг нь үнэн. Манай зуслан болон өвөлжөөний газрын ойролцоо Түрийн булан гэх газар Б хүний ногооны хашаа түрээслэж 2022 оны зун ногоо тарьсан юм билээ. Тарьсан ногоогоо хаяад явчихдаг. Манай үхрийг гэрийнхээ гадаа байхад л танай үхэр манай ногооны хашаа руу орсон байна гэж хэрүүл хийдэг байсан. Бүх төмсөө, ногоогоо хураачихаад хашаа руугаа орсон үхэр малын зураг авч бичлэг хийчихээд манай үхэр мэтээр зураг үзүүлээд байсан. Б нь байцаагаа миний буруугаас болоод ийм боллоо гэдгээ хүлээж ярьж байсан. Ногооны хашаа нь 1 метр хүрэхгүй өндөртөй зарим хэсгээрээ нурсан хашаа байдаг. Энэ талаар нь би багийн даргад хэлж, үзүүлж байсан удаатай. Багийн дарга н.Б ногооны хашаа нь ийм муу юм чинь мал орох нь аргагүй шүү дээ ногоог нь идээд байсан сүртэй юм байхгүй л юм байна. Өөрсдөө л хамгаалах, хашаалах ёстой шүү дээ гэж хэлж байсан. Ц.Б нь өөрийнхөө тарьсан бүх ногоогоо хураагаад явсан. Капатлиар хураасан нь шороон дор их булагдаж үлддэг. Трактораар хураахад буцаж булагдаад байдаг. Өөрөө ногоогоо харахгүй өөрийнхөө муугаас залхуугаас л байцаагаа идүүлчихсэн. Төмсийг нь мал идэх ямар ч боломжгүй Үхэр төмсний ишийг нь ч тоож иддэггүй. Шороон дор байгаа төмсийг мал яаж идэхэв дээ. Ер нь манай мал эдний хашаа руу орж байгаагүй. Байнга малаа харж хандаж маллаж байсан. Орсон бол дээд айлуудын мал орсон. Өөр айлын мал орсон байсныг нь Ц.Б өөрөө ч мэдэж байгаа. Намайг малаа орууллаа гэж гүтгэн мөргөж, өшиглөж, элэгдэж, зодож байсан. Энэ байдлыг манай эхнэр болон эмээ нар мэднэ харсан. Манай бог мал эдний ногооны талбайн эсрэг уул руу бэлчдэг. Өөрөө ногоогоо харахгүй байж ийм нэхэмжлэл гаргасанд гайхаж байна. Ц.Б-н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Иргэдийн төлөөлөгч Г.М дүгнэлтдээ: В.Б, М.Д нар малаа хараа хяналтгүй удаа дараа тавьж байсан, шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай учраас Ц.Б-н нэхэмжилсэн мөнгөн дүнг гаргуулж өгөх нь зөв гэж үзэж байна. Малчид болох В.Б, М.Д нар хайнга бөгөөд маш хэнэггүй байдалтай. Буруу үйлдэлдээ огт гэмшихгүй байна гэв.
Нэхэмжлэгч Ц.Б-с шүүхэд Х.Ц-н Б-н иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас, гэрэл зураг 3 хуудас, Байгууллагын нэр Хүнс хөдөө аж ахуйн газар, худалдан авагчийн нэр Б, материалын үнэт зүйлийн нэр, зэрэг дугаар, сонгино кг, 200 нийт дүн 500,0000 гэх бичилттэй 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн зарлагын баримт 1 хуудас, Байгууллагын нэр Овоо нам ХХК, худалдан авагчийн нэр Ц.Б, байцаа үрсэлгээ 2500 ш, нийт дүн 500,000, брокли үрсэлгээ 100 ш, нийт дүн 100,000 гэх бичилттэй 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн зарлагын баримт 1 хуудас, Хонин онход Цэнд-Аюушийн Батпүрэвийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл 12-р багийн даргын 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолт 1 хуудас, А овогтой А-н 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 4 хуудас, гэрэл зураг 1 хуудас, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Гала сортийн үрийн төмс нийлүүлэх, ашиглуулах тухай №ХӨШҮ 2022/051901 дугаартай гэрээ 3 хуудас, түрээсийн 01/02 дугаартай гэрээний хуулбар 2 хуудас, Ц.Б-н өмгөөлөгч авах тухай хүсэлт 1 хуудас, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 48/6-221 дугаартай хариу хүргүүлэх тухай албан тоот 1 хуудас, Х.Ц-н Б-н иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Х.Б.Г-н 6701000264 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар ногоон булаг гэх бичилттэй 1 ширхэг СД, Хөвсгөл аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн албан тоот зэрэг баримтуудыг гарган өгсөн. (хавтаст хэргийн 1-5, 34-36, 38-42, 43-48, 68, 69, 70 дугаар тал)
Хариуцагч В.Б, М.Д нараас шүүхэд Ц.Б-н хашааны байдал гэх бичилттэй гэрэл зураг 2 хуудас, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Тус цагдаагийн газарт 2023 оны 01 дүгээр сарын 05-нд иргэн Ц.Б-с Түнэл сумын 3-р багт 2022 оны 08, 09 сард манайд тарьсан ногоо руу мал оруулж төмс хүнсний ногоо идүүлж хохирол учруулсан гэх дуудлага мэдээллийг хүлээн авч 11000492300000038 дугаарт бүртгэн Түнэл сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлаг дэслэгч Д.Н шалгаж байна гэх бичилттэй 48/6-87 дугаартай албан тоот зэрэг баримтуудыг гаргасан өгсөн. (хавтаст хэргийн 30,31, 37-р дугаар тал)
Шүүх зохигчийн хүсэлтээр Ш.Б, О.Э, Л.Э, Д.Б нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 76-77, 80-82, 83-85 дугаар тал)
ҮНДЭСЛЭХ нь
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч В.Б, М.Д нараас өөрийн тариалсан ногооны хашаанд хариуцагч нарын мал орж ногоо идсэн, мөн сүйтгэснээс ургац авч чадаагүй, ургацаас алдагдал хүлээсэн учир учирсан хохирол болох 8.190.000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хувааж гаргуулна гэж нэхэмжилж шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойсон.
Үүнд: 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч В.Б, М.Д нарын 20-30 тооны үхэр, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч М.Д-н 300-аад тооны бог мал, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 10 хоногийн хугацаанд хариуцагч В.Б, М.Д нарын үхэр тариалангийн талбайд орж тариалсан төмс, байцаа, цэцэгт байцаа, сонгиныг идэж сүйтгэсэн,
Тариалсан талбайгаас огт хурааж авч чадаагүй 2,000 ширхэг байцааг нэг ширхэгийг нэг килограмм байхаар тооцож нэг килограммыг нь 900 төгрөгөөр үнэлэн нийт 1,800,000 төгрөгийг, 100 ширхэг цэцэгт байцааг 1 ширхэгийг 500 грамм байхаар тооцоолж 1 килограммыг 9,000 төгрөгөөр үнэлэн нийт 50 килограмм цэцэгт байцааны үнэд 450.000 төгрөгийг, 1 тонн сонгины үнийг килограмм тутмыг 1.300 төгрөгөөр тооцон үнэлж 1.300.000 төгрөгийг, эхний хэсгийг нь хураагаад ачиж чадаагүй гаргаад орхисон хойно үхэр орж сүйтгэснээс хурааж авч чадаагүй 7.2 тонн төмсний 5.2 тонн нь таваарын төмс, 2 тонн нь үрийн төмс байсан ба үүнийг таваарын төмсийг 1 килограммыг нь 700 төгрөгөөр, үрийн төмс 1 килограммыг 500 төгрөгөөр тус тус үнэлэн (5.2 тонн төмсийг 700 төгрөгөөр тооцож 5.2х700) 3,640,000 төгрөгийг, (2 тонн төмсийг 500 төгрөгөөр тооцож 2 тоннх500) 1.000.000 төгрөгийг нийт 8.190.000 төгрөгийг хариуцагч нарт тэнцүү хариуцуулж буюу хариуцагч В.Больхүүгээс 4.095.000 төгрөгийг, хариуцагч М.Д-с 4.095.000 төгрөгийг тус тус гаргуулна,
Дээрх ногооны үнийг 2022 оны 9-10 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зах зээлд зарагдаж байсан хүнсний ногооны дундаж үнээр тооцсон гээд тэнцүү хувааж хариуцуулах болсон үндэслэлээ ногооны талбай руу орсон үхрийн ихэнх нь В.Б-х, харин 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч М.Д-н 300-аад тооны бог мал тариалангийн талбай руу орсон гэжээ.
Хариуцагч В.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ ...Ц.Б-н ногооны талбай нь манаачгүй, өөрөө тарьсан ногоогоо харж хамгаалдаггүй, ногоо тариалсан газрынхаа хашааг засаж сайжруулдаггүйгээс нь болж тарьсан ногоог нь мал идсэн. Манай үхрээс гадна тэнд нутагладаг н.Б, н.М гэх айлуудын үхэр ногооны талбайд нь орсон байсан. Ц.Б-г ногоогоо хураах цаг хугацаанд миний бие гэртээ байгаагүй, Завхан аймагт явж байсан. 2022 оны 7 сард манай үхэр тарьсан байцааг нь идэж сүйтгэсэн нь үнэн. Тэр үед байцаа одоо яахав өөрийнхөө мууд идүүлчихлээ гэж ярьж байсан. Цэцэгт байцаа гэх зүйл тарьсан талаар нь мэдэхгүй байна. Сонгино тарьсан бол бүгдийг нь өөрөө хурааж авсан байх. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж,
Хариуцагч М.Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үгүйсгэсэн ба үндэслэлээ ...Манай хонь ямаа Ц.Б-н ногооны талбайд орсон гэдгийг зөвшөөрөхгүй, манайх хонь ямаагаа уул руу бэлчээдэг. Ногооны талбай руу бог мал орсон гэх цаг хугацаанд манайх малаа хужирлах гээд Мөрөнгийн ойрхон 7 хоногийн хугацаатай ирсэн байсан. Ц.Б-г ногоогоо хураасны дараа талбай руу нь мал орсон учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус мэтгэлцсэн болно.
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд ...Хэдий хэмжээний ногоо хурааж авсан, хураах боломжтой гэдгийг нотолсон баримт, холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Хохирол, хор уршгийг тооцоолсон баримт байгаа тохиолдолд хохирол төлөх асуудал яригдах байх гэж байр сууриа илэрхийлсэн байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Ц.Б нь 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг Ногоон булаг гэх газарт 3 га газарт төмс, 0.4 га газарт брокли буюу цэцэгт байцаа, байцаа, 0.5 га газарт сонгино тариалсан болох нь нэхэмжлэгч Ц.Б-н Түнэл сумын 3 дугаар багийн нутаг Ногоон булаг гэх газарт 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс нийт 5 га газар төмс, хүнсний ногоо тариалсан. Үүний 3 га газарт төмс, 0.4 га газарт цэцэгт байцаа, байцаа, 0.5 га газарт сонгино... тариалсан гэх тайлбар, хариуцагч М.Б-н Манай зуслан болон өвөлжөөний газрын ойролцоо Ц.Б нь хүний ногооны хашаа түрээсэлж 2022 оны зун ногоо тарьсан ...байцааг бол манай үхэр идсэн байсан, цэцэгт байцаа гэж мэдэхгүй, сонгиноо өөрөө хурааж авсан байх, төмсөө хураагаад ачаад байсан гэх тайлбар, хариуцагч М.Д-н Манай зуслан болон өвөлжөөний газрын ойролцоо Түрийн булан гэх газар Б хүний ногооны хашаа түрээсэлж 2022 оны зун ногоо тарьсан юм билээ гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.
Дээрх хугацаанд нэхэмжлэгчийн ногоо тариалсан талбайгаас хариуцагч В.Б-х 500 метр орчим зайд, хариуцагч М.Д-х 2 километр орчим зайд тус тус зуссан болох нь шүүх хуралдаанд гаргасан хариуцагч В.Б-н ... Манайх нэхэмжлэгч Ц.Б-н ногооны талбайгаас 500 метр орчим зайтай зуссан. гэх, хариуцагч М.Д-н ...За манайх Ц.Б-н ногооны талбайгаас 2 километр орчим л зайтай болов уу... гэх тайлбаруудаар нотлогдлоо.
Талууд нэхэмжлэгч Ц.Б-н ногоо тариалсан газар нутгийн байршил, газрын хэмжээ, мал орж сүйтгэсэн, идсэн, тухайн талбайд байцаа, төмс, сонгино тариалсан зэрэг үйл баримтад маргаагүй.
Харин 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч В.Б, М.Д нарын 20-30 тооны үхэр ногоо тариалсан талбай руу орсон үйл баримтад хариуцагч М.Д манай үхэр ороогүй гэж,
2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч М.Д-н 300-аад тооны бог мал нэхэмжлэгч Ц.Б-н ногоо тариалсан талбай руу орсон үйл баримтад хариуцагч М.Д манай бог мал тэр ногооны талбай руу ороогүй, тухайн цаг үед би малаа хужирлахаар малтайгаа Мөрөнгийн ойр ирсэн байсан гэж,
2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 10 хоногийн хугацаанд хариуцагч В.Б, М.Д нарын үхэр тариалангийн талбайд орж тариалсан төмс, байцаа, цэцэгт байцаа, сонгиныг идэж сүйтгэсэн үйл баримтад хариуцагч В.Б, М.Д нар манай үхэр ногооны талбай руу тэр үед ороогүй харин ногоог хурааж дууссаны дараа орсон,
Сонгино тариалсан байсан бол өөрсдөө хурааж авсан байх, цэцэгт байцаа гэж тарьсныг мэдээгүй,
Нэхэмжлэгч ногооны талбайгаа харж хамгаалдаггүй, хашаагаа мал амьтнаас хамгаалж барьж сайжруулаагүй гэж үйл баримтын талаар тус тус маргасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ -ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг учиртай.
Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал-ыг Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаартай Аргачлал батлах тухай тушаалаар баталж, захиргааны хэм хэмжээний актын №3990 дугаарт бүртгэсэн хуулийн хүчин төгөлдөр эрхийн акттай.
Энэ аргачлалын 3 дахь хэсгийн 3.1-д Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учирсан хохирлыг тооцох, баримтжуулах чиг үүргийг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хэрэгжүүлнэ, 3.2-т сумын газар тариалангийн мэргэжилтэн, татварын улсын байцаагч, газрын даамал, багийн Засаг дарга, сумын хэсгийн төлөөлөгчийг оролцуулсан бүрэлдэхүүнтэй байна. Ажлын хэсгийн ахлагчийг гишүүдийн дийлэнх олонхийн саналаар сонгоно, мөн 3.4-т Ажлын хэсэг нь талуудын хохирол тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авсан даруй төлөөлөл томилж ажиллуулна, 3.7-д ...ажлын хэсэг дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг Ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд Ажлын хэсгийн ахлагч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж журамлажээ.
Гэтэл нэхэмжлэгч нь дээрх аргачлал, журмын дагуу холбогдох нотлох баримтыг бүрдүүлээгүй байна.
Нэхэмжлэгчээс хэрэгт Хүнс Хөдөө аж ахуйн газраас 200 килограмм сонгино, Овоо нам ХХК-аас 2500 ширхэг байцааны үрсэлгээ, 100 ширхэг цэцэгт байцааны үрсэлгээ хүлээн авсан тухай зарлагын баримт /хх-ийн 34-35-р тал/, Ц.Б-н Хөдөөгийн шийдэл ХХК-ийн менежер Л.Долгор, аймгийн Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Б.Цолмонбаяр нартай байгуулсан Гала сортын үрийн төмс нийлүүлэх, ашиглуулах гэрээ /хх-ийн 43-45-р тал/ 5890925809 дугаартай А.А-н ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 38-41-р тал/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн.
Гэвч дээрх баримтаар нэхэмжлэгчийг Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн Ногоон булаг гэх газарт 3 га газарт төмс, 0.4 га газарт цэцэгт байцаа, байцаа, 0.5 га газарт сонгино тариалсан, уг тариалсан хүнсний ногооноос байцаа, цэцэгт байцаанаас ургац аваагүй, 4 тонн сонгино хураахаас 3 тонныг хурааж 1 тонн сонгинын алдагдалтай, төмс 7.2 тоннын алдагдалтай хурааж авсан, энэ нь хариуцагч В.Б, М.Д нарын нийлсэн үхэр, хариуцагч М.Д-н бог мал ногооны талбайд орж идсэн, сүйтгэсэн гэдгийг нотолсон баримт гэж үзэх боломжгүй юм.
Нэхэмжлэгч Ц.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, нотолж чадаагүй байна.
Харин хариуцагч В.Б нь 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Ц.Б-н 0.4 га газарт тариалсан байцааг өөрийн эзэмшлийн үхэр идэж сүйтгэсэн гэх үйл баримттай маргаагүй, нэхэмжлэгчийг ногооны талбайгаа харж хамгаалах үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь Тариалангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Тариалсан газарт хүний үйл ажиллагаагаар тарьж ургуулсан таримал ургамал бүхий талбай хамаарна 20 дугаар зүйлийн 20.2.1-д Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүрэгтэй гэж заасан үүргээ, хариуцагч Ц.Б нь тариалангийн талбайн ойролцоо мал маллаж өвөлжиж, намаржиж, зусдагийн хувьд Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан намаржаа байхыг хориоглоно малаа байнгын хариулгатай бэлчээж, намарт адуу үхрийг шөнөдөө хашиж, тариалангийн талбайд таримал тариалснаас ургац хурааж дуусах хүртэл мал оруулахгүй байх үүргийг тус тус биелүүлээгүй байна.
Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Б-н ...ногооны хашааг харахад хамгаалсан хамгаалалт бэхэлгээ муу, шонгийн мод нь хазайсан, зэрэг муухан л хашаа байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 64-р тал/, гэрч Л.Э-н 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн ...Ц.Б нь ногоогоо сахиулгүй хаядаг, хашаа нь би алхаад гарчихмаар намхан. ...Тэр хавийн айлуудын мал талбай руу орчихдог, ногоогоо манаачгүй хаячихдаг байсан. ... гэх мэдүүлэг, гэрч Ш.Б-н ...Би байх хугацаандаа дээд айлын үхэр ногооны талбай руу орчих гээд байхаар нь өглөө, орой хоёр туудаг байсан. Сүүлдээ Б гэх хүнд мал, үхэр чинь ногоо руу ороод байна, та хэд малаа хариул, хөгшин хүнд мал хариулах хэцүү байна гэхэд харин орчихоод байдаг юм, бид удахгүй оторт явнаа, танайхыг ногоогоо хураахаар л ирэхээс гэж байсан. ...Анх очиход ногоо нь сайхан ургаж байсан. Бид нар байж байгаад төв рүү нэг хоногоор явчихаад ирсэн чинь сонгины ишийг тасалж идэхийг нь идээд, сугалж гаргахыг нь гаргачихсан байсан. Байцааг мөн адил хөрснөөс нь сугалаад идэхийг нь идээд, сугалж гаргахыг нь гаргаад хаячихсан байсан. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 80-81-р тал/ гэрч О.Э-н ...Б, Д нарын мал хариулгагүй явдаг байсан. Өглөө үхрээ саачихаад л төв рүү явчихдаг байсан. Тэгээд үхэр нь эзгүй, манайх руу уруудаж ирээд хашаа руу орчих гээд, заримдаа хашаа руу орчихдог байсан. ...Би хавар ногоог нь хамт тарьж байсан юм. Тэгэхэд байцааны үрсэлгээ 2500 гаруй ширхгийг авч ирлээ гэж байсан. Намар нэг ширхэг ч байцаа хурааж аваагүй. ... гэх мэдүүлэг болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.
Иймд хариуцагч В.Б нь ногооны талбайн ойролцоо зуссан нь Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуй, өвөлжөө хаваржаа, зуслан, намаржаа байхыг хриглоно малаа байнгын хариулгатай бэлчээж, намарт адуу, үхрийг шөнөдөө хашиж, тариалангийн талбайд таримал ургамал тариалснаас ургац хурааж дуусах хүртэл мал оруулахгүй байх үүргээ биелүүлээгүй эс үйлдэл нь тариалангийн талбайд мал олон удаа орох, хохирлын хэмжээ нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь 1 кг байцааны үнийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2022 оны 9 дүгээр сарын бөөний үнэ ханшаар тооцож 900 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хариуцагч В.Б нь 1 кг байцааны үнийг үүнээс хямдхан байсан гэж маргах боловч тэрээр энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Мөн хариуцагч В.Б нь нэхэмжлэгчийг 2 тонн байцаа тариалсан гэх хэмжээтэй маргаагүй, харин нэхэмжлэгч нь өөрийн буруугаас болж байцаагаа үхэрт идүүлсэн гэж тухайн үед тайлбарлаж байснаа одоо байцааны үнийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа ба энэ нь нэхэмжлэгчийн шаардах эрхэд нөлөөлөхгүй юм.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Б-н байцааны хохиролд нэхэмжилсэн 1,800,000 төгрөгийг тал хувиар бууруулан гэм хорын хохиролд 900,000 төгрөгийг хариуцагч В.Б-с гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-т олгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч В.Б-с 900.000 (есөн зуун мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.195.000 (гурван сая нэг зуун ерэн таван мянга) төгрөгийг, хариуцагч М.Д-с 4.095.000 (дөрвөн сая ерэн таван мянга) төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэдийн төлөөлөгчөөс хариуцагч В.Б, М.Д нарыг малаа хариулгагүй, тариалангийн бүс нутагт байлгаснаас үүдэн хохирол учруулсан буруутай гэж дүгнэсэн нь шүүхээс өгсөн эрх зүйн дүгнэлттэй тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145.990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Б-с 900.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 26.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ц.Б-н шүүх хуралдаанд гаргаж өгсөн цагаан өнгийн гадна талдаа ногоон булаг гэж ягаан өнгийн зүйлээр бичсэн бичвэр бүхий бичлэгийг гар утсаар бичсэн 2 минут 11 секунд, 1 минут 58 секунд, 19 секунд, 10 секунд бүхий 4 хэсэг нэхэмжлэгчийн мал ногооны талбайд орсныг дүрсжүүлж бичиж авсан дүрс бичлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүх уг СD бичлэгийг нотлох баримтаар үнэлээгүй.
Нэхэмжлэгчийн энэхүү шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар гаргасан CD нэг ширхэгийг хэрэгт үлдээхээр тогтов.
Мөн хавтаст хэргийн 61-62 дугаар хуудсанд авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Л.Э-г гэрчээр асуусан мэдүүлэг нь хуульд заасан шаардлага хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг баримтлан нотлох баримтаас хассан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч В.Б-с 900.000 (есөн зуун мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.195.000 (гурван сая нэг зуун ерэн таван мянга) төгрөгийг, хариуцагч М.Д-с 4.095.000 (дөрвөн сая ерэн таван мянга) төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145.990 (нэг зуун дөчин таван мянга есөн зуун ер) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Б-с 26.150 (хорин зургаан мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Л.Э-г гэрчээр асуусан мэдүүлгийг нотлох баримтаас хассугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б-н хэрэгт эд мөрийн баримтаар гаргаж өгсөн CD 1 ширхэгийг хавтаст хэрэгт үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
С.ОЮУНЖАРГАЛ