| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2022/01241/и |
| Дугаар | 155/ШШ/2023/00212 |
| Огноо | 2023-02-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ/2023/00212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар багийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, Х.Б.Б,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын ... д... баг Сангийн далайд оршин суух Г. Э-н Э
Нэхэмжлэлийн шаардлага: 7,800,000 (долоон сая найман зуун мянга) төгрөгийн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э-н нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, 155/2022/01241/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Б,
Хариуцагч Э.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Буяндалай
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь Э.Эр-д холбогдуулан 7,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Э.Энь Б.Б-д холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Seres маркын 9082 ХӨВ улсын дугаартай автомашиныг 2019 оны 9 дүгээр сард Э.Э-с 5.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед уг автомашины 2 рам нь хугархай байсан тул рамных нь үнийг хасаж тооцохоор харилцан тохиролцсон. Э.Э Хөвсгөл аймгийн Галт суманд энэ машинд таарах рам байгаа гэж хэлэхээр нь тэндээс очиж 600.000 төгрөгөөр рам худалдаж авч, 400.000 төгрөгийн ажлын хөлс төлж машинаа засуулсан. Тохиролцсон ёсоор би рамны үнэ, засварын ажлын хөлс 1.000.000 төгрөгийг хасаад үлдэх 4.000.000 төгрөгийг Э.Э-д төлж барагдуулсан. Сая машинаа унаж яваад Мөрөн сумын төвд цагдаа зогсоогоод бичиг баримт шалгаснаа намайг бүртгэлгүй машин унаж явна гэхээр нь Авто тээврийн газар очиж мэргэжилтнээс нь шүүлгэж үзэхэд 2022 оны 6 сард хасалт хийлгэсэн автомашин байна гэсэн. Яагаад хасалт хийгдсэн, сэргээгээд өгөөч гэхэд заавал жинхэнэ эзэмшигчийг байлцуулж өргөдөл бичүүлж сэргээж өгнө гэсэн. Өмнө нь удаа дараа Э.Э-г машинаа шилжүүлж өг гэж дуудуулж, эхнэр болон эгчээр нь хэлүүлсэн боловч ирж өгөөгүй. Автомашиныг шилжүүлж авахад машин өгсөн, авсан хоёр хүн заавал биеэрээ байлцаж хурууны хээ дарж өгч авалцах ёстой юм гэсэн. Одоо энэ автомашинаа улсын бүртгэлд бүртгүүлье гэхэд шинэ рам угсраад улсын дугаар, арлын дугаартай болгож байж дараагийн оношилгоондоо орно гэж Авто тээврийн газраас надад хэлсэн. Энэ бүхний зардал 2.000.000 төгрөг болохоор байгаа. Тиймээс би Э.Э-г миний машиныг бичиг баримттай болгоод өг гэж хэлэхээр хүлээж авахгүй байгаа. Иймд Э.Э-с автомашин худалдаж авахад шилжүүлсэн үнэ 4.000.000 төгрөг, түүн дээр 2 дугуй сольсон 500.000 төгрөгийг, мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох автомашинд хийсэн засвар үйлчилгээний үнэ болох моторын үнэ 2.500.000 төгрөг, кропны үнэ 500.000 төгрөг, бөгсний үнэ 300.000 төгрөг, нийт 7.800.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэв.
Хариуцагч Э.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Б.Б-д 2019 оны 9 дүгээр сард 5.500.000 төгрөгөөр Seres маркын автомашинаа худалдсан. Миний машины рамын нэг тал нь гагнаастай, нөгөө тал нь зүгээр байсан. Тухайн үед рам 300.000 төгрөгийн үнэ ханштай байсан ба 200.000 төгрөгөөр засвар хийлгэнэ гэж тооцож, машиныхаа үнээс 500.000 төгрөгийг хасаж 5.000.000 төгрөгөөр худалдсан. Б.Б надад 2.000.000 төгрөгийг бэлнээр өгч дараа нь 2.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Галт сумаас рам ав гэж би хэлээгүй. Үлдэгдэл 1.000.000 төгрөгөө 2 жил шахам нэхсэн боловч эхэндээ өгнө гэдэг байснаа сүүлдээ боломжгүй байна гээд өгөөгүй. ...Надаас машин авснаас хойш өөрөө унаж эдэлж байхад ямар ч эвдрэл гарсан юм билээ түүнийг нь мэдэхгүй шүү дээ. Намайг зарахад ямар ч эвдрэл гэмтэлгүй машин байсан. 3-4 жил унасан юм чинь муудаж л таарна шүү дээ. 2022 оны хавар Авто тээврийн газраас намайг дуудаад таны нэр дээр машин бүртгэлтэй байна. Та татварыг нь төлөх юм уу, гэсэн. Тэгэхээр нь би надад ийм машин байхгүй, би зараад 3 жил болж байна гэсэн. Гэтэл өөрийнхөө нэр дээр байхгүй юм бол хасуул гэхээр нь хасуулчихсан. Би тээврийн хэрэгслийн бүртгэлээс хасаж байна гэж огт бодоогүй. Миний нэр дээрээс л хасагдаж байна гэж бодсон. 2022 оны 12 сард над руу зөндөө залгасан байсныг нь би эмнэлгээр яваад мэдээгүй. Би машины үнэ, авч тавьсан сэлбэгийн үнэ нийлээд 7.800.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Б миний машиныг 3 жилийн хугацаанд эдэлж хэрэглэж байгаад гэнэт машиныг бүртгэлээс хасагдсан байна гэх шалтгаанаар надаас мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан автомашин худалдсан төлбөрийн үлдэгдэл 1.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Би машинаа анх Б-д 5.500.000 төгрөгт зарахаар тохиролцоод бэлнээр 2.000.000 төгрөг, дансаар 2.000.000 төгрөгийг авсан. Ингээд 1.500.000 төгрөг үлдэж байгаа юм. 500.000 төгрөгт нь худалдсан машины рамаа солиулсан байх гэж бодсон. Тухайн үед рам 300.000 төгрөг байсан. Рамаа угсруулсан ажлын хөлсөнд нь 200.000 төгрөг орох байх гэж бодож байсан. Би дотроо ингэж тооцоолж байснаас биш Б.Б-тэй энэ талаар ярьж байгаагүй. Одоо би автомашин худалдсан үнээс үлдсэн 1.000.000 төгрөгийг гаргуулна гэв.
Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд Э.Э Сeres маркын автомашинаа 5.000.000 төгрөгөөр зарна гэхээр нь тухайн автомашиныг очиж үзээд рам нь тасарчихсан байсан тул рамныхаа үнийг хасаад өгчих гэж тохиролцож 500.000 төгрөгт нь рамын үнэ оролцуулаад 4.500.000 төгрөгөөр өгч авалцахаар болсон. Галт суманд таарах рам байгаа, тэндээс очоод авчих гэж зааж өгснийх нь дагуу уг рамыг 600.000 төгрөгөөр авсан. Рамаа ачиж ирэхэд 200 гаруй мянган төгрөгийн түлш хийж, 2 хүн 400.000 төгрөгөөр хөлсөлж машинаа засуулсан. Одоо машинаа бичиг баримтжуулж авмаар байна. Хэрэв тохиролцохгүй бол уг машинаа буцааж өгөөд машинаа худалдаж авахад өгсөн 4.000.000 төгрөг, рамны үнэ 600.000 төгрөг, 2 хүний хөлс 400.000 төгрөг, түлшний зардал 200.000 төгрөг мөн машины сэлбэгт 3.300.000 төгрөгнийн сэлбэг машинд хийсэн зэргээ тооцож авна. гэсэн тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгчээс Хатгин Б.Б-н иргэний үнэмлэхийн хуулбар, Э.Э-н өмчлөлд бүртгэгдсэн 9082 ХӨВ улсын дугаартай CERES маркын автомашны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Г.Э-н Э-н иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 86.950 төгрөг, 67.750 төгрөгийг тус тус төлсөн баримтууд, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэл, Галт мансэ ХХК гэх тамга дарагдсан зарлагын баримт, нэхэмжлэх, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар зэрэг баримтууд (хавтаст хэргийн 2-5, 15-20, 33 дугаар хуудас)
Хариуцагч Э.Э хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтад хэвлэсэн Г.Э-н Э-н иргэний үнэмлэхийн лавлагаа, сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар, өмгөөлөгч Д.Б-н 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Авто тээврийн дарга Ө.Б-д хандаж гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 31 дугаартай Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Д.Б-д гэх албан бичиг, Э.овогтой Э-н 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг гарган өгсөн. (хавтаст хэргийн 13, 25-28, 32, 38-40 дүгээр хуудас)
ҮНДЭСЛЭХ нь
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Э.Э-д холбогдуулан худалдан авсан CERES маркийн 9082 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг хариуцагч нь шилжүүлж өгөөгүйгээс улсын бүртгэлээс хасалт хийгдсэн учир уг тээврийн хэрэгслийг худалдан авсан үнэ болох 4.000.000 төгрөг, сольсон сэлбэгийн үнэ 3.800.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Э.Э-с 2019 оны 9 сард CERES маркын автомашиныг худалдаж авсан. Түүнээс хойш уг автомашины эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүй, 2022 оны 6 сард Э.Э нь улсын бүртгэлээс хасалт хийлгүүлсэн байх тул уг автомашиныг буцаан өгч төлбөрт шилжүүлсэн 4.000.000 төгрөг, түүн дээр хоёр дугуй сольсон 500.000 төгрөг, сольсон сэлбэг болох моторын үнэ 2.500.000 төгрөг, кропны үнэ 500.000 төгрөг, бөгсний үнэ 300.000 төгрөг, нийт 7.800.000 төгрөгийг гаргуулна гэж,
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Б.Б миний машиныг 3 жилийн хугацаанд эдэлж хэрэглэж байгаад гарсан эвдрэл гэмтэлтэй холбоотой зардал болон машиныг бүртгэлээс хасагдсан гэх шалтгаанаар мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрийн эзэмшилд байхгүй тээврийн хэрэгслийг хасуул гэхээр нь хасалт хийлгэсэн. Миний нэр дээрээс тээврийн хэрэгслийг хассан гэж ойлгосноос биш тээврийн хэрэгслийн бүртгэлээс хасалт хийсэн гэж огт бодоогүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нэхэмжлэгч Б.Б-д 5.500.000 төгрөгөөр тохиролцож машинаа зарсан. Машины үнэд 4.000.000 төгрөгийг Б.Б-с авсан. Рамны эвдрэл гэмтэл, түүнийг засварлахтай холбоотой зардалд 500.000 төгрөгийг хасаж тооцоод одоо машины үнийн үлдэгдэл төлбөрт 1.000.000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд: Хариуцагчаас машиныг 5.500.000 төгрөгөөр биш 5.000.000 төгрөгөөр худалдаж авах, уг үнээс рамны эвдрэл гэмтэл, түүнийг засварлахтай холбоотой зардлыг хасаж тооцохоор харилцан тохиролцсон. Рамаа 600.000 төгрөгөөр худалдан авч түүнийг засварлахад ажлын хөлсөнд 400.000 төгрөг, түлшний зардалд 200.000 төгрөг зарцуулсан учир сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э.Э-н өмчлөлийн CERES маркын 9082 ХӨВ улсын дугаартай автомашиныг худалдан авч, уг тээврийн хэрэгслийг Б.Б-н эзэмшилд шилжүүлж, Б.Б-с төлбөр 4.000.000 төгрөгийг хариуцагч Э.Э-д шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.
Зохигч дээрх үйл баримттай маргаагүй, харин уг тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хариуцагч шилжүүлж өгөөгүйгээс улсын бүртгэлээс хасалт хийгдсэн учир худалдах, худалдан авах гэрээг цуцалж тээврийн хэрэгслийг худалдан авсан үнийг буцаан гаргуулна, мөн худалдан авснаас хойш шинээр авч тавьсан сэлбэгийн үнэ 3,800,000 төгрөгийг гаргуулна гэж,
Түүнчлэн дээрх тээврийн хэрэгслийг анх худалдсан үнийг зөрүүтэй тайлбарлаж байгаа ба хариуцагч нь 5.500.000 төгрөгөөр худалдсан, энэ үнийн дүнгээс машины эвдэрсэн эд анги болох рамны үнэ, түүнийг засварлах ажлын хөлсөнд нийт 500.000 төгрөгийг хасаж 5.000.000 төгрөгийг өгч авалцахаар болсон гэж, нэхэмжлэгч нь автомашиныг 5.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч рам, түүнийг засварлахтай холбоотой зардалд нийт 1.000.000 төгрөгийг зарцуулсан учир хариуцагчид өгөх төлбөр байхгүй гэж маргаж байгаа болно.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заажээ.
Хэдийгээр нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Э.Э нарын хооронд бичгээр гэрээ байгуулж, гэрээний нөхцлийг тохирч, гарын үсэг зурж баталгаажуулаагүй боловч талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байна гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч Э.Э нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгч Б.Б-н өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч Б.Б нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байна.
Хариуцагч Э.Э нь CERES маркын 9082 ХӨВ улсын дугаартай автомашиныг биет байдлаар нэхэмжлэгч Б.Б-д хүлээлгэн өгсөн боловч тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн шилжилт хөдөлгөөнийг хийлгээгүй, худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, CERES маркын 9082 ХӨВ улсын дугаартай автомашины гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23 дугаартай албан бичиг зэргээр нотлогдож байна. /хх-ийн 3, 39 дүгээр хуудас/
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.
Мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж тус тус хуульчилсан.
Нэхэмжлэгч Б.Б нь эд хөрөнгийн эрхийн доголдолтой холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг цуцалж өөрт учирсан хохирол, зардлыг хариуцагч Э.Э-р нөхөн төлүүлэх шаардлага гаргах эрх нь талуудын хооронд 2019 оны 9 дүгээр сард худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш 6 сарын дотор хэрэгжихээр байна.
Иймд нэхэмжлэгч Б.Б эд хөрөнгийн эрхийн доголдлын улмаас худалдах-худалдан авах гэрээг цуцлахаар шаардах эрхгүй байна гэж дүгнэв.
Түүнчлэн хариуцагч нь тээврийн хэрэгслийг Б.Б-н эзэмшилд шилжүүлснээс хойш 3 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад наймааг буцаана гэж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж тайлбар гарган мэтгэлцэж байгаа нь хариуцагчийг дээрх худалдах-худалдан авах гэрээний хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж хуульчилсан.
Үүнээс дүгнэвэл нэхэмжлэгч Б.Б нь CERES маркын 9082 ХӨВ улсын дугаартай автомашиныг 2019 оны 9 сард хариуцагч Э.Э-с худалдан авч, өөрийн эзэмшилдээ байлгаж байсан болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байгаа тул нэхэмжлэгчид дээрх үндэслэлээр шаардлага гаргах эрх үүсэхгүй юм.
Иймд нэхэмжлэгч Б.Б-н хариуцагч Э.Э-д холбогдуулан гаргасан CERES маркын 9082 ХӨВ улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах тухай гэрээг цуцалж, автомашины үнэд шилжүүлсэн 4.000.000 төгрөг, сольсон сэлбэгийн үнэ 3.800.000 төгрөг, нийт 7.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Харин нэхэмжлэгч нь CERES маркын 9082 ХӨВ улсын дугаартай автомашины гэрчилгээг өөрийн нэр шилжүүлж өгөхийг даалгах, шилжүүлэн авахтай холбогдон гарах зардал зэргийг хариуцагчаас нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Э.Э CERES маркын 9082 ХӨВ улсын дугаартай автомашинаа 5.500.000 төгрөгөөр тохиролцож худалдсан. 4.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар авсан. Үлдсэн 1.500.000 төгрөгөөс рамны эвдрэл гэмтэл, түүнийг засварлахтай холбоотой зардалд 500.000 төгрөгийг хасаж тооцоод үлдэх 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б-с гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Зохигч тухайн тээврийн хэрэгслийг анх худалдан авсан үнийн талаар маргаж байгаа бөгөөд энэ тохиолдолд хариуцагч Б.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох хуульд заасан үүрэгтэй.
Гэвч хариуцагч нь энэ талаар ямар нэг баримт сэлт шүүхэд ирүүлээгүйн дээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа мөн адил үйлчилнэ.
Иймд хариуцагч Э.Э-н нэхэмжлэгч Б.Б-с 1.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154.700 төгрөгийг, хариуцагч Э.Э-н сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээснийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д зааснаар Б.Б-н нэхэмжлэлтэй хариуцагч Э.Э-д холбогдох 7.800.000 (долоон сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай, хариуцагч Э.Э-н нэхэмжлэгч Б.Б-с 1.000.000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154.700 (нэг зуун тавин дөрвөн мянга долоон зуу) төгрөгийг, хариуцагч Э.Э-н сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 28.550 (хорин найман мянга таван зуун тавь) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН