| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2014003080337 |
| Дугаар | 2021/ДШМ/035 |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2021/ДШМ/035
Б.Тэд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Тийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Тэд холбогдох эрүүгийн 2014003080337 дугаар хэргийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Б.Т, эмэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй,
Б.Т нь Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Зөрчлийн 2014000014 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа зөрчлийн холбогдогч насанд хүрээгүй Э.Цгийн хууль ёсны төлөөлөгч Д.Мгаас торгуулийн мөнгө гэж итгүүлэн албан тушаалын байдлаа ашиглаж хуурч 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг өөрийн албан өрөөндөө бэлнээр авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Тийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Тийг арван мянган / 10.000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая / 10.000.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Тэд оногдуулсан торгох ялыг нэг жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч Б.Т нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Т тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
Миний бие Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авч эс зөвшөөрөн дараах гомдлыг гаргаж байна.
Үүнд:
1. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Учир нь би хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа иргэн Гомборавдангаас ирүүлсэн дуудлага мэдээллийг хүлээн авч шалгахад зөрчлийн хэргийн холбогдогч тодорхойгүй байсан учир хулгайгаар Зөрчлийн тухай хуулийн 8.6 аар зүйлчилсэн.
Зөрчлийн холбогдогчийг олж тогтоох зорилгоор бүх лавлагаануудыг холбогдох байгууллагуудаас авахад Э.Ц гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон.
Тэгээд холбогдогчийг олж тогтоогоод мэдүүлгээ авч эхлэхэд өөрийн ах Гомборавдангийн итгэмжлэн хүлээлгэсэн эд хөрөнгийн эрхийг завшсан үйлдэл болох нь зөрчлийн хэргийг шалгах явцад тогтоогдон уг хэрэг Зөрчлийн тухай хуулийн 8.7 д заасан зөрчил байсан тул торгоно гээд торгуулийн мөнгө авсан. Гэтэл тухайн зөрчлийн санкц нь 500,000 төгрөг байхаар нь мөнгийг нь буцааж 2020 оны 02 дугаар сарын 09 ны өдөр Д.Мгийн гэр бүлийн хүн болох Эрдэнэбилэгийн дансанд шилжүүлсэн. /Хэргийн материалд байгаа/.
Энэ үйл явцаас хойш нэг сарын дараа над дээр албаны шалгалт явагдаж байгааг мэдсэн бөгөөд Прокурорын газраас 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дэслэгч Тэд албаны шалгалт явуулах талаар албан бичиг явуулсан байдаг. / Хэргийн материалд байгаа/
Миний үгэнд итгэл үнэмшил төрөхгүй байлаа гэхэд хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар ч, тухайн үйл явдлын он цагаар бодсон ч миний бие бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж залилсан гэмт хэрэг үйлдээгүй билээ.
Харин би өөрийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, ажлын ур чадвар дутуугаас болж алдаа гарган хүмүүсийн ажлыг хөнгөвчлөн амралтын өдөр таарсан тул мөнгийг бэлнээр авч дараа нь өөрөө тушаана гэж бодсон боловч зөрчил шалгах явцад санкц нь өндөр 500 000 төгрөгөөр торгох байсан тул бэлнээр авсан мөнгөө эзэнд нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Д.Мгийн гэр бүлийн хүн болох Эрдэнэбилэгийн дансанд шилжүүлсэн бөгөөд шүүх эдгээр байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн дүгнэж үзээгүй.
Мөн миний шалгасан гэх зөрчлийн 20......14 дугаартай хэргийг тухайн хэрэгт хавсаргаагүй байсан энэ хэргийг бүхэлд нь хавсаргасан байсан бол миний эрх зүйн байдлыг дээрдүүлэх баримтууд байсан гэж бодож байна.
Миний бие Цагдаагийн байгууллагад тасралтгүй 15 жил ажиллаж залуу халуун нас, амь амьдрал бүх зүйлээ зориулсан бөгөөд гаргасан энэ үйлдлээс болж Цагдаагийн албанаас халагдсан мөн шүүхээр орж торгуулийн ял шийтгэл авсандаа маш их гомдолтой байна. Надад гэмт хэрэг үйлдэх, хүний мөнгө завших санаа зорилго байгаагүй харин эмэгтэй хүнийхээ хувьд хүнд туслах, ажлын ур чадвар дутсанаас үүдэж гарсан үйлдэл дээр давхар давхар арга хэмжээ авч хариуцлага хүлээлгэж байгааг давж гарахад үнэхээр хэцүү байна. Бүтэн жил нойргүй хонож 3 хүүхэдээ харан өр зүрх минь өмөрч, хүмүүсийн нүүр царайг ч харж чадахгүй сэтгэл санаагаар унаж дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчийг туулж явна.
Иймд энэ хэргийг бүхэлд нь сайн хянаж нотлох баримтыг үнэн зөвөөр нь үнэлж дүгнэж өгөөч гэж хичээнгүйлэн та бүхнээс хүсэж байна.
2. Шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгоно уу гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Тийн давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хавтаст хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд:
Шүүгдэгч Б.Т нь Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр зөрчлийн 2014000014 дугаар хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байхдаа, торгох шийтгэлийн мөнгө гэж итгүүлэн албан тушаалын байдлаа ашиглан зөрчлийн холбогдогч насанд хүрээгүй Э.Цгийн хууль ёсны төлөөлөгч Д.Мгаас нэг зуун мянган төгрөгийг өөрийн албан өрөөндөө бэлнээр авч авсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Дээрх үйл баримт 1 дүгээр хавтаст хэргийн 70-72 дугаар талд авагдсан “...торгуулийн 100.000 төгрөгийг ... амралтын өдөр... би өөрөө 1 дэх өдөр тушаачихна гэж хэлсэн. ...Ажлын өрөөнд нь аваачиж өгсөн...” гэх хохирогч Д.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,
Хэргийн 73-75 дугаар талд авагдсан “...танай хүүхдийг 100.000 төгрөгөөр торгоно мөнгийг бэлэн аваад ир 1 дэх өдөр би өөрөө банканд тушаана гээд торгуулийн 100.000 төгрөг бэлнээр аваад одоо явж болно асуудлыг чинь шийдвэрлэчихлээ гэсэн...." гэх гэрч Э.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр талд авагдсан “...2020 оны 01 дүгээр сарын дундуур Б.Тийн суудаг ажлын байранд нь 5 ширхэг 20 мянган төгрөгийн дэвсгэрт буюу 100,000 төгрөг торгуулийн мөнгө гэж өгсөн . ...2 сарын 10-ны өдөр ...Б.Т ....нөгөө 100,000 төгрөг буюу бид 2 өгсөн 5 ширхэг 20 мянган төгрөгийн дэвсгэрт байх шиг байсан. ...би банканд өөрийн нөхөр О.Отгонбатын нэрээр тушаагаад нөхрийнхөө өмнөөс гарын үсгийг нь бичсэн...” гэх гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дүгээр талд авагдсан
... Торгуулийн 100,000 төгрөгийг Т байцаагчийн өрөөнд нь 5 ширхэг 20 мянган төгрөгийн дэвсгэртээр ....2020 оны 01 дүгээр сарын дундуур Б.Тийн албан өрөөнд нь бэлэн 100,000 төгрөг хүлээлгэж өгсөн юм... гэх . гэрч О.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Б.Тийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулжээ.
Шүүгдэгч Б.Т нь хэрэг бүртгэгчээр ажиллаж байхдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7-д зааснаар Э.Цд холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох эрх бүхий албан тушаалтан биш болохоо мэдсээр байж 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр уг зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож улмаар 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан гэж насанд хүрээгүй холбогдогч Э.Цгаас 100.000 төгрөгийг авсан гэмт үйлдэл нь залилах гэмт хэргийн шинж болох хохирогчийг төөрөгдөлд оруулсан, хохирогч төрийн албан тушаалтанд итгэж үнэмшин 100.000 төгрөгөө шилжүүлэн өгсөн үйлдлээр илэрхийлэгдэж байх бөгөөд энэ агуулгаар дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй болжээ.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй харгалзан тухайн зүйл ангид заасан торгох ялыг хэрэглэж, уг ялын доод хэмжээгээр оногдуулсан нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Харин “...Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ...Зөрчлийн тухай хуулийн 8.7 д заасан зөрчил байсан... торгоно гээд торгуулийн мөнгө авсан... зөрчлийн санкц нь 500,000 төгрөг байхаар нь мөнгийг нь буцааж 2020 оны 2 дугаар сарын 09 ны өдөр Д.Мгийн гэр бүлийн хүн болох Эрдэнэбилэгийн дансанд шилжүүлсэн. ...миний бие бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж залилсан гэмт хэрэг үйлдээгүй ....Шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байгаа тул ...шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэх агуулгаар гаргасан шүүгдэгч Б.Тийн гомдол нь хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан гар утсанд, 61-62 дугаар талд авагдсан ХААН банкны дансанд тус тус үзлэг хийсэн тэмдэглэлүүд, 70-75, 78-82 дугаар талд тус тус авагдсан хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгүүд, 171-206 дугаар талд авагдсан Зөрчлийн хэргийн материалууд зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Тийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР
Л.НЯМДОРЖ