Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0152/З |
Дугаар | 128/ШШ2023/0184 |
Огноо | 2023-03-02 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2023/0184
ШШ2023/0184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Мөнх-Эрдэнэ /РД:ХЗ80022310/,
Нэхэмжлэгч: Ж.Батбилэг /РД:ЧВ64022850/,
Нэхэмжлэгч: Б.Түмэннаст /РД:ХА65052977/,
Нэхэмжлэгч: Д.Гэрэлт-Од /РД:ЧН77092813/,
Нэхэмжлэгч: Ж.Цэндсүх /РД:НЭ77061865/,
Нэхэмжлэгч: М.Ганболд /РД:ЧП64021471/
Нэхэмжлэгч: Б.Насанжаргал /РД:СЖ74042513/,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Уртнасан,
Гуравдагч этгээд: “Инвескор проперти” ХХК /РД: 6253288/,
гүйцэтгэх захирал О.Уянга,
Гуравдагч этгээд: “Ай Ви Си Эй” ХХК /РД: 6501702/,
гүйцэтгэх захирал Н.Одсүрэн,
Гуравдагч этгээд: “Эс Ай Би Жэй Холдингс” ХХК,
Гуравдагч этгээд: “Эс Ай Би Жэй Про” ХХК,
гүйцэтгэх захирал Н.Нармандах,
Гуравдагч этгээд: З.Дашдэмбэрэл /РД:ЧР79042572/.
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Уртнасангийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6938 дугаар дүгнэлтийн 1 дүгээр заалт дахь Ж.Цэндсүх, Ж.Батбилэг, А.Мөнх-Эрдэнэ, Б.Түмэннаст, Д.Гэрэлт-Од, М.Ганболд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” маргаантай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Насанжаргал, Ж.Батбилэг, нэхэмжлэгч Ж.Цэндсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Түмэнбаяр, Г.Нацагдорж, хариуцагч Ш.Уртнасан, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Биндэрьяа, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Ш.Алтангадас шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэл гаргагч А.Мөнх-Эрдэнэ, Ж.Батбилэг, Б.Түмэннаст, Д.Гэрэлт-Од, Ж.Цэндсүх, М.Ганболд, Б.Насанжаргал нар нь “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9072015018 дугаарт бүртгэлтэй 8301891 регистрийн дугаартай, “Хоймор өмчлөгчдийн холбоо” ГҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга З.Дашдэмбэрэлийг өөрчилж, А.Мөнх-Эрдэнийг, гүйцэтгэх захирлаар Б.Насанжаргалыг, удирдах зөвлөлийн гишүүнээр Ж.Цэндсүх, Ж.Батбилэг, А.Мөнх-Эрдэнэ, Б.Түмэннаст, Д.Гэрэлт-Од нарыг, хяналтын зөвлөлийн гишүүнээр Л.Анхбаяр, М.Ганболд, Р.Жаргалсайхан нарыг тус тус томилсон, Холбооны дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн 2021 оны 06 дугаар сарын 16, 17-ны өдрийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Уртнасангийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6938 дугаар бүхий дүгнэлтийн 1 дэх заалтын Ж.Цэндсүх, Ж.Батбилэг, А.Мөнх-Эрдэнэ, Б.Түмэннаст, Д.Гэрэлт-Од, М.Ганболд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэл гаргагч А.Мөнх-Эрдэнээс дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хандан 2021 оны 12 дугаар сарын 13-ны гомдол гаргасан боловч тус газраас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 7/9889 дугаар “Хариу өгөх тухай” албан бичгээр гомдлыг хүлээн авахаас татгалзан, 30 хоногийн дотор шүүхэд гаргаж шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн байна.
3. Нэхэмжлэл гаргагч А.Мөнх-Эрдэнийн зүгээс уг татгалзлыг эс зөвшөөрч шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр анх, Ж.Батбилэг, Б.Түмэннаст, Д.Гэрэлт-Од, Ж.Цэндсүх, М.Ганболд, Б.Насанжаргал нар нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч А.Мөнх-Эрдэнэ, Б.Түмэннаст, Ж.Батбилэг, Д.Гэрэлт-Од, Ж.Цэндсүх, Б.Насанжаргал, М.Ганболд нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч Ж.Цэндсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: “...“Хоймор өмчлөгчдийн холбоо” нь 2019 онд үүсгэн байгуулагдсан. Уг холбоонд Хоймор үйлчилгээний зориулалттай барилгын нийт 57 өмчлөгч иргэн, хуулийн этгээдийн давхардсан тоогоор 173 өрөө бүхий хаалга байдаг. Үүнээс 83 хаалганы өмчлөгч нь Монгол Улсын иргэд, 90 хаалганы өмчлөгч нь Япон Улсын иргэд байдаг. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш Япон Улсын өмчлөгч иргэд Монгол Улсад оршин сууж, холбооны үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Япон Улсын иргэдийг хууль ёсоор итгэмжлэлээр төлөөлдөг гэх “Инвескор проперти” ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр холбооны бүх гишүүдийн хуралдааныг хийхээр товлосон хэдий ч хурлын зар, хэлэлцэх асуудлыг холбооны бүх гишүүдэд хүргэлгүйгээр “Инвескор проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Уянга, Хоймор оффисын өмчлөгч Н.Нармандах, Н.Одсүрэн, холбооны удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан З.Дашдэмбэрэл /өмчлөгч бус этгээд/ нараас холбооны бүх гишүүдийг хурлыг хийхээр холбооны удирдах зөвлөлд хандсан. Холбооны удирдах зөвлөлийн гишүүдээс Япон Улсын өмчлөгч гишүүдийг хууль ёсоор төлөөлөх итгэмжлэл болон Япон Улсын иргэд төрийн бус байгууллагыг төлөөлөх боломжтой эсэхийг тодруулж, энэ талаар хууль зүйн үндэслэлтэй тайлбар хийхийг шаардсан боловч дээрх нэр бүхий иргэд бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулсан мэт, хурлын тогтоол, тэмдэглэл, шинэ дүрмийг хийж, холбооны удирдлагаас тамга тэмдэг дарах, нэр бүхий гишүүд гарын үсэг зурахад хангалттай гэдэг байдлаар холбооны удирдах зөвлөл болон гишүүдэд хандсан.
Үүнийг эс зөвшөөрөн Япон Улсын өмчлөгч иргэд холбооны гишүүн байх боломжгүй гэж маргаан үүссэн. Зөвхөн гэрчилгээ дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчилдөг гэдэг боловч тухайн холбооны үйл ажиллагаанд оролцдоггүй. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6. “Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор байнга оршин сууж байгаа гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүс Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасан журмын дагуу төрийн бус байгууллага байгуулах буюу төрийн бус байгууллагад эвлэлдэн нэгдэж болно” гэж зааснаар Япон Улсын иргэдийн бүртгэл, Монгол Улсад байнга оршин суудаг эсэх баримт гаргуулахаар төлөөлөл гэх “Инвескор проперти” ХХК-аас шаардсан хэдий ч Монгол Улсад байнга оршин суудаг гэдгийг нотолж чадаагүй.
Иймээс эдгээр гишүүдийг “Хоймор өмчлөгчдийн холбоо”-ны гишүүн байх боломжгүй гэж үзээд холбоонд гишүүнчлэлтэй Монгол өмчлөгч /Монгол Улсын 57 оффис өмчлөгч/ гишүүддээ хуралдааны зар, хуралдах асуудлыг урьдчилан мэдэгдэж, хуучин дүрэмд заасны дагуу бүх гишүүдийн хурал 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан. Нийт 57 Монгол гишүүдээс 37 гишүүн оролцож, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5.6 зүйл, холбооны хуучин дүрмийн 4.2.7-т зааснаар хурал хүчин төгөлдөр болсон. Хоймор өмчлөгчдийн холбооны чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, холбооны шинэ удирдах зөвлөлийн гишүүнээр Ж.Цэндсүх, Ж.Батбилэг, А.Мөнх-Эрдэнэ, Б.Түмэннаст, Д.Гэрэлт-Одыг, хяналтын зөвлөлийн гишүүдээр Л.Анхбаяр, М.Ганболд, Р.Жаргалсайхан нарыг тус тус сонгон, томилж, холбооны шинэчилсэн дүрэм, төлбөрийн журамд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хурлаас сонгогдсон удирдах зөвлөлийн гишүүд хуралдан удирдах зөвлөлийн даргаар А.Мөнх-Эрдэнийг, гүйцэтгэх захирлаар Б.Насанжаргалыг томилж, бүртгэлээ Баянгол дүүргийн улсын бүртгэлд хийлгэсэн.
“Инвескор проперти” ХХК нь тус холбооны хөрөнгийн менежментийн үйл ажиллагаа эрхэлдэг гэрээт компани. “Инвескор проперти” ХХК-ийг холбоонд төлөгдөх ёстой 2020 оны жилийн эцсийн байдлаар нийт 206,775,027.00 төгрөгийн хохирол учруулсан болохыг аудитын дүгнэлтээр тогтоолгосон. Холбоо уг төлбөрийг нэхэмжилж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд иргэний хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд “Инвескор проперти” ХХК, иргэн Н.Нармандах, Н.Одсүрэн, З.Дашдэмбэрэл нарт бүх гишүүдийн хурал болно гэж мэдэгдэж байсан. Иргэн Н.Нармандах, Н.Одсүрэн нар нь дээрх хуралдааны шийдвэр болон улсын бүртгэлийг эс зөвшөөрч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хяналт шалгалтын газарт гомдол гаргасан, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3/4977 дугаар шийдвэрээр гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй, холбооны хуралдаан, удирдлагыг бүртгэсэн нь хууль ёсны байна гэдэг хариу өгсөн байдаг. Энэхүү хариуд дээрх этгээдүүд нь дээд шатны захиргааны байгууллага болон шүүхэд гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр болсон.
Гэтэл итгэмжлэл байхгүй, итгэмжлэлийн хугацаа дууссан “Инвескор проперти” ХХК болон гишүүн Н.Нармандах, “Эй Ай Би Жэй Про” ХХК, “Ай Ви Си Эйч” ХХК-ийн захирал Н.Одсүрэн, З.Дашдэмбэрэл нараас 2021 оны 10 дугаар сард дахин гомдол гаргасны дагуу улсын бүртгэлийн ахлах байцаагч, хариуцагч Ш.Уртнасан 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 6938 дугаар дүгнэлт үйлдэж, Хоймор оффисын барилгын өмчлөгч нарын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын шийдвэрийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгосон. Хяналтын улсын байцаагч ийнхүү дүгнэхдээ “Япон Улсын иргэн, хуулийн этгээд нь холбооны гишүүн, саналын эрхтэй байхад санал өгөх боломжоор хангаагүй, хурлын ирц бүрдээгүй байхад хурал хийсэн” гэж дүгнэсэн. Тухайн дүгнэлт нь Монгол Улсын хуулийн шаардлагыг зөрчсөн дүгнэлт болсон. Энэхүү дүгнэлтийг нэхэмжлэгч бидний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Хоймор барилгын өмчлөгч Япон Улсын иргэд нь Монгол Улсад амьдардаггүй ба Монгол Улсад орж ирээгүй. Мөн эдгээр Япон Улсын иргэд “Инвескор проперти” ХХК-д холбоог төлөөлөх, шийдвэр гаргах хууль ёсны итгэмжлэл олгоогүй. Н.Нармандах, “Инвескор проперти” ХХК нь 90 хаалганы гэх Япон Улсын иргэдийг төлөөлөх бүрэн эрхгүй тул тэдний төлөөлөл, хяналт шалгалтын газарт гомдол гаргасан нь үндэслэлгүй. Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан З.Дашдэмбэрэл, Н.Одсүрэн нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн бүх гишүүдийн хурлаар удирдах зөвлөлийг шинээр сонгосон байхад тэдний гомдлоор бүртгэлийг хүчингүй болгосон нь хууль бус.
Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-т заасан Монгол Улсад байнга оршин суудаггүй, гишүүн байх боломжгүй гадаад улсын иргэдийг, гишүүн байх боломжтой гэж дүгнэсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3/4977 дугаар шийдвэрээр гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн буюу өмнө нь шийдвэрлэсэн шийдвэр хүчинтэй байхад дахин ижил асуудлаар гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.3-т заасныг ноцтой зөрчсөн.
Мөн гомдол гаргасан гэх “Хэмжил зүй” ХХК, “Том архитект” ХХК, “Говь эко” ХХК, “Сэкюд финанс” ББСБ, “Индранил засал чимэглэл”, “Монэкс финанс” ХХК нараас гомдол бодитой гаргасан эсэхийг шалган тогтоогүй, учир нь “Инвескор проперти” ХХК нь хуулийн этгээдийн хяналт шалгалтын газарт гомдол гаргах бус өөр агуулга бүхий баримт дээр гарын үсэг зуруулан, өөрсдийн гаргах гомдолд гарын үсгийг хууль бусаар ашигласан гэх тайлбар хийдэг.
“Хэмжил зүй” ХХК, “Том архитект” ХХК, “Говь эко” ХХК, “Сэкюд финанс” ББСБ, “Индранил засал чимэглэл”, “Монэкс финанс” ХХК-уудыг захиргааны сонсгол хийх ажиллагаанд оролцуулаагүй, тайлбар хийх боломжоор хангаагүй.
Япон Улсаас Монгол Улсад албан ёсоор ирүүлсэн гомдол гаргах эрхтэй итгэмжлэлүүд байсан эсэх, итгэмжлэлийг Япон Улсын иргэд тус бүрээс “Инвескор проперти” ХХК-д олгосон эсэхийг Иргэний хууль болон Нотариатын хуульд нийцүүлэн шалгахгүйгээр гомдлыг хянан шийдвэрлэсэн. Хугацаа заагаагүй итгэмжлэл Иргэний хуульд зааснаар 1 жилийн хугацаатай байдаг. 2020 оны 02 дугаар сард Япон Улсын иргэдээс Япон Улсын нэг иргэнд итгэмжлэл олгосон байдаг. 2021 онд итгэмжлэлийн хугацаа дууссан байхад 2022 онд итгэмжлэл хүчин төгөлдөр байна гэж үзээд гомдлыг хэлэлцээд улсын байцаагчаас дүгнэлт гаргасан байна. Төлөөлөх эрхийн маш том эргэлзээтэй асуудал, процессын алдаа гаргасан.
Захиргааны байгууллага нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан “хууль дээдлэх” үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримталж ажиллах үүрэгтэй. Хяналт шалгалтын байцаагч Ш.Уртнасан нь бүртгэл хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх ба Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1. “хуульд үндэслэх”, 4.2.5. “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6. “бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8. “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчмыг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “...нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6. “иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж хуулиар тогтоосон нууцыг чанд хадгалах” гэж зааснаар хууль тогтоомжоор олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.
Хоймор өмчлөгчдийн холбооноос Хяналтын улсын байцаагч Ш.Уртнасангийн дүгнэлтийг эс зөвшөөрч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хандан 2021 оны 12 дугаар сарын 13-ны гомдол гаргасан боловч 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 7/9889 дугаар “Хариу өгөх тухай” албан бичгээр гомдлыг хүлээн авахаас татгалзан, 30 хоногийн дотор шүүхэд гаргаж шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Нэхэмжлэгч талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, Улсын бүртгэлийн тухай хуулийн 22.2-т зааснаар зөрчигдсөн эрх ашгаа хамгуулахаар иргэний хувиар нэхэмжлэл гаргасан.
Иймд нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын улсын бүртгэлийн ахлах байцаагч Ш.Уртнасангийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6938 дугаар дүгнэлтийн 1 дэх заалтын А.Мөнх-Эрдэнэ, Б.Түмэннаст, Ж.Батбилэг, Д.Гэрэлт-Од, Ж.Цэндсүх, Б.Насанжаргал, М.Ганболд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
5. Нэхэмжлэгч Б.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өмнөх удирдах зөвлөлд ажиллаж байсан бөгөөд шинээр сонгогдсон удирдах зөвлөл нь 2021 оны 5 дугаар сард намайг гүйцэтгэх захирлаар томилсон. Н.Одсүрэн, З.Дашдэмбэрэл нар нь өмнөх удирдах зөвлөлд ажиллаж байсан “Инвескор проперти” ХХК-ийн төлөөлөл юм. Тухайн 2 иргэн удирдах зөвлөлд ажиллах боломжгүй гэдэг өргөдлөө өгөөд, гол маргаан эхэлсэн. Тус зөвлөлийг бүх гишүүдийн хурлаас сонгосон боловч итгэмжлэлээр томилохгүй гэсэн маргаан үүсээд, бүх гишүүдийн хурал зарласан гэж ойлгож байсан. Гэтэл нөгөө тал 2 дугаар сард дангаараа буюу 90 хаалгаараа бүх гишүүдийн хурлыг хийсэн.
Гишүүдийн хурлаар тогтоол шийдвэрээ гаргаад 05 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж тухайн асуудлаа шийдвэрлэсэн. Нийт 59 өмчлөгчөөс 37 өмчлөгч оролцсон гэж хүчин төгөлдөр бүртгэгдсэн бүртгэлийг, 90 хаалганы төлөөлөл буюу Н.Нармандах, Н.Одсүрэн, З.Дашдэмбэрэл нарт мэдэгдээгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон. Тухайн 90 хаалганд Монголын хамаарал бүхий 3 хуулийн этгээд, Н.Нармандах гэх 1 иргэн байгаа. Эдгээр хүмүүст мэйлээр мэдэгдсэн. Тухайн үед үлдсэн Япон иргэдийг хэн төлөөлж байгаа нь тодорхойгүй байсан. Сүүлд итгэмжлэл гарч ирсэн. Улсын бүртгэлийн байцаагчид гомдол гаргахад итгэмжлэл байгаагүй. Итгэмжлэл 2018, 2019, 2020 онуудад олгосон ба хугацаа нь дууссан байсан. Тус итгэмжлэлийг Киожи гэх Япон Улсын иргэнд өгсөн байснаас дамжуулаад “Инвескор проперти” ХХК-д олгосон байсан. Ш.Уртнасан байцаагчийн дүгнэлтийн, хүчингүй болгосон хэсэгт итгэмжлэл хүчингүй болсон байхад итгэмжлэлгүй иргэдийн гомдлоор бүртгэлийг хүчингүй болгосон гэдэгт гомдол гаргасан. Бүртгэлийг хүчингүй болгосноор холбоо татан буугдсан мэт ойлголтыг өмчлөгч нарт төрүүлээд байна. “Инвескор проперти” ХХК нь хуулийн этгээдийн тамга, тэмдгийг авсан нь өнөөдөр ажил хаягдаад, ажил хийгдэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгон өмчлөгч нарын эрх ашгийг хохироож байгаа. “Инвескор проперти” ХХК нь итгэмжлэлтэй гэж байгаа боловч итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус байна” гэв.
6. Нэхэмжлэгч Ж.Батбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэхүү зөрчилдөөнтэй асуудлаас болоод өмчлөгч бид нар ихээр хохирч байна. Холбоонд ямар ч өмчлөгч биш газар дээр 400 гаруй сая төгрөгийн өр үүсээд байна. Бидний ирээдүйдээ зориулан хуримтлуулсан мөнгийг менежмент хариуцсан “Инвескор проперти” ХХК хариуцаж байна. “Инвескор проперти” ХХК нь удирдах зөвлөл шиг шийдвэр гаргах эрх мэдэлтэй газар биш. Зөвхөн менежментийн үйлчилгээ явуулдаг байгууллага. Бидний байрны үнэ цэнэ байхгүй болж байна. Үүнээс болж санхүүгийн хувьд том зөрчил гарч ирж, түрээсээ өгөхгүй газар хүртэл байна” гэв.
7. Хариуцагч Ш.Уртнасан шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд “Хоймор өмчлөгчдийн холбоо” ГҮТББ-ын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, тооллогын комиссын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоол, “Удирдах зөвлөлийн гишүүдийг батлах тухай” 02 дугаар тогтоол, “Хяналтын зөвлөлийг батлах тухай” 03 дугаар тогтоол, “Холбооны дүрэмд өөрчлөлт оруулан батлах тухай” 05 дугаар тогтоол, удирдах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Холбооны удирдах зөвлөлийн даргыг томилох тухай” 01 дүгээр тогтоол, мөн өдрийн “Гүйцэтгэх захирлаар томилох тухай” 02 дугаар тогтоол, мөн өдрийн хурлын тэмдэглэл, “Хоймор өмчлөгчдийн холбоо” ГҮТББ-ын шинэчилсэн дүрэм, холбооны гишүүн Н.Одсүрэн, З.Дашдэмбэрэл, Б.Насанжаргал нарын өргөдөл зэрэг нотлох баримтыг үндэслэн удирдах зөвлөлийн дарга З.Дашдэмбэрэлийг өөрчилж, А.Мөнх-Эрдэнэ, гүйцэтгэх захирлаар Б.Насанжаргал, удирдах зөвлөлийн гишүүнээр Ж.Цэндсүх, Ж.Батбилэг, А.Мөнх-Эрдэнэ, Б.Түмэннаст, Д.Гэрэлт-Од, хяналтын зөвлөлийн гишүүнээр Л.Анхбаяр, М.Ганболд, Р.Жаргалсайхан нарыг тус тус томилсныг бүртгүүлэхээр нотлох баримт бүрдүүлэн “Хоймор өмчлөгчдийн холбоо” ГҮТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Насанжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хандсаны дагуу 2021 оны 06 дугаар сарын 16, 17-ны өдөр улсын бүртгэгч Э.Бат-Очир бүртгэл хөтөлсөн байдаг.
“Хоймор өмчлөгчдийн холбоо” ГҮТББ-ын гишүүн Н.Нармандах /407, 609, 808/, “Эс Ай Би Жэй Про” ХХК /610, 806, 1007, 605, 1802, 1805, 1806/, “Ай Ви Си Эйч” ХХК-ийн захирал Н.Одсүрэн /304, 409, 608, 1102, 1008, 1106, 606, 602/, “Инвескор проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Уянга /63 үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчдийн итгэмжлэлээр/, “Хэмжил зүй” ХХК /309, 310/, “Том архитект” ХХК /301/, “Говь-Эко” ХХК /1201/, “Сэкюд финанс” ББСБ, “Индранил засал чимэглэл” /202/, “Монэкс финанс” ХХК /1504/ буюу нийт 88 гишүүнээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн гомдол, бичиг хэргээр дамжин, хяналт шалгалтын газрын дарга Б.Ганзориг, хяналтын улсын байцаагч Ш.Уртнасанд хуваарилсан.
“Хоймор өмчлөгчдийн холбоо” ГҮТББ-ын талаар өмнө нь удаа дараа гомдол гаргасан, 4 дэх гомдлыг миний бие шийдвэрлэсэн. Өргөдөл гомдол гаргасан 88 иргэний гарын үсэг жагсаалтаар ирсэн бөгөөд хяналт шалгалт хийхдээ өргөдөл гомдол гаргах эрхтэй этгээд эсэхийг шалгасан. Тухайн итгэмжлэлийг шалгасны үндсэн дээр хяналт шалгалтын үйл ажиллагааг Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх хэсэгт заасны дагуу хийсэн.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны А/341 дугаар тушаалаар батлагдсан “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг нэр бүхий 11 иргэнд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өргөдөл гомдолд дурдсан Монгол Улсын бусад хуулийн этгээдтэй утсаар нь холбогдон Улсын бүртгэлийн ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын дагуу сонсох ажиллагаа хийж, мэдэгдэл хүргүүлсэн. Сонсох ажиллагаанд биеэр оролцох боломжгүй тохиолдолд утсаар сонсох ажиллагааг хийж, дүгнэлтэд хавсаргасан.
Тус холбооны холбогдох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан 2021 оны 06 дугаар сарын 16,17-ны өдрийн бүртгэл нь Төрийн бус байгууллагын тухай хууль болон Улсын бүртгэлийн хууль тогтоомж, тус хуулийн этгээдийн баталсан улсын бүртгэлд бүртгэлтэй дүрэмд заасныг зөрчсөн болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд: Холбооны 05 дугаар сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус тэмдэглэлд “...хуралд ирэх ёстой 59 өмчлөгчөөс 37 хүн ирсэн байна. Ирц 64.4 хувьтай байгаа тул хурал эхлэхэд бэлэн болж байна...” гэж тэмдэглэсэн. Түүнчлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9072015018 дугаарт бүртгэлтэй “Хоймор өмчлөгчдийн холбоо” ГҮТББ-ын хувийн хэрэгт авагдсан эх нотлох баримтаас үзэхэд Б.Насанжаргал нь гүйцэтгэх захирлын эрхгүй байна. Холбоог төлөөлөн иргэн Б.Насанжаргал улсын бүртгэлийн тогтоосон журмыг зөрчиж бүрэн бус, хуулийн шаардлагад нийцээгүй баримтаар бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4. “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөнийг хяналгүйгээр Холбооны удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирлыг өөрчилсөн гэж дүгнэж 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн бүртгэлийг хяналтын улсын байцаагч хяналтын улсын байцаагч Д.Чинтулгын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2150 дугаар дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээрх бүртгэлийг хүчингүй болгосноор Холбооны удирдах зөвлөлийн З.Дашдэмбэрэл бүртгэлтэй хэвээр үлдсэн байна.
Холбооны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр дүрмийн 3.1-д “Холбооны гишүүд нь Хоймор оффист үл хөдлөх хөрөнгө өмчлөгчид байх ба өмчлөгч гэдгийг өмчлөх эрхийн гэрчилгээгээр тодорхойлно”, 3.2.1-т “Хоймор оффис”-т өмчилж байгаа хаалганы тоогоор холбооны бүх гишүүдийн хуралд саналын эрх эдлэх”, 3.2.2-т “өмчлөгч нь хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж гишүүнийхээ эрхээ хэрэгжүүлж болно”, 3.5-д “холбооны гишүүн нь Хоймор оффист өмчлөгч байхаа больж өмчлөх эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлснээр гишүүнээс чөлөөлөгдөнө” гэж тус тус заасны дагуу Эд хөрөнгийн эрхийн улсын мэдээллийн санд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтай гудамж 281 дугаартай барилгын үл хөдлөх хөрөнгийг ямар хүмүүс өмчилж байгааг шалгасан. Тухайн өдрийн буюу дүгнэлт гаргасан өдрийн он, сар, өдрөөр хайлт хийхэд 171 ширхэг үл хөдлөх хөрөнгө өмчилдөг гишүүд гарч ирсэн. Энэ нь тус холбоог 171 гишүүнтэй гэдгийг тодорхойлно. 171 гишүүнээс 75 үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Япон Улсын иргэн, хуулийн этгээд бүртгэлтэй байсан. Үүнээс 63 иргэн, хуулийн этгээдээс нь Япон Улсын иргэн Hasegawa Kyoji /Хасегава Киожи/-д, Hasegawa Kyoji-оос Монгол Улсын хуулийн этгээд “Инвескор проперти” ХХК-д итгэмжлэл олгосон байдаг. Тус итгэмжлэлдээ “итгэмжлэлийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор өмчлөгчийг төлөөлөн хувь хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, төрийн эрх бүхий байгууллага болон төрийн бус байгууллагатай харилцах, итгэмжлэгчийг төлөөлөх, итгэмжлэгчийг төлөөлөн аливаа төрийн болон төрийн бус байгууллага үүсгэн байгуулах, эвлэлдэн нэгдэх, санал өгөх, шийдвэр гаргах болон итгэмжлэл төлөөлөн түүний эрх үүргийг хэрэгжүүлнэ” хэмээн Монгол Улсаас Япон Улсын Токио хотод суух элчин сайдын яамаар дамжуулан итгэмжлэлийг ирүүлсэн байгаа. Холбооны дүрмээс үзэхэд өмчлөгчийн харьяаллыг заагаагүй байх тул Япон Улсын иргэн хуулийн этгээд нь Холбооны дүрмийн 3.1-д зааснаар тус холбооны гишүүн болно.
Холбооны дүрмийн 3.1-д зааснаар өмчилж буй эд хөрөнгийн тоогоор саналын нэг эрхтэй оролцохоор байхад Холбооны 2021 оны 05 дугаар сарын 24- ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хуралд 59 өмчлөгчөөс 37 хүн ирж, ирц 64.4 хувьтай оролцсон байгаа нь холбооны дүрмийн 3.1-д зааснаар өмчлөгч Япон Улсын 78 иргэн, хуулийн этгээд нь холбооны гишүүн, 3.2.1-д заасан саналын эрхтэй байхад, бүх гишүүдийн хуралд /төлөөлөгчөөр дамжуулан/ оролцож, санал өгөх боломж олгоогүй, бүх гишүүдийн хурлын ирц бүрдсэн гэж үзэхээргүй мөн дүрмийн 7.2.7-д “Бүх гишүүдийн хурлын ирц нь хуралд оролцогч гишүүдийн энгийн олонх оролцсоноор хүчинтэйд тооцогдоно” гэж заасныг зөрчсөн байна.
Дээрх 2021 оны 06 дугаар сарын 16,17-ны өдрийн бүртгэлийг хөтөлсөн Э.Бат-очироос тайлбар авахад “...2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн улсын байцаагчийн дүгнэлтийг уншихдаа ойлголтын зөрүү гаргасан байна. Зөвхөн 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн улсын бүртгэгч Н.Энхтуяагийн бүртгэлийг хүчингүй болгосон байсан. Мөн тухайн үед хамт ажиллаж байсан улсын бүртгэгч ковидын халдвар авч өвчтэй байсан учир иргэдийг хүлээн авч, давхар бүртгэл хөтөлсөн, ажлын ачаалал их, тухайн онцлог бүртгэл дээр шинэ хүн тул туршлага дутсан...” гэдэг тайлбар өгсөн. Улсын бүртгэгч нь энэ бүртгэлийг хөтлөхдөө оролцогчдын эрхийг хангаж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй.
Холбооны удирдах зөвлөлийн дарга З.Дашдэмбэрэл, удирдах зөвлөлийн гишүүн Н.Одсүрэн нараас 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гаргасан гомдлыг хяналтын улсын байцаагч Г.Энхтулга шалгаж, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3/4977 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байх ба Г.Энхтулгаас тайлбарыг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр авахад “...Холбооны 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлийн баримтуудыг шалгахад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан нотлох баримтын бүрдэл бүрэн, тус холбооны бүх гишүүдийн хуралд оролцох ёстой 59 гишүүнээс 37 нь оролцож, 64.4 хурлын ирцтэйгээр хуралдсан байх ба нийт 90 хаалганы Япон өмчлөгчид Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д заасан зохицуулалтын дагуу гишүүн бус тул хасагдаад хүчин төгөлдөр тул Н.Одсүрэн, З.Дашдэмбэрэл нарын гомдлын хариуг хууль тогтоомж, дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн хариу өгсөн, цаашид сайтар анхаарч ажиллах болно” гэж алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрдөг.
Хоймор өмчлөгчдийн холбоо”-г төлөөлөн иргэн Т.Отгонбаатар мэдүүлэг гаргаж тус бүртгэлийг хийлгэсэн. Тухайн бүртгэлийг хийлгэхдээ холбооны дүрэм болон улсын бүртгэлийн холбогдох журмуудыг зөрчин бүрэн бус баримтаар хуулийн этгээдэд нийцээгүй баримтаар 2021 оны 06 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд улсын бүртгэлд холбооны удирдах зөвлөлийн дарга З.Дашдэмбэрэлийг өөрчлөн А.Мөнх-Эрдэнийг, гүйцэтгэх захирлаар Б.Насанжаргалыг, удирдах зөвлөлийн гишүүнээр Ж.Цэндсүх, А.Мөнх-Эрдэнэ, Ж.Батбилэг, Б.Түмэннаст, Д.Гэрэлт-Од нарыг, хяналтын гишүүнээр Л.Анхбаяр, М.Ганболд, Р.Жаргалсайхан нарыг тус тус томилсон. Мөн холбооны дүрэмд өөрчлөлт оруулан бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14.4-т заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-т заасан нотлох баримтад үндэслэн хуульд заасан журмын дагуу хөтлөх, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хяналтын улсын байцаагч 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6938 дугаар дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлт нь Улсын бүртгэлийн хууль тогтоомж, Нотариатын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар нь өргөдөл гаргасан хуулийн этгээдүүдийг өргөдөл гаргаагүй байхад бүрдүүлж хийсэн гэж байна. Эдгээр хуулийн этгээдүүдийн эрх бүхий албан тушаалтантай холбогдох утсаар нь холбогдож, сонсох ажиллагааны явцад биечлэн оролцож чадахгүй тохиолдолд утсаар холбогдон тэмдэглэл үйлдэж, хөтлүүлнэ гэсний дагуу хяналт шалгалтын явцад холбогдсон. Тухайн үед эдгээр хүмүүс нь бид өөрсдийн эд хөрөнгийг үнэ цэнтэй байлгах зорилготой, хамгийн гол нь зөв холбооны гишүүд, хүчин төгөлдөр эрх бүхий холбооны гишүүдтэй, цэвэрлэгээ үйлчилгээ сайн байх ёстой, бидний үл хөдлөх хөрөнгө үнэ цэнтэй байх ёстой гэсэн шаардлагын дагуу гомдол гаргасан гэдэг тайлбарыг өгсөн.
Япон Улсын иргэд “Хоймор өмчлөгчдийн холбоо”-нд өмчлөгч байх тухай асуудлын хувьд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 2.2. “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3. “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасны дагуу Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээ нь дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил, хууль тогтоомжид олон улсын гэрээ давуу байдлаар үйлчлэхээр заасан бол давуу байдлаар хэрэглэгдэнэ. Иймд Монгол Улсын болон гадаад улсын иргэн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхтэй. Гадаад улсын иргэн тус “Хоймор өмчлөгчдийн холбоо”-нд гишүүнээр элсэхийг хориглосон хууль тогтоомж байхгүй гэж дүгнэсэн.
Итгэмжлэлийн тухайд 63 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Япон Улсын иргэн, хуулийн этгээдээс Япон Улсын иргэн Hasegawa Kyoji /Хасегава Киожи/-д, Hasegawa Kyoji-с Монгол Улсын хуулийн этгээд “Инвескор проперти” ХХК-д олгосон итгэмжлэл нь Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3. “Хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газарт хууль зүйн нотариатчийн үүргийг хавсарган гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Монгол Улсаас Япон Улсын Токио хотод суугаа Элчин сайдын нотариатын үүрэг гүйцэтгэгч н.Энх-Амгалан үнэн зөвийг гэрчилсэн бөгөөд Гадаад харилцааны яамаар дамжуулан авсан эх хувиас нь хуулбарлан ирүүлсэн итгэмжлэлүүдийг шалгасан. Дүгнэлт гаргах тухайн хугацаанд итгэмжлэлийн хууль ёсны хугацаа дуусаагүй байсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
8. Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Галхүү шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нар нь “Хоймор өмчлөгчдийн холбоо” ГҮТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд гэж үзэж нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ш.Уртнасангийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6938 дугаар дүгнэлт нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэжээ. Нэхэмжлэгч нарын ямар эрхэд Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч халдсан, түүний гаргасан дүгнэлтийн улмаас ямар эрх ашиг хөндөгдсөн талаар дурдаагүй байна. Бодит байдал дээр нэхэмжлэл гаргагч этгээдүүд “Хоймор өмчлөгчдийн холбоо” ГҮТББ-ын гишүүд хэвээрээ байгаа бөгөөд хууль ёсны дагуу холбооны гишүүний хувиар хурал зарлах, хурлаа хийх, шийдвэр гаргах эрхтэй. Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна”, 5 дугаар зүйлийн 5.6. “Сууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцох бөгөөд тухайн орон сууцны байшингийн хэд хэдэн сууцыг нэгтгэн нэг сууц болгон өөрчилсөн сууц өмчлөгч нь нэгтгэсэн сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй байна” гэж зааснаар нэхэмжлэгч нар нь одоо ч холбооны үйл ажиллагаанд оролцох эрх нь нээлттэй хуулиар хязгаарлаагүй.
Нэхэмжлэгч нар нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасныг зөрчсөн байхад дүгнэлт гаргаж бидний эрхэд халдсан гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Япон Улсын иргэдийн дагалдах эрх болон оффис өмчлөгчдийн холбооны гишүүн байх эрхийг хязгаарласан үйлдэл болжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан бөгөөд уг эрхийг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн хэн аль нь эдлэх учиртай. Мөн Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д зааснаар тэдний Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин суудаг эсэхээс үл шалтгаалан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан эрхийг хязгаарлаж “Хоймор өмчлөгчдийн холбоо”-ны хуралд орох эрхийг хязгаарлах боломжгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. “Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж зааснаар шийдвэр гаргахдаа Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийг хэрэглэх учир хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль хэрэглэж болохгүй. Иймээс нэхэмжлэгч нараас гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ш.Уртнасангийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6938 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг ойлгохгүй байна. Улсын ахлах байцаагч Ш.Уртнасан нь энэхүү дүгнэлтийг гаргахдаа ямар хууль тогтоомж зөрчсөнийг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбараас олсонгүй. Шаардлага үндэслэлийн Нэгдүгээрт, Монгол Улсад амьдардаггүй, Монгол Улсын хилээр орж үзээгүй иргэд “Инвескор проперти” ХХК-д шийдвэр гаргах хууль ёсны итгэмжлэл олгож байгаагүй гэдэг үндэслэл хэлээд эдгээр хүмүүсийг сууц өмчлөгчдийн холбооны гишүүн гэж үзээд байгаа нь хууль зөрчсөн гэх агуулгатай зүйл ярьж байна. Хууль ёсны итгэмжлэл хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан бөгөөд итгэмжлэлийн төгсгөл хэсэгт Hasegawa Kyoji /Хасегава Киожи/-оос хөрөнгийн менежмент хийх чиглэлээр дараагийн этгээдэд дамжуулан итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэл олгов гэх агуулгатай тухайн цаг хугацаанд гадаад улсын иргэд итгэмжлэлүүдийг олгож байсан.
“Инвескор проперти” ХХК нь Япон Улсын иргэдийг төлөөлөх эрхгүй, гомдол гаргасан нь хууль бус гэж байна. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасан Монгол Улсын нутагт дэвсгэр хууль ёсоор байнга оршин суудаг гадаад улсын иргэн Монгол Улсын хууль, Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасан журмын дагуу төрийн бус байгууллага байгуулах буюу байгууллагад нэгдэж болно. Төрийн бус байгууллага буюу сууц өмчлөгчдийн холбоонд тухайн гадаад улсын иргэдийг нэгдэн орох боломжгүй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Гэтэл эдгээр хүмүүс нь Монгол Улсад хууль ёсоор үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа. Өөрөөр хэлбэл, өмчлөх эрхтэй этгээдүүд байна. Монгол Улсын иргэн гадаад улсын иргэн үл хөдлөх эд хөрөнгө эзэмшихдээ яг ижил эрхтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэж заасан байхад Төрийн бус байгууллагын тухай хуульд Япон Улсын иргэдийн өмчлөх эрхийг хязгаарлана гэдэг ойлголт байхгүй. 5.6-д хууль өөрөө заагаагүй бол гэдэг нөхцөлийг тусгайлан оруулж өгсөн байна. Энэ харилцаа сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх, өмчөө захиран зарцуулах, өмчөө хамгаалах менежментийг хэрэгжүүлэх эрхүүдийг бусдаар хэрэгжүүлэх үү? Өөрөө хэрэгжүүлэх үү гэдэг эрхийг дур мэдэн хэрэгжүүлэх нь Төрийн бус байгууллагын хуулиар зохицуулагдаж байгаа. Тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т Иргэний хуулийн 148.1, 149 дүгээр зүйлд заасан эрх, 13.1.2-т бусад сууц өмчлөгчдөөс зөвшөөрөл авалгүйгээр дангаар өмчлөгч сууцаа захиран зарцуулах, 13.1.4-т засвар үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хуульд заасан бусад эрх гэсэн байна. Монгол Улсын иргэн байна уу? гадаад улсын иргэн байна уу? тухайн өмчийн өмчлөгч мөн бол Төрийн бус байгууллагын тухай хуульд зааснаар бус Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу эдлэх эрхээ баталгаатай эдлэх эрхтэй. Тиймээс 5.6-д зааснаас үл хамааран эдгээр хүмүүс өмчлөх эрхээ эдлэх эрхтэй. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 1 дүгээр зүйл болоод Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлүүдийг ялгамжтай авч үзэх ёстой. Төрийн бус байгууллагын тухай хууль нь төрийн бус байгууллага байгуулаад, хэрхэн цааш явах талаар энгийн харилцааг зохицуулах тухай хууль юм. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль нь 171 үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа 171 хөрөнгийн өмчлөгчдийн тулгамдаж байгаа сууц өмчлөгчдийн харилцааг зохицуулж байгаа тусгайлсан зохицуулалт учир энэхүү хуулийг хэрэглэнэ. Энэ харилцаанд Төрийн бус байгууллагын тухай хууль хэрэглэгдэхгүй.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өмнө шийдвэрлэсэн асуудлыг дахин шийдвэрлэсэн нь хууль зөрчөөд байна гэдэг агуулгыг ярьж байна. Хариуцагч өмнө нь 4 гомдол байсан түүнтэй холбоотойгоор асуудлыг шийдвэрлэсэн гэдэг хариултыг өгсөн. Сүүлд 86 үл хөдлөхийн өмчлөгч нараас шинээр гомдол гаргасан. Хаалганы дугаараа бичээд, бүгд гарын үсгээ зураад гомдлоо гаргасан. Өмнө нь энэ асуудлаар гомдол гаргасан нь миний гомдол гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүхэд хандахын тулд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар заавал улсын ерөнхий бүртгэгчид гомдол гаргана. Улсын ерөнхий бүртгэгч бүрэн эрхийнхээ хүрээнд хэн нэг ахлах бүртгэгчид тухайн асуудлыг шилжүүлж, шийдвэрлүүлнэ. Ш.Уртнасан байцаагчид тухайн гомдол шилжиж ирээд, шийдвэрлээд 6968 дугаартай дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлт нь хуульд заасан бүхий л хяналт шалгалтыг хийж 2021 онд улсын ерөнхий бүртгэгчээс гаргасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны заавар, журмын дагуу явуулсан. Асуудалд бүрэн, хууль ёсны дагуу хандаж гаргасан дүгнэлт гэж үзэж байна.
Дээр дурдсан хуулийн этгээдүүдээс гомдол гаргасан эсэхийг тогтоогоогүй гэж байна. Хэргийн материал болон хариуцагчийн хариу тайлбарт дурдсанаар тухайн гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдтэй утсаар холбоо барин урьдчилан шийдвэрлэх журмын дагуу, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг хийсэн болох нь харагдаж байна. Гомдол гаргасан хүсэл зориг нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдаж байна. Нэр дурдсан хуулийн этгээдүүдийг захиргааны сонсгол хийх ажиллагаанд оролцуулаагүй, тайлбар хийх боломжоор хангаагүй гэж байна. Ж.Цэндсүх, Ж.Батбилэг, А.Мөнх-Эрдэнэ, Б.Түмэннаст, М.Ганболд, Д.Гэрэлт-Од гэх 6 хүн гомдол гаргасан байна. Өөрөөр хэлбэл, нөгөө нэр заасан компаниуд нь энэ сонсгол хийх ажиллагаанд биечлэн оролцохгүй, санал хүсэлтээ утсаар өгч, гомдол гаргах ажиллагааг дуусаж байхад тухайн хүмүүст ямар ч хамааралгүй энэ 6 хүн гомдол гаргаад байгаа юм. Тэр гомдол гаргах эрхийг энэ нэхэмжлэгч нар эдлэхгүй гэж бодож байна. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52, 54, 106-т зааснаар нэхэмжлэл гаргагч хууль зүйн үндэслэлээ тодорхойлох, нэхэмжлэл гаргасан хууль зүйн үндэслэлээ Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлийг бүрэн тодорхойлж чадахгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь.
1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
2.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10/7650 дугаар албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа ёсоор “Хоймор өмчлөгчдийн холбоо” нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага /ГҮТББ/ ба Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол Хоймор оффис В1 давхарт гэсэн хаягийн мэдээлэлтэй, хувьцаа эзэмшигч идэвхтэй гишүүний мэдээлэлд А.Уянга, Б.Жавзмаа, А.Азжаргал нар, гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд Б.Насанжаргал, З.Дашдэмбэрэл нар “Үгүй” гэсэн төлөвтэй, үүсгэн байгуулагчийн мэдээлэлд иргэн А.Уянга, А.Азжаргал, Б.Жавзмаа нар, эцсийн өмчлөгчийн мэдээлэлд Д.Гэрэлт-Од “Идэвхтэй” бүртгэлтэй, эрх барих этгээдийн мэдээлэлд Б.Насанжаргал, Д.Гэрэлт-Од, З.Дашдэмбэрэл, Б.Түмэннаст, Н.Одсүрэн нар “Тийм” гэсэн, Ж.Цэндсүх, А.Мөнх-Эрдэнэ, Ж.Батбилэг, Д.Гэрэлт-Од нар “Үгүй” гэсэн төлөвтэй, эрхлэх үйл ажиллагааны мэдээлэлд “Хоймор оффисын ажлын байр өмчлөгч гишүүдээ дэмжих, мэдээ, мэдээллээр хангах” гэж бүртгэгдсэн, улсын бүртгэлийн 9072015018 дугаарт, регистрийн 8301891 дугаарт бүртгэлтэй байхаас гадна, нийтдээ 18 давхар нэг, орцтой, орц бүрд 10 хаалга нийтдээ 171 хаалга байдаг гэх тайлбартай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл бүхий барилга нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар “нийтийн зориулалттай орон сууцны байшингийн” барилгад хамаардаггүй байна.
3. Маргаан бүхий хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6938 дугаар дүгнэлтээр, “...Хоймор өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ыг төлөөлөн иргэн Т.Отгонбаатар нь Холбооны дүрэм, улсын бүртгэлийн тогтоосон журмыг зөрчиж, бүрэн бус, хуулийн шаардлагад нийцээгүй баримтаар 2021 оны 6 дугаар сарын 16, 17-ны өдөр улсын бүртгэлд Холбооны удирдах зөвлөлийн дарга З.Дашдэмбэрэлийг өөрчилж А.Мөнх-Эрдэнийг, гүйцэтгэх захирлаар Б.Насанжаргалыг, удирдах зөвлөлийн гишүүнээр Ж.Цэндсүх, Ж.Батбилэг, А.Мөнх-Эрдэнэ, Б.Түмэннаст, Д.Гэрэлт-Од нарыг, хяналтын зөвлөлийн гишүүнээр Л.Анхбаяр, М.Ганболд, Р.Жаргалсайхан нарыг тус тус томилсон, мөн Холбооны дүрэмд өөрчлөлт оруулан бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14.4.“Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй...” гэж заасныг зөрчсөн тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5.“нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4. “Энэ хуулийн 6,7,8 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7. “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах” гэж заасныг үндэслэн дүгнэлт хэсгийн нэг дэх заалтаар “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9072015018 дугаар, регистрийн 8301891 дугаартай “Хоймор өмчлөгчдийн холбоо” ГҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга 3.Дашдэмбэрэлийг өөрчилж А.Мөнх-Эрдэнийг, гүйцэтгэх захирлаар Б.Насанжаргалыг, удирдах зөвлөлийн Ж.Батбилэг, А.Мөнх-Эрдэнэ, Б.Түмэннаст, Д.Гэрэлт-Од нарыг, гишүүнээр Ж.Цэндсүх, зөвлөлийн гишүүнээр Л.Анхбаяр, М.Ганболд, Р.Жаргалсайхан нарыг тус тус томилсон, мөн Холбооны дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн 2021 оны 6 дугаар сарын 16, 17-ны өдрийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.
4. Нэр бүхий нэхэмжлэгч нарын зүгээс маргаан бүхий дүгнэлтийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар “...төрийн бус байгууллагад сонгогдох, эвлэлдэн нэгдэх, удирдах зөвлөлийн даргаар томилогдон ажиллах эрхийг хамгаалсан хууль тогтоомжуудыг зөрчсөн, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 10 дахь хэсэгт “...нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, хуулиар тогтоосон нууцыг чанд хадгалах” хууль тогтоомжоор олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон” гэж маргаснаас гадна “...Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д зааснаар Монгол Улсад байнга оршин суудаггүй, Холбооны үйл ажиллагаанд огт оролцдоггүй Япон Улсын иргэдийг төрийн бус байгууллагын гишүүн гэж үзэж тухайн гомдлыг шийдвэрлэсэн нь, өмнө нь шийдвэрлэсэн асуудлыг дахин гаргаж ирж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасныг ноцтой зөрчсөн, 2021 онд итгэмжлэлийн хугацаа дууссан байхад 2022 онд итгэмжлэл хүчин төгөлдөр байна гэж үзэж, төлөөлөх эрхийн маш том эргэлзээтэй асуудал байхад анхаараагүй, гомдол гаргасан компаниуд нь тухайн гомдлыг бие дааж гаргасан эсэх нь эргэлзээтэй байсан” зэргээр болон Тодорхойлох хэсгийн 4-6-д заасан үндэслэлээр маргаж байна.
5. Шүүх, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, маргаж буй дүгнэлтэд хамаарах үйл баримтууд, нэхэмжлэгч нарын тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд өгсөн хариуцагчийн татгалзал, гуравдагч этгээдийн тайлбар зэргийг тал бүрээс нь харьцуулан үнэлж, хариуцагч захиргааны албан тушаалтны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн холбогдох улсын бүртгэлийг хүчингүй болгосон дүгнэлт нь хууль бус захиргааны акт болох нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.
6. Холбооны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, мөн бүх гишүүдийн ээлжит бус хурлын тооллогын комиссын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоол, бүх гишүүдийн ээлжит бус хурлын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Удирдах зөвлөлийн гишүүдийг батлах тухай” 02 дугаар тогтоол, мөн өдрийн “Хяналтын зөвлөлийг батлах тухай” 03 дугаар тогтоол, мөн өдрийн “Холбооны дүрэмд өөрчлөлт оруулан батлах тухай” 05 дугаар тогтоол, удирдах зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Холбооны удирдах зөвлөлийн даргыг томилох тухай” 01 дүгээр тогтоол, мөн өдрийн “Гүйцэтгэх захирлаар томилох тухай” 02 дугаар тогтоол, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, “Хоймор өмчлөгчдийн холбоо” ГҮТББ-ын шинэчилсэн дүрэм, холбооны гишүүн Н.Одсүрэн, 3.Дашдэмбэрэл, Б.Насанжаргал нарын өргөдөл зэрэг нийт 15 хуудас бүхий баримтын хамт хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэл хийлгэх талаарх “Хоймор өмчлөгчдийн холбоо” ГҮТББ-ын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Итгэмжлэл олгох тухай” 1/69 дугаар албан бичгийн хүрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар гаргаснаар, өргөдөл хүсэлтийг нь 210604022 дугаартай өргөдөл хүлээн авах хуудсаар 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар удирдах зөвлөлийн дарга З.Дашдэмбэрэлийг өөрчилж А.Мөнх-Эрдэнэ, гүйцэтгэх захирлаар Б.Насанжаргал, удирдах зөвлөлийн гишүүнээр Ж.Цэндсүх, Ж.Батбилэг, А.Мөнх-Эрдэнэ, Б.Түмэннаст, Д.Гэрэлт-Од, хяналтын зөвлөлийн гишүүнээр Л.Анхбаяр, М.Ганболд, Р.Жаргалсайхан нарыг тус тус томилсныг улсын бүртгэлд 2021 оны 6 дугаар сарын 16, 17-ны өдөр улсын бүртгэгч Э.Бат-Очир бүртгэсэн байна.
7. Энэ цаг хугацаанаас өмнө “Хоймор өмчлөгчдийн холбоо” ГҮТББ-ын Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, Удирдах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Гүйцэтгэх захирлаар томилох тухай” 01 дүгээр тогтоол, мөн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Удирдах зөвлөлийн дарга томилох тухай” 03 дугаар тогтоол, мөн өдрийн “Улсын бүртгэлийн гэрчилгээний өөрчлөлтийн тухай” 04 дүгээр тогтоолын дагуу удирдах зөвлөлийн дарга З.Дашдэмбэрэлийг өөрчилж Д.Гэрэлт-Одыг, гүйцэтгэх захирлаар Б.Насанжаргалыг томилсноо УБ-05 маягтаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх, УБ-12 маягтаар хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг тус тус 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.Насанжаргал гаргасныг 201218394 дугаартай өргөдөл хүлээн авах хуудсаар 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний Мишээл төвийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч Н.Энхтуяа хүлээн авснаар 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд өөрчлөлт оруулан бүртгэсэн, үүнийг “Хоймор өмчлөгчдийн холбоо” ГҮТББ-ын гишүүн Н.Нармандах, Н.Одсүрэн, З.Дашдэмбэрэл нараас 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гаргасан өргөдөл хүсэлтийн дагуу шалгаж, улсын байцаагчаас “...”Хоймор өмчлөгчдийн холбоо” ГҮТББ-ыг төлөөлөн иргэн Б.Насанжаргал улсын бүртгэлийн тогтоосон журмыг зөрчиж бүрэн бус, хуулийн шаардлагад нийцээгүй баримтаар 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4. “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 2150 дугаар улсын байцаагчийн дүгнэлтийн нэг дэх заалтаар “Регистрийн 8301891 дугаарт бүртгэлтэй Хоймор өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ын дүрмийн бус удирдах зөвлөл, түүнээс томилогдсон гүйцэтгэх удирдлагыг бүртгэсэн 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн. Энэ тухайгаа 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 188 дугаартай дотоод албан бичгээр Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хүргүүлж, мөн түүнчлэн “Хоймор өмчлөгчдийн холбоо” ТББ-д хаяглан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 8/2796 дугаар албан бичгээр “регистрийн 8301891 дугаарт бүртгэлтэй “Хоймор өмчлөгчдийн холбоо” ТББ-ын 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага томилсон мэдээлэлд оруулсан өөрчлөлт нь Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам, тус ТББ-ын хүчин төгөлдөр мөрдөж байгаа дүрмийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон тул хяналтын улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2150 дугаар дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэснийг мэдэгдье” хэмээн хүргүүлсэн, улмаар захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гүйцэтгэх захирал Б.Насанжаргалын гаргасан гомдлоор хянагдаж, улсын байцаагчийн 2150 дугаар дүгнэлт нь хэвээр үлдсэнийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 8/3655 дугаар албан бичгээр хариуг нь өгсөн, харин шүүхийн хяналтаар ороогүй байна.
8. Дээрх улсын байцаагчийн 2150 дугаар дүгнэлтээр холбогдох бүртгэлийг хүчингүй болгосноор хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9072015018 дугаарт бүртгэлтэй “Хоймор өмчлөгчдийн холбоо” ГҮТББ-ын хувийн хэрэгт авагдсан хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн 2019 оны 01 дугаар сарын 29-ний өдрийн бүртгэлээр бүртгэгдсэн байсан Зулзага-Баатар овогтой Дашдэмбэрэл Холбооны удирдах зөвлөлийн даргаар бүртгэлтэй хэвээр үлдэж, харин Б.Насанжаргал нь гүйцэтгэх захирлын эрхгүй болсон байна.
9. Эндээс үзэхэд, “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хяналт шалгалтын газарт гаргасан гомдлыг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3/4977 дугаар албан бичгээр гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгч, өмнө нь шийдвэрлэсэн шийдвэр хүчинтэй байхад яг ижил асуудлаар гомдлыг хүлээн авсан” гэх нэхэмжлэлийн шаардлагын маргасан үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
10. Тодруулбал, Холбооны Удирдах зөвлөлийн дарга З.Дашдэмбэрэл, удирдах зөвлөлийн гишүүн Н.Одсүрэн нараас 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаргасан гомдлыг тус газрын хяналтын улсын байцаагч Г.Энхтулга шалгаж, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3/4977 дугаар албан бичгээр: “... “Хоймор өмчлөгчдийн холбоо” ГҮТББ-ын хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн бүртгэлийн нотлох баримтыг хянахад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан нотлох баримтуудыг үндэслэн бүртгэсэн байх бөгөөд улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдолд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй” гэх хариу хүргүүлснийг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газарт 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан “2021 оны 6 дугаар сарын 16,17-ны өдөр хуулийн этгээд болох “Хоймор өмчлөгчдийн холбоо” ГҮТББ-ыг улсын бүртгэлийн өөрчлөлтөөр бүртгэсэн Улсын бүртгэгчийн шийдвэр, үйл ажиллагаа нь илт хууль бус болсон тухай, улмаар уг бүртгэлийг хүчингүй болгуулах тухай” уг холбооны өмчлөгч 89 гишүүдийн гомдол /2-р хх-ийн 11-17-р хуудас/-ыг урьд гаргасан ижил агуулгатай гомдол хэмээн үзэж хүлээн авахгүй байх үндэслэл болохгүй, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. “иргэн, хуулийн этгээд өөрт хамаарах улсын бүртгэлийн мэдээлэлтэй цаасан болон цахим хэлбэрээр танилцах эрхтэй”, 17 дугаар зүйлийн 17.1.8. “улсын бүртгэлийн асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, хууль зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг хүлээн авч хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэх”, 18 дугаар зүйлийн 18.1. “Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина”, 18.7. “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна”, 18.7.1. “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж зааснаар хариуцагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлж гаргасан маргаан бүхий дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй, түүнчлэн гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн есдүгээр бүлэгт зохицуулсан “гомдол гаргах журам”-ын дагуу шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, үүгээрээ нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэв.
11. Нөгөөтээгүүр Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар өргөдөл гомдлыг дөрвөн тохиолдолд огт хянан үзэхгүй байхаар зохицуулсан, энэ нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3/ “төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн, уг заалтын дагуу 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан гомдлыг авч шийдвэрлэхгүй байсан талаарх нэхэмжлэлийн шаардлагын маргасан үндэслэлийг мөн хүлээн авах боломжгүй, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн зорилтын хүрээнд “төрийн байгууллага харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах” хариуцагчийн нийтлэг үүргийг зөрчихгүйгээр, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 1/ “гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах”, 5/ “төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх” гомдол гаргагч нарын эрх, ашиг сонирхлыг хангах үүргийн хүрээнд хийгдсэн захиргааны шийдвэр гаргах ажиллагаа байна.
12. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14182/ Алтайн гудамж 281 дугаартай барилгын үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нарын мэдээллийг шалгахад 170 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. Энэ байдал нь маргаан бүхий хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийн 1 дүгээр хавсралтад тусгагдсан бол,
13. Хяналтын улсын байцаагчийн 6938 дугаар дүгнэлтийн Тодорхойлох хэсгийн 5-д: “Нийт 170 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн 75 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Япон Улсын иргэн, хуулийн этгээд бүртгэлтэй байна. Үүнээс 63 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Япон Улсын иргэн, хуулийн этгээдээс Япон Улсын иргэн Hasegawa Kyoji /Хасегава Киожи/-д, Hasegawa Kyoji-гоос Монгол Улсын хуулийн этгээд “Инвескор проперти” ХХК-д “...итгэмжлэлийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор итгэмжлэгчийг төлөөлөн хувь хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, төрийн эрх бүхий байгууллага болон төрийн бус байгууллагатай харилцах, итгэмжлэгчийг төлөөлөх, …итгэмжлэгчийг төлөөлөн аливаа байгууллага, холбоо, төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулах, элсэх, эвлэлдэн нэгдэх, санал өгөх, шийдвэр гаргах болон итгэмжлэгчийг төлөөлөн түүний эрх үүргийг хэрэгжүүлэх ...” итгэмжлэлийг Монгол Улсаас Япон Улсын Токио хотод суугаа Элчин сайдын яамаар дамжуулан ирүүлсэн байна. Холбооны дүрмээс үзэхэд өмчлөгчийн харьяаллыг заагаагүй байх тул дээр Япон Улсын иргэн, хуулийн этгээд нь Холбооны дүрмийн 3.1-д зааснаар тус холбооны гишүүн болж байна. /Хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийн 2 дугаар хавсралт/...” гэж дурджээ.
14. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 6/7553 дугаар албан бичгээр: “ -иргэн Ж.Батбилэгийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203038269 дугаартай Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14182/, Алтайн гудамж, 281 байрны 906 тоот хаягт байршилтай оффис, -иргэн Ж.Цэндсүхийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203038152 дугаартай Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14182/, Алтайн гудамж, 281 байрны 305 тоот хаягт байршилтай контор, үйлчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203038153 дугаартай Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14182/, Алтайн гудамж, 281 байрны 1004 тоот хаягт байршилтай контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх тус тус бүртгэлтэй байна. Иргэн А.Мөнх-Эрдэнэ, Б.Түмэннаст, Д.Гэрэлт-Од, Б.Насанжаргал, М.Ганболд нарын өмчлөлд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14182/, Алтайн гудамж, 281 дугаартай барилгад үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар бүртгэлгүй байна” /3-р хх-ийн 78-д/ гэж ирүүлжээ.
15. Хэрэгт авагдсан, “Хоймор өмчлөгчдийн холбоо” ТББ-ын дүрэм /2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар шинэчлэн найруулсан, хамгийн сүүлийн байдлаар хүчин төгөлдөр төлөвтэй байгаа/-ийг нотлох баримтаар гаргуулан авсан ба уг дүрэмд Холбоо нь гишүүддээ үйлчилдэг, өөрөө өөрийгөө удирдах зарчимтай, ашгийн төлөө бус хуулийн этгээд болохыг, Холбооны гишүүд нь “Хоймор оффис”-д үл хөдлөх хөрөнгө өмчлөгч байх ба өмчлөгч гэдгийг өмчлөх эрхийн гэрчилгээгээр тодорхойлохыг, Холбооны гишүүн бүр Хоймор оффист өмчилж байгаа хаалганы тоогоороо саналын эрх эдэлж, Бүх гишүүдийн хуралд оролцох эрхтэй байхаар тус тус зохицуулагдсан байна. Энэ утгаараа гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын гишүүн байхын тулд тухайн барилгад буюу Хоймор оффис-д үл хөдлөх хөрөнгө өмчлөгч байхаар дүрмээр зохицуулагджээ.
Тодруулбал, “Хоймор өмчлөгчдийн холбоо” нь “...“Хоймор” оффисын барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн ажиллагаатай байлгах, оффисын барилгад үйл ажиллагаа явуулж байгаа өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдын тав тухтай ажиллах боломжийг өмчлөгчдийн хамтын хариуцлагаар бий болгож, хөрөнгийнхөө үнэ цэнийг урт удаан хугацаанд хадгалах, өсгөх. дүрмийн зорилготой. Уг дүрмийн 3.1.“Холбооны гишүүд нь “Хоймор оффис”-д үл хөдлөх хөрөнгө өмчлөгчид байх ба өмчлөгч гэдгийг өмчлөх эрхийн гэрчилгээгээр тодорхойлно”, 3.2.1. “Хоймор оффист” өмчилж байгаа хаалганы тоогоор холбооны бүх гишүүдийн хуралд саналын эрх эдлэх”, 3.2.2.“өмчлөгч нь хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж гишүүнийхээ эрхээ хэрэгжүүлж болно”, 3.5.“холбооны гишүүн нь “Хоймор оффис”-т өмчлөгч байхаа больж өмчлөх эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлснээр гишүүнээс чөлөөлөгдөнө” зэргээр заажээ.
16. Эдгээр /12-15-д туссан/ баримтуудыг нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах агуулгаар нь нэгтгэн дүгнэж үзвэл:
16.1. Нэхэмжлэгч талын Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д: “Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор байнга оршин суугаа гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүс Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасан журмын дагуу төрийн бус байгууллага байгуулах буюу төрийн бус байгууллагад эвлэлдэн нэгдэж болно” гэж заасныг зөрчиж алдаатай дүрмийн зохицуулалтаар холбооны үйл ажиллагаанд огт оролцдоггүй, Монгол Улсад огт оршин суудаггүй Япон Улсын иргэдийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн гэх үндэслэл, тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
16.2. Учир нь Үндэслэх хэсгийн 2 болон 15-д заасан мэдээллийн дагуу нэхэмжлэгч нарын нэгэн адил үл хөдлөх хөрөнгийг тухайн хаяг бүхий барилгад өмчилж буй ижил эрхтэй гуравдагч этгээдүүд, тэр дундаа Япон Улсын иргэдийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр гишүүддээ үйлчилдэг ТББ-ын гишүүн бус, нэхэмжлэгч нарын нэгэн адил тухайн ТББ-ын удирдах эрхийн талаар сонгох, сонгогдох эрхгүй, санал өгөхгүй байх ёстой гэж үзэх нь гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын хуулийн хүчин төгөлдөр дүрмийн зорилгод нийцэхгүй юм.
16.3. Иймээс улсын бүртгэлийн байгууллагад хуулийн хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа ТББ-ын дүрмийн дагуу /анхнаасаа дүрмийн зохицуулалтаа анхаараагүй/ яг ижил эрхтэй гишүүд болох нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдүүд нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: “гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага гэж өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдгээс бусад төрийн бус байгууллагыг” гэж заасны дагуу үүсгэн байгуулагдсан “Хоймор өмчлөгчдийн холбоо” ТББ-ын “...оффисын барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн ажиллагаатай байлгах, оффисын барилгад үйл ажиллагаа явуулж байгаа өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдын тав тухтай ажиллах боломжийг өмчлөгчдийн хамтын хариуцлагаар бий болгож, хөрөнгийнхөө үнэ цэнийг урт удаан хугацаанд хадгалах, өсгөх” дүрмийн зорилгын агуулгын хүрээнд ижил түвшний эрхтэй байна.
17. Итгэмжлэгч Япон Улсын иргэн Hasegawa Kyoji /Хасегва Киожи/-оос, итгэмжлэгдсэн төлөөлөгч “Инвескор проперти” ХХК-д олгосон итгэмжлэлд “Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Хоймор оффист” байрлах дараах листийн /63 үл хөдлөх хөрөнгө/ үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчдөөс хавсралтын дагуух итгэмжлэхээр дамжуулан холбогдох эрхийг итгэмжлэн авсан ба Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор дор дурдсанаар хязгаарлагдахгүйгээр, Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шаардлагатай буюу зохистой гэж үзсэн бүх үйлдлийг Итгэмжлэгчийн нэрийн өмнөөс хэрэгжүүлэх бүрэн эрх бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж байна”, Үүнд: үл хөдлөх эд хөрөнгийн хувьд худалдан борлуулахаас бусад бүх хэлбэрээр захиран зарцуулах, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор итгэмжлэгчийг аливаа байгууллага холбоо, төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулах, элсэх, эвлэлдэн нэгдэх, санал өгөх, шийдвэр гаргах болон итгэмжлэгчийг төлөөлөн түүний эрхийг хэрэгжүүлэх, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шаардлагатай гэж үзсэн бүх арга хэмжээг авах. Хугацаанаас нь өмнө цуцлаагүй бол энэхүү итгэмжлэл нь дор дурдсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна” хэмээн 4 дүгээр хавтаст хэргийн 1-170 дугаар хуудсыг хамруулан гуравдагч этгээд “Инвескор проперти” ХХК-аас гаргаж ирүүлсэн “итгэмжлэл” нийт 61 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий баримтууд, хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар 56 итгэмжлэл гаргаж өгсөн бол, шүүхээс нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд Гадаад харилцааны яамнаас нийт 25 итгэмжлэл ирүүлжээ.
18. Ийнхүү гуравдагч этгээд, хариуцагч, Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн итгэмжлэлүүдээс үзэхэд нийт “Хоймор оффис”-т Япон Улсын иргэн, аж ахуйн нэгжийн нийт 86 үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй ба,
19. Энэ тохиолдолд нэхэмжлэгч талын “2021 онд итгэмжлэлийн хугацаа дууссан байхад 2022 онд итгэмжлэл хүчин төгөлдөр байна гэж үзэж, төлөөлөх эрхийн маш том эргэлзээтэй асуудал байхад анхаараагүй” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэнгүй. Яагаад гэвэл, тухайн барилгад ижил нөхцөлтэй, ижил боломжтой үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нарыг бүхэлд нь авч үзэж, маргаан бүхий шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй, итгэмжлэлийн хугацаа дууссан зөрчил нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тохиолдолд хүчин төгөлдөр хэвээр байна.
20. Холбооны ээлжит бус хурлыг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бүрэн бус ирцтэйгээр хуралдуулж, гаргасан шийдвэр нь дүрмийн зорилгод нийцээгүй, бүх гишүүдийн оролцоог хангаагүй зэргээр дүгнэж, “улсын бүртгэл үнэн зөв нотлох баримтад үндэслэх” үүргээ биелүүлээгүй улсын бүртгэгчийн үйл ажиллагааны талаар дүгнэсэн хариуцагч хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “хуулийн этгээдийн улсын бүртгэл” нь хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг ойлгохоор заасны дагуу мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1. “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд улсын бүртгэл хөтлөх” чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хуулийн этгээдийн бүртгэлд үнэн зөв байгаа эрхийг хамгаалах явдал нь хууль ёсны бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчмыг тодорхойлсон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5. “улсын бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 4.1.4. “улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх”, 4.1.3 “улсын бүртгэл хараат бус байх” зарчмуудыг хангуулахад чиглэсэн, нэгэнт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль болон журмын зохицуулалтыг хэрэгжүүлсэн нь хуульд үндэслэх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцсэн гэж дүгнэв.
21. Хариуцагч хяналтын улсын ахлах байцаагч нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Журам, хэвлэмэл хуудас, эрх зүйн баримт бичгийн загвар батлах тухай” А/341 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ыг зөрчиж ажилласан талаар нэхэмжлэгч талаас маргаагүйг тэмдэглэж байна.
22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 17 дугаар зүйлийн 17.1.8, 18 дугаар зүйлийн 18.7.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг баримтлан А.Мөнх-Эрдэнэ, Ж.Батбилэг, Б.Түмэннаст, Д.Гэрэлт-Од, Ж.Цэндсүх, М.Ганболд, Б.Насанжаргал нараас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ш.Уртнасанд холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ш.Уртнасангийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6938 дугаар дүгнэлтийн 1 дүгээр заалт дахь Ж.Цэндсүх, Ж.Батбилэг, А.Мөнх-Эрдэнэ, Б.Түмэннаст, Д.Гэрэлт-Од, М.Ганболд, Б.Насанжаргал нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН