Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2023/00817

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2023/00817

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ӨАГ холбогдох

Сахилгын шийтгэл ногдуулсан 2022.06.06-ны өдрийн ӨАГ төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын Б/288 тоот тушаалыг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэлтэй гэх үндэслэлээр олгогдоогүй цалин болон мөнгөн урамшуулал болох нийт 2,268,145 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Ариунзаяа нар оролцов.

Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны товыг хуульд зааснаар хүргэсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй, өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ бичгээр өгсөн. Энэ хүсэлтээ 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанд мөн адил дэмжиж, тов хүргэсэн ч хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно. /Хх213-214/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.      Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.М миний бие Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ӨАГ төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны даргаар 10 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд тус эмнэлэгт нийт 16 дахь жилдээ ажиллаж байгаа эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй, Анагаах ухааны доктор, эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч юм. Миний ажиллаж байгаа ӨАГ төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг /хуучнаар Нийслэлийн ӨАГ/-ийн удирдлагаас 2018.12.26-ны өдөр надтай хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулахдаа намайг Чанарын албаны даргын албаны ТҮЭМ-6 зэрэглэл, 5 шатлалаар цалинжуулахаар тохиролцсон бөгөөд энэ гэрээгээр миний цалингийн хэмжээ өнгөрсөн 3-р сараас 934899 /Есөн зуун гучин дөрвөн найман зуун ерэн есэн/ төгрөг болсон. Би өөрийн байгууллагадаа ажиллахдаа ажлын байрны тодорхойлолтод заасан, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам болон бусад хууль дүрэм журмыг сахин биелүүлж ирсэн болно.

Гэтэл 2022 оны 06 сарын 06-ны өдөр манай ӨАГ төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал Ж.Энь Б/288 тоот "С.Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай гэх тушаал гаргаж, 2022.06.08-ны өдөр тус тушаалын хуулбарыг хүний нөөцийн ахлах менежер Ж.М надад хүлээлгэн өгсөн билээ.

Уг тушаал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дүгээр зүйлийн 123.2.3, эрүүл мэндийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ӨАГ төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дүрэм, бүтэц батлах тухай А/144 дүгээр ын 5.8.8, Амаржих газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ӨАГ хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай А/42 дугаар тушаалаар батлагдсан ӨАГ хөдөлмөрийн дотоод журам-ын 10.5.1.2 заалт, Удирдлагын багийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн өргөтгөсөн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн С.Мд Эмчилгээ үйлчилгээний чанар, ажил сайжруулах чиглэлээр удирдлагаас өгсөн хугацаатай үүргүүдийг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгээгүй тул үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах"-аар шийдвэрлэсэн тушаал байсан.

С.М би Б/288 тоот тушаалаар надад ногдуулсан Сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд захирлын энэхүү тушаал нь бодит байдалд огт нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй тушаал болно.

Өөрөөр хэлбэл, дээрх тушаалдаа намайг Эмчилгээ үйлчилгээний чанар, ажил сайжруулах чиглэлээр удирдлагаас өгсөн хугацаатай үүргүүдийг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгээгүй гэсэн нь миний ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хийж гүйцэтгэх ёстой ямар хугацаатай үүргийг удирдлагаас өгсөн эсэх, хэрхэн гүйцэтгэх ёстой байсан эсэх, яг ямар үүргийг чанаргүй гүйцэтгэсэн гэж дүгнэж байгаагаа огт дурьдаагүй буюу ойлгомжгүй байгаа болно.

Манай захирал Ж.Э надад 2022.04.18-ны өдөр 02 тоот 6 чиглэл бүхий Хугацаатай үүрэг өгсөн ба Үүргийг хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг зохион байгуулж, үр дүнг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр захирлын дэргэдэх зөвлөлийн хуралд танилцуулна хэмээн уг үүрэг өгсөн бичигт заасан байсан. Ингээд би уг Хугацаатай үүрэг-ийн дагуу ӨАГ төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжруулах нэмэлт төлөвлөгөө-ний төсөл гарган, 4-р сарын 19-ний өдөр байгууллагын захирал Ж.Э хүргүүлж, уг төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаануудаа хэрэгжүүлж ажилласан.

Ингээд 2022.05.31-ний өдөр Удирдлагын багийн хуралд С.М намайг 4-р сарын 18-ны өдөр өгсөн хугацаатай үүргийн биелэлтийн тайлангаа танилцуул гэсний дагуу танилцуулсан. Гэвч намайг тайлангаа танилцуулж байх явцад манай байгууллагын захирал Ж.Энь намайг илтэд буруутгасан байр сууринаас хандаж, хийж гүйцэтгэсэн ажлыг хийгээгүй болгох, хийсэн ажлыг чанаргүй хийсэн мэтээр элдвээр хэлж, хашигачин загнаж, уг хугацаатай үүргээс өөр ажил үүрэгтэй холбоотой бичиг баримт, тайлан, тэмдэглэлүүдийг нэхэж байсан.

Гэвч энэхүү хуралд оролцсон удирдлагын багийн гишүүдээс хэн нь ч надад ямар нэгэн сахилгын шийтгэл оногдуулах санал гаргаагүй байхад захирал Ж.Энь өөрөө ийм хүн цаашаа үргэлжлүүлээд ажиллах боломж байгаа юу... би бол цаашаа явах боломжгүй гэж үзэж байна" гэх мэтээр тэдэнд шахалт үзүүлж, нөлөөлөх гэж оролдож байсан ч миний цалинг бууруулах сахилгын шийтгэл оногдуулна гэж өөрөө зүтгэсээр дээрх Б/288 тоот тушаалыг гаргаж жирийн ажилтан намайг маш ихээр хохироож байна.

Би хуульд заасан журмын дагуу надад сахилгын шийтгэл оногдуулсан энэхүү Б/288 тоот тушаалыг хүчингүй болгуулж, хасагдсан цалингаа гаргуулахтай холбоотой гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлд зааснаар Хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргах ёстой ч манай байгууллагад ийм комисс байхгүй тул мөн хуулийн 154.2-д зааснаар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргахаар Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэст хандсан юм.

Харин тус байгууллага нь 2022.09.05-ны өдрийн 1/859 тоотоороо намайг шүүхэд шууд хандан нэхэмжлэлээ гаргах эрхтэй талаар надад хариу өгсөн болно.

Иймд Сүхбаатарын Мөнхзул надад сахилгын шийтгэл ногдуулсан 2022.06.06-ны эдрийн ӨАГ төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын Б/288 тоот тушаалыг хүчингүй болгуулах, уг тушаалын үндсэн дээр хасагдсан 2022 оны 06 сарын 02-ны өдрөөс 09 сарын 02-ны өдрийн хугацааны цалин болох 1 016 490 /Нэг сая арван зургаан мянга дөрвөн зуун ерэн/ төгрөгөө гаргуулан авах хүсэлтэй байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: С.Мл миний бие ӨАГ төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн даргын Б/288 тоот тушаалыг хүчингүй болгуулах, уг тушаалын үндсэн дээр хасагдсан 2022 оны 06 сарын 02-ны өдрөөс 09 02-ны өдрийн хугацааны цалин болох 1 016 490 /Нэг сая арван зургаан мянга зуун ерэн/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан билээ.

С.М надад үндэслэлгүйгээр ногдуулсан сахилгын шийтгэлийн улмаас би 1 016 490 төгрөгийн цалингаа хасуулснаас гадна, сахилгын шийтгэлтэй гэх үндэслэлээр надад олгогдоогүй 2022 оны 2, 3, 4-р улирлын үр дүнгийн урамшуулал, эмч, эрүүл мэндийн ажилтнуудад олгосон бусад мөнгөн урамшуулал болох нийт 1 869 797 / нэг сая найман зуун жаран есөн мянга долоон зуун ерэн долоон/ төгрөгөө хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Нэмэгдүүлсэн шаардлагыг анхны шаардлагын хамт хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.    Хариуцагч ӨАГ төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг шүүхэд гаргасан тайлбартааӨАГ төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн чанарын албаны дарга С.М нь надад сахилгын шийтгэл ногдуулсан 2022.06.06-ны өдрийн амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын Б/288 тоот тушаалыг хүчингүй болгуулах, уг тушаалын үндсэн дээр хасагдсан 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдрийн хугацааны цалин болох 1,016,490 төгрөгийг гаргуулах гэсэн нэхэмжпэл гаргажээ.

Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

С.М нь тус эмнэлэгт Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын албаны даргаар ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн ӨАГтай 2018 оны 12 сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан 2019 оны 01 сарын 02-ны өдрөөс ажил үүргийг гүйцэтгэхээр хугацаагүй гэрээ байгуулсан байдаг.

Энэ хугацаанд байгууллагын нэршил өөрчлөгдсөн мөн Хөдөлмөрийн хууль шинэчлэн найруулсан тул бид хууль болон байгууллагын бүтэц зохион
байгуулалттай уялдан ажилтан, ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг
шинэчлэн байгуулах ажлыг 2022 оноос хойш мэдэгдэл өгч гэрээгээ шинэчилсэн
билээ.

С.М эмчид хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэхийг албан ёсоор удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээгээ шинэчлээгүй хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулаагүй болно.

Түүнд 2022 оны 06 сарын 06-ны өдрийн Б\288 дугаар захирлын тушаалаар
сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ тушаал нь ямар нэгэн хууль зөрчөөгүй бөгөөд дан ганц захирлын шийдвэр биш удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан.

Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь:

Эмчилгээ үйлчилгээний чанар, ажил сайжруулах чиглэлээр удирдлагаас өгсөн "Хугацаатай үүрэг -ийг цаг тухайд нь биелүүлээгүй бөгөөд 2022 оны 04 сарийн 18-ны өдрөөс 05 сарын 01-ний өдрийг хүртэл 6 даалгавар өгсөн боловч энэ хугацаанд нэг ч шинэ ажил зохион байгуулаагүй. Харин ч удирдлагуудыг хууран мэхлэх хуучин хийсэн байсан ажлыг зургаар баримтжуулах төлөвлөгөөт ажил болон байнгын өдөр тутамд хийгддэг ажлыг хийсэн мэтээр тайлагнаж танилцуулсан зэрэг үл бүтэх өөрийгөө хамгаалсан тайлбар гаргасанг удирдлагын зөвлөлийн хуралд оролцогч нар шинэ ямар ажил зохиосон болон хийх ажлын төлөвлөгөөний талаар шаардсан боловч гаргаж өгсөн зүйл байгаагүй билээ.

1-р үүрэг. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдолд заагдсан эмчилгээ, үйлчилгээ аюулгүй байдал алдагдсан зөрчлүүдийн шалтгаан нөхцлийг арилгах чиглэлээр тодорхой ажил арга хэмжээг зохион байгуулж, үр дүнг тооцох.

-Үүрэг даалгаврын хугацаанд зохиосон ажил байхгүй, урьд жилийн хийсэн ажпыг танилцуулсан бөгөөд хуралд орсон хүмүүсийн асуултанд хариулахдаа төлөвлөгөөнд тусгагдсан ажлаа хийнэ, хийх гэж байгаа гэх мэтчилэн хариулсан /2022.05.31 -ний өдрийн Удирдлагын зөвлөлийн өргөтгөсөн хурлын тэмдэглэл \6-8\ талд/.

2-р үүрэг. Эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэ санаачилга, туршлага нэвтрүүлэх, чанарын ахиц гаргах төлөвлөгөөний төслийг боловсруулан танилцуулах.

-Ямар ч төлөвлөгөө, төсөл боловсруулаагүй. Мөн Сайн туршлага -2021 гэх нь 2021 онд зохион байгуулагдсан төлөвлөгөөт ажил бөгөөд 2021 оны Чанарын албаны тайланд бичигдсэн билээ. Сэтгэл ханамжийг сайжруулахаар биеийн тамир, хөдөлгөөн хийлгэсэн гэх зураг тавьсан байх боловч тус заал нь 2021 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллахгүй байгаа билээ.

3-р үүрэг Тусламж үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эрсдлийн удирдлагын талаар туршлага судлах, зөвлөх үйлчилгээг зохион байгуулж хэвших

-Ямар нэгэн туршлага судалсан болон танилцуулга байхгүй, зөвлөх үйлчилгээг зохион байгуулаагүй энэ талаар ямар нэгэн санаа санаачилга гаргаагүй хийсэн болон эхэлсэн ажил байхгүй. /2022.05.31-ний өдрийн Удирдлагын зөвлөлийн өргөтгөсөн журлын тэмдэглэл /10-14 талд/.

4-р үүрэг. Тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдалд тогтмол хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажпыг зохион байгуулж хэвших

-Шинжилгээ болон хяналт тавьж үнэлгээ хийсэн гэх танилцуулга байхгүй, ярилцаад явдаг гэх боловч энэ тухай тэмдэглэл бүртгэл хөтлөлт хийгдээгүй. Хуралд хийсэн гээд яриад байгаа ажлууд нь хугацаатай үүргээс өмнө буюу 1,2 сарын ажлууд байгаа. /2022.05.31-ний өдрийн Удирдлагын зөвлөлийн өргөтгөсөн хурлын тэмдэглэл /15-16 талд/

5-р үүрэг Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандартын 16 дугаар зүйлийн 1-5 дугаар заалтын дагуу хийх ажлын төлөвлөгөөний төсөл боловсруулан танилцуулах.

-Манай эмнэлэг нь 2022 онд Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болж үйл ажиллагааны чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд стандартын 16 дугаар зүйл Тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал. 16.1.5 -д Ариутгах, халдваргүйжүүлэх болон эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтыг нийт ажилтанд жил бүр, шинээр ажилд орж байгаа ажилтанд тухай бүр зохион байгуулж, мэдлэг, дадал, ур чадварыг эзэмшүүлэн баталгаажуулна гэж заасны дагуу төлөвлөгөө боловсруулж танилцуул гэсэн боловч ямар ч төлөвлөгөө боловсруулаагүй энэ талаар ямар ч танилцуулга хийгээгүй байсан.

Хийсэн ажил гэж зурагт хуудсан материал танилцуулсан боловч энэ нь хэзээ хийгдсэн он сар байхгүй өмнө хийсэн ажлыг танилцуулах биш шинээр төлөвлөгөө боловсруулах үүрэг даалгавар өгсөн тул 2022 оны 04 сарын 18-ны өдрөөс хойш ямар ажил хийх талаар төлөвлөгөө боловсруулаагүй байна гэж үзсэн.

6-р үүрэг. Эмчилгээ, үйлчилгээний талаар гаргасан тушаал шийдвэр, дүрэм, журам болон байгууллагын захирлаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг мэдээлэх.

- Эмчилгээ үйлчилгээтэй холбоотой хэдэн тушаал гарсан байгаа талаар ямар ч танилцуулга байхгүй, мөн захирлаас 4 үүрэг даалгавар өгсөнг хугацаанд нь хэрэгжүүлж ажиллав гэж бичсэн байх боловч хэдийд ямар хугацаатай үүрэг байсан талаар танилцуулаагүй, Манай байгууллага нь 400 гаруй ажилчинтай байхад зөвхөн 15 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд танилцуулав гэсэн тайлбар хэлж байгаа боловч энэ нь ажилчдын 1%-д ч хүрэхгүй үзүүлэлт билээ.

Иймд дээрх өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг хийсэн гэж ярих биш ялангуяа төлөвлөгөө төсөл боловсруулан, тодорхой үр дүнтэй, судалгаа шинжилгээний үнэлэлт, дүгнэлт гаргасан байдал тогтоогдоогүй бөгөөд хурал дээр нэг ч тайлан төлөвлөгөөгүй байсан тул Удирдлагын багийн хурлын шийдвэр олонхын саналаар ажил нь хангалтгүй байсан болохыг дүгнэж хэлэлцээд сахилгын шийтгэл оногдуулсан. С.М нь ажилгүй байсан хугацааны цалин 2022 оны 06 сарын 06- өдрөөс 2022 оны 09 сарын 02-ны өдөр хүртэл 1,016,490 төгрөг нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь: С.Мын 6 сард цалингийн 20% буюу 186,980 төгрөг, 7 сард ээлжийн амралттай суутгаагүй, 8 сард ээлжийн амралтаас ирсэн 3 хоног цалин бодогдсон 24,388 төгрөг, 9 сард 186,980 төгрөг нийт 398.348 төгрөг суутгагдсан байна.

Иймд С.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нотлох баримт:

3.    Нэхэмжлэгч талаас: Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, 2022.04.18-ны өдрийн Хугацаатай үүрэг, сахилгын шийтгэл ногдуулах тухай 2022.06.06-ны өдрийн Б/288 тушаал, 2022.09.05-ны 1/859 СБДХХҮХэлтсийн зөвлөмж, ӨАГ төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эрүүл иэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжруулх нэмэлт төлөвлөгөө /17-32 тал/, имэйл хаягийн баримт, сургагч багшийн гэрчилгээ, 2022.03.30-ны өдрийн Зөвлөх үйлчилгээний гэрээ, багц сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, 2022 оны 04 дүгээр сарын 18-наас 5 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд хийсэн тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах сургалт, үйл ажиллагааны фото зураг, гар угаалтын үнэлгээ, ажиглагчийн маягтуудын хамт, 2022.04.26-ны өдрийн А/23 дугаартай Нэг алтан амины төлөө чанарын өдөрлөг зохион байгуулах тухай захирлын тушаал, өдөрлөгийн хөтөлбөр, фото зургууд, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022.09.20-ны өдрийн 03/376 тоот хариу хүргүүлэх албан бичиг, ӨАГ санхүүгийн тасгийн урамшууллын талаарх хүснэгт, үр дүнгийн урамшуулах олгох тухай 2022.12.20-ны өдрийн А/94 тоот захирлын тушаал, хавсралтын хамт, 2022.10.27-ны өдрийн А/74 тоот эмч, эмнэлгийн ажилтнуудад мөнгөн урамшуулал олгох тухай захирлын тушаал, хавсралтын хамт, 2022.08.22-ны өдрийн А/58 тоот урамшуулал олгох тухай тушаал, 2022.07.27-ны өдрийн А/52 тоот эрүүл мэндийн ажилтнуудад урамшуулал олгох тухай захирлын тушаал, хавсралын хамтаар, нэхэмжлэлийн цалин хөлстэй холбоотой шаардлагын тооцоолол зэргийг шүүхэд гаргаж өгсөн болно.

Хариуцагч талаас: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хөдөлмөрийн гэрээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ӨАГ хөдөлмөрийн дотоод журам, 2019.09.30-ны өдрийн Удирдлагын багийн хурлын тэмдэглэл №6, хугацаатай үүрэг, цалингийн карт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

  Шүүхийн журмаар:  ӨАГ төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал Ж.Э 2022.06.06-ны өдөр гаргасан С.Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/288 тоот тушаал,  Нийслэлийн ӨАГ даргын 2020.04.10-ны өдрийн А/30 тоот "Ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг үнэлэх журмыг шинэчлэн батлах тухай" тушаал, түүний хавсралт, ӨАГ төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын 2022.07.27-ны өдрийн А/52 тоот "Эрүүл мэндийн ажилтнуудад урамшуулал олгох тухай" тушаал, түүний хавсралт, ӨАГ төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын 2022.08 22-ны өдрийн A/58 тоот "Урамшуулал олгох тухай" тушаалын хуулбарууд, гэрчээр Б.Б, М.Д, Б.Б, М.Э нараас гэрчийн мэдүүлэг авсан. Мөн нэхэмжлэгч талын хүсэлтээр цахим хаягт үзлэг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч ӨАГ төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг /Цаашид төрөх эмнэлэг гэх/-т холбогдуулан тушаал хүчингүй болгуулах, уг тушаалын үндсэн дээр хасагдсан цалин 398,348 төгрөг гаргуулах, сахилгын шийтгэлтэйн учир олгогдоогүй үр дүнгийн урамшуулал нийт 1,869,797 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.    Нэхэмжлэгч С.М 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/288 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсанг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд уг тушаалыг гаргах болсон үндэслэл болох удирдлагаас өгсөн хугацаатай үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь худал учир тухайн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэлтэйн улмаас олгогдоогүй цалин болон үр дүнгийн урамшууллыг буцаан гаргуулахаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж, маргаж байна.

3.    Хариуцагч эмнэлгийн удирдлагаас С.Мд удирдлагын зүгээс өгсөн хугацаатай ажил үүргийг хийж гүйцэтгээгүй, аливаа төлөвлөгөөг танилцуулж ажиллаагүйн улмаас сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байсан ба энэ нь дан ганц захирлын шийдвэр биш, удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэсэн шийдвэр тул аливаа хууль зөрчөөгүй. Мөн С.Мын суутгагдсан цалинд 1,016,490 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд сахилгын шийтгэл болгож суутгасан цалин нийт 398,348 төгрөг болсон гэж маргаж байна.

4.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

-       Хариуцагч байгууллага болох төрөх эмнэлэг нь нэхэмжлэгч С.Мтай 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, тус байгууллагын чанарын албаны даргын ажил үүргийг ажлын байрны тодорхойлолтод зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн эрхлэхээр тохирчээ. /Хх8-13/

-       Тус төрөх эмнэлэг нь эх барих, нярай, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, хуулийн этгээд байх бөгөөд эмнэлгийн даргаар Ж.Энхцэцэгийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр бүртгэсэн байна. /Хх43/

-       Эмнэлгийн захирал Ж.Э 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай тушаалаар С.Мд 6 үүрэг даалгаврыг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхийг даалгасан байна. /Хх86/

Үүнд:

1.    1-р үүрэг. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдолд заагдсан эмчилгээ, үйлчилгээ аюулгүй байдал алдагдсан зөрчлүүдийн шалтгаан нөхцлийг арилгах чиглэлээр тодорхой ажил арга хэмжээг зохион байгуулж, үр дүнг тооцох.

2.    2-р үүрэг. Эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэ санаачилга, туршлага нэвтрүүлэх, чанарын ахиц гаргах төлөвлөгөөний төслийг боловсруулан танилцуулах.

3.    3-р үүрэг Тусламж үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эрсдлийн удирдлагын талаар туршлага судлах, зөвлөх үйлчилгээг зохион байгуулж хэвших

4.    4-р үүрэг. Тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдалд тогтмол хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажпыг зохион байгуулж хэвших

5.    5-р үүрэг Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандартын 16 дугаар зүйлийн 1-5 дугаар заалтын дагуу хийх ажлын төлөвлөгөөний төсөл боловсруулан танилцуулах.

6.    6-р үүрэг. Эмчилгээ, үйлчилгээний талаар гаргасан тушаал шийдвэр, дүрэм, журам болон байгууллагын захирлаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг мэдээлэх.

-       Дээрх тушаалаар өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй үндэслэлээр 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/288 дугаартай тушаалаар нэхэмжлэгч С.Мд 3 сарын хугацаанд үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /Хх165/

-       Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гарсан бөгөөд үүнийг нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан гэж тайлбарладаг ба үүнтэй хариуцагч талаас маргадаггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар энэ хуулийн 154.2.1-т зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлэхээр заасан бөгөөд С.М нь тухайн тушаалтай 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр танилцсанаас хойш 3 сарын дотор буюу тус оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дотор эрхээ хамгаалуулахаар холбогдох байгууллагад хандах эрхтэй. Нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандсан боловч хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны бүрэлдэхүүн томилогдоогүй тул шийдвэрлэх боломжгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 158.1.5-д заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой талаар хариу бичиг ирүүлжээ. Үүний дагуу нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаандаа, зохих газарт нь нэхэмжлэлээ гаргасан гэж үзэхээр байна. /Хх1-3, 16/

-       Нэхэмжлэгч нь өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу ӨАГ төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжруулах нэмэлт төлөвлөгөөг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргаж, хэрэгжүүлэх ажлын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ, хугацаа, хариуцах албан тушаалтан, хамтран ажиллах тасаг, хэсэг зэрэг хүснэгт байдлаар бэлтгэн гаргасан нь тогтоогдож байна. /Хх17-18/

-       Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 16 дугаар зүйлийн 1-5 дугаар заалтын дагуу хийх ажлын төлөвлөгөөний төсөл боловсруулан танилцуулах ажлын хүрээнд төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэх ажлын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ, хугацаа, хариуцах албан тушаалтан, хамтран ажиллах тасаг, хэсэг зэрэг хүснэгт байдлаар бэлтгэн гаргасан байна. /Хх19-20/

-       Эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэ санаачилга, туршлага нэвтрүүлэх, чанарын ахиц гаргах төлөвлөгөөний төслийг боловсруулж, танилцуулах ажлын хүрээнд мөн адил хэрэгжүүлэх ажлын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ, хугацаа, хариуцах албан тушаалтан, хамтран ажиллах тасаг, хэсэг зэрэг хүснэгт байдлаар бэлтгэн гаргасан байна. /Хх21-22/

-       Дээр байдлаар нэхэмжлэгч нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхээр ажлын төлөвлөгөөг гаргасан байгаа нь хэргээс тогоогдож байх бөгөөд төлөвлөгөөг дарга Ж.Э хүргүүлж, ажлын явцаа танилцуулсан утга агуулга бүхий захиаг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2 цаг 9 минутанд явуулсан цахим шуудангийн зураг хэрэгт авагдсан, тус цахим хаягт шүүхийн журмаар үзлэг хийж баталгаажуулсан. /Хх100/

-       Мөн нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 2 цаг 43 минутанд удирдлагаасаа хийх ажлынхаа талаар зөвлөлдөж, зөвшөөрөл авсан агуулга бүхий захиаг цахим шуудангаар явуулахад хариуцагч байгууллагын дарга Ж.Э мэйл хүлээн авлаа, зөвшөөрч байна гэсэн хариу ирсэн баримт хэрэгт авагджээ. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн төлөвлөгөөг гаргаж, танилцуулах гэхэд танилцаж, зурж өгөхгүй байсан гэх тайлбар, ажлын төлөвлөгөөгөө гаргаж өгч танилцуулахаар цахим шуудан явуулж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд харин хариуцагчийн хариу тайлбартаа дурдсан өгөгдсөн үүрэг даалгаврын талаар төлөвлөгөө шаардсан боловч нэг ч төлөвлөгөө гаргаж танилцуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна. /Хх39, 101, 208-212, 242/

-       Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжруулах хугацаатай үүрэг даалгаврын дагуу хийсэн ажлын тайланг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан байх ба чанарын багийн гишүүдийн 80 хувийг хамруулж, байгууллагад ирсэн өргөдөл, гомдлын шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийх арга зүй, чанарын багийн гишүүдэд сургалт зохион байгуулж, чанар сайжруулах арга, хэрэгслийн талаар мэдлэг олгож, эмчилгээнд 10 эмэгтэйг хамруулан, сургалтанд нийт 83 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан болох нь баримтаар тогтоогдож байна. /Хх23-26/

-       Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 16 дугаар зүйлийн 1-5 дугаар заалтын дагуу хийсэн ажлын тайланг боловсруулан гаргаж өгсөн нь мөн хэрэгт авагдсан байх ба халдвараас сэргийлэх үйл ажиллагааны чиглэлд гар угаалтын боломжид суурилсан үнэлгээг гаргаж, сургалт зохион байгуулан, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулж, бэлэн байдлыг хангуулсан нь тогтоогдож байна. /Хх27-32/

-       Төрөх эмнэлгийн удирдлагын зөвлөлийн өргөтгөсөн хурлын 6 дугаар тэмлэглэлд хэлэлцсэн асуудлын 1.5-т эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны дарга С.Мд өгсөн 02 дугаар хугацаатай үүргийн биелэлт гэж тэмдэглэн энэ асуудлыг хэлэлцжээ. /Хх65-85/

-       Нэхэмжлэгч нь ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцооны багц сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг гаргаж, үүний хүрээнд тоног төхөөрөмжийн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах сургалт, гарын ариун цэвэр сахилтын түвшинг заалт бүрээр үнэлэх үнэлгээг гаргаж, мөн төрөх эмнэлгийн захирлын 2022 оны А/23 дугаартай Нэг алтан амины төлөө чанарын өдөрлөг зохион байгуулах тухай тушаалын 4-р заалтын дагуу нэхэмжлэгчид өгсөн үүрэг даалгавар болох чанарын өдөрлөгт албад, тасгуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулах үүрэг даалгаврын хүрээнд хөтөлбөр гарган тасаг бүрт сургалт зохион байгуулсан нь хэрэгт авагдсан фото зургууд, тушаал болон хөтөлбөрийн төлөвлөгөө, гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогдоогдож байна. /Хх106-142, 197-207/

- Хариуцагч байгууллагаас шүүхэд өгсөн хариу тайлбарт 1-р ажил үүргийн хүрээнд Үүрэг даалгаврын хугацаанд зохиосон ажил байхгүй бөгөөд энэ талаар захирлуудын хурлын тэмдэглэлийн 6-8-р талд дурдагдсан гэх тайлбар өгсөн боловч тус хурлын тэмдэглэлд ажлаа хийж хэрэгжүүлээгүй гэх утга агуулга тогтоогдохгүй байх тул энэ тайлбарыг үндэслэлгүй гэж үзэхээр байна.

- 2-р ажил үүргийн хувьд нэхэмжлэгч С.М нь хэвтэн эмчлүүлэгч нарын сэтгэл ханамжийг сайжруулахаар биеийн тамир, хөдөлгөөн хийлгэсэн гэх зураг тавьсан байх боловч хариуцагч талаас тус заалыг 2021 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллахгүй байгаа, тиймээс тэнд аливаа ажил, эмчилгээ хийгдээгүй гэж тайлбарладаг. Энэ талаар гэрч Б.Батдолгор, гэрч Б.Буянхишиг нараас мэдүүлэг авахад тухайн фитнесс заал нь байнга үйл ажиллагаагаа явуулсаар байгаа, тус зааланд 2022 оны 04 дүгээр сард хөдөлгөөн заслын эмчилгээ явагдсан гэж мэдүүлснээс шүүх хариуцагчийн тус тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ. /Хх204-207/

- 3, 4 дүгээр ажил үүргийн хүрээнд аливаа ажил зохион байгуулаагүй энэ талаар ямар нэгэн санаачилга гаргаагүй хийсэн болон эхэлсэн ажил байхгүй, шинжилгээ болон хяналт тавьж үнэлгээ хийсэн гэх танилцуулга байхгүй гэх боловч төрөх эмнэлгийн Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал хариуцсан ажилтан, гэрч М.Дэлгэрбаярын өгсөн мэдүүлгээр тус үүрэг даалгавруудтай холбоотой сургалтууд зохион байгуулагдсан, хийгдсэн нийт ажлууд нь хугацаатай өгөгдсөн үүрэг даалгаврын 3,4-т хамаарна гэж мэдүүлсэн зэргээс тухайн үүрэгт ажлыг хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. /Хх200-201/

- 5-р үүрэг даалгаврын тухайд хариуцагч нь тайлбартаа ариутгах, халдваргүйжүүлэх болон эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтыг нийт ажилтанд жил бүр, шинээр ажилд орж байгаа ажилтанд тухай бүр зохион байгуулж, мэдлэг, дадал, ур чадварыг эзэмшүүлэн баталгаажуулна гэж заасны дагуу төлөвлөгөө боловсруулж танилцуул гэсэн боловч ямар ч төлөвлөгөө боловсруулаагүй энэ талаар ямар ч танилцуулга хийгээгүй байсан. Хийсэн ажил гэж зурагт хуудсан материал танилцуулсан боловч энэ нь хэзээ хийгдсэн он сар байхгүй өмнө хийсэн ажлыг танилцуулах биш шинээр төлөвлөгөө боловсруулах үүрэг даалгавар өгсөн тул 2022 оны 04 сарын 18-ны өдрөөс хойш ямар ажил хийх талаар төлөвлөгөө боловсруулаагүй байна гэж үзсэн байх ба нэхэмжлэгчийн өгсөн тус ажлын талаарх зургуудаас үзэхэд зургийг авсан он, сар өдрийг утасны функцыг ашиглаж гаргасан, энэ нь тухайн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх цаг хугацаанд авсан зураг болох нь тогтоогдож байна. Тиймээс хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. /Хх132-142/

- 6-р үүрэг даалгаврын тухайд эмчилгээ үйлчилгээтэй холбоотой хэдэн тушаал гарсан байгаа талаар ямар ч танилцуулга байхгүй, мөн захирлаас 4 үүрэг даалгавар өгсөнг хугацаанд нь хэрэгжүүлж ажиллав гэж бичсэн байх боловч хэдийд ямар хугацаатай үүрэг байсан талаар танилцуулаагүй, Манай байгууллага нь 400 гаруй ажилчинтай байхад зөвхөн 15 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд танилцуулав гэсэн тайлбар хэлж байгаа боловч энэ нь ажилчдын 1%-д ч хүрэхгүй үзүүлэлт билээ. Иймд дээрх өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг хийсэн гэж ярих биш ялангуяа төлөвлөгөө төсөл боловсруулан, тодорхой үр дүнтэй, судалгаа шинжилгээний үнэлэлт, дүгнэлт гаргасан байдал тогтоогдоогүй гэж тайлбартаа бичсэн байх ба үүнд нь нэхэмжлэгч ажлын төлөвлөгөө, ажлын тайлангаа үзүүлэхэд удирдлага хүлээж авдаггүй байсан тул цахим шуудангаар хүргүүлсэн гэж маргадаг. Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн цахим хаягт үзлэг хийхэд нэхэмжлэгч нь тайлан, төлөвлөгөөгөө танилцуулахаар хариуцагчийн хаягт явуулж байсан нь тогтоогддог бөгөөд хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг харьцуулан үзээд хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна. /хх39, 100, 101, 208-212, 242/

5. Сахилгын шийтгэл ногдуулж буй тушаал нь ажилтны гэм буруугийн хэмжээгаргасан зөрчлийн шинж чанар, үүний улмаас гарах үр дагаварт тохирсон байх шаардлагыг хангасан байхаас гадна эрх зүйн үр дагавартай байдаг тул шийдвэрийг бичгээр гаргах, сахилгын шийтгэл ногдуулах болсон хууль зүйн үндэслэлийг тодорхой заах, сахилгын шийтгэл хүлээж байгаа ажилтанд энэ талаар танилуулж тайлбар авах зэрэг шаардлагыг хангасан байх ёстой.

С.Мд сахилгын шийтгэл ногдуулсан 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/288 дугаартай тушаалыг гаргах болсон үүрэг даалгавар биелэгдээгүй гэх үндэслэл нь дээр авагдсан баримтуудаар үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн талаар зохицуулсан бөгөөд 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж, мөн төрөх эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 10.5.5-д заасны дагуу Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын алба, Сувилахуйн алба, Халдварын сэргийлэлт, хяналтын алба, Хангамж үйлчилгээний алба, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хороо, Дотоод хяналт шалгалт эрхэлсэн ажилтан заавал шалган тогтоож энэ тухай баримтыг үндэслэн зөрчил гаргасан ажилтанд урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан ажилтан уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалтгалт явуулах хүсэлт гаргах эрхтэй гэж тус тус заасныг зөрчсөн буюу нэхэмжлэгчид энэ талаар тушаал гарсны дараа танилцуулсан нь тайлбараас тогтоогддог, үүнтэй хариуцагч тал маргадаггүй мөн дээрх зохицуулалтад зааснаар газар, нэгжүүдэд энэ талаар мэдэгдсэн, нэхэмжлэгч С.Мд мэдэгдэж тайлбар авсан зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй тул хууль болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж гаргасан тушаал гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5.    Нэхэмжлэгч С.Мын цалингийн карт хэрэгт авагдсан байх бөгөөд сахилгын зөрчилтэйн улмаас 2022 оны 06 дугаар сард цалингийн 20 хувийн хасалт хийгдэж, 186,980 төгрөг, 7 дугаар сард ээлжийн амралттай байсан тул 8 дугаар сард 3 хоногийн цалин бодогдож, 24,388 төгрөг, 9 дүгээр сард 186,980 төгрөгийг тус тус суутгаж, нийт 3 сарын цалингаас 398,348 төгрөгийг суутгасан тухай баримтыг хариуцагч талаас гаргаж өгсөн. Суутгасан цалингийн тухайд нэхэмжлэгч нь үүнийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, тус дүнгээр цалингаа шаардсан нь баримтаар тогтоогдож байна. /Хх87, 215/

 

6.    Иймээс 2022 оны 5 дугаар сарын 31ий өдрийн удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн гаргасан 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Б/288 дугаартай С.Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай захирлын тушаал нь хууль зүйн үндэслэл бүхий гараагүй байх тул тушаалыг хүчингүй болгож, уг тушаалын дагуу 3 сарын хугацаанд үндсэн цалинг 20 хувиар бууруулж, суутгасан 398,348 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

7.    Үр дүнгийн урамшууллын тухайд:

- Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдагдсан урамшууллуудын талаар хариуцагч байгууллагын санхүүгийн тасгаас гаргасан баримтад 2022 оны 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/52 дугаартай тушаалаар нийт ажилтанд ажлын үр дүнг харгалзан олгосон, энэ дүнгээр С.Мд 560,939 төгрөг олгогдох байсанг, Эрүүл мэндийн ажилтны нийгмийн эрүүл хамгааллыг дэмжих сараар 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/58 дугаартай тушаалаар мөн ажилтны үндсэн цалингийн 20 хувиар тооцож урамшуулсан тул нэхэмжлэгчид 186,980 төгрөг олгогдох байсанг, 2022 оны 3 дугаар улирлын үр дүнгийн урамшууллаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дугаартай тушаалаар мөн нийт ажилтнуудад урамшуулал олгохдоо дарга нарт цалингийн 60 хувиар голчлон тооцож урамшуулал олгосон нь харагдаж байх бөгөөд нэхэмжлэгчид 560,939 төгрөг олгогдох байсанг, 2022 оны 4 дүгээр улирлын урамшууллыг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/94 дугаартай тушаалаар нэхэмжлэгч С.Маас бусад нийт ажилтанд сарын цалингийн 60 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгогдож, нэхэмжлэгчид мөн 560,939 төгрөг олгогдох байсанг тус баримтад зааснаар нийт нэхэмжлэгч С.Мд 1,869,797 төгрөг олгогдох байсан нь тогтоогдож байна. /Хх151, 228-235/

- Дээрх тушаалаар олгогдсон урамшууллууд нь С.Мын сахилгын шийтгэлтэй байх цаг хугацаанд олгогдсон, энэ тушаалаар нэхэмжлэгчид урамшууллыг сахилгын шийтгэлтэй гэх үндэслэлээр олгоогүй зэрэг нь тогтоогдож байх бөгөөд сахилгын шийтгэлтэй гэх үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн тул ажилтанд олгогдох ёстой байсан урамшууллыг мөн нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

8.    Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд 70,200 төгрөг, суутгагдсан цалингийн шаардлагад 28,946 төгрөг, үр дүнгийн урамшууллын шаардлагад 44,867 төгрөг нийт 144,013 төгрөгийг хуульд заасны дагуу төлөх үүрэгтэй байсныг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул түүний төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 144,013 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан ӨАГ төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Б/288 дугаар С.Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, хариуцагч ӨАГ төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс 2,268,145 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Мд олгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,013 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ӨАГ төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс улсын тэмдэгтийн хураамж 144,013 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Мд олгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ