Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1190

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00924 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” УТҮГ, Т газарт тус тус холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч “Б” УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч “Б” УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр,

Хариуцагч Т газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Санчиргарав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Б.Билэгжаргал нар оролцов.

 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ТӨААТҮГ-ын захирлыг 2011 онд анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар томилохоор зарлаж, энэ шалгаруулалтад миний бие оролцож захирлаар томилогдон ажиллах болсон. 

Би ажиллах явцдаа “Б” ТӨААТҮГ-ын 50 жилийн технологийн хоцрогдол болон үйлдвэрлэлийн туйлын хангалтгүй нөхцөл байдлыг ил тод болгосон, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2008-2012 оны удирдлагууд “Б” ТӨААТҮГ-ын хуучин удирдлагуудтай нийлж хувьдаа авахаар хууль бусаар хуримтлагдсан 2.6 тэрбум төгрөгийн хуримтлал намайг томилогдож очиход илэрсэн ба уг мөнгөний 600 000 000 төгрөгийг улсад буцаан шилжүүлсэн, үйлдвэрт зарцуулсан, хууль бус мөнгө гаргаж авдаг замыг хаасан учраас хөдөлмөрлөх эрхээ хууль бусаар хязгаарласан.

Шүүхийн шийдвэрээр эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдож, 2018 оны 01 дүгээр сарын 23-нд ажлаа хүлээж авсан.

Ажил олгогч Тын газар 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш контракт байгуулахгүй, цалингүй ажиллуулж байгаад 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дуудаж контракт байгуулахаар болсон.

Гэтэл тус газрын улсын үйлдвэрийн захиралтай байгуулдаг контрактын гэрээ 7 зүйл, 83 заалттай байдаг бол надтай байгуулах контрактын гэрээ 7 зүйл 86 заалттай байсан бөгөөд Тын газар дур мэдэн, ажилтанд хэлэлгүйгээр хоёр заалт шинээр нэмж, нэг заалтыг өөрчилсөн байсан.

 Би шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон учраас миний урьдын контракт үргэлжлээд явах ёстой.

Нөгөө талаасаа би 3 сарын хугацаатай, 3 заалт дур мэдэн өөрчилсөн гэрээнд гарын үсэг зурахгүй, хуулийн хүрээнд ойлголцох хэрэгтэй гэдгийг хэлсэн бөгөөд контрактын гэрээ хийлгүй 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүрсэн бөгөөд тухайн өдөр Тын газрын хурлаар оруулан “контрактын гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан” гэсэн үндэслэлээр намайг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилсон 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолын хэрэгжилтийг “түр түдгэлзүүлсэн” юм.

Тын газрын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шийдвэрлэж, хүчингүй болгож, уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1681 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор хэвээр үлдээсэн.

Хуулийн этгээд “Б” УТҮГ нь “Б” ТӨААТҮГ-ын эрх залгамжлагч мөн.

Өөрөөр хэлбэл “Б” ТӨААТҮГ-ын дүрмийг 2009 оны 9 дүгээр сарын 09-нд Төрийн өмчийн хорооны 432 дугаар тогтоолоор, “Б” УТҮГ-ын  дүрмийг 2018 оны 10 дугаар сарын 12-нд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын А/168 дугаартай тушаалаар тус тус баталсан. “Б” ТӨААТҮГ-ыг “”Б УТҮГ болгон шилжүүлэх үйл ажиллагаа 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилж, “Б” УТҮГ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бүртгүүлэн гэрчилгээ авсан.

Миний бие шүүхийн шийдвэрээр 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлаа хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал 54 хоног буюу 2 сар гаруй хугацаанд захирлаар ажилласан.

Энэ хугацаанд эхлээд Тын газар контракт байгуулаагүй учраас 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал цалингүй ажилласан.

Иймд ажиллаж байсан 2 сар гаруйн хугацааны болон ажлаас “хууль бусаар түр түдгэлзүүлсэн” хугацааны цалингаа нэхэмжилж байна. Ажлаа хийж байсныг нотлох, ажлаа хүлээж авсан, ажлаа хүлээлгэж өгсөн баримтууд нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Миний бие ажлаасаа үндэслэлгүй халагдаагүй, “хууль бусаар түр түдгэлзсэн” 3 шатны шүүхээр хянагдаж, уг тогтоолыг хүчингүй болж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

“Б” ТӨААТҮГ-ын 2018 оны орон тоо, бүтэц, цалингийн сан, Тын газраас 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан цалингийн сан дээр сарын үндсэн цалин 2 300 000 төгрөг гэж байгаа. Миний бие захирлаар ажиллаж байхдаа үндсэн цалин дээр удаан жилийн болон докторын нэмэгдлийг авч байсан тухайгаа шүүхэд тухайн үеийн контрактын гэрээ болон докторын диплом, нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажсан хуулбарыг өгсөн.

Миний хуучин контракт дээр үндсэн цалин 990.000 төгрөг, үүн дээр удаан жилийн нэмэгдэл 20 хувь, мал эмнэлгийн ухааны докторын 15 хувь нэмэгдээд авдаг байсан сарын цалин нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн.

Тэгэхээр үндсэн цалин 2 300 000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл үндсэн цалингийн 20 хувь буюу 460 000 төгрөг, мал эмнэлгийн ухааны докторын нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувь буюу 345 000 төгрөг, нийт 3.105. 000 төгрөг, нэг өдрийн цалин 144 419 төгрөг болж байна.

Иргэн Б.Б миний буруугаас биш, надаас үл шалтгаалан контрактын гэрээгүй, цалин хөлсгүй  2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс  эхлэн ажлаа хууль бусаар түдгэлзсэнээс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл нийт 323 өдөр ажилгүй, цалингүй байгаа учир 46 647 337 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Б” УТҮГ-т  даалгаж өгнө үү.

Тын газар нь тус газрын захирлыг ажилд томилох чөлөөлөх эрхтэй бөгөөд хууль бусаар ажлаас түдгэлзүүлсэн гэжээ.

 

Хариуцагч “Б” УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус хуульд мал амьтны эрүүл мэндийг хамгаалах тогтолцоонд үйлдвэрлэлийн байгууллага байна гэж заасан.

Дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар нь Төсвийн тухай хуулийг баримтлан Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд “Б” улсын төсөвт байгууллагыг Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолоор шинээр байгуулсан.

Төсөвт байгууллагыг шинээр байгуулсантай холбоотой дүрмийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А-168 дугаартай тушаалаар баталсан бөгөөд дүрмийн 1.1, 1.4-т Үйлдвэрийн газар нь Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Мал амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах бол нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Б” ТӨААТҮГ гэх иргэний гүйлгээнд бие даан оролцох эрхтэй, ашгийн төлөө хуулиар хориглоогүй бүх үйл ажиллагааг эрхэлнэ... гэж заасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан “Б” ТӨААТҮГ болон шинээр байгуулагдсан улсын төсөвт байгууллагын үйл ажиллагаа, дүрэм нь ижил учраас эрх залгамжилсан, өөрчлөн байгуулагдсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

ТӨААТҮГ-ын захирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлдэг. Төсөвт байгууллагын дарга нь Төсвийн тухай хуульд заасан эрхийг хэрэгжүүлнэ. Төсвийн байгууллага нь батлагдсан төсвийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бол аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь олсон ашгаараа үйл ажиллагаагаа хариуцдаг. Иймд хоёр хуулийн этгээдийн удирдлага, үйл ажиллагааны зохион байгуулалт нь ижил гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “Б” ТӨААТҮГ-ын цалингийн сан, орон тоо УТҮГ-т шилжсэн гэж байгаа боловч нотлох баримтаар нотлогдохгүй. “Б” ТӨААТҮГ-ын хаалтын баланс, санхүүгийн тайлан зэргээс харахад цалингийн сан шилжсэн зүйл байхгүй.

Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн үйлчилгээний байгууллагын цалингийн хэмжээ, сүлжээг Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолоор баталсан бөгөөд УТҮГ-ын даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/33 дугаартай тушаалаар байгууллагын ажиллагсдын цалингийн санг баталсан. Төсөвт байгууллага болсон учраас Төсвийн тухай хуульд заасны дагуу “Б” УТҮГ-ын бүтэц, орон тоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-177 дугаартай тушаалаар баталсан.

“Б” ТӨААТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, дэлгэрэнгүй лавлагаа, татварын тодорхойлолт зэргээс харахад хуулийн этгээд улсын бүртгэлээс хасагдаагүй байна. “Б” ТӨААТҮГ-ын татварын тодорхойлолт болон “Б” УТҮГ-ын татварын тодорхойлолтоос харахад татвар төлөгчийн дугаар, хариуцлагын хэлбэр, удирдлагын нэр өөр, түүнчлэн татварын өр хоорондоо шилжүүлсэн зүйл байхгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар Засгийн газар нь төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцдаг тул төр өөрийн өмчийн хувь заяаг бүрэн шийдвэрлэх эрхтэй.

 Гэтэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Б” ТӨААТҮГ-ыг татан буулгаж, хаалтын баланс үйлдэхийг Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолоор Тын газарт даалгасан байх бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар тогтоолоор “Б” ТӨААТҮГ-ын хаалтын тайланг баталсан. Оршин байгаа хаяг адилхан байх нь хуулийн этгээд эрх залгамжилсан, өөрчлөн зохион байгуулагдсан гэдгийг нотлохгүй юм. “Б” ТӨААТҮГ нь улсын бүртгэлээс хасагдаагүй байх бөгөөд УТҮГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанаас харахад 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээ, регистрийн дугаар авсан. Иймд “Б” ТӨААТҮГ татан буугдаагүй, улсын бүртгэлээс хасагдаагүй иргэний эрх зүйн чадвар дуусгавар болоогүй байхад эрх залгамжлах, өөрчлөх замаар дахин байгуулах боломжгүй юм.

Тын газрын буруу, хууль бус шийдвэрээс болж хохирсон хохирлыг ямар ч хамааралгүй өөр төсөвт байгууллагаар төлүүлэх нь буруу. Манай байгууллагад “Б” ТӨААТҮГ-ын захирал гэсэн цалингийн сан байхгүй, шилжиж ирээгүй, гэрээ, контракт байгуулаагүй тул Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу ажил олгогч байгууллагаар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах нь шударга ёсны зарчимд нийцэж байна.

Иймд манай УТҮГ-т холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Тын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн өмчийн хороо нь УИХ-ын 2015 оны тогтоолоор татан буугдаж, Сангийн яаманд шилжсэн бөгөөд 2016 оны УИХ-ын тогтоол, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор чиг үүрэг нь Худалдан авах ажиллагааны газартай нэгдэж, Тын газар гэх агентлаг болсон.

Төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах эрх УИХ-д байдаг гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн  өмчийн тухай хуульд зааснаар Засгийн газрын бүрэн эрхийн асуудал.

Энэ эрхийн хүрээнд Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолоор “Б” ТӨААТҮГ-ыг татан буулгаж, УТҮГ болгосон. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэдгийг өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж, бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байна гэж тодорхойлсон.

“Б” ТӨААТҮГ нь 2018 оноос эхлэн УТҮГ болсон учир өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр зөвхөн төрөөс санхүүждэг болж өөрчлөгдсөн. Тын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар Тын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн бөгөөд дарга болон орон тооны бус 8 гишүүнээс бүрддэг. Тэгэхээр уг 72 дугаар тогтоолыг дан ганц дарга нь гаргаагүй бөгөөд бусад 8 гишүүнээс бүрдсэн хурлаас гарсан.

Уг тогтоолыг гаргах болсон үндэслэл нь Бын үйлдвэрчний эвлэлийн хороо болон ажиллагсдаас удаа дараа ирүүлсэн гомдол, хүсэлт, санал, шаардлага, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Б.Быг ажлаас нь түдгэлзүүлсэн.

Контрактын гэрээг 3 үндэслэлээр байгуулахаас татгалзсан байсан бөгөөд Тын газрын 2017 оны 90 дүгээр тогтоолоор төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулах контрактын гэрээний үлгэрчилсэн загвар болон дүгнэх журмыг баталсан байдаг.

Санхүүгийн цаглабартай нийцүүлэн 3-6 сарын хугацаатай байгуулдаг бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 5 хүртэл жил байгуулахаар хуульчилсан. Төрийн өмчит компани болон захирлуудын тухайн өмнөх жилийн ажлыг дүгнээд хувьцаа эзэмшигчийн хурал хуралдаж, контрактын гэрээг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэдэг.

Контрактын гэрээнд нэмэлтээр “байгууллагын ажилчдаас захирлын үйл ажиллагаанд удаа дараа гомдол, санал гаргасан бол...” гэх заалтыг оруулж өгсөн.

Учир нь “Б” ТӨААҮГ нь улсын онцгой объектод хамаарч төрийн тусгай хамгаалалтад байдаг учраас байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, байгууллагын ажилчдын санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэж, хөдөлмөрлөх эрхийг хангах гэдэг байдлаар дээрх заалтыг оруулж өгсөн.

Гэвч нэхэмжлэгч нь контрактын гэрээ байгуулахаас татгалзсан тул Тын газраас түүнийг түр түдгэлзүүлсэн тухай тогтоол гарсан.

Тын газар нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 415 дугаар тогтоолоор Б.Быг урьдах ажилд нь эгүүлэн томилсон бөгөөд ажлыг нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн.

Улмаар мөн өдөр контрактын гэрээ байгуулах санал хүргүүлсэн боловч хүлээж аваагүй, тэдний хооронд контрактын гэрээ бичгээр байгуулагдаагүй тул гэрээнд заасан гэх 2 300 000 төгрөгөөр тооцож, цалин олговор нэхэмжлэх эрхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” УТҮГ-аас 45 780 688 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бод олгож, хариуцагч Тын газарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Б” УТҮГ-т даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233.800 төгрөгөөс түүний төлөх 116.621 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 117.179 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Бод олгож, хариуцагч  “Б” УТҮГ-аас 386.853 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулан шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Б” УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд “Б” УТҮГ-ыг 2018 оны 188 дугаар тогтоолоор шинээр байгуулсан. Төсөвт байгууллагыг шинээр байгуулсантай холбоотой дүрмийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А-168 дугаартай тушаалаар баталсан. Иймд өөр байгууллагаас эрх залгамжилсан, өөрчлөн байгуулагдсан талаар албан ёсны шийдвэр, тогтоол байхгүй.

“Б” ТӨААТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, дэлгэрэнгүй лавлагаа, татварын тодорхойлолт зэргээс харахад хуулийн этгээд улсын бүртгэлээс хасагдаагүй байна. Иймд эрх залгамжлал, өөрчлөн байгуулагдсан талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

“Б” ТӨААТҮГ-ын татварын тодорхойлолт болон “Б” УТҮГ-ын татварын тодорхойлолтоос харахад татвар төлөгчийн дугаар, хариуцлагын хэлбэр, удирдлагын нэр өөр байна. Түүнчлэн татварын өр хоорондоо шилжүүлсэн зүйл байхгүй, “Б” ТӨААТҮГ-ын 25 208 580 төгрөгийн татварын өртэй байх бөгөөд “Б” УТҮГ нь татварын тэг үлдэгдэлтэй, өргүй байна. Иймд татварын байгууллага татвар төлөгчийн үүргийг өөр хуулийн этгээдэд шилжүүлээгүй, үүрэг үүсгээгүй байна.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Б” ТӨААТҮГ-ыг татан буулгаж, хаалтын баланс үйлдэхийг Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолоор Тын газарт даалгасан байх бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар тогтоолоор “Б” ТӨААТҮГ-ын хаалтын тайланг баталсан.

Тын газрын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар тогтоолоор баталсан “Б” ТӨААТҮГ-ын хаалтын балансыг харахад тэг үлдэгдэлтэй балансыг хаасан байна. Тын газрын 2019 оны 01 дүгээр сарын 22- ны өдрийн 35 дугаар тогтоолоор татан буугдаж байгаа хуулийн этгээдийн үндсэн эд хөрөнгийг төсөвт газарт шилжүүлсэн.

“Б” ТӨААТҮГ-ын болон “Б” УТҮГ-ын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас харахад үйл ажиллагааг зогсоосон, дуусгавар болгосон, улсын бүртгэлээс хассан зүйл харагдахгүй байх бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Б” УТҮГ-т улсын бүртгэлийн гэрчилгээ, регистрийн дугаар шинээр олгож бүртгэсэн байна. Аливаа хуулийн этгээдийн эрх залгамжлал, өөрчлөн байгуулах үйл ажиллагааны нэг онцлог шинж нь эрх залгамжлуулж буй этгээд өөрчлөгдөж эрх, үүргээ шилжүүлж байгаа этгээд үйл ажиллагаагаа заавал зогсоодог. Ийм учраас эхлээд өөрчлөгдөж, эрх залгамжлуулж байгаа хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасч иргэний эрх зүйн чадварыг дуусгавар болгодог.

Тын газар нэхэмжлэгчийн ажил олгогч бөгөөд контракт байгуулж ажилладаг. Тын газрын буруу, хууль бус шийдвэрээс болж учирсан хохирлыг ямар ч хамааралгүй өөр төсөвт байгууллагаар төлүүлэх нь буруу.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хэргийг дахин хянан үзэж манай байгууллагад холбогдох шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Б” УТҮГ, Тын газарт тус тус холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Б.Б нь 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн “Б” ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байгаад Төрийн өмчийн хорооны 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 684 дүгээр тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөнийг хууль бус гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 9139 дүгээр шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаар тогтоолоор түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг Тын газар биелүүлж, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 415 тоот “Б.Быг ажилд эгүүлэн  томилох” тухай тогтоол гаргасан, Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажил хүлээн авсан үйл баримтыг анхан шатны шүүх дээрх 415 тоот тогтоол болон “Б” ТӨААТҮГ-ын А-1/160 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг мөн өдөр ажил хүлээн авсан тэмдэглэлийг үндэслэн зөв тогтоожээ. /2хх182-188, 1хх-86-92, 93-98, 99-102, 11, 13-19/

Тын газар нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б.Бтой контрактын гэрээ байгуулах санал хүргүүлсэн, Б.Б нь уг саналыг хүлээн аваагүй талаар талууд маргаагүй. Тын газар 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлэх” тухай 72 дугаар тогтоолоор Б.Быг контракт байгуулах саналыг хүлээн зөвшөөрөөгүй байгаагаас контракт байгуулагдаагүй, мөн тус үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон ажиллагсдаас Б.Б-д холбогдуулан удаа дараа санал, хүсэлт, гомдол шаардлага, ажлын хэсгийн дүгнэлтийг судалж шийдвэрлэх, үйлдвэрийн газрын хувийн үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс уг тогтоолын хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн гэх үндэслэлийг заажээ. /1хх 29, 32/

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02121 дүгээр шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1681 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1890 дүгээр тогтоолоор дээрх 72 тоот тогтоолыг үндэслэлгүй гэж дүгнэн хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /1хх 119-127, 1хх174-177, 2хх7-9/

Иймд Б.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын буруутай ажиллагаанаас хамаарч цалин хөлс авч чадаагүй хохирсон тул олговор шаардах эрхтэй.

Маргаан хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд хариуцагч “Б” ТӨААТҮГ-ыг Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор татан буулгаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мар эмнэлгийн ерөнхий газрын харьяанд “Б” УТҮГ-ыг шинээр байгуулсныг анхан шатны шүүхээс өмнөх байгууллагын гэрчилгээ, тамга, тэмдэгийг авсан ч уг байгууллагын байранд 254 хүний орон тоо, бүтэц үндсэн үйл ажиллагаа болох вакцин био бэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагааг шинээр байгуулагдсан байгууллага нь эрхэлж байгааг харьцуулан дүгнэж, “Б” ТӨААТҮГ-ын эрх залгамжлагч нь “Б” УТҮГ гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг буруу тогтоосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг хянан үзэх эрх хэмжээний үндсэн дээр нотлох баримтад тулгуурлаагүй шийдвэрийг өөрчлөх боломжтой.

Тын газар нь 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Б” ТӨААТҮГ-ын 2018 оны орон тоо бүтэц, цалингийн санг баталж, уг цалингийн санд захирлын сарын үндсэн цалин 2 300 000 төгрөгөөр баталсан, хариуцагч байгууллагын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан В.Дарханбаатар нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б/42 дугаартай тушаал гаргаж, цалингийн санд нэмэлт өөрчлөлт оруулсан, үйлдвэрийн захирлын цалинг 2 300 000 төгрөгөөр баталсныг өөрчлөөгүй байх тул сарын цалинг 2 300 000 төгрөгөөр тооцно гэх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

Учир нь Б.Бтой сарын цалинг 2 300 000 төгрөгөөр тооцсон хөдөлмөрийн гэрээ байхгүй байна.

Б.Быг Б ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байх хугацаандаа сарын цалин 990 000 төгрөг байсан нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулга болон гурван шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар 990 000 төгрөгөөр тооцох нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар удаан жилийн нэмэгдлийг 20 хувиар, докторын нэмэгдлийг 15 хувь гэж тогтоож, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 17 хүртэл 14 сар 16 хоногоор тооцсон зөв боловч сарын үндсэн цалин хөлсийг 2 300 000 төгрөгөөс тооцсон нь буруу болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар удаан жилийн нэмэгдэл  20 хувиар тооцож /990 000х20%/= 198 000 төгрөг, докторын нэмэгдэл 15 хувь /990 000х15%/=148 500 төгрөг, сарын үндсэн цалингийн хамт нийт 1 336 500 төгрөгийг 14 сар 16 хоногоор тооцоход нийт 19 729 285 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Б.Бод олгож, дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Б” УТҮГ-т даалгаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Олговорыг хариуцагч “Б” УТҮГ-аас төсөвт цалин суудаг үндэслэлээр гаргуулж, хариуцагч Тын газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Б” УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00924 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” УТҮГ-аас 19 729 285 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 051 403 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Тын газарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын “386 853” гэснийг “256 596” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч “Б” УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.МӨНХЗУЛ

                              ШҮҮГЧИД                                        Н.БАТЗОРИГ

                                                                                       Э.ЗОЛЗАЯА