Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/35

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

   М.Хт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: П.Отгонбаатар,

Хохирогч: Б.Батсайхан,

Нарийн бичгийн дарга: Цэрэнпагма нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/161 дүгээр шийтгэх тогтоолтой М.Хт холбогдох 2038000000406 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.Бы давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, А овогт М-ын Х, 1998 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ......................./.

Шүүгдэгч М.Х нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг дэвсгэрт Б.Батсайханы баруун чихний хойд хэсэгт гараараа цохиж, баруун шанаа, дух, нүдний орчим өшиглөж, эрүүл мэндэд нь “духны зөөлөн эдэд няцралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулан зодож “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/161 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Авга хариад овогт Махбуриадын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Махбуриадын Хыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хт оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт хийлгэхээр зааж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.Хт сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч М.Хаас 761296 /долоон зуун жаран нэгэн 11 мянга хоёр зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батсайханд олгож, шүүхийн хэлэлцэхгүй орхисон 2300000 /хоёр сая гурван зуун мянган/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Энэ хэрэгт шүүгдэгч М.Х нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Бдавж заалдах гомдолдоо: Миний бие ...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Тухайн хэргийг мөрдсөн мөрдөгч энэ хэргийг анхнаасаа зохих хууль тогтоомжид заасны дагуу мөрдөж чадаагүй гэж хохирогч хүний зүгээс үзэж байна. Чулуунбаатар, Х нар энэ хэргийг бүлэглэж үйлдсэн байхад түүнийг тогтоолгүйгээр шүүгдэгч Хын найруулсан жүжгийн дагуу хэрэг мөрдөх ажиллагаа явагдсан байхад Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ДШМ/02 дугаар магадлалд заасан “М.Чулуунбаатарыг уг хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй” гэсэн дүгнэлтийг хэрэгжүүлэлгүйгээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна.

2. Гэрчээр асуусан М.Гүррагчаа, Д.Амгалан, М.Чулуунбаатар нар нь илт үгсэн хуйвалдсан зөрүүтэй худал мэдүүлэг өгсөн байхад түүнд “мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэрэг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан, худал мэдүүлсэн нотлох баримтуудад үндэслэсэн шийдвэрийг гаргалаа. Давж заалдах шатны магадлалд зааснаар М.Чулуунбаатарыг сэжигтэн, яллагдагчаар татаж шалгах ёстой байсан гэж үзэж байна. Энэ хэрэг бол М.Чулуунбаатар, М.Х нарын зүгээс миний эрүүл мэндийн эсрэг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг юм.

3. Мөрдөгч, прокурор нар нь анхнаасаа энэ хэргийг завхруулах зорилгоор ажиллагаа явуулсан гэж миний зүгээс үздэг ба харин давж заалдах шатны шүүх хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан боловч анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхээс тодорхойлж өгсөн хэрэгжүүлбэл зохих ажиллагааг бүрэн хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

4. Миний эрүүл мэндэд ноцтой хохирол учирч хөдөлмөрийн чадвараа алдахын зэрэгцээ сэтгэл санаа, эд материалын хохирол учирсан байхад анхан шатны шүүхээс үүнд бодит дүгнэлт өгч хохирлын асуудлыг шийдвэрлээгүйг буруу гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засч Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Гэрч нарт хууль сануулж мэдүүлэг авсан, мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл байхгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Прокуророос шүүгдэгч М.Хыг Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт багийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн Б.Бы биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

  Анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч М.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт  нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Хохирогчийн давж заалдах гомдлын хувьд:

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Чулуунбатарт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирогчийн “...Чулуунбаатар нарыг яллагдагчаар татаж өгөх”-ийг хүссэн хүсэлтийг татгалзаж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар нь шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээн дотор, гагцхүү тухайн шүүгдэгчийн хувьд явагдах учиртай тул хохирогчийн энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

2.Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан  шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан байна.

3.Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны  ба үндэслэлтэй  байх шаардлагыг хангасан байна.

4.Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйл, Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлд нийцсэн гэж үзнэ.

Эдийн болон эдийн бус эрх нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд холбогдох нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээдэг.

Шүүх хохирол нөхөн төлүүлэхтэй холбогдох нотлох баримт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгчээс 761,296 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Шүүх шийдвэртээ хохирогч 2,300,000 төгрөгний хохиролтой холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсан байх тул дээрх журмаар эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нэхэмжлэх  боломжтой.

Иймд дээрх үндэслэлээр хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар  2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн  хүн, хуулийн этгээд  өршөөлд хамаарахаар  зохицуулжээ.

Шүүгдэгч М.Х нь гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө “эмчилгээ хийлгэсэн баримтынх нь хэмжээнд төлж барагдуулна” хэмээн  /хх-ийн 115-р тал/ илэрхийлсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хохирогч Б.Бы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06  дугаар сарын  03-ны  өдрийн  2021/ШЦ/161  дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “2.Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч М.Хт холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилсүгэй.

б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4,5,6,7 дахь заалтын дугаарыг 3,4,5,6 болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл  давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                             Л.ЭРДЭНЭБАТ

                                                                         Б.СОСОРБАРАМ