Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2023/00886

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2023/00886

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, шүүгч Н.Батчимэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.И т холбогдох

Хашаа байшингийн хэсгийг буулгуулах, газар чөлөөлүүлэх, учирсан хохирол болох 2,967,559 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М гэрч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунзаяа нар оролцов.

Талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасан тул эзгүйд нь хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Д.О нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 226 тоот хаягт байрлах газрыг анх 1989 онд авч, 1996 оноос өвөл зуны байшин барьж амьдарч эхэлсэн ба 2004 онд уг 18 нэгж талбарын дугаар бүхий газрыг өмчлүүлэх шийдвэр гарч, 2005 онд газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000 тоот гэрчилгээг авч, эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаарт бүртгэгдэж, уг газрыг өөрийн гэр бүлийн гишүүдийн хамтаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хамтран өмчилж байна. Нэхэмжлэгч нь сүүлийн жилүүдэд зуны улиралд зуслангийн зориулалтаар ашиглаж, газар дээрээ ирж очих байдалтай байгаа юм. Дээрх газрын банзан хашаа хуучирч муудсан тул нэхэмжлэгч нь уг газрын 4 тал банзан хашааг 2021 оны 7 сараас эхлэн бетонон хашаа болгож сольж, хүмүүсээр хашаагаа бариулах үед хэмжилт хийхдээ уг газрын урд хэсэг рүү урд талын айлын газар болон байшингийн хойд хана, суурь, усны хаялга нь орсон байгааг олж мэдээд Сүхбаатар дүүргийн газрын албанд хандан өөрийн газрын кадастрын зургаа 2021.08.09-нд хийлгэж авсан байдаг. Ингээд кадастрын хэмжилт хийдэг компани, хувь хүмүүст хандаж хэмжилт хийлгэхэд нэхэмжлэгчийн газрын урд талд буюу Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Бэлхийн 36-р гудамж,  тоот хаягт байрлах газар болон байшингийн өмчлөгч эзэн болох иргэн Ш.И нь байшингаа өргөтгөж 2 давхар болгохдоо байшингийн ард талын ханыг 37 см-ээр, байшингийн арын усны хаялгыг 40 см-ээр, нийт 77 см хойш нь гаргаж, ар талын хашаагаа 20 см тус тус нэхэмжлэгчийн өмчлөлийн газар луу сунгаж барьсан болохыг олж тогтоосон. Энэ талаар урд айлынхаа хөрш Ш.Итай уулзаж хэлэхэд хашаа байшингаа сунгаж барьсан талаар хүлээн зөвшөөрөхгүй байсан тул нэхэмжлэгч нь олон удаа такси барьж Алтай хотхон дахь өөрийн гэр, газрын алба болон өмчлөлийн газар хооронд явж, кадастрын хэмжилтийг удаа дараа хийлгэхэд төдий хэмжээний зардал гарсан байдаг. Ингээд 2021 оны 8 сарын сүүлээр хариуцагчтай уулзаж хэлж, амаар болон мессежээр газар чөлөөлөх шаардлагыг тавьсан боловч хариуцагч нь өөрийн зүгээс хэмжилт хийлгэж, хашаагаа татахын оронд улам сунгаж, нэхэмжлэгчийн газрыг хууль бусаар эзэмшиж нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд халдсан. Улмаар хэмжилт хийж байсан хүмүүсийн багажийг өшиглөж, уурлаж, шүүхийн шийдвэр гарсан цагт л байшингаа хөдөлгөнө тэрнээс наана яриад байх юм байхгүй, айлын газар луу оруулж хашаа татаагүй гэх мэтчилэн эсэргүүцдэг. Нэхэмжлэгчийн зүгээс мөн Ш.Ит бичгээр шаардлага тавьсан боловч биелүүлээгүй байна. Хариуцагчийн хууль бус үйлдлээс болж нэхэмжлэгчийн газрын урд талын бетонон хашааг суурилуулж чадахгүй хугацаа алдаж хохирч байна.

Нэхэмжлэгч нь дээрх иргэний зөрчлийн талаар хэлж өмчлөлийн газарт хашаа байшингаа оруулж барьсан тухай Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандахад тус албанаас бид өмчлөлийн газартай холбоотой маргааныг хүлээн авч шийддэггүй. Та асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариуг амаар өгч хүсэлтийг хүлээн аваагүй байдаг.

Иргэний хуулийн 102.2-т Газар өмчлөгч эрхээ хэрэгжүүлэхдээ хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй, 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-д Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38.1-д Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч Ш.Иын хууль бус үйлдлийг таслан зогсоолгож, эрхээ сэргээлгэхээр ийнхүү шүүхэд хандаж байна.

Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхэд халдсан хариуцагчийн дээрх хууль бус үйлдлээс болж нэхэмжлэгчид газрын хэмжилт хийлгэх, кадастрын зураг хийлгэх, такси барьж газрын алба болон газар дээрээ очих, машиндаа бензин хийж кадастрын хэмжилт хийдэг хувь хүн байгууллагатай уулзах, шүүхэд хандахад өмгөөлөгчөөс өмгөөллийн үйлчилгээ авах зэргээр зардал, хохирол гарсан тул Иргэний хуулийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ш.И нь нэхэмжлэгчид хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан тул нэхэмжлэгчээс гарсан хохирол зардлыг нөхөн төлж, гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно. Иймд хариуцагч Ш.Ит холбогдуулан дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

-       Нэхэмжлэгчийн газар луу сунгаж барьсан хариуцагчийн өмчлөлийн байшингийн ар талын хэсэг болон хашааг буулгуулж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны  тоот хаягт байрлах 18 нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаартай нэхэмжлэгчийн өмчлөлийн газрыг хариуцагч Ш.Иын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү.

-       Газар өмчлөх эрхэд халдсан хариуцагчийн хууль бус үйлдлээс болж нэхэмжлэгчид учирсан хохирол болох Бизкад ХХК-аар газар хэмжүүлж эргэлтийн цэг бэхлүүлсэн зардал 75,000 төгрөг, Лэнд пойнт ХХК-аар кадастрын зураг хийлгэсэн зардал 85,000 төгрөг, кадастрын хэмжилт хийлгэж нэг цэг тогтоолгосон хөлс 25,000 төгрөг, Баян өлгий капитал ХХК-аар эргэлтийн цэг тогтоолгосон хөлс 40,000 төгрөг, бензины зардал 171,482 төгрөг, такси хөлсөлсний зардал 83,000 төгрөг, шуудангийн зардал 2,480 төгрөг, өмгөөллийн хөлсний урьдчилгаа төлбөр 1,000,000 төгрөг, хоёр удаа шинжээчид төлсөн хөлс 1,485,597 төгрөг нийт 2,967,559 төгрөгийг хариуцагч Ш.Иаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагч Ш.И шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.О хашаа байшингийн хэсгийг буулгуулж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсанаар Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны  тоот хаягт байрлах газрыг 2005 онд улсын бүртгэлийн Г-22 дугаартай бүртгэгдэж өмчилж авсан гэдэг гэтэл миний бие 2014 онд Д.Г Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, бэлхийн 36-р гудамж  тоот хаягт байрлах үл хөдлөхийг, газрын хамтаар худалдаж аваад байшингаа хоёр давхар болгосон. Уг үл хөдлөхийг Д.Г нь 1998 онд барьсан гэдэг. Нэхэмжлэгч 2005 онд эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ авахдаа эрх ашиг сонирхол нь хөндөгдсөнийг мэдэж байсан боловч шүүхээр шийдүүлээгүй нь миний буруу биш юмаа. Д.О нь хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг олж мэдээд Д.Г байшингаа арагшлуулж бариагүй, Ш.И байшингаа өргөтгөж 2 давхар болгохдоо нэхэмжлэгчийн өмчлөлийн газар луу сунгаж барьсан мэтээр гүтгэж, шүүхэд худал мэдүүлж байгаа нь харамсалтай байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Нотлох баримт:

3.    Нэхэмжлэгч талаас: Г-22 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, нэгж талбарын 14 дугаартай газрын кадастрын зураг, нэгж талбарын хил, заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, хүлээлгэн өгсөн тухай акт, Дармаа овогтой Сүхбаатарын өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, Д.О Голомт банк дахь дансны хуулга, төлбөрийн баримтууд, Сүхбаатар дүүрэг дэх Газар зохион байгуулалтын албанд хандаж гаргасан хүсэлт, Ш.Ит хүргүүлсэн шаардлага, зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч талаас: Хариуцагчийн газар болон хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар: Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрыг хоёр удаа шинжээчээр томилж шинжээчийн дүгнэлт гаргуулсан, гэрчээр Д.Гыг асуусан.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Ш.Ит холбогдуулан хашаа байшингийн хэсгийг буулгуулах, газар чөлөөлүүлэх, учирсан хохирол болох 2,967,559 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Д.О нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тоодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгчийн өмчлөх эрх бүхий газарт нь хариуцагч Ш.И нь хашаа болон байшингаа сунгаж барихдаа нэхэмжлэгчийн газарлуу байшингийн ард талын ханыг 37 см-ээр, байшингийн арын усны хаялгийг 40 см-ээр, ард талын хашаагаа 20 см-ээр тус тус нэвтрэн орж, өмчлөх эрхэд нь халдаж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу өөрийн өмчлөлийн газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасны дагуу газар өмчлөх эрхэд нь халдсан хариуцагчийн хууль бус үйлдлээс болж нэхэмжлэгчид учирсан хохиролд газар хэмжүүлэх, эргэлтийн цэг бэхлүүлсэн зардал 75,000 төгрөг, кадастрын зураг хийлгэсэн зардалд 85,000 төгрөг, нэг цэг тогтоолгосон хөлс 25,000 төгрөг, эргэлтийн цэг тогтоолгосон хөлс 40,000 төгрөг, бензины зардал 171,482 төгрөг, такси хөлсөлсний зардал 83,000 төгрөг, шуудангийн зардал 2,480 төгрөг, өмгөөллийн хөлсний урьдчилгаа төлбөрт 1,000,000 төгрөг, 2 удаа шинжээч томилсны зардалд 1,485,597 төгрөг нийт 2,967,559 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний бие 2014 онд тус газар болон байшинг өмнөх өмчлөгч Д.Гаас худалдаж аваад байшингаа 2 давхар болгож зассанаас бус өргөтгөж, сунгаж бариагүй. Нэхэмжлэгч нь 2005 онд өөрийн газрыг худалдаж авахдаа энэ эрхээ зөрчигдсөн байсныг мэдсэн хэрнээ шүүхэд хандаагүй нь миний буруу биш юм. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан, сүүлийн өмчлөгч надад холбогдуулан намайг байшингаа сунгаж барьсан мэтээр гүтгэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

- Маргааны зүйл болсон 18 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь нэхэмжлэгч Д.О болон Д.С, С.Д, С.Б, С.Б гэсэн нийт таван хүний өмчлөлд бүртгэлтэй болох нь 2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /Хх8-9, 11, 12/

- Нэгж талбарын хил, заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, хүлээлгэн өгсөн тухай актад: ... нэгж талбарын 11-12-р цэгийн хооронд хариуцагч Ш.Иын байшин 0,3 метрээр орсон гэж тодорхойлжээ. /Хх10/

- Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хохирол болох эргэлтийн цэг бэхлүүлэх ажилд 75,000 төгрөг, кадастрын зураг хийлгэсэн зардал 85,000 төгрөг, кадастрын хэмжилт хийлгэж нэг цэг тогтоолгосон хөлс 25,000 төгрөг, эргэлтийн цэг тогтоолгосон хөлс 40,000 төгрөг, бензиний зардал 171,482 төгрөг, өмгөөллийн хөлсний урьдчилгаа төлбөр 1,000,000 төгрөг, эхний шинжээчийн зардал 811,060 төгрөг, дараагийн шижээчийн зардал 674,537 төгрөг нийт 2,967,559 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна. /Хх10-р хуудасны арын хуудас, 13-20, 27, 72, 110-112, 136/

- Нэхэмжлэгч Д.О нь өөрийн өмчлөлийн газрын зурвасыг хэтрүүлэн байшин барьсан үйл явдлын талаар Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хандаж, зөвлөгөө авч байсан, мөн хариуцагч Ш.Ит хандаж, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шаардлага хүргүүлж байсан зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. /Хх21-23/

- Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14762 дугаартай захирамж гарч, Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газрыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2022/21 дугаартай дүгнэлтэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын газрууд тус бүр тэдгээрийн өмчлөлд бүртгэлтэй, газрын кадастрын мэдээллийн санд давхцалгүйгээр бүртгэгдсэн байна гэжээ.

Харин талуудын хашааг хэмжихэд иргэн Ш.Иын газар нь иргэн Д.О газартай 1мкв талбайгаар давхцалтай байна гэж дүгнэжээ. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт хариуцагчийн хашаа 1 мкв-аар түрж орсон байна. /хх-68-85/

- Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн 2022 оны 10258 дугаартай захирамж гарч, Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газрыг хоёр дахь удаа шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан байх ба дүгнэлтэд хариуцагчийн байшингийн хаяавч 4 мкв-аар, байшин нь 2 мкв талбайгаар тус тус нэхэмжлэгчийн газартай давхцаж байна гэж, эдгээр газрууд анх олгохдоо давхцалтай бүртгэгдсэн эсэх гэх асуултад газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн архивын мэдээлэлд нэхэмжлэгчийн 700 мкв талбайтай газар, хариуцагчийн 560 мкв талбайтай газрууд хоорондоо давхцалгүй бүртгэгдсэн байна гэж, харин 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн мэдээлэлд нэхэмжлэгчийн 699 мкв талбайтай газар, хариуцагчийн 560 мкв талбайтай газрууд хоорондоо давхцалгүйгээр бүртгэгдсэн гэж дүгнэлт гарчээ. Үүнээс харахад талуудад анх газрыг олгохдоо давхцалгүй бүртгэлтэй байсан боловч сүүлд хариуцагчийн газар нэхэмжлэгчийн газартай 1 мкв-ийн талбайгаар, байшингийн хаяавч нь 4 мкв-аар, байшин нь 2 мкв талбайгаар тус тус давхцалтай байгаа буюу хариуцагч Ш.И нь нэхэмжлэгч Д.О газарт түрж орон, өөрийн байшинг барьж, нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд халдсан гэж үзэх үндэслэлтэй байна. /Хх114-128/

4. Талууд нэхэмжлэгчийн газарт хариуцагчийн байшин болон хашаа нь түрж орсон талаар маргадаггүй боловч хариуцагч нь тухайн байшинг өргөтгөж бариагүй, дээшээ өндөрлөж л барьсан, анх 2005 онд нэхэмжлэгч нь тус газрыг худалдаж авах үед л энэ талаар маргаантай байсан, тухайн үедээ эрхээ хамгаалуулж, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргаж байна.

5. Шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан Д.Г мэдүүлэгтээ тус газрыг худалдах үед Д.Отэй аливаа газрын маргаан үүсч байгаагүй, анх палкан ханатай байсан байшинг би шавардаж зассан гэж мэдүүлснээс харахад хариуцагчийн татгалзалд дурдсан анхнаасаа энэ асуудал маргаантай байсан гэх тайлбар үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

6. Хэдийгээр нэхэмжлэгч Д.О газар өмчлөх эрх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу хамгаалагдах боловч мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т зааснаар Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ гэж зааснаар нэхэмжлэгч Д.О болон хариуцагч Ш.И нарын газар нь хөрш залгаа эд хөрөнгө байх тул талуудын маргаан нь хуулийн энэ зохицуулалтад хамаарахаар байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-т Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй гэсэн заалт нь хөршийн хил зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөх талаарх зохицуулалт юм.

7. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагчийг байшингаа 2014 онд зузаатгаж, өндөрлөснийг мэдэж байсан боловч тухайн үед манай газарлуу түрж орсон эсэхийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, харин 2021 оны 07 дугаар сард өөрсдийн хашааг бетоноор янзлах үедээ хэмжиж мэдсэн гэж тайлбарладаг тул 2014 онд Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-т заасны дагуу шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэн нэхэмжлэгч Д.О хариуцагч Ш.Иын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

8. Нэхэмжлэгчийн өөрт учирсан хохиролд нийт 2,967,559 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд тэрээр 2014 онд хариуцагчийн байшингийн засварын ажлын үед шаардлагаа хэрэгжүүлээгүй гэж шүүх үзсэн тул 2,967,559 төгрөгийг хохирлоор шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар томилогдсон иргэдийн төлөөлөгчдөд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба хэргийн оролцогчид иргэдийн төлөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул хэргийг иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хянан хэлэлцсэн болно.

10. угаа 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид газар чөлөөлүүлэх нэхэмжлэлдээ 70,200 төгрөг, өөрт учруулсан хохиролд 77,382 төгрөгийг төлөх үүрэгтэй байсны дагуу хураамжийг төлсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,582 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1, 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О хариуцагч Ш.Ит холбогдох газар чөлөөлүүлэх, хашаа байшингийн хэсгийг буулгуулах, гэм хорын хохиролд 2,967,559 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,582 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ

 

  ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ

 

А.МӨНХЗУЛ