| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2022/04677/И |
| Дугаар | 181/ШШ2023/00914 |
| Огноо | 2023-03-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2023/00914
| 2023 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 181/ШШ2023/00914 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Цд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 22,780,122 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунзаяа нар оролцов.
Хариуцагч Д.Ц нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ц нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Г банктай ЗГ1705147764 тоот Зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг жилийн 21.6% хүүтэй, 36 сарын хугацаатай худалдааны зээл авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр БГ1705147764 тоот барьцааны гэрээний Хавсралт №1-т тусгагдсан бараа материалыг барьцаалсан болно. Цар тахлын үед 2020 оны 04-р сарын 29-ний өдөр ЗГ1705147764-А тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн хугацаа сунгалгүйгээр зээлийн үндсэн дүнг 3 сараар хойшлуулж зээлийн гэрээний хавсралт №1-т нэмэлт өөрчлөлт оруулсан.
Зээлдэгч Д.Цтай ЗГ1405147764, ЗГ1705147764-А тоот зээлийн гэрээнүүдийн хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 609 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2022 оны 11-р сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 16,216,351 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 7,378,363 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 685,407 төгрөг, нийт 24,280,122 төгрөг төлөөгүй байна.
Зээлдэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан цагаас хойш 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 500,000 төгрөг тус тус төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагаа 1,500,000 төгрөгөөр багасгаж байна.
Иймд зээлдэгч Д.Цаас Г банктай байгуулсан зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 22,780,122 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.Ц шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
Нотлох баримт:
3. Нэхэмжлэгч талаас: Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.03.28-ны өдрийн ЗГ1705147764 дугаартай Зээлийн гэрээ, хавсралтын хамт, мөн энэ өдрийн БГ1705147764 дугаартай барьцааны гэрээ, 2020.04.29-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, хүү тооцооллын хүснэгт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг шүүхэд баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч талаас нотлох баримт шүүхэд гаргаагүй.
Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,280,122 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,500,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ багасгаж, 22,780,122 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Г банк ХХК нь хариуцагч Д.Цд холбогдуулан талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ЗГ-1705147764 тоот Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ-ний дагуу хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 22,780,122 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.
3. Хариуцагч Д.Ц нь нэхэмжлэлийг үгүйсгэж, тайлбар гаргаагүй, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хүрэлцэн ирээгүй тул 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр албадан ирүүлэх захирамж гаргасан. Үүний дараа 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- Хариуцагч Д.Ц нь Г банк ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ЗГ1705147764 дугаар Зээлийн гэрээ-г байгуулж, 30,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлж, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-1-2, 8-10/
- Тус зээлийн үүргийг хангуулахаар Г банк ХХК нь Д.Цтай 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр БГ1705147764 дугаартай Барьцааны гэрээ-г байгуулж, хариуцагч Б.Цэдэнбалын эзэмшлийн 22 нэр төрлийн бараа материалыг барьцаалжээ. /хх11-12/
Зээлийн төлбөрт 22,780,122.57 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
- Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т заасан барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, талууд энэ талаар маргаагүй болно.
- Нэхэмжлэгч Г банк ХХК нь хариуцагчийг зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчиж, төлөлт хийх хугацааг 609 хоногоор хэтрүүлсэн гэх үндэслэлээр зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардаж байна.
- Зээлдэгч Д.Ц нь зээлийн гэрээний 2.4-т заасан Зээлдэгч хавсралт №1-т заасан графикт хугацааг чанд баримтлах, зээл, хүүний төлбөрийг хэсэгчлэн төлөх нь энэхүү гэрээний нэн чухал нөхцөл бөгөөд түүнийг удаа дараа зөрчвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэснийг зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, Д.Цын зээл, хүүгийн төлбөрийг төлөхөөр тохирсон хуваарь, хүү тооцооллын хүснэгт зэргээр тогтоогдож байна. /хх-10, 14/
- Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээл болон хүүний төлбөрийг хариуцагч нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр төлж, барагдуулах үүрэгтэй байсан хэдий ч төлөлт хийлгүй, графикт хугацааг 609 хоногоор хугацаа хэтрүүлсэн. Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 500,000 төгрөг тус тус төлсөн учир нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 1,500,000 төгрөгөөр багасгаж нэхэмжилсэн. /Хх13-р хуудасны ар нүүр/
- Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.5-т Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт №1-т заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, 2.1.1-т заасан үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг графикт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцов гэж тохиролцсон байна.
- Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу зээлдэгч Д.Ц нь зээлийн гэрээний хугацаанаас хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.
- Нэхэмжлэгчийн хэрэгт ирүүлсэн хүү, тооцооллын хүснэгтэд хариуцагч Д.Ц нь 22,732,969 төгрөг төлсөн гэсэн тооцоолол байх ба үүнтэй хариуцагч тал маргаагүй.
- Нэхэмжлэгч Г банк ХХК-ийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 14,716,351 төгрөг, зээлийн хүү 7,378,363 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 685,407 төгрөг нийт 22,780,122 төгрөгийг хариуцагч Д.Цаас гаргуулах шаардлага нь үндэслэлтэй байх тул шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд:
- Зохигч талуудын хооронд БГ1705147764 дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж, хариуцагч Д.Цын эзэмшлийн 22 нэр төрлийн бараа материалыг барьцаалсан нь талуудын хооронд байгуулсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-1, 11-12/
- Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна. /хх11-12/
- Тус гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч тал шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.
- Иймд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-т заасны дагуу барьцааны зүйл болох 22 нэр төрөл бүхий барилгын материалыг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
5. 7 угаа 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулах нэхэмжлэлдээ 279,351 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлдээ 70,200 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байсны дагуу хураамжийг төлсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,551 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хураамж 349,551 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цаас 22,780,122 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-т заасныг баримтлан Д.Ц нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Д.Цын эзэмшлийн 22 нэр төрөл бүхий барилгын материалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,551 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цаас улсын тэмдэгтийн хураамж 349,551 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ