| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/02722/И |
| Дугаар | 101/ШШ2023/02446 |
| Огноо | 2023-05-17 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2023/02446
| 2023 05 17 | 101/ШШ2023/02446 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б /рд:/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х.А /рд:/-т холбогдох
Эд зүйл болон 545,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х.Ат 2023 оны 3 сарын 27-ны өдөр өөрийн PS4 болон 2 гар, 3 CD тоглоом, 3 ширхэг залгууруудыг өдрийн 35,000 төгрөгийн төлбөртэй түрээсэлсэн. Х.А нь түрээсийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Мөн утсаа огт авахгүй зугтаад дээр дурдсан зүйлсийг буцааж өгөхгүй байгаа тул тэдгээрийг түрээсэлсэн хоногийн түрээсийн нийт төлбөрийг хариуцагч Х.Ааас гаргуулж өгнө үү. Тухайн үед буюу 3 сарын 27-ноос 4 сарын 1-ны өдрийг хүртэл 5 хоногийн хугацаанд нэг өдрийн түрээсийн төлбөрийг 25,000 төгрөгөөр тохиролцсон. Түүнээс хойших мөнгийг 1 өдрийн 35,000 төгрөгөөр тооцно. Хариуцагч Х.А дээр дурсан зүйлсийг авсан гэсэн нь үнэн болох нотолгоо болсон бичигтээ он сар өдрөө 3 сарын 26-ны өдөр хэмээн андуурч бичсэн байна. Одоогийн байдлаар нийт түрээсийн төлбөр 545,000 /3 сарын 27-3 сарын 31-ны өдрийн нийт түрээс 125,000, 4 сарын 1-ээс 12-ны өдрийн нийт түрээс 420,000/ Манайх 1 өдрийн түрээсийг 35,000 төгрөгөөр тооцдог ба хариуцагч Х.А нь 5 хоногоор түрээсэлж байгаа тул хямдруулж өгөөч гэж гуйсны үндсэн дээр 3 сарын 24-31-ны өдрийн түрээсийг 1 өдрийн 25,000-аар бодсон. PS4 болон 2 гар, 3 CD тоглоом, 3 ширхэг залгуурууд нь нийт 1,000,000 төгрөг болно. Иймд миний эд зүйлс болон түрээсийн нийт төлбөр 545,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1а. Миний бие Ааас тоглуулаг, тоглоом, залгуур авсан болно. Иймд эд зүйлээ авсан тул эд зүйл нэхэмжлэхээс татгалзаж байна. Түрээсийн мөнгө болох 540,000 төгрөг нэхэмжилж байна. 500,000-с татгалзаж байна.
1б. Хариуцагчийн эзгүйд хэргийг шийдүүлэх хүсэлтэй. Би тоглоом түрээслүүлсэн ба эд зүйлээ авсан. Одоо түрээсийн мөнгөө авах хүсэлтэй. Эд зүйлийг аав нь над уруу ярьж өгсөн. Түрээсийн төлбөрт 540 000 төгрөг авна гэв.
2. Нэхэмжлэгч нь шүүхэд эд зүйл хүлээлцсэн агуулга бүхий гараар бичсэн баримт /хх6/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 540,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Б нь PS4 болон 2 гар, 3 CD тоглоом, 3 ширхэг залгуур гаргуулах, тухайн эд зүйлийг түрээсэлсэн төлбөрт нийт 545,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд зүйл гаргуулах болон 5,000 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзаж, 540,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа дэмжсэн.
3. Хариуцагч Х.А нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Мөн шүүх хариуцагчид хуралдааны товыг боломжит хэлбэрээр мэдэгдсэн, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүх хуралдааныг товыг лавлах үүрэгтэй. Гэвч хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
4. Нэхэмжлэгч нь дурдсан эд зүйлсийг гаргуулах болон 5,000 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар дээрх шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
5. Нэхэмжлэгч нь эд зүйл түрээсэлсэн төлбөрт 540,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Хэрэгт авагдсан гараар бичсэн баримтаас үзэхэд эд зүйлийг түрээсэлсэн гэсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
5а. Дээрх хуульд зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчид тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч тохиролцсон төлбөр төлөх үүрэг хүлээнэ.
6. Хариуцагч нь дээр дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан тохиолдолд энэ хэсэгт холбогдох хураамжийг буцаан олгохгүй. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 45,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,850 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Х.Ааас 540,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б нь PS4 болон 2 гар, 3 CD тоглоом, 3 ширхэг залгуур гаргуулах болон 5,000 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,850 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД