| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0178/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/188 |
| Огноо | 2025-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/188
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б, М.Х,
Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Ц-ийн Б, Б-ээс овгийн М-ийн Х нарт холбогдох 2528001710239 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум 7 дугаар баг Оюутын ... тоотод байх “Гэрэлт цох” цэцэрлэгийн байранд иргэн М.Х-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж биед нь дух, баруун хөмсөг, зүүн нүдний дотор хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чих, баруун шуунд цус хуралт, баруун шуун зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч М.Х нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум 7 дугаар баг Оюутын ... тоотод байх “Гэрэлт цох” цэцэрлэгийн байранд иргэн Ц.Б-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж биед нь тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хамрын салстад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Б, М.Х нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед би цэцэрлэгт хүүхэд харж байсан. Нэг хүүхэд өмдөндөө шээсэн байсан. Тэгэхэд нөгөө хүүхдийнхээ өмдийг Х гадаа тохчхоод өөр өмд өмсгөөгүй байсан. Тухайн үед ажлын ачаалал ихтэй олон хүүхэдтэй байсан. Би өмдийг нь өмсгөчихгүй яасан юм бэ гэхэд “балай авгай минь би одоо явлаа, ажиллаж чадахгүй, чи өөрөө ажилла, пизда минь” гэж хэлсэн. Тэгээд би “за явахгүй юу даа, чи яв, зар тавиад өөр хүн олоод авчихъя” гэж хэлсэн юм. Тэгээд Х явах гэж байгаад эргэж маргалдаад маргаан үүссэн. Ам зөрж муудалцаж байгаад Х намайг эхэлж үсдэж авсан. Зөрүүлээд би үсдэж авсан гэв.
Шүүгдэгч М.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хүүхэд өмдөндөө шээчихсэн байсан. Би өмдийг угаагаад, гадаа тохсон. Гаднаас орж ирэхэд хүүхдийн цайны цаг болоод, хүүхдүүд унтах байсан. Цайны цаг болсон байсан учраас хүүхдүүдийн тоглоомуудыг хураагаад байж байтал Б эгч “хүүхдийн өмд өмсгөөгүй байна” гэж хэлсэн. Би “би тантай ажиллаж чадахгүй, авгай минь” гэж хэлсэн. Тухайн үед манай хүүхэд тэр цэцэрлэгт явдаг байсан. Гараад хүүхдийн хувцас сольдог өрөө рүү хүүхдийнхээ хувцсыг авах гээд орсон чинь Б эгч өөдөөс “ална шүү, пизда минь би чамайг” гэж хэлсэн. Тэгээд маргалдаж, зодолдсон зүйл болсон гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-15 дахь тал)
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр өдөр манай нөхрийн ээж нь ажиллуулдаг цэцэрлэгт би ажилд нь туслах гэж очсон. Тэгэхэд Х гээд туслах багш байсан. Тэр өдөр 20 гаруй хүүхдүүдтэй ажиллаж байсан. Хүүхдүүдээс гадна Б гээд хадам ээж Х нар байсан. Тухайн үед 12-13 цагийн хооронд байсан гэж бодож байна хүүхдүүд шуугилдаад нэг нэгнийгээ самардчих гээд хүүхдүүд муудалцаад ачаалал ихтэй байсан, яг тэр үед Х ажил хийхгүй утсаа ухаад ууртай шинжтэй паарны хажууд суугаад байсан ба тэр үед хүүхдүүдийн ор засаж байсан, нэг хүүхэд шалдан шалан дээр сууж байсан. Тэгээд энэ хүүхэд яасан юм бэ гээд Х-аас асуухад өмдөндөө шээчихсэн гэж хэлсэн. Тэгээд би хүүе ээ энэ хүүхдийг хүйтэн газар суулгаад өмд хувцсыг нь өмсүүлчихгүй яасан юм бэ гэсэн чинь би ажиллаж чадахгүй пизда минь чи өөрөө хар авгай минь гэж хэлсэн. Тэгэхээр нь тэг тэг чи яв би зар тавиад өөр хүн олчихно гэж хэлсэн. Тэгээд би шалдан хүүхдийн өмдийг нь өмсүүлэх гээд үүдний өрөөнд ороод шкафны хажууд байхад Х 2 орчим насны хүүхэдтэйгээ ирсэн байсан. Хүүхдийнхээ хувцсыг өмсүүлэх гээд миний хажууд ирсэн. Тэгээд намайг хэл амаар доромжилсон би яваач гэсэн яг юу гэж доромжилсныг нь санахгүй байна тэгээд шууд намайг сэгсийсэн авгай минь ална шүү гээд миний үснээс зулгаасан. Дараа нь зүүн хөлний шагай руу хөлөөрөө өшиглөсөн зөрүүлээд би үснээс нь барьсан. Яг тэр хооронд Б гээд хадам ээж ирж бид хоёрыг салгасан. ...Тэгээд дахиад бид 2 гал тогооны өрөөнд хоолойноос боож үснээс зулгааж барьж авсан, зөрүүлээд би үснээс нь барьсан. Тэгээд хадам ээж Б дахиад салгасан. Тэгээд Х цагдаа дуудсан ийм л зүйл болсон... Гомдолтой байна одоогийн байдлаар эмчилгээнд зарцуулсан 323,829 төгрөг баримтаар нэхэмжилж байна, баримтаа дараа нь гаргаж өгнө. Мөн шинжээчийн дүгнэлт нь дээр миний зүүн хөлний шагайны зөөлөн эдийн гэмтэл амбулаторийн карт нь дээр бичээтэй байсан нь тусгагдаагүй байна.” (хавтаст хэргийн 31-33 дахь тал)
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 05 дугаар сарын 05-ны 11 цагийн үед би ажил дээрээ байж байсан хүүхэд өмдөндөө шээчихсэн байсан. Тэгэхээр нь өмдийг нь угаагаад гадаа тохсон. Тэгээд би орж ирээд шээсийг арчиж цэвэрлэчхээд тоглоомыг нь эмхлүүлж байсан. Тэгээд байж байсан чинь Б гэж эмэгтэй хүүхэд шалдан нүцгэн явж гүйгээд байхад өмдийг нь өмсгөчихгүй яасан юм гэхээр нь би дөнгөж хүүхдийн өмд тохчхоод тоглоомыг нь хурааж байлаа тэгүүл та өөрөө ганцаараа ажил би тантай ажиллаж чадахгүй гээд үүдний өрөө рүү ороод хүүхдийнхээ цүнх, куртикийг авах гэж орсон. Тэр үед Б тэр өрөө рүү хүүхдийн өмд авах гээд орсон байсан, тэгээд би тэр өрөө рүү ороод хүүхдийнхээ юмыг аваад гарах гэсэн чинь Б үүдээ хаагаад намайг ална шүү пизда минь гэж хэд хэдэн удаа хэлсэн. Тэгэхээр нь би зөрөөд гарах гэсэн чинь гаргахгүй хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэгээд шууд миний үснээс зулгаагаад доош нь дарж байгаад миний зүүн хацраас самардсан. Тэгэхээр нь би гараараа цааш нь түлхээд миний үснээс тавихгүй байхаар нь Б-ын үсний үзүүрээс нь татсан. Тэгээд тавихгүй байх хооронд хадам ээж нь орж ирээд хөөе Үүрээ чи болиоч гээд салгах гэсэн чинь Б нь үснээс огт тавихгүй байсан. Тэгэхээр нь түрүүлээд тавьсан. Тэгээд Б бас тавьсан. ... Б над руу дайраад намайг заамдаж аваад хана руу шахсан, заамдаад зогсчихсон байсан тэгэхээр нь та одоо больчих таныг би цагдаа дуудаж өгнө гэж хэлсэн. Тэгсэн Б дуудаач дээ би чамайг ална шүү гээд над руу дайраад байсан. Тэр хооронд хадам ээж нь гараад Б-ын нөхрийг дуудаж оруулж ирсэн. ...Б уурлаад над руу дайраад намайг нойлын өрөө рүү түлхэж оруулаад үснээс зулгааж байгаад миний баруун талын хацар, нүдний ухархай, дух, зүүн гарын шуу хэсэгт самардсан, үснээс зулгааж байгаад миний толгой руу 3-4 удаа зангидсан гараараа цохиж авсан. ... Би гоо сайхнаа алдаж нүүрээ самардуулж сорвитой болсон хохирлоо барагдуулмаар байна.” (хавтаст хэргийн 20-23 дахь тал)
Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би хүүхдүүдийн ор засаад том өрөөндөө байж байсан манайх тэр өдөр 20 орчим хүүхэд байсан Х-ыг ажилд аваад 4-5 хонож байсан харин Б болохоор тэр өдөр л ганцхан өдөр ажилласан. Яг тэр үед хүүхдүүд гүйлдээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байх шиг сонсогдохоор нь гүйгээд очсон нэг нэгнийхээ үснээс зулгаачихсан байсан. Тэгээд би боль та нар яагаад ингэж байгаа юм больцгоо гээд салгаад хүүхдүүд рүүгээ очоод хоол ундыг нь өгөөд явчихсан надад өөр мэдэх юм огт байхгүй.” (хавтаст хэргийн 40-41 дэх тал)
Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би цэцэглэг рүү ороод очиход М.Х, Ц.Б нар нэг нэгнийхээ үснээс зулгаачихсан байсан. Тэгээд би боль та нар больцгоо гээд салгаад ээжтэй хамт урд талын том өрөөнд ороод хүүхдүүдийн хоол ундыг нь өгөөд явчихсан. Тэр үед зодолдоод байгаа юм байхгүй хоорондоо хэрэлдээд байсан, надад өөр мэдэх юм огт байхгүй.” (хавтаст хэргийн 49-50 дахь тал)
Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр өдөр манай нөхрийн ээж нь ажиллуулдаг цэцэрлэгт би ажилд нь туслах гэж очсон. Тэгэхэд Х гээд туслах багш байсан тэр өдөр 20 гаруй хүүхдүүдтэй ажиллаж байсан хүүхдүүдээс гадна Б гээд хадам ээж Х нар байсан. Тухайн үед 12-13 цагийн хооронд байсан гэж бодож байна хүүхдүүд шуугилдаад нэг нэгнийгээ самардчих гээд хүүхдүүд муудалцаад ачаалал ихтэй байсан яг тэр үед Х ажил хийхгүй утсаа ухаад ууртай шинжтэй паарны хажууд суугаад байсан ба тэр үед хүүхдүүдийн ор засаж байсан. Тэр үед нэг хүүхэд шалдан шалан дээр сууж байсан юм, тэгээд энэ хүүхэд яасан юм бэ гээд Х-аас асуухад өмдөндөө шээчихсэн гэж хэлсэн. Тэгээд би хүүе ээ энэ хүүхдийг хүйтэн газар суулгаад өмд хувцсыг нь өмсүүлчихгүй яасан юм бэ гэсэн чинь би ажиллаж чадахгүй пизда минь чи өөрөө хар авгай минь гэж хэлсэн. Тэгэхээр нь тэг тэг чи яв би зар тавиад өөр хүн олчихно гэж хэлсэн. Тэгээд би шалдан хүүхдийн өмдийг нь өмсүүлэх гээд үүдний өрөөнд ороод шкафны хажууд байхад Х 2 орчим насны хүүхэдтэйгээ ирсэн байсан, хүүхдийнхээ хувцсыг өмсүүлэх гээд миний хажууд ирсэн. Тэгээд намайг хэл амаар доромжилсон, тэгээд би яваач гэсэн яг юу доромжилсныг нь санахгүй байна шууд намайг сэгсийсэн авгай минь ална шүү гээд миний үснээс зулгаасан дараа нь зүүн хөлний шагай руу хөлөөрөө өшиглөсөн, зөрүүлээд би үснээс нь барьсан. Яг тэр хооронд Б гээд хадам ээж ирж бид хоёрыг салгасан. Тэгээд салаад гал тогоонд хүүхдүүд хооллож байж байгаад миний гэр бүл үр хүүхдийг минь доромжилсон шувтайсан авгай минь би чиний хажууд бие хаатай хүүхэн шүү тэгээд чи гараад байж бай гарч байгаад ална чамайг гичий минь гэж хэлсэн. Чи хоёр хүүхдээ өсгөж чадаагүй нөхрийнхөө толгой дээр суучихсан арчаагүй гэж хэлсэн. Тэгээд дахиад бид 2 гал тогооны өрөөнд хоолойноос боож үснээс зулгааж барьж авсан зөрүүлээд би үснээс нь барьсан. Тэгээд хадам ээж Б дахиад салгасан, Х цагдаа дуудсан ийм л зүйл болсон... Х нь миний зүүн хөлийн шагай руу өшиглөсөн, үснээс зулгаасан, толгой руу цохисон, хоолой боосон миний үсийг зулгаагаад хоёр тийш нь сэгсрээд байсан... Надад гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 110-112 дахь тал)
Шүүгдэгч М.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн үед би ажил дээрээ байж байхад хүүхэд өмдөндөө шээчихсэн байсан. Тэгэхээр нь өмдийг угаагаад гадаа тохсон. Тэгээд би орж ирээд шээсийг нь арчиж цэвэрлэчхээд тоглоомыг эмхлүүлээд байж байсан чинь Б гэж эмэгтэй хүүхэд шалдан нүцгэн явж гүйгээд байхад өмдийг нь өмсгөчихгүй яасан юм гэхээр нь би дөнгөж хүүхдийн өмд тохчихоод тоглоомыг нь хурааж байлаа тэгвэл та өөрөө ганцаараа ажлаа, би тантай ажиллаж чадахгүй гээд үүдний өрөө рүү ороод хүүхдийнхээ цүнх куртикийг авах гээд орсон. Тэр үед Б тэр өрөө рүү хүүхдийн өмд авах гээд орсон байсан. Тэгээд би тэр өрөө рүү ороод хүүхдийнхээ юмыг аваад гарах гэсэн чинь Б үүдээ хаагаад намайг ална шүү пизда минь гэж хэд хэдэн удаа хэлж байгаад би зөрөөд гарах гэсэн чинь гаргахгүй хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэгээд шууд миний үснээс зулгаагаад доош нь дарж байгаад миний зүүн хацраас самардсан. Тэгэхээр нь би гараараа цааш нь түлхээд миний үснээс тавихгүй байхаар нь Б-ын үсний үзүүрээс нь татсан. Тэгээд тавихгүй байх хооронд хадам ээж нь орж ирээд хөөе чи болиоч гээд бид хоёрыг салгах гэтэл Б нь үснээс огт тавихгүй байсан. Тэгэхээр нь түрүүлээд тавьсан, тэгээд Б бас тавьсан. Тэгсэн хадам ээж нь чи хүүхдийн нүүр ямар аймаар болгочихсон юм бэ, ямар хачин ааштай юм бэ чи гэж хэлсэн. Тэгэхээр нь би та чинь хачин ааштай авгай байна гэж хэлчхээд тэр өрөөнөөс гараад хүүхдийн том өрөө рүү явсан. Тэгсэн чинь миний араас Б гарч ирээд хэрүүл өдөөд хэл амаар доромжлоод байсан. Хадам ээж нь араас нь гарч ирээд та хоёр одоо боль хүүхдүүдийнхээ хоолыг өгөөд унтуулж амраая гэж хэлсэн. Тэгсэн чинь Б над руу дайраад намайг заамдаж аваад хана руу шахсан заамдаад зогсчихсон байсан. Тэгэхээр нь та одоо больчих таныг би цагдаа дуудаж өгнө гэж хэлсэн. Тэгсэн Б дуудаач дээ би чамайг ална шүү гээд над руу дайраад байсан. Тэр хооронд хадам ээж нь гараад Б-ын нөхрийг дуудаж оруулж ирсэн бөгөөд нөхөр нь гаднаас орж ирэхэд Б намайг заамдаад хана руу шахаад байсан. Б-ын нөхөр Б-ыг салгаад гал тогооны өрөө рүү аваад орсон. ...Б уурлаад над руу дайраад намайг нойлын өрөө рүү түлхэж оруулаад үснээс зулгааж байгаад миний баруун талын хацар, нүдний ухархай, дух, зүүн гарын шуу хэсэгт самардсан. Үснээс зулгааж байгаад тэгээд миний толгой руу 3-4 удаа зангидсан гараараа цохиж авсан. Тэгсэн чинь Болороо эгч нөхрийг нь дуудаад нөхөр нь орж ирээд бид хоёрыг салгасан...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 115-117 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ӨМГ0725/154 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “М.Х-ын биед дух, баруун хөмсөг, зүүн нүдний дотор хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чих, баруун шуунд цус хуралт, баруун шуун зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. М.Х-ын биед учирсан гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 51-52 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ӨМГ0725/261 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ц.Б-ын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хамрын салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Ц.Б-ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 56-57 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ӨМГ0825/001 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ц-ийн Б /.../-ын сэтгэцэд 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурынх уу? Байнгынх уу гэдэг нь эрүүл мэндийн эмчилгээ эдгэрэлт, гэр бүл, нийгэм хамт олны дэмжлэгт орчин, хувь хүний сэтгэлзүйн онцлог, сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдахаас хамаарна. Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй.” (хавтаст хэргийн 62-64 дэх тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ӨМГ0825/008 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “М-ийн Х /.../-ын сэтгэцэд 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурынх уу? Байнгынх уу гэдэг нь эрүүл мэндийн эмчилгээ эдгэрэлт, гэр бүл, нийгэм хамт олны дэмжлэгт орчин, хувь хүний сэтгэлзүйн онцлог, сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдахаас хамаарна. Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй.” (хавтаст хэргийн 69-71 дэх тал)
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 158, 159 дэх тал)
Прокурорын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 83 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 163-164, 165-166 дахь тал)
Прокурорын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 83 дугаартай санал (хавтаст хэргийн 167-168, 169-170 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Б, М.Х нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Б, М.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нарын хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ц.Б нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум 7 дугаар баг Оюутын ... тоотод байх “Гэрэлт цох” цэцэрлэгийн байранд иргэн М.Х-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж биед нь дух, баруун хөмсөг, зүүн нүдний дотор хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чих, баруун шуунд цус хуралт, баруун шуун зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч М.Х нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум 7 дугаар баг Оюутын ... тоотод байх “Гэрэлт цох” цэцэрлэгийн байранд иргэн Ц.Б-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж биед нь тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хамрын салстад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, М.Х нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33 дахь тал), хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Х-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал), гэрч Н.Б-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал), гэрч Б.Тийн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ӨМГ0725/154 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ӨМГ0725/261 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ӨМГ0825/001 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 62-64 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ӨМГ0825/008 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 69-71 дэх тал) болон шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Х-ын биед дух, баруун хөмсөг, зүүн нүдний дотор хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чих, баруун шуунд цус хуралт, баруун шуун зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ӨМГ0725/154 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дахь тал)-ээр,
Шүүгдэгч М.Х-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-ын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хамрын салстад шарх бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ӨМГ0725/261 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дахь тал)-ээр тус тус тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогч нарын биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ц.Б нь хохирогч М.Х-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, шүүгдэгч М.Х нь хохирогч Ц.Б-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ц.Б нь хохирогч М.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч М.Х нь хохирогч Ц.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд хохирогч Ц.Б, М.Х нар нь шүүхэд хандан “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ илэрхийлж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс Ц.Б, М.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул батлуулах саналтай байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.Б, М.Х нар нь хэлэх зүйл байхгүй гэх,
Хохирогч Ц.Б, М.Х нар нь бие биеэсээ нэхэмжлэх зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ц.Б, М.Х нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон бөгөөд шүүгдэгч нарын гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, М.Х нарт тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, М.Х нарт шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Ц.Б, М.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б, М.Х нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, М.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Ц-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б овгийн М-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, М.Х нарт тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, М.Х нарт шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, М.Х нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Б, М.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б, М.Х нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Б, М.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ