Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/036

 

М.Бод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Орлогч прокурор *******

Хохирогчийн төлөөлөгч Д.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******

Шүүгдэгч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нарын хамтран гаргасан тус тус давж заалдах гомдлуудаар М.Бод холбогдох эрүүгийн 1914004960311 дугаар хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, М.Б, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн нутагт Д.Сг алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Быг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Быг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч М.Бод оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Бын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 570 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч М.Боос нийт 2275160 төгрөг гаргуулж, хохирогч Д.Эд 745160 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******т 1530000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Д.Э нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 , 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гандсан цайвар ногоон өнгийн даавуун дотоожны уранхай хэсэг 1 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, СД нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, аймгийн цагдаагийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талийгаачийн гавлын яс, нуруу, аарцаг, дунд чөмөг, шилбэ, шаант яс, тахилцуур зэрэг холбоотой яснууд, гарын сарвууны жижиг яс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Эд олгож, шүүгдэгч М.Бын эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч М.Бод хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний бие нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс 10 жил хорих ялаар шийтгэснийг зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд дараах байдлаар гомдол гаргаж байна.

С ах бид хоёр 2018 оны 7 сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан, Баян-Овоо сумуудын нутгаар залгаа болох Хотил тарваганатай гэх газраар отроор нутаглаж байсан Г гэх айлд миний мал байсан тэднийхээс С ахад хүнс авч өгөх зорилготой Баянхонгор аймгаас мотоциклтой хамт явсан. Тэгээд жижиг хөх толгойд 1 дэлгүүрээс 0.75 граммтай 3 шил архи аваад би мотоциклоо жолоодож явсан. Замдаа зогсоод архи ууж явсаар Нарийний гүүр орох гэж явтал дугуй хагарч, Нарийний гүүрэн дээр дугуйгаа нөхөөд цаашаа явахаар хөтлөхөд харанхуй болсон тул гэрэл тавиад би мотоцикль жолоодож явсан. Гүүрнээс цааш 15 орчим км яваад замаас зүүн гар тал руугаа салж, хайж эхэлсэн айлаа олохгүй төөрч явсаар миний толгой эргэж аль чигт хаашаа яваагаа мэдэхээ больсон. Ингээд хоёулаа айлаа олж чадахгүй болохоор нь ямар ч хамаагүй айл байвал очъё гээд ойролцоогоор 50-60 км цагийн хурдтай явж байтал гэрэлд нүх шиг юм уу харанхуй зүйл ороод ирэхээр нь цочоод гар тоормос атгатал мотоцикль урагш годройтож унасан. Тухайн үед мотоциклийн хөл тоормос ажиллахгүй байсан. Ингээд хэр хугацаа өнгөрснийг мэдэхгүй, намайг ухаан ороод сэрэхэд хамт байсан С ах нас барчихсан амьгүй байдалтай байсан. Дээрх болсон явдлыг анх Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн ахлах ахлагч Цэрэннадмид гэх хүнд дээрх болсон явдлыг бүгдийг үнэн зөвөөр хэлж мэдүүлсэн. Тухайн үед Цэрэннадмид гэх цагдаа нь за чи намайг цагдаа гэж бодолгүй, байцаалт өгч байна гэж бодох хэрэггүй, болсон явдлыг үнэн зөвөөр нь надад яриатах, би сонсож байгаад чамд аль болох тус болох талаас нь хандая гэж хэлсэн. Би дээрх болсон явдлыг ярьсан бөгөөд мотоциклийг би жолоодож яваад унагаж, ийм осол болсон тухай хэлэхэд за чи нэгэнт хугацаа алдаж ийм байдалд хүрсэн юм чинь мотоциклийг нь би жолоодож явсан гэж хэлж хэрэггүй, би араар нь суугаад архи уугаад явж байсан гэж хэлээд зүтгэчих, энэ л чамайг аварна шүү харин чи хэлсэн үгнээсээ яасан ч буцаж болохгүй гэж хэлж өгсөн. Мөн 2018 оны 7 сарын 17-ны өдөр Баянцагаан сумын 2 дугаар багийн нутаг Аргалант гэх газар явж байгаад унаж явсан мотоциклийн обудны шарк нурж цааш явах боломжгүй болсон тул явганаар цааш холгүй явж байтал манай нутгийн хүргэн болсон бид нар Одгоо гэж дууддаг Эрдэнэмөнх гэх залуутай чөдөртэй морио аваад явж байхад нь тааралдаж, мөн дээрх болсон явдлыг хэлж мотоциклиос унаад араар сууж явсан хүн нас барсан тухай хэлж тусламж гуйхад би танд түлхүүр багаж авчирж, эвдэрсэн шаркыг чинь сольж тус болъё, өөрөөр зүйлээр тус болж чадахгүй гэж хэлээд гэр лүүгээ явж түлхүүр багаж авчирч, эвдэрсэн шаркыг сольж өгсөн. Ийм учир дээрх хоёр хүн цагдаагийн ахлах ахлагч Цэрэннадмид, иргэн Эрдэнэмөнх нараас гэрчийн мэдүүлэг авахуулах болон тухайн үед унаж явсан мотоциклийг олж, мотоцикльны зүүн гар, өвдөгний хамгаалалтын зүүн тал, ачаа гэх мэт эд ангиудаас одоо ч эвдрэлийн ил мөр, шинж тэмдгүүд тогтоогдох боломжтой тул мотоциклийг олж эвдрэлийг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нар тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолыг гардаж аваад эс зөвшөөрөн дараах гомдлыг гаргаж байна.

Учир нь шүүхээс М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн нутагт хохирогч Д.Сд гавал ясны зүүн хэсэгт гэмтэл үүсгэж уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан болох тогтоогдсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар түүнд 10 жилийн хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн.

Гэтэл М.Б нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй өөрөөр хэлбэл шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж үзэж байна.

Учир нь шүүх зөвхөн шүүгдэгч М.Бын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, зөрүүтэй мэдүүлэг өгсөн шинжээч Т.Чимэд-Очирын мэдүүлэг өөрөөр хэлбэл шүүгдэгчийг яллаж болох энэ мэдүүлэгтэй холбож хууль зүйн дүгнэлт хийсэн.

Мөн шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт болох шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч нарын тайлбар хоорондоо харилцан зөрүүтэй, хохирогчийн үхлийн шалтгааныг өөрөөр тогтоосон байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахуйц шинжээч Т.Чимэд-Очирын мэдүүлэгийг үндэслэл болгож, шүүгдэгчид ашигтай бусад баримтыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.

Хэрэгт авагдсан харилцан зөрүүтэй эдгээр нотлох баримтын тухайд тэдгээрийн үнэн зөв байдлыг тал бүрээс нь дүгнэж үзэн үнэлэлт дүгнэлт өгөх ёстой байсан.

Иймд өмгөөлөгчийн зүгээс хэрэгт авагдсан дараах баримтыг үндэслэн шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Үүнд

1. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 70 дугаар дүгнэлт: Д.Сн гэх гавлын ясны дагзны зүүн дээд хэсгээс суурь ясны зүүн ар хонхрын голоор гарч чулуулаг ясны гадна талаар үргэлжилж турк эмээлийн доогуур хөндлөн гарч баруун дунд хонхрын чулуулаг яс дотор хэсэг хүрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15- ны өдрийн 1229 дугаартай дүгнэлт: шинжилгээгээр тогтоогдсон баруун чамархайгаас баруун чулуулаг яс хүрсэн шугаман хугарал гэмтэл нь нас барахаас нэг жилээс дээш хугацааны өмнө үүссэн байх боломжтой, зүүн зулайн ясны ар доод хэсгээс дагз яс, дагзны зүүн арын хонхор дайрч дагзны хугарал бөгөөд зөөлөн эд үгүй тул нас барахаас өмнө болон хойно үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна.

3. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 26- ны өдрийн 569 дугаартай дүгнэлт: М.Бын биед зүүн чамархайд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна зэрэг нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд Б болох амь хохирогч 2 т учирсан гэмтэл нь биеийн толгой хэсгийн зүүн талд учирсан гэмтэл нь биеийн толгой хэсгийн зүүн талд учирсан байгаа нь зам тээврийн осол гарсан байх боломжтой. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харахад гэрч *******, *******, *******, ******* нарын мэдүүлэгт М.Бын нүүрний нэг тал нь зулгарч хавдаад цус гоожоод хатчихсан, мотоциклоос унасан, унасан талаар хэлсэн тухай тус тус мэдүүлэг өгсөн байдаг.

4. Мөн шүүгдэгч М.Бын унаж явсан мотоцикльд гэрчүүдийн эргэлзээтэй мэдүүлгээр эвдрэл гэмтэл үүсээгүй гэж шүүх дүгнэсэн байх боловч мотоциклийг олж тогтоогоогүй, үзлэг хийгээгүй учраас зайлшгүй мотоциклийг олж тогтоох зохих үзлэг шалгалтыг хийх шаардлагатай. Мөн мотоциклийг худалдсан худалдан авсан хүмүүсийн хоорондын мотоциклийн үнийг хэрхэн яаж өгөлцөж авалцсан нь тогтоогдох юм бол уг мотоцикпь олдох түүнд үзлэг хийх боломжтой болох юм.

5. Шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт осол болсны дараа өөрийн нутаг гэх Бөмбөгөр сумын харьяат Одгоо буюу Эрдэнэочир гэх залуутай тааралдаж өөрөө мотоциклоо жолоодож яваад унаж хүн нас барсан талаар ярьж улмаар мотоциклийн эвдрэлээ засуулаад явсан гэх мэдүүлгийг өгсөн боловч анхан шатны шүүх огт анхааралгүй шийдвэрлэсэн. Нөгөө талаар Б 2019 оны 9 дүгээр сард Улаанбаатар хот Сонгионхайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очсоноор баривчлагдан ирсэн. Харин Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж хэв журмын цагдаа Цэрэннадмид гэх хүнд би 2018 онд согтуу мотоцикль жолоодож яваад осолд орж хамт явсан хүн маань нас барсан юм. Тэгээд айгаад наашаа хүрч ирсэн юм. Аймгийн цагдаа намайг эрэн сурвалжилж байгаа гэсэн хэн гэдэг хүнтэй уулзах вэ гэж асууж байсан талаар ярьсан. Гэвч мөн л анхааралгүй ял шийтгэл оногдуулсан.

6. Анхан шатны шүүхээс хүн алсан гэж гэм буруутайд тооцохдоо хоорондоо зөрүүтэй мэдүүлэг шинжээчийн дүгнэлтүүдийг шийтгэх тогтоолын үндэслэлээ болгосон. Үнэхээр хүн алсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Тэгэхээр хэргийн мөрдөн байцаалтад буцааж дээрх ажиллагаануудыг хийлгэх шаардлагатай байна..

Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дах хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа дахин хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

Орлогч прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Бид нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлынхоо байр суурийг өөрчилж, тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Прокуророос “М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн нутагт Д.Сг алсан” гэж, анхан шатны шүүх “гавал ясны зүүн хэсэгт гэмтэл үүсгэж уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан” гэж гэмт хэргийн үйл баримтыг тус тус тогтоосон хэдий ч давж заалдах шатны шүүх “шүүгдэгч М.Б нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр, согтуугаар Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн нутагт амь хохирогч Д.Сн зүүн зулай ясны ар доод хэсгээс дагз яс, дагзны зүүн арын хонхор дайрч дагзны том нүхний зүүн хэсэг хүрсэн шугаман хугарал, хоёр нүдний дээд хананы хугарал, баруун чамархайгаас баруун чулуулаг яс хүрсэн шугаман хугарал үүсгэж, амь насыг нь хохироож улмаар цогцсыг газарт булсаныг цагдаагийн байгууллага 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр олж тогтоосон” гэж гэмт хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд гэмт хэргийн үйл баримтыг тодруулан бичив.

Дээрх үйл баримт нь мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 246-250 талд авагдсан “... 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ...1 шил архиа бараг хувааж уугаад дуусгасан. ...би араар сууж явсан. ... би авч явсан архиа амаар нь уугаад явж байснаа санаж байна. ...харанхуй, болчихсон юм харагдахгүй байсан. ...миний ар талд 5-6 метр зайд мотоциклийг данхраадаад босгочихсон ...мотоциклийн хойд талд 1-2 метр зайнд Д.С ах газар биеийнхээ зүүн талаар атираад хэвтчихсэн ... дээлийнхээ бүсийг тайлаад дээлийнхээ зарим хэсгийг дэвсээд, зарим хэсгээр нь бүтээгээд хэвтчихсэн харагдсан. ... гэрэл тусгаад дээлийг нь сөхсөн чинь түүний хамар, амнаас нь цус гараад газар нь боролчихсон...баруун гартаа мотоциклийн түлхүүр атгачихсан байсан. ...түүнийг нас барчихсан болохоор... цогцосыг...элсээр нь далдлаад, гутал хувцсыг нь дээлэнд нь боогоод цогцосноос 10 орчим метрийн хажууд бутны оройд тэмдэг болгож тавиад аймаг руу явсан. ...Дашзэвэг гэж байсан ...мотоциклийг аваадах гэж...гуйж байгаад мотоциклио 400.000 төгрөгөөр зарж, ...Улаанбаатар хотод очсон...” гэх шүүгдэгч М.Бын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 77-79 дүгээр талд авагдсан”... Бод мотоциклийг Д.С айхын хашаанд аваачаад тавьчих гээд... мотоциклио өгч явуулсан...” Иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 28-30, 95-98 талд тус тус авагдсан “...2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр М.Б нь ... Д.Сн хамт яваад түүнээс хойш ирээгүй ор сураггүй болсон... гэх гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 106-111, 113-116 дугаар талд тус тус авагдсан “...2018 оны 7 дугаар сарын 17, 18-ны үед манайхыг Баянцагаан сумын 2 дугаар баг “Хар аргалант” уулын ард байдаг “Цагаан хамар” нэртэй газарт нутаглаж байхад орой 18-19 цагийн үед ганцаараа мотоциклтой ирсэн... түүний нүүрний нэг тал нь шалбараад цус гарчихсан, чихэн дотор нь цус хатчихсан, дээл хувцас нь бас болчихсон мотоциклоосоо уначихсан гэж ярьж байсан...” талаар мэдүүлсэн гэрч *******, *******, *******, ******* нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,

1 дүгээр хавтаст хэргийн 170-173 дугаар талд авагдсан “...зүүн зулай ясны ар доод хэсгээс дагз яс, дагзны зүүн арын хонхор дайрч дагзны том нүхний зүүн хэсэг хүрсэн шугаман хугарал нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт, хоёр нүдний дээд хананы хугарал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун чамархайгаас баруун чулуулаг яс хүрсэн шугаман хугарал нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. “... мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 70 тоот дүгнэлтийн 2-р хэсэгт гавлын ясны дэгзны зүүн дээд хэсгээс суурь ясны зүүн ар хонхрын голоор гарч чулуулаг ясны гадна талаар үргэлжилж турк эмээлийн доогуур хөндлөн гарч баруун дунд хонхрын чулуулаг яс дотор хэсэг хүрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо гэсэн саналтай санал нийлэхгүй байна.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар толгойн ясанд хийсэн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн № 1229 дугаар дахин дүгнэлт,

Дүгнэлтийн бусад хэсгүүдтэй санал нийлж байна. ..” гэх гавлын ясанд дахин дүгнэлт гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1229 дүгээр дүгнэлт, энэ дүгнэлтийг гаргахад оролцсон шинжээч эмч Г.Чимэд -Очирын “...гавал ясанд учирсан шинэ гэмтлийн улмаас нас барах боломжтой...” гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг/ 1 дүгээр хавтаст хэргийн 189 дүгээр хуудас/ болон хэргийн газрын үзлэг хийсэн болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтуудын хүрээнд хэргийн нөхцөл байдалд “...шүүгдэгч М.Б нь хохирогч Д.Стай... архидан согтуурсан, тухайн цогцос нь хохирогчийнх мөн болохыг тогтоосон, хохирогчид ...хүнд гэмтэл учруулсан... мотоцикл босоогоороо болон амь хохирогчийн гарт түлхүүр байх боломжгүй, мотоцикль эвдрээгүй, хувцаст урагдал үүсгээгүй ...Д.Сн нас барсан нөхцөл байдал нь шүүгдэгч М.Бын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой...хохирогчийн гавлын ясанд учирсан хүнд гэмтэл нь ...хүн алах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан” гэж дүгнэлт хийж шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн нөхцөл байдлыг сэргээн тогтооход шүүгдэгч М.Бын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд шууд нотлох баримт болох хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-д заасны дагуу “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2.3-д “ сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” тул хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх “шүүгдэгч М.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэж, тухайн зүйл ангид заасан хорих ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож шийтгэснийг, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг давж заалдах шатны шүүх харгалзан хорих ялын доод хэмжээгээр буюу найман жилийн хугацаагаар хорих ял болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хөнгөрүүлэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ өөрчилж “шүүгдэгч М.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул хорих ялын доод хэмжээгээр хорих ялыг оногдуулна уу” гэх тайлбар болон саналыг тус шүүх хуралдаанд гаргасан болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2

2.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9

дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Быг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг,

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Быг найман жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтад “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч М.Бод оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг,

“ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус заасныг баримтлан шүүгдэгч М.Бод оногдуулсан найман жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч М.Б нь хохирогчийн төлөөлөгч Д.Эд 745.160 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******т 1.000.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч М.Бын 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 73 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР

Л.НЯМДОРЖ