Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0282

 

  

 

    2023         03            27                                        128/ШШ2023/0282

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ч*******” ХХК /РД:5*******/,

Хариуцагч: И******* шалгаруулалтын үр дүнгээр гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах мэдэгдлийг цуцалсан маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзол нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Иргэний нисэхийн ерөнхий газраас “Ч*******” ХХК-д “Баян-Өлгий аймгийн Өлгий сум дахь “Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажил” хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЗТХЯ/202212060 дугаартай тендерт шалгарсан тул гүйцэтгэгчээр шалгаруулж, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1671 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлсэн байна.

          2. Иргэний нисэхийн ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Ч*******” ХХК-д хүргүүлсэн “Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл цуцлах тухай” 01/1967 дугаар албан бичгээр “Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан "Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, барилга байгууламжийн жагсаалт"-ын ХV 3.1.3-д “Өлгий” нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажлын батлагдсан төсөвт магадлал хийлгэх ажлыг зохион байгуулж байгаа тул танайд хүргүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1671 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг цуцалж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.

          3. Дээрх актыг эс зөвшөөрч “Ч*******” ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 247 дугаар албан бичгээр Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан байх ба “...Тендер шалгаруулалтын тендерийн хүчинтэй байх хугацаа 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дуусаж, тендер шалгаруулалт хүчингүй болсон байх тул танай гомдлыг тус яам хянан үзэх боломжгүй...” гэсэн хариуг Монгол Улсын сангийн яамны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03/8047 дугаар албан бичгээр өгчээ.

          4. Улмаар нэхэмжлэгч “Ч*******” ХХК нь “Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл цуцлах тухай” 01/1967 дугаар албан бичгийг хүчингүй болгож, тус газраас зарласан Баян-Өлгий аймгийн Өлгий сум дахь “Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажил” хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЗТХЯ/202212060 дугаартай тендерт ялагчаар шалгарсан “Ч*******” ХХК-тай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

          5. Нэхэмжлэгч “Ч*******” ХХК-ийн төлөөлөгч Б.М******* бичгээр гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэний нисэхийн Ерөнхий газраас  2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сум дахь “Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажил”-ыг 2,515,300,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЗТХЯ/202212060 дугаартай тендер зарласан. Тухайн тендерт манай компаниас тендерийн урилгад заасан нөхцөл журмын шаардлага хангасан бичиг баримт боловсруулаад захиалагчид хүргүүлсэн.

Ингээд Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1671 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгээр манай байгууллагын ирүүлсэн тендер хамгийн сайн үнэлэгдэж шалгарсан. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасныг үндэслэн гүйцэтгэгчээр шалгарлаа гэсэн мэдэгдэл ирсэн. Энэ мэдэгдлийг хүлээн авснаас ажлын 6 хоногийн дараа тендерийн баримт бичгийн шаардлагын дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлэн тус газрын Хөрөнгө оруулалт, захиалагчийн албанд ирж гэрээ байгуулна уу гэсэн захиалагчийн шийдвэр ирсэн. Үүний дагуу манай компани гүйцэтгэлийн баталгаа гаргах байсан. Гүйцэтгэлийн баталгаагаа гаргаж өгсөн. Ажлын 6 хоног нь хагас бүтэн сайнаа хасахаар 2022 оны 10 дугаар сарын эхээр дууссан. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 74,425,194 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг Хаан банкаар гаргуулан захиалагчид хүргүүлсэн. Гэрээ байгуулах тухай мэдэгдэл ирүүлснээс хойш захиалагч манай компанитай холбогдохгүй байсан тул бид 2022 оны 10 дугаар сард 2, 3 удаа очиж тодруулахад манай Ерөнхий газрын дарга гадаад явсан, гэрээнд гарын үсэг зурах хүн байхгүй байна гэсэн хариу өгч байсан. Манайх тухайн тендерт шалгарсан учраас гэрээ байгуулах, ажлаа эхлэх сонирхолтой байсан. Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр буюу эрх олгосон мэдэгдэл гаргаснаас хойш үндсэндээ 40 хоногийн дараа Иргэний нисэхийн Ерөнхий газар ирж уулз гэж мэдэгдсэн. Тухайн үед “Ч*******” ХХК-ийн захирал Б.М******* Ховд аймагт явж байсан учраас өөрийн хүү М.Ц*******ийг “очоод уулзаадах, гэрээ байгуулах гэж байх шиг байна” гээд явуулсан. Тэгтэл захиалагчийн зүгээс “танайх тендерийн саналд ирүүлсэн мөнгөн дүнгээр  ажлаа хийж чадах юм уу, чадна гэсэн баталгаа бичиж өг” гэж хууль бус шаардлага тавьсан. Захиалагчид бичгээр баталгаа гаргана гэж байхгүй. Тендерийн баталгаа бол тендерийн материалд ирүүлсэн тухайн ажлыг үнийн дүнгээр хийнэ гэсэн баталгааг л хэлнэ. Тендерт ирүүлсэн материалыг харж шалгаруулчхаад дахиад баталгаа гаргаж өг гэдэг нь хууль бус. Тухайн үед би энэ талаар мэдэхгүй, компанийг бүрэн төлөөлөх эрхтэй хүн биш гээд явсан байдаг. Гэтэл Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/1967 тоот албан бичгээр “Ч*******” ХХК-ийг тендерт шалгаруулсныг мэдэгдсэн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1671 тоот мэдэгдлийг цуцалсан гэдэг мэдэгдэл шуудангаар ирүүлсэн. Энэ актын гол агуулга нь баталсан төсөвт магадлал хийх ажлын зохион байгуулж үр дүнг 2022 оны 11 дүгээр сард багтаан ирүүлэх үүрэг өгөгдсөний дагуу холбогдох ажлыг зохион байгуулан танай байгууллагатай уулзаж, тухайн үнийн саналд туссан хөрөнгөөр барилга угсралтын ажлыг 100 хувь дуусгаж өгөх баталгаа гаргаж чадах эсэх талаар тодруулахад тодорхой шийдэлд хүрээгүй, барилгын материалын суурь үнэ өдөр ирэх тусам өсөж байгаа тул баталгаа гаргаж өгөх боломжгүй гэдэг хариу өгсөн. Иймд танайд хүргүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1671 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг цуцалж байгааг үүгээр мэдэгдэж байна гэсэн байсан. Захиалагчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1671 тоот гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг цуцалсан захиргааны акт нь “Ч*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр байгаа. “Ч*******” ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн болон орон нутаг, төсвийн хөрөнгө оруулалтаар барилга угсралтын олон ажил гүйцэтгэж ирсэн бөгөөд ашгийн төлөө компани байгаа. Иргэний нисэхийн Ерөнхий газраас зарласан 2,515,300,000 төгрөгийн тендерийн ажлыг гүйцэтгэх эрх олохын тулд захиалагчийн тавьсан шаардлагад нийцүүлэн бичиг баримтаа бүрэн боловсруулж, ялагчаар шалгарч ажил гүйцэтгэх эрх олгосон мэдэгдэл авсны дараа бид 2022-2023 онд тодорхой хэмжээний ажил гүйцэтгэж, орлого олох боломжтой боллоо гэсэн ойлголттой байсан. Гэтэл хүчингүй болсноор манай компани тухайн ажлыг гүйцэтгэх боломжгүй болоод өөрийн үндсэн үйл ажиллагаа болох барилга угсралтын ажил гүйцэтгэхгүй болж, ажилчдын цалин хөлс, орлого олох боломжгүй болсон. Иргэний нисэхийн Ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хууль бус захиргааны актыг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн актад 11 дүгээр сарын 16 өдөр гомдол гаргасан. Сангийн яам 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хариу ирүүлсэн. Хариундаа “дээрх тендер шалгаруулалтын тендерийн хүчинтэй хугацаа 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дууссан байх тул танай гомдлыг хянан үзэх боломжгүй гэдэг хариу өгсөн. Үндсэндээ захиалагчийн хууль бус шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр буцаасан. Тендерийн хүчинтэй байх хугацаа дуусахад манай компанийн зүгээс ямар ч буруу байхгүй. Тендерийн хүчинтэй байх хугацаа 2022 оны 10 дугаар сарын 24 өдөр дууссан. Гэтэл манайд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргаад мэдэгдсэн. Гэрээ байгуулах боломжтой бүтэн 30 хоногийн хугацаа байсан. Захиалагч талын хууль бус үйлдлээс болоод гэрээ байгуулалгүй хугацаа дууссан. Захиалагчийн зүгээс манай компанийг шалгаруулсан тухай өөрийн шийдвэрээ хүчингүй болгосон үндэслэлээ юу гэж тайлбарладаг гэхээр барилгын материалын суурь үнэ өссөн. Тухайн тендерийн ажлын төсөвт магадлал хийгээд үнэ өсөх магадлалтай байгаа учраас гээд манай байгууллагатай гэрээ байгуулалгүй хүчингүй болгосон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар захиалагч манай компанийг ялагчаар шалгаруулсан бол ажлын 6-аас доошгүй хоногт багтаан гэрээ байгуулах үүрэгтэй. Барилгын материалын суурь үнэ өссөн, ажлын суурь үнэ нэмэгдэхээр байгаа бол гэрээ байгуулчхаад ард талд нь гэрээндээ тохируулга хийгээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2 дахь хэсэгт зааснаар суурь үнэ өссөн талаар ажил гүйцэтгэх гэрээнд тохируулж асуудлыг шийдэх бүрэн боломжтой байсан. Ийм учраас бид Иргэний нисэхийн Ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрээ цуцалсан актыг хууль бус гэж гаргаж ирж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд бүх тендерээс татгалзах гэсэн зүйл 30 дугаар зүйлд байдаг. Тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгочхоод тэрийгээ үндэслэлгүйгээр хүчингүй болгох эрх болгосон зохицуулалт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд байхгүй. Захиалагч манай компанитай гэрээгээ байгуулчхаад тохируулгаа хийгээд үргэлжлүүлээд явуулах боломжтой байсан. Тийм учраас хууль бус гэж үзэж байгаа. Манай компанийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгосноор манайд эрх олгосон 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн актын үйлчлэл сэргэх ёстой. Бид нар яагаад даалгах шаардлага давхар гаргаж байгаа вэ гэхээр захиалагч тал манайхтай гэрээ байгуулах сонирхолгүй байгаа. 2023 оны 09 дүгээр сард ялагчаар шалгаруулчхаад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл гэрээ байгуулалгүй явсан. Хоёрдугаарт төсөвтөө магадлал хийсэн зэргээс харахад манай компанид эрх олгосон шийдвэрээ цуцалснаас хойш 2 сарын дараа буюу 2023 оны 01 дүгээр сард магадлал хийлгүүлсэн процесс явагдсан байдаг. Энэ хугацаанд гэрээ байгуулаад тохируулга  хийх бүрэн боломжтой байсан. Манайхтай гэрээ байгуулах сонирхолгүй байгаа учраас даалгах шаардлага гаргасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Баян-Өлгий аймгийн “Өлгий” Нисэх буудлын өргөтгөл, засварын ажлын төсвийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-аар 2,515,3 сая төгрөгөөр Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу Төсвийн дугаар UA-12/19. “Өлгий” Нисэх буудлын өргөтгөл засварын ажлын төсөв, Төсөвт өртгийн дүн 2,515,271,117 төгрөгөөр, улмаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-аар 4,495.3 сая төгрөгөөр, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу Төсвийн дугаар UA-08/22. “Өлгий” Нисэх буудлын зорчигч үйлчилгээний барилгын өргөтгөлийн барилгын ажлын төсөв, Төсөвт өртгийн дүн 4,592,887 981 төгрөгөөр тус тус батлагдсан байна.

Төсвийг 2022 онд батлахдаа материалын үнийг 2019 оны байдлаар, харин 2023 онд төсвийг батлахдаа материалын үнийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний зах зээлийн дундаж үнийн судалгаа, зарим үнийг 2023 оны 01 дүгээр сарын байдлаар тооцсон байна. Ийнхүү материалын үнийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлийн дундаж үнийн судалгаа болон зарим үнийг 2023 оны 01 дүгээр сарын байдлаар тооцсон нь үндэслэлтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь эс зөвшөөрч байгаа. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасан. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн уулзсан асуудал, 11 дүгээр сарын 11-ний өдрийн маргаан бүхий актыг хүчингүй болголоо гээд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан. Хавтаст хэрэгт талуудын зүгээс тендерийн хүчинтэй байх хугацаанд ажлын 6 өдрийн дотор талууд хэн ямар арга хэмжээ авч байсан нь авагдаагүй, хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй. Өөрөөр хэлбэл өнөөдөр 11 дүгээр сарын 11-ний өдрийн захиргааны акт гэж үзээд байгаа албан бичгийг хүчингүй болголоо гээд гэрээ байгуулахыг даалгалаа гээд тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан. Яагаад хөөн хэлэлцэх хугацаандаа, тендерийн хүчинтэй байх хугацаандаа гомдол саналаа яриагүй юм бэ. Сангийн яам гомдлыг хянаж үзээд хүчинтэй байх хугацаа дууссан гэсэн. Гэрээ байгуулах эрх олгох тухай 11 дүгээр сарын 11-ний өдөр дурдагдаад байгаа одоо улсын төсвөөс 4.5 тэрбум төгрөгөөр батлагдаад байгаа асуудал хурцаар тавигдана. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ч бай, компани өөрийн хөрөнгөөр ч бай тендертэй холбоотой барилгын ажил маш удаашралтай байна. Одоогийн явж байгаа нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй ч гэсэн шүүхэд тодруулах үүднээс хэлэхэд Иргэний нисэхийн ерөнхий газрын хашаанд 2011 оны тендерт шалгараад баригдаж эхэлсэн барилга өнөөдрийн байдлаар ашиглалтад ороогүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хэрэг үүсгэсэн, анзын асуудлаа шаардаад явж байгаа. 2011 онд гэрээ байгуулсан, Иргэний нисэхийн Ерөнхий газраас бүх санхүүжилт олгосон байдаг. Энэ асуудлаас сэргийлж захиалагчийн зүгээс нэхэмжлэгчтэй уулзалт хийсэн байхыг үгүйсгэхгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар өмнө нь 2,5 тэрбум байсан бол өнөөдрийн байдлаар 4,5 тэрбум төсөвтэй болчихсон. Хаа хаанаа асуудал байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд 29 дүгээр зүйлийн 29.2-т ажлын 6-аас доошгүй хоногт багтаан гэрээ байгуулах тухай л заасан. Энэ хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд  нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь.

1. Нэхэмжлэгч “Ч*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Ч*******” ХХК-д хүргүүлсэн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 01/1671 дугаар албан бичгээр “тус газраас зарласан Баян-Өлгий аймгийн Өлгий суманд “Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажил хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЗТХЯ/202212060 дугаартай тендерт танай байгууллагын тендер нь бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангаж, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасныг үндэслэн гүйцэтгэгчээр шалгарлаа. Гэрээ байгуулах үнэ 2,480,839,776.00 төгрөг. Энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 6 хоногийн дараа тендерийн баримт бичгийн шаардлагын дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлэн тус газрын Хөрөнгө оруулалт, захиалагчийн албанд ирж гэрээ байгуулна уу” хэмээн мэдэгдсэн, энэхүү гэрээ байгуулах эрх олгосон үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүйг дурдах нь зүйтэй.

3. Харин хуульд заасан цаг хугацаанд буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. “гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасны дагуу захиалагч /хариуцагч/ Иргэний нисэхийн ерөнхий газар, “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогч, гүйцэтгэгч /нэхэмжлэгч/ Ч*******” ХХК-ийн хооронд “гэрээ” байгуулагдаагүй байна.

4. Улмаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас зарласан ЗТХЯ/202212060 дугаартай Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын тендерийн хүчинтэй байх хугацаа 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дууссан байна.

5.  Иргэний нисэхийн ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл цуцлах тухай” 01/1967 дугаар албан бичгээр “... гэрээ байгуулагдах явцад Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас 2021 оны 01 дүгээр сард магадлал хийснээс хойш төсвийн цалингийн шинэчлэл, барилгын материалын үнэ, инфляцийн өсөлт зэргийг харгалзан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй болон хэрэгжих төсөл арга хэмжээний баталсан төсөвт магадлал хийх ажлыг зохион байгуулан үр дүнг 2022 оны 11 дүгээр сард багтаан ирүүлэх үүрэг өгөгдсөний дагуу холбогдох ажлыг зохион байгуулан танай байгууллагатай уулзаж тухайн үнийн саналд туссан хөрөнгөөр барилга угсралтын ажлыг 100 хувь дуусгаж өгөх баталгаа гаргаж чадах эсэх талаар тодруулахад тодорхой шийдэлд хүрээгүй, барилгын материалын суурь үнэ өдөр ирэх тусам өсөж байгаа тул баталгаа гаргаж өгөх боломжгүй хариу өгсөн.

Иймд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, барилга байгууламжийн жагсаалт”-ын ХV 3.1.3-д “Өлгий” нисэх буудлын өргөтгөлийн барилга /Баян-Өлгий, Өлгий сум/-ын ажлын батлагдсан төсөвт магадлал хийлгэх ажлыг дээрх шаардлагын дагуу зохион байгуулж байгаа тул танайд хүргүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1671 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг цуцалж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэх шийдвэрийг гаргаж, “Ч*******” ХХК-д хүргүүлжээ.

6. Дээрх захиалагчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/1967 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Гомдол гаргах тухай” 247 дугаар албан бичгээр Сангийн яаманд хандаж, “...тендер шалгаруулалтын тендер хүчинтэй байх хугацаа дуусаж, тендер шалгаруулалт хүчингүй болсон байх тул танай гомдлыг тус яам хянан үзэхгүй” гэх хариуг авснаар шүүхэд “захиалагчийн 2022 оны 01/1967 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, гэрээ байгуулахыг даалгах” шаардлагыг гарган  Тодорхойлох хэсгийн 5-д заасан үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

7. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн шалгарсан тендер нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжин хэрэгжих ажил байсан, түүнчлэн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 090/2020 дугаар барилга байгууламжийн зураг төслийн Магадлалын нэгтгэсэн дүгнэлтээр Баян-Өлгий аймаг, Өлгий хот, “Баян-Өлгий аймгийн нисэх онгоцны буудал”-ын өргөтгөл засварын ажлын /ШИФР:UA-12/19/ нийт төсөвт өртгийг 2,515,271,117.0 /хоёр тэрбум таван зуун арван таван сая хоёр зуун далан нэгэн мянга нэг зуун арван долоо/ төгрөгөөр хянасан байсан ба,

 Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг мөн хуулийн 2 дугаар хавсралтаар баталж, уг 2 дугаар хавсралтын Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийн жагсаалтын XV.3.1.3 Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилга /Баян-Өлгий, Өлгий сум/ эхлэх хугацаа 2022, дуусах хугацаа 2023 Төсөвт өртөг 2,515.3 сая төгрөг, санхүүжүүлэх дүн 1,000.0 сая төгрөг гэж хуульчлагдсан,

8. Уг хуульд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр болон 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулга орсон ба 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн нэгдүгээр хавсралт ёсоор ХV.3 Тээвэр, ХV.3.1 Барилга байгууламж, XV.3.1.3 Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилга /Баян-Өлгий, Өлгий сум/ эхлэх хугацаа 2022, дуусах хугацаа 2023 Төсөвт өртөг 2,515.3 сая төгрөг, санхүүжүүлэх дүн 500.0 сая төгрөг гэж өөрчлөлт орсон байна.

9. Төсвийн тухай хуулийн 291 дүгээр зүйлд төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд тавигдах шаардлагыг зохицуулсан, энэхүү зүйлийн 291.2.2. “барилга байгууламжийн хувьд Барилгын тухай хуулийн 4.1.30-д заасан зураг төсөл болон сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан төсөвтэй байх” /энэ заалт нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэгдсэн, мөн оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулагдсан/ гэж заасны дагуу маргаан бүхий энэ тохиолдолд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжин хэрэгжих тендер шалгаруулалтаар  гүйцэтгэгдэх ажлын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 090/2020 дугаар барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлтээр баталгаажсан төсөв нь “сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн” байх шаардлагад нийцэхгүй болсон байна.

10. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу мөн хуулийн 2 дугаар хавсралтад зааснаар Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийн жагсаалтын ХIII.3. Тээвэр, ХIII.3.1 Барилга байгууламж, ХIII.3.1.3. Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилга /Баян-Өлгий, Өлгий сум/ эхлэх хугацаа 2022, дуусах хугацаа 2024 Төсөвт өртөг 4,495.3 сая төгрөг, санхүүжүүлэх дүн 350.0 сая төгрөг гэж хуульчлагдсан ба үүний дагуу хариуцагч буюу захиалагчаас 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0015/2023 дугаар барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлтийн нэгтгэлээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар баг. “Өлгий” нисэх буудлын зорчигч үйлчилгээний барилгын өргөтгөл ажлын нийт төсөвт өртгийг 4,592,887,981.00 /дөрвөн тэрбум таван зуун ерэн хоёр сая найман зуун наян долоон мянга есөн зуун наян нэг/ төгрөгөөр хянуулан авсан байна.

11. Дээрхээс дүгнэхэд, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас зарласан Баян-Өлгий аймгийн Өлгий суманд хийж гүйцэтгэгдэх “Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажил хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЗТХЯ/202212060 дугаартай тендер”-ийн гэрээ байгуулах үнэ 2,480,839,776.00 төгрөг байхаар нийт төсөвт өртөг нь гарч хянагдсан, уг тендерт гүйцэтгэгчээр шалгарч захиалагчтай гэрээ байгуулах эрх авсан нэхэмжлэгч хуулийн этгээд нь захиалагчтай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасан хугацааны дотор гэрээ байгуулж чадаагүй, нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдаагүй үйл баримттай, гэрээ байгуулаагүй захиалагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй хамаатуулж маргаагүй, ийнхүү гэрээ байгуулагдаагүй ажиллагааг зөвхөн захиалагчийн буруу гэж дүгнэхэд учир дутагдалтай, хэргийг хэлэлцэж шүүхийн шийдвэр гарах энэ цаг хугацаанд Төсвийн тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2.“...сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан төсөвтэй байх”, түүнчлэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль батлагдаж, хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байгаа нь шүүхээс хууль дээдлэх зарчмыг зөрчих байдлаар хуучин буюу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 090/2020 дугаар барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлтээр баталгаажсан төсвөөр гэрээ байгуулахыг даалгах үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл байхгүй болно.

12. Нэхэмжлэгч талын “...барилгын материалын суурь үнэ өссөн, ажлын суурь үнэ нэмэгдэхээр байгаа бол гэрээ байгуулчхаад ард талд нь гэрээндээ тохируулга хийгээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2 дахь хэсэгт зааснаар суурь үнэ өссөн талаар ажил гүйцэтгэх гэрээнд тохируулж асуудлыг шийдэх бүрэн боломжтой байсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. Учир нь захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд “гэрээ” байгуулагдаагүй, гэрээний үнийг 2,480,839,776.00 төгрөг байхаар шүүхээс даалган шийдвэрлэлээ гэхэд үүний дараа ажил гүйцэтгэх гэрээний үнийг 4,592,887,981.00 байхаар нэмэлт оруулах эрх захиалагчид хуулиар үүсэхгүй юм.

13. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.6. “улсын төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх төсөл, арга хэмжээний ажлын тоо хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төсөвт өртгийг хуулиар нэмэгдүүлэн баталсан бол захиалагч магадлалын дүгнэлтэд үндэслэн тухайн ажил гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үнэ, ажлын тоо хэмжээг нэмэгдүүлэн баталсан төсөвт өртөгт багтаан нэг удаа өөрчилж болно” гэх заалтыг хариуцагч гэрээ байгуулагдаагүй маргаан бүхий энэ тохиолдолд хэрэгжүүлэх бүрэн боломжгүй байна.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төсвийн тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “Ч*******” ХХК-ийн, “Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл цуцлах тухай” 01/1967 дугаар албан бичгийг хүчингүй болгож, тус газраас зарласан Баян-Өлгий аймгийн Өлгий сум дахь “Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилгын ажил” хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЗТХЯ/202212060 дугаартай тендерт ялагчаар шалгарсан “Ч*******” ХХК-тай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   У.БАДАМСҮРЭН