| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/00472/И |
| Дугаар | 101/ШШ2023/02219 |
| Огноо | 2023-05-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2023/02219
2023 05 04 101/ШШ2023/02219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххххххх, 2-р давхар, Н капитал ББСБ ХХК-ийн /РД: 000000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххххххххтоот хаягт оршин суух, Б.н С /РД:00000000/,
Хариуцагч: ххххххххххххххххххх, 0 тоот хаягт болон хххххххххххххххххх тоот хаягт оршин суух, Ал.н Х /РД: ххххххххххх/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 44,100,041.37 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соронзонболд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н капитал ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Дашханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Соронзонболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н капитал ББСБ ХХК нь А.Х, Б.С нартай 2021 оны 10 сарын 26-ны өдөр хххххххххххх тоот зээлийн гэрээ байгуулан сарын 3,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 30,000,000 төгрөгийг зээлсэн.
Мөн 2021 оны 10 сарын 26-ны өдөр ххххххххххххх тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан дээр дурдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор А.Хгийн өмчлөлийн хххххххххххххххх тоот орон сууцыг барьцаалсан.
Зээлдэгч А.Х, Б.С нар 2021 оны 11 сарын 25-ны өдөр 1,458,000 төгрөг, 2021 оны 12 сарын 28-ны өдөр 1,530,000 төгрөгийн төлөлт хийсэн ба зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй.
Зээлдэгч А.Хтэй холбогдох арга хэмжээ авсан ч түүний сураг гарахгүй байсан тул ар гэрийнхнээс нь тодруулахад тэрээр хорих 407 дугаар ангид ял эдэлж байгаа гэсэн тул 2022 оны 12 сарын 02-ны өдөр очиж уулзан мэдэгдэл гардуулсан. Үүний хүрээнд А.Хгийн ар гэрийнхэн 2022 оны 12 сарын 29-ний өдөр 500,000 төгрөг төлсөн.
Хамтран зээлдэгч Б.Стай холбогдон зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардсан боловч шалтаг шалтгаан хэлж зээлийн төлөлт хийгдээгүй.
Хариуцагч А.Х, Б.С нар 2023 оны 01 сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 29,134,596.77 төгрөг, зээлийн хүү 12,471,203.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,494,240.77 төгрөг, нийт 44,100,041,37 төгрөг төлөх ёстой байсан. Уг 44,100,041.37 төгрөгөөс 2022 оны 12 сарын 22-ны өдөр төлсөн 500,000 төгрөгийг хасч тооцон 43,600,041.37 төгрөгийг хариуцагч А.Х, Б.С нараас гаргуулж, өгнө үү.
Зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох А.Хгийн өмчлөлийн ххххххххххх, 0 тоотын 15 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.С 2023.03.31-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.С нь Н капитал ББСБ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцан дараах тайлбарыг гаргаж байна. Миний хамтран хариуцагч А.Х бид хоёр 2021 оны 10 сарын 26-ны өдөр хххххххххххх тоот зээлийн гэрээ хийж 30,000,000 төгрөгийг зээлж авсан.
Зээлийн гэрээ байгуулахдаа барьцааны гэрээ байгуулж барьцаанд А.Хгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол, 21-р байрны 0 тоот өрөөг барьцаанд тавьсан.
Зээлийн гэрээний хугацаанд миний бие хамтран хариуцагч Б.С нь 2 удаагийн төлөлт 1,530,000 төгрөг, 1,485,000 төгрөг, нийт 3,015,000 төгрөг төлсөн. Уг төлсөн 3,015,000 төгрөгийг хүү болон үндсэн зээлний аль хэсгээс хасч тооцсон нь тодорхойгүй байна.
Мөн 2021 оны хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахал ковид 19 Монгол улсад гарсаны улмаас эдийн засаг сайжрахгүй байсан. Үүний улмаас зээл төлөх ажиллагааны хэвийн горим алдагдаж ирсэн. Энэхүү байдлаа ойлгож байна.
Мөн хамтран зээлдэгч Х.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдэж эрүүгийн шүүхээс 8 сарын хорих ял авсан ба одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа хорих 407 дугаар эмэгтэйчүүдийн хорих ангид хүмүүжиж байгаал 2023 оны 04 сарын 05-ны өдөр хугацаа нь дуусч хорих ангиас суллагдана.
Улмаар нэхэмжлэгч нь тухайн зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хариуцагч миний бие Б.С нь зээлийн гэрээний зөрчлийг арилгаж зээлийг үргэлжлүүлэн төлөх саналтай байгаа. Тэрнээс биш Н ББСБ-ыг хохироох хүсэл зорилго агуулаагүй болно гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Н капитал ББСБ ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
А.Х, Б.С нартай 2021 оны 10 сарын 26-ны өдөр байгуулсан хххххххххххх тоот зээлийн гэрээ, ххххххххххххх тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, барьцаалбар, зээл, зээлийн хүүгийн тооцоолол,
А.Хгийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол, 21-р байр, 8-р орц, 0 тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай 1 өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар болон уг хөрөнгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа,
А.Х, Б.С нарын иргэний үнэмлэхний хуулбар, А.Хгийн оршин суугаа хаягийн болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, А.Х Өрнийн хүлэг ХХК-д сургалт хариуцсан менежерээр сарын 1,200,000 төгрөгийн цалинтай ажилладаг тухай 2021 оны 10 сарын 26-ны өдрийн тодорхойлолт,
Н капитал ББСБ ХХК-ийн Хорих 407 дугаар ангид хүргүүлсэн 2022 оны 11 сарын 30-ны өдрийн 11/738 тоот болон 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 1/-9 тоот хүсэлт,
Зээлдэгч А.Хд хүргүүлсэн 2022 оны 11 сарын 30-ны болон 2023 оны 01 сарын 04-ний өдрийн зээл төлөх тухай мэдэгдэх хуудас,
Н капитал ББСБ ХХК-ийн А.Х, Б.С нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 сарын 15-ны өдрийн 29603 дугаар бүхий захирамжийн хуулбар,
30,000,000 төгрөгийг А.Хгийн Хаан банк дахь ххххххххххххх тоот дансанд шилжүүлэн авах тухай А.Хгийн хүсэлт, 30,000,000 төгрөгийг А.Хгийн Хаан банк дахь ххххххххххххх тоот дансанд шилжүүлсэн тухай шилжүүлгийн баримт, 2021 оны 10 сарын 27-ны өдрийн зээлийн гүйлгээ хийх шийдвэр зэрэг баримтыг ирүүлжээ.
Хариуцагч Б.С нь иргэний үнэмлэхний хуулбарыг хариу тайлбарын хамт ирүүлсэн ба хариуцагч А.Хд нэхэмжлэлийн хувийг 2023 оны 01 сарын 27-ны өдөр гардуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н капитал ББСБ ХХК нь хариуцагч А.Х, Б.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 44,100,041.37 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/2023 оны 01 сарын 04-ний өдрийн байдлаар:
-Үндсэн зээл 29,134,596.77 төгрөг,
-Зээлийн хүү 12,471,203.83 төгрөг,
-Нэмэгдүүлсэн хүү 2,494,240.77 төгрөг/
А.Х, Б.С нар нь Н капитал ББСБ ХХК-тай 2021 оны 10 сарын 26-ны өдөр хххххххххххх тоот зээлийн гэрээ байгуулан орон сууц барьцаалсан шуурхай зээлийн зориулалтаар хувийн хэрэгцээнд 30,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн зээлдэгч А.Х, Б.С нар нь зээлдүүлэгч Н капитал ББСБ ХХК-тай 2021 оны 10 сарын 26-ны өдөр ххххххххххххх тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан дээрх зээлийн гэрээний үүрэгт А.Хгийн өмчлөлийн ххххххххххх, 0 тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцыг барьцаалсан нь 2021 оны 10 сарын 26-ны өдрийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбар, хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдов.
Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2021 оны 10 сарын 26-ны өдөр ххххххххххххх тоот барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 2021 оны 10 сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.
ХХ-ийн 7-13, 15, 18-21 дүгээр тал/
ххххххххххх, 0 тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууц хариуцагч А.Хгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 13, 15 дугаар тал /
Зээлдэгч А.Х нь 30,000,000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн ххххххххххххх тоот дансанд хүлээн авах талаараа зээлдүүлэгч Н капитал ББСБ ХХК-д хүсэлт гаргасны дагуу түүний уг дансанд зээлдүүлэгч Нан капитал ББСБ ХХК 2021 оны 10 сарын 27-ны өдөр гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 62 дугаар хуудас, 62 дугаар хуудасны ар тал/
1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно,
2021 оны 7 сарын 1-ний өдрөөс даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж тус тус заасантай нийцэж байна.
Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Н капитал ББСБ ХХК болон хариуцагч буюу зээлдэгч А.Х, Б.С нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Зээлдүүлэгч Н капитал ББСБ ХХК-ийн зээлдэгч А.Х, Б.С нартай байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.
Зээлдэгч Б.С, А.Х нар нь 2021 оны 11 сарын 25-ны өдөр 1,458,000 төгрөг, 2021 оны 12 сарын 28-ны өдөр 1,530,000 төгрөг, 2022 оны 12 сарын 29-ний өдөр 500,000 төгрөг тус тус төлсөн нь зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуудсанд тусгагдсан байна.
/ХХ-ийн 21 дүгээр тал/
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-д Зээлийн гэрээний хугацаа 36 сар, зээлийг олгосон өдрөөс эхлэн хугацааг тооцно,
4 дүгээр зүйлийн 4.2.3-т Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 2.1.5 дахь заалтад заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмээний нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлд заасны дагуу төлөх үүрэгтэй,
6 дугаар зүйлийн 6.1.1-т Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-д заасан зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн,
7 дугаар зүйлийг 7.2-т Зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдлуудад зээлдүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцалж зээл, зээлийн хүүг хугацаанаас нь өмнө төлөх болон хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зээлдэгчээс шаардах, төлүүлэхэд чиглэсэн бүхий л арга хэмжээг авна гэж тус тус заасан байна.
1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө,
2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй,
21 дүгээр зүйлийн 21.1-т Зээлийг хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно,
21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ.
Дээр дурдсаны дагуу банк бус санхүүгийн байгууллага гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгч нараас гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
Зээлдүүлэгч нь зээлдэгч А.Хд зээл төлөх мэдэгдлийг 2022 оны 11 сарын 30, 2023 оны 01 сарын 04-ний өдрүүдэд гардуулан өгч байжээ.
/ХХ-ийн 17-20 дугаар тал/
Мөн зээлдэгч Б.С ковид 19 цар тахлаас үүдэлтэй зээл төлөх горим алдагдсан гэх боловч энэ талаарх баримтаа буюу өөрөөр хэлбэл цар тахлаас үүдэн гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд авсан эсэх нь тодорхойгүй, энэ тухай баримтаа ирүүлээгүй.
Нэхэмжлэгч Н капитал ББСБ ХХК нь 2023 оны 01 сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 29,134,596.77 төгрөг, зээлийн хүү 12,471,203.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,494,240.77 төгрөг, нийт 44,100,041.37 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс хариуцагч А.Хгийн 2022 оны 12 сарын 29-ний өдөр төлсөн 500,000 төгрөгийг хасч тооцон 43,600,041.37 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нар дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч А.Х, Б.С нараас 43,600,041.37 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н капитал ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч А.Х, Б.С нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч А.Хгийн өмчлөлийн ххххххххххх, 0 тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч А.Х, Б.С нарт 2023 оны 05 сарын 04-ний өдрийн 10 цагт шүүх хуралдаан болохыг хуралдаан болохоос 8 хоногийн өмнө 2023 оны 04 сарын 26-ны өдөр мэдэгдсэн ба мөн зохигчийн мэтгэлцэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулж байсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч А.Х, Б.С нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч А.Х, Б.С нараас 43,600,041.37 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н капитал ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч А.Х, Б.С нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч А.Хгийн өмчлөлийн ххххххххххх, 0 тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н капитал ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 448,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Х, Б.С нараас нийт 446,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н капитал ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН