Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2023/01580

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 29 101/ШШ2023/01580

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч Д.Цэрэндолгор, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ПЭ******** регистрийн дугаартай, Ховд аймаг, Жаргалант баг, Жаргалан  тоотод оршин суух Н.Ц,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ПП********* регистрийн дугаартай, Ховд аймаг, Хайрхан баг  оршин суух З.Т,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ПП********** регистрийн дугаартай, Ховд аймаг, Жаргалант баг, тоотод оршин суух Ш.Ч,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ИД********** регистрийн дугаартай, Ховд аймаг, Жаргалант сумын тоотод оршин суух М.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ФА регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * гудамж ** тоотод оршин суух Б.Э-д холбогдох

Гэм хорын хохиролд 7,585,006 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, иргэдийн төлөөлөгч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Ц миний бие 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн нутагт Зам-ын Үүд сумын Улаанбаатар хотын чиглэлд карго ачаа тээвэрлэн явсан Б.Э жолоочтой ****  улсын дугаартай ******** маркийн автомашины ************ маркийн чиргүүл ачааны хамт шатахад миний 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Хятад улсын Эрээн хотод бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг түншүүдээсээ захиалан авсан нийт 1,982,435 төгрөгийн бараа шатаж хохирсон. Тус хэргийн тухай 2022 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Дорноговь аймгийн Прокурорын газар **** дугаар прокурорын тогтоол гарч хохирогч тал иргэний нэхэмжлэл гаргах эрхийн дагуу нэхэмжилж байна. Н.Ц миний бие тэтгэврийн насны хүн тул хувиараа Ховд аймгийн төвд зөвхөн бараа зарж амьжиргаагаа залгуулдаг, сүүлийн 2-3 жил ковид 19 цар тахал дэгдэж хөл хорио, хил гааль хаалттай байсан тул өрхийн орлого тасалдаж, эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгийн асуудал хүндэрч, гэр бүлээ тэжээхэд маш хүнд байгааг харгалзан үзнэ үү гэв.

 

Нэхэмжлэгч З.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

З.Т миний бие 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 25-ны хооронд Хятад улсын Эрээн хотод бэлэн хувцасны бизнес эрхэлдэг түншүүдээсээ цахим ашиглан 1,765,162 төгрөгийн бэлэн хувцас авч мөнгийг онлайнаар түнш маань барааг ***** дугаартай машинд ачуулж Монгол руу явуулсан байсан. Уг машин шатаж надад хохирол учирсан. Энэ асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж, прокуророос хэрэг бүртгэлийн хэргийг хааж, хохирлоо шүүхэд нэхэмжилж авч болно гэж шийдвэрлэсэн тул жолооч Б.Э-ээр надад учирсан хохирол болох 1,765,162 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.Ч Миний бие 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 25-ны хооронд Хятад улсын Эрээн хотод бэлэн хувцасны бизнес эрхэлдэг түншүүдээсээ цахим ашиглан 2,445,184 төгрөгийн бэлэн хувцас авч мөнгийг онлайнаар түнш маань барааг 46-75 дугаартай машинд ачуулж Монгол руу явуулсан байсан. Уг машин шатаж надад хохирол учирсан. Энэ асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж, прокуророос хэрэг бүртгэлийн хэргийг хааж, хохирлоо шүүхэд нэхэмжилж авч болно гэж шийдвэрлэсэн тул жолооч Б.Э-ээр надад учирсан хохирол болох 2,445,184 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Б миний бие 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 25-ны хооронд Хятад улсын Эрээн хотод бэлэн хувцасны бизнес эрхэлдэг түншүүдээсээ цахим ашиглан 1,392,225 төгрөгийн бэлэн хувцас авч мөнгийг онлайнаар түнш маань барааг **** дугаартай машинд ачуулж Монгол руу явуулсан байсан. Уг машин шатаж надад хохирол учирсан. Энэ асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж, прокуророос хэрэг бүртгэлийн хэргийг хааж, хохирлоо шүүхэд нэхэмжилж авч болно гэж шийдвэрлэсэн тул жолооч Б.Э-ээр надад учирсан хохирол болох 1,392,225 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар чиглэлд ачаа ачсан. Замдаа Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт явж байхад буруу талын толиндоо харахад миний чиргүүл дээр гал гарч байсан. Би даруй зогсоох арга хэмжээ авч, галын хороо цацсан боловч салхины хүч их байсан тул 2 галын хороо галыг унтрааж чадаагүй. Энэ үед Сайншандын замын цагдаагийн постоос цагдаа ирж бид 2 зэрэг онцгой байдал болон гал команд руу дуудлага өгч оройн 21 цагаас үүрийн 05 цаг хүртэл гал унтраах ажиллагаа явагдсан. Би тэр өдөр өөрийнхөө чиргүүлийг шатааж мөн хохирол амссан. Дорноговь аймгийн онцгой байдлын галын шинжээчийн галын 03 дүгнэлтэд **** УАС улсын дугаартай ****** маркийн автомашины чиргүүл ачиж явсан материал буюу чиргүүлийн гол хэсэгт ачсан автомашины аккумляторт бусад металл хийц бүтээц хүрэлцсэнээс богино холболт үүсэж бусад бараа материалд халалт үүссэнээс гал түймэр гарсан байна гэж дүгнэсэн. Галыг унтраахад тэнд машины аккумлятор, мотор зэрэг шатах эрсдэлтэй бараа ачсаныг надаас нуусан байсныг мэдсэн. Учир нь эдгээр бараа нь улсын хилээр орж ирэхэд өндөр татвартай байдаг тул иргэн, хуулийн этгээд нууж ачуулдаг. Би гал авалцах ачаа ачсаныг мэдээгүй хэрэв мэдсэн бол ачилтын зөв горимоор ачих байсан. Цагдаа, тагнуулынхан шалгахад ачаан дээр маш олноор нь давхарласан аккумляторуудын нурам гарч ирснийг цагдаагийнхан заримыг нь авсан. Хэрэв аккумлятор, моторыг ачсаныг анхнаасаа надад нуулгүй хэлсэн бол эдгээр зүйлс нь галын аюултай тул давхарлахгүй дан эгнээгээр өрөх ёстой байсан. Мөн би ачаа тээврийнхээ аюулгүй байдлыг байнга шалгаж, хангаж, анхаарал өндөр явах байсан. Тухайн ачаанд дан хувцас, зөөлөн тоглоом ачсан гэж бодож байтал ийм асуудал үүсэнд гомдолтой. Учир нь цаанаас тэр аккумлятор, моторыг ачуулсан иргэн эсхүл хуулийн этгээд хууль зөрчиж, нууж ачуулсны ийм аюул эрсдэл бий болгосон тул нэхэмжлэгч нарын болон миний чиргүүлийн хохирлыг хариуцах үүрэгтэй гэж үзэж байна гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Н.Ц-с Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн **** дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Гэрчээс хойшлуулшгүйгээр мэдүүлэг авсан тэмдэглэл, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн **** дугаартай Хүсэлтийн хариу, Хаан банк дахь ***** дугаартай дансны хуулга, Хот хоорондын орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар,

Нэхэмжлэгч З.Т-с Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн ***** дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл,

Нэхэмжлэгч Ш.Ч-с Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн *** дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл,

Нэхэмжлэгч М.Б-с Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн *** дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл,

Хариуцагч Б.Э-с Дорноговь аймаг Замын-Үүд сумын Онцгой комиссын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай Хурлын тэмдэглэл, Дорноговь аймгийн Онцгой байдлын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт, ****  улсын дугаартай ********** маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,

Шүүхийн журмаар Авто тээврийн үндэсний төвөөс ****** маркийн чиргүүлийн дэлгэрэнгүй лавлагаа, Дорноговь аймгийн Прокурорын газраас ********* дугаартай хэрэг бүртгэлийн хэргийн баримтууд, Хил хамгаалах ерөнхий газраас 2021 оны 5 дугаар сард ****** улсын дугаартай /толгой/ зүтгүүр, ****** чиргүүлийг БНХАУ-аас Монгол улсын хилээр жолоодон орж ирсэн жолоочийн талаарх мэдээлэл, Гаалийн ерөнхий газраас 2021 оны 5 дугаар сард ***** улсын дугаартай /толгой/ зүтгүүр, ***** чиргүүлийг БНХАУ-аас Монгол улсын хилээр оруулж ирсэн гаалийн бүрдүүлэлттэй холбоотой баримтуудыг тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Ц, З.Т, Ш.Ч, М.Б нар нь хариуцагч Б.Э-д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 7,585,006 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнээс 1,982,435 төгрөгийг нэхэмжлэгч Н.Ц, 1,765,162 төгрөгийг нэхэмжлэгч З.Т, 2,445,184 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Ч, 1,392,225 төгрөгийг нэхэмжлэгч М.Б нар тус тус нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэгч нарын уг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 25-ны хооронд БНХАУ-ын Эрээн хотод бэлэн хувцасны бизнес эрхэлдэг түншүүдээсээ онлайнаар бараа худалдан авч, уг барааг хятад талаас 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн нутагт Зам-ын Үүд сумын Улаанбаатар хотын чиглэлд карго ачаа тээвэрлэн явсан жолооч Б.Э-ий **** улсын дугаартай ачаанд ачуулсан боловч замдаа ачаанд нь гал гарч бидний ачуулсан бараа шатаж хохирол учруулсан гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар чиглэлд ачаа ачиж явахад чиргүүл дээр гал гарч байгаа мэдээд зогсоох арга хэмжээ авч, галын хороо цацсан боловч салхины хүч их улмаас галыг унтрааж чадаагүй. Дорноговь аймгийн онцгой байдлын галын шинжээчийн дүгнэлтээр гал гарсанд жолоочийн буруутай байдал тогтоогдоогүйгээс гадна миний ачаанд нэхэмжлэгч нарын бэлэн хувцас, бараа материал байсан гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг тодорхойлж байх бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зохицуулсан.

Тус хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Тайлбарлавал, эрх нь зөрчигдсөн этгээд хууль зөрчиж гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгч нар нь хариуцагчийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдлийг ... ачаа ачиж явахдаа галын аюулгүй байдлыг хангаагүй улмаас гал алдсан гэм буруутай ... гэж тодорхойлсон тул шүүх хариуцагч гэм буруутай эсэх нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учирсан эсэх буюу гэм буруу, хохирлын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар 2021 оны 5 дугаар сарын 30-ны орой 21 цаг 50 минутын орчимд Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд карго ачаа тээвэрлэн явсан ****** улсын дугаартай ******** маркийн автомашины ******** маркийн чиргүүл ачааны хамт шатсан асуудалд хэрэг бүртгэлтийн ************ дугаартай хэрэг нээн шалгасан болох нь тогтоогдож байна.

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах явцад гарсан Дорноговь аймгийн Онцгой байдлын Гал түймрийн улсын хяналтын байцаагч ****** 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлтэд ... ***** улсын дугаартай ******* загварын автомашины чиргүүлийн хэсгээс авсан 3,83 м урттай цахилгааны утаснаас үзэхэд цахилгаанаас гал түймэр цахилгааны гэмтлээс гал түймэр гараагүй байна ... ****** улсын дугаартай ********* загварын автомашины чиргүүл ачиж явсан бараа материал буюу чиргүүлийн гол хэсэгт ачсан автомашины аккумляторт бусад металл хийц бүтээц хүрэлцсэнээс цахилгааны богино холболт үүсч бусад бараа материалд халалт үүссэнээс гал түймэр гарч салхины ирч ихтэй байсан тул гал түймэр тархан дэлгэрсэн гэжээ. /х.х-ийн 21-22 дахь талд/

Ийнхүү эрүүгийн хэргийг шалгаад Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн **** дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоолоор Б.Э-д холбогдох хэрэг бүртгэлтийн ************ дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан болох нь хэрэгт авагдсан уг прокурорын тогтоолын хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 3-5 дахь талд/

Нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Э-ий жолоодон явсан ***** улсын дугаартай ******** маркийн автомашины *********** маркийн чиргүүлтэй ачаанд эмэгтэй хүний бэлэн хувцас, эрээн хивсэнцэр зэргийг ачуулсан байсан нь шатаж хохирол учирсан гэж тайлбарласан.

Хариуцагч Б.Э жолоодон явсан ******* улсын дугаартай толгой зүтгүүр, ****** чиргүүлтэй ачааг БНХАУ-аас Монгол улсын хилээр 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр оруулж ирүүлсэн гаалийн бүрдүүлэлтэд уг ачааг хүлээн авагч нь У ХХК, Ц.Б байх бөгөөд гаалийн мэдүүлэгт 20 төрлийн барааны кодтой бараа, материалыг мэдүүлсэн байх бөгөөд уг барааны нэр төрөлд эмэгтэй бэлэн хувцас, хивсэнцэр зэрэг нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдсан бараа, материал бүртгэгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 90-101 дэх талд/

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар ковид 19 цар тахлын улмаас БНХАУ-ын Эрээн хот дахь Очир зочид буудлын эзэнд мөнгөө шилжүүлж бараагаа авсан талаар тайлбараа гаргаж байх боловч дан ганц нэхэмжлэгч нарын тайлбараар ийнхүү БНХАУ-ын Эрээн хот дахь Очир зочид буудлын эзэн худалдан авсан бараа материалыг нь хариуцагч Б.Э-ий жолоодон явсан ****** УАС улсын дугаартай автомашин, ***** дугаартай чиргүүлтэй ачаанд гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Н.Ц-н нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар түүнийг БНХАУ-ын Эрээн хотоос 1,982,435 төгрөгийн бэлэн хувцас цахимаар худалдан авсан гэдэг нь тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч З.Т, Ш.Ч, М.Б нар нь өөрт учирсан хохирлыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн ийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан.

Тайлбарлавал, нэхэмжлэгч нар нь БНХАУ-ын Эрээн хотоос 7,585,006 төгрөгийн бэлэн хувцас, бараа материалыг онлайнаар худалдан авсан болохоо баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гэм буруутай байдал болон нэхэмжлэгч нарт хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Н.Ц нь нэхэмжлэгчийн нотлох баримт хангалтгүй гэж харагдаж байгаа учраас хариуцагч талаас нэхэмжилсэн төлбөрийг төлөх шаардлагагүй гэж харагдаж байна гэж дүгнэлт гаргасан нь шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй нийцсэн болохыг дурдав.

Нэхэмжлэгч Н.Ц-н гаргаж өгсөн wechat-ийн фото зураг, сд-нд хуулбарласан бичлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг тэмдэглэв.

Нэхэмжлэгчийн нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Ц-с төлсөн 46,669 төгрөг, нэхэмжлэгч З.Т-с төлсөн 43,193 төгрөг, нэхэмжлэгч Ш.Ч-с төлсөн 54,073 төгрөг, нэхэмжлэгч М.Б-с төлсөн 37,226 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                    

  

  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э-с 1,982,435 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Ц, 1,765,162 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч З.Т, 2,445,184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Ч, 1,392,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Ц-с төлсөн 46,669 төгрөг, нэхэмжлэгч З.Т-с төлсөн 43,193 төгрөг, нэхэмжлэгч Ш.Ч-с төлсөн 54,073 төгрөг, нэхэмжлэгч М.Б-с төлсөн 37,226 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Л.ЭНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧИД Д.ЦЭРЭНДОЛГОР

 

 

Д.ЯНЖИНДУЛАМ