Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2023/01842

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 12 101/ШШ2023/01842

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай,  П ХХК-нд холбогдох,

Гэрээний үүрэгт 2,816,760,000 төгрөг гаргуулах 2021, 2022 оны Хамтран ажиллах гэрээг ЗД-тай нөхөн байгуулахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М, Г.С /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч H, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

ЗД болон П ХХК-ийн хооронд байгуулсан дараах гурван гэрээний дагуу П ХХК орон нутагт санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэхээр амласан үүргээ биелүүлэхгүй байгаа учраас нийт 1,753,141,560.00 (Нэг тэрбум долоон зуун тавин гурван сая нэг зуун дөчин нэгэн мянга, таван зуун жаран) төгрөг гаргуулахаар Д  сумын З-ын зүгээс энэхүү нэхэмжлэлийг "П" ХХК-д холбогдуулан гаргаж байна. Үүнд:

2020 оны 01 сарын 22-ны өдрийн ****** тоот ********** Байгаль орчныг хамгаалах орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээний дагуу 250,0 сая төгрөг

2020 оны 01 сарын 22-ны өдрийн *** тоот Байгаль орчныг хамгаалах орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээний дагуу 250,0 сая төгрөг

2020 оны 01 сарын 22-ны өдрийн ******* тоот Байгаль орчныг хамгаалах орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээний дагуу 400,000 ам.доллар.

Дээр дурдсан гурван гэрээний дагуу манай сумын нутаг дэвсгэр дээр газрын тосны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч П" ХХК нь сум орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтад зориулан 2018 онд 250,0 сая төгрөг, 2019 онд 250,0 сая төгрөг, 2020 онд 450,000 ам долларыг тус тус зарцуулахаар амласан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар тодорхой арга хэмжээ авахгүй, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээгүй, тендер зарлаагүй, санхүүжилтийг шилжүүлээгүй байна. Зөвхөн 2020 оны гэрээний 1.3-д заасан 50,0 мянган ам. долларыг сумын орон нутгийн хөгжлийн санд шилжүүлсэн байна. П ХХК нь Д Х сумын нутагт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.7, 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт болон өмнө дурдсан гэрээнүүдэд заасны дагуу тусгай зөвшөөрөл бүхий талбай орших аймаг, сумын байгаль орчныг хамгаалах, орд ашиглах, дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн хөгжил, хүний хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллах үүрэгтэй.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч П ХХК нь Д Х сумын нутагт үйл ажиллагаа явуулах хугацаандаа дээрх үүргээ хангалтгүй биелүүлж харин байгаль орчинд ноцтой зөрчил учруулсаар ирсэн байдаг. П ХХК нь өмнө дурдсан гэрээнүүдийг албан шаардлагаар буюу Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд анх байгуулсан юм. Х сумын З-с бүтээн байгуулалтын ажлыг 2020 ондоо багтаан Яаралтай эхлүүлж, санхүүжүүлж, дүгнэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигч П ХХК-аас удаа дараа шаардаж, орон нутгийн иргэдийн санал дээр үндэслэн 2020 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын саналыг хүргүүлсэн боловч тус компани гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх ямар нэгэн үйлдэл хийгээгүйгээр барахгүй 2021 оны гэрээг одоо хүртэл хийхгүй корона вирусээс болсон гэсэн утгатай хариу өгч өдий хүрлээ. Нэгэнт 2018-2020 онд хийгдэх ёстой бүтээн байгуулалтын ажил тухайн 2020 ондоо багтаж хийгдээгүй, нэгэнт эхлүүлээгүй уг ажлыг цаг хугацааны хувьд нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх хүндэтгэн үзэх гэрээнүүдийн 2.1.12 ба 2.1.13-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь шалтгаангүйгээр гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол хохирол нөхөн төлүүлж, гэрээний үнийн дүнгийн 10 хувь хүртэлх хэмжээгээр торгууль ногдуулах хариуцлага хүлээх үүрэгтэй. Хариуцагч П ХХК нь Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээнүүдэд заасны дагуу 2018-2020 онд Х суманд хийх ёстой бүтээн байгуулалтын ажлаа хийгээгүй буюу уг ажлын үнийн дүнгийн хэмжээгээр Х суманд хохирол учруулсан гэж үзэж байна.

Иймд 2020 оны 01 сарын 22-ны өдөр байгуулсан Байгаль орчныг хамгаалах орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээнүүдийн 1.3 ба 2.1.12, 2.1.13-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч П ХХК-аас Х суманд учруулсан 2018 оны 250,0 сая төгрөг, 2019 оны 250,0 сая төгрөг, 2020 оны 400,000 ам долларын хохирол, гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль болох 50,0 сая төгрөг, мөн 40,000 ам доллар, нийт 1,753,141,560.00 (Нэг тэрбум долоон зуун тавин гурван сая нэг зуун дөчин нэгэн мянга, таван зуун жаран найман) төгрөгийг хариуцагч П ХХК-иас гаргуулж, Х сумын орон нутгийн хөгжлийн санд олгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаснаа дараах байдлаар нэмэгдүүлсэн.

1. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн **** тоот Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ-ний дагуу хариуцагчаас 2,029,381,200 төгрөгийг Х сумын орон нутгийн хөгжлийн санд оруулах, 2021, 2022 оны Хамтран ажиллах гэрээг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компанийн зах зээлийн хүчин чадал, бүтээгдэхүүний хэмжээ, орлоготой уялдуулан орон нутгийн жишиг байдал, хариуцагч хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ Х сумын З-тай байгуулж тухайн ажлыг хугацаанд нь гүйцэтгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна

2.Хөрш зэргэлдээ үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Ц ХХК, Ш ХХК нь аймаг, сумын З-тай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулж жил болгон 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлдэг. С аймагт үйл ажиллагаа явуулдаг Ц ХХК, Д аймгийн Ш ХХК нь П ХХК-иас хүчин чадал, орлого ашгийн хувьд 2-3 дахин бага үзүүлэлттэй хэр нь тухай аймаг, суманд маш их хөрөнгө оруулалт оруулсан байдаг.

Хариуцагч нь 2021 он хүртэл нийт 21,01 сая тонн түүхий эдийг олборлох бөгөөд үнээс хэчнээн тэрбум долларын ашиг олж, хэдэн төгрөгийг орон нутгийн хөрөнгө оруулалтад зарцуулах нь тодорхойгүй харин ч бүтээгдэхүүн хуваах гэрээгээр монгол сад нөөц ашигласан төлбөр, татвар хураамж бараг төлөхгүй нэн хөнгөлөлттэй үйл ажиллагаа явуулдаг.

Мөн П ХХК, Ш ХХК болон Ц ХХК болон Ц ХХК-иуд нь цар тахлын үеэр буюу 2020, 2021 онд буюу цар тахлын үеэр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, харин гэрээнээс өндөр дүнгээр орон нутагт хөрөнгө оруулалт хийн, дэмжлэг үзүүлэн орон нутгийн дэмжлэг үзүүлэх гэрээгээр тус тус 1,5 тэрбум төгрөгийн тайлангаа тавьсан байдаг.

Гэтэл хариуцагч нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа хэр нь хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч талаас хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлэх талаар албан бичиг хүргүүлж удаа дараа шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлэхгүй байгаагаас гадна орон нутгийн уулзалтаар 2021, 2022 оны гэрээний үйл ажиллагааг эхлүүлнэ, хийнэ гэдэг. Түүнээс гадна хариуцагч нь бүтээгдэхүүн хуваах гэрээгээр нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсад татвар бараг төлдөггүйг дурдах нь зүйтэй.

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн **** тоот Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ-ний дагуу Монгол банкны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зарласан ханшаар АНУ ам доллар 3362.23 төгрөг байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох 400,000 ам долларыг өнөөдрийн ханштай уялдуулан 400,000*3362,23=1,344,892,000+500,000,000=1,844,892,000 төгрөг дээр гэрээний 2.1.12 дахь заалтаар Иргэний хуулийн 232.5-д заасны дагуу 1,844,892,000 төгрөгийн 10 хувь буюу 184,489,200 төгрөгийг нэмээд нийт 2,029,381,200 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэв **** гэрээний ажлыг хийж гүйцэтгэж байгаа бол хийж гүйцэтгэсэн нотлох баримт үндэслэн нэхэмжлэлийн шаардлага болох 2,029,381,200 төгрөгөөс хасаж тооцож болохыг анхаарах хэрэгтэй.

Иймд хариуцагчид Газрын тосны тухай хуулийн 11 зүйлийн 11,2,17 дахь заалтын дагуу 2021, 2022 оны хамтран ажиллах гэрээг гадаадын хөрөнгө оруулалттай жишиг байдал, хариуцагч компанийн хүчин чадал, хэмжээ, орлоготой уялдуулан орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх байгуулж тухайн ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснээ мөн дараах байдлаар нэмэгдүүлсэн.

Монгол банкны 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн зарласан ханшаар АНУ ам доллар 3444.60 төгрөг байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох 400,000 ам долларыг өнөөдрийн ханштай уялдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 400,000х3344.60 1,377,840,000+500,000,000 нийт 1,877,840,000 төгрөг дээр гэрээний 3.1.17 дэх заалтын дагуу алдангийг тооцсон боловч нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул 1,877,840,000 төгрөгөөс 50 хувиар тооцож нэмээд нийт 2,816,760,000 төгрөгийг нэхэмжилж байна. 2020 оны гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас 2020 оны гэрээнд тохирсон хийгдэх ажлын зардал 2022 онд хийгдэх ажлын материалын зардлын үнэ ханш 30-50 хувь хүртэл нэмэгдсэн. Иймд гурван гэрээний 3.1.17 дэх заалт уг гэрээний 1.3-т заасан хөрөнгө оруулалтын ажлыг заасан хугацаанд хийгээгүйн улмаас хугацаа хоцорсон алданги 2021 оноос бодож 2,816,760,000 төгрөг болгон нэмэгдүүлж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай П ХХК нь Д аймгийн М болон Х сумын нутагт газрын тосны хайгуул хийх, олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг.

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17 дугаар заалтыг үндэслэж Х сумтай 2018, 2018, 2020 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээг байгуулсан. Манай компани гэрээ байгуулсны дараа даруй гэрээнд заасны дагуу сумын З-т 50,000 ам долларыг шилжүүлсэн. Гэвч 2020 оны эхэн үеэс дэлхий даяар шинэ төрлийн корона вирусийн тархалт гарснаар гэрээнд заасан бүтээн байгуулалтын төслийн ажлыг явуулахад маш их саад бэрхшээл учирсан. 2020 оны 2 дугаар сард БНХАУ-д гарсан короно вирусийн тархалтын улмаас Монгол Улсын хилийн боомтуудыг хааж, ингэснээр П ХХК-ийн удирдлагууд холбогдох мэргэжилтнүүд Монгол улсад орж ирсэн байна. Гэвч 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Монгол Улсад дээр дурдсан вируст цар тахал гарч улс даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Одоог хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэвээр байна. Энэ нь бүтээн байгуулалтын төслийн ажлыг явуулахад давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл учруулсан. Гэсэн хэдий ч манай компани байж болох бүх хүчин чадлаараа тусламжаар хийгдэх бүтээн байгуулалтын явцыг урагшлуулж 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн компанийн хариуцсан ажилтан сумын удирдлагатай уулзаж тусламжийн бүтээн байгуулалтын төслийг ярилцаж хэлэлцсэн. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр талууд тусламжаар байгуулах бүтээн байгуулалтын 6 төслийг үүнд Х сумын төвд 3 төсөл, Я багт 3 төсөл эхний байдлаар тохиролцсон. 2021 оны 3 дугаар сарын 29-ны өдөр зураг төслийн компанийг тогтоосон. Гэвч үүний дараа Д аймагт корона вирус ихээр дэгдсэний улмаас хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авснаар зураг төслийн компанийн газар дээр нь хийх хайгуул, судалгааны ажлын явцад нөлөөлсөн. Ингээд 2021 оны 6 дугаар сард зураг төсөл, төсөв боловсруулж дуусаж, 7 дугаар сард төслийг орчуулах болон П ХХ-ийн толгой компанид өгч хянуулан баталгаажуулах ажил хийгдсэн. Гэвч 2021 оны 8 дугаар сараас эхлэн сумын бүтээн байгуулах төслийн тоо хэмжээг өөрчилсөн. Манай компани шинэ зураг төсөл хийх, орчуулах баталгаажуулах ажлыг хүлээж их хэмжээний нэмэлт ажил гарж төслийн явцад нөлөөлсөн. П ХХК-ийн БНХАУ дахь толгой компаниас Монгол улсын аж ахуй нэгжтэй гэрээ байгуулахын өмнө түүний гэрчилгээ тусгай зөвшөөрөл, эрх бүхий байдал, шинэ компанийг Петрочайна компанийн контракт системд бүртгүүлэх зэрэг холбогдох бичиг баримтын хяналт шалгалтын ажлыг хийхийг шаарддаг. Цаг хугацаа богинсгох үүднээс манай компанийн холбогдох ажилчид болон А-ын төлөөлөгч, сум гэсэн гурван тал 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдөр То*** ХIХ талбай дээр уулзалт хийсэн. Тухай уулзалтын үеэр манай талаас компани, сум, А*** гурван тал хамтарч гүйцэтгэгчийг сонгох, сум нь тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах, манайх төлбөр явцын төлбөр болон үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх зэрэг саналуудыг тусгасан шинэ санамж бичиг байгуулах санал гаргасан. Ингэснээр цаг хугацааг ихээхэн хэмнээд зогсохгүй манай зүгээс гэрээ баталгаажуулах үйл явыг хэмнэх боломжтой гэдгийг дурдсан. Сумын зүгээс уулзалтын дараа буцаж яваад хэлэлцсэний дараа дараагийн нэг дэх өдөр хариу өгнө гэсэн боловч өнөөг хүртэл хариу өгөөгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд Х сумын З-с бүтээн байгуулалтын ажлыг 2020 ондоо багтаан яаралтай эхлүүлж санхүүжүүлж дүгнэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигч П ХХК-аас удаа дараа шаардаж, орон нутгийн иргэдийн саналыг хүргүүлсэн боловч тус компани гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх ямар нэгэн үйлдэл хийхгүйгээр барахгүй 2021 оны гэрээг одоо хүртэл хийхгүй корона вирусээс босон гэсэн утгатай хариу өгч өдий хүрлээ гэсэн нь бодит нөхцөлөөс хол зөрүүтэй байна.Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээний 2.1.3 зүйл заалт буюу гэрээ зөрчсөн нөхцөл байдал үүсээгүй байна. Иргэний хуулийн 221.2 дугаар зүйл заалтыг үндэслэхэд дээрх нөхцөл байдал нь давагдашгүй хүчин зүйл хүндэтгэн үзэх үндэслэлд хамаарна. Иргэний хуулийн 220.1-д Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж заасны дагуу манай компани нэхэмжлэгч талд албан ёсоор гэрээний нэмэлт өөрчлөлтөд П ХХК гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах болон барилгын ажлын гэрээг байгуулах гэдгийг сум, А, компани гэсэн гурван тал хамтран бүтээн байгуулах төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж сум нь тендерт шалгарсан талтай бүтээн байгуулалтын барилгын ажлын гэрээг байгуулах, компаниас төлбөрийг мөнгийг хариуцах саналыг гаргасан тул нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулах зөвшөөрөл шаардлагатай байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Д Х сумын нутагт Газрын тосны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн хөгжил, хүний хөгжлийг дэмжих асуудлаар сумын З-тай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан. Тус гэрээг жил бүр байгуулахаар харилцан тохиролцож 2018, 2019 оныг нөхөн байгуулж, тус онуудад жил бүр 250 сая төгрөгийг орон нутагт, бүтээн байгуулалтын зориулалтаар зарцуулахаар тусгасан. 2020 оны гэрээнд тухайн жилд 450,000 ам долларыг зарцуулж үүнээс 50,000 ам долларыг сумын орон нутгийн хөгжлийн санд шилжүүлж, үлдсэн 400,000 ам долларыг бүтээн байгуулалтын зориулалтаар зарцуулахаар тооцсон. Энэхүү гэрээнд тусгаснаар 50,000 ам долларыг 2020 оны 06-р сарын 11-нд ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу 06-р сарын 17-ны өдөр Х сумын орон нутгийн хөгжлийн санд шилжүүлсэн болно. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас бүтээн байгуулалт хийх гэрээний хэрэгжилт удаашралттай болсон. Дэлхий нийтийг хамарсан Корона вирус халдварт өвчний улмаас Монгол Улсын Засгийн газар дэгдэлтийг хянах зорилгоор 2020 оны 01-р сарын 27-ны өдрөөс эхлэн БНХАУ-тай агаарын болон газрын хилийн боомтуудыг цаашлаад олон улсын нислэгийн болон зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг хаасан. Ингэснээр манай байгууллагын холбогдох мэргэжилтэн, албан тушаалтнууд хилээр орж ирэх боломжгүй болж, 2021 оны 09-р сараас эхлэн Монгол Улсын Онцгой Комиссын холбогдох зөвшөөрлийг аван чухал шаардлагатай мэргэжилтэн, удирдлагуудыг цар тахлын дэглэмийг чанд сахин үе шаттайгаар хэсэгчлэн хилээр оруулж эхэлсэн. 2022 оны 05-н сараас 12 сар хүртэл Д Х суманд Б, багийн эмчийн барилга, Сургуулийн барилгын гадна засварын ажил, 80 айлын дотор халаалт, цэвэр бохир усны гадна шугам сүлжээнд холбох ажлыг хийж гүйцэтгэх бүтээн ажлыг эхлүүлж, хийж дуусган хүлээлгэн өгсөн. Дээрх бүтээн байгуулалтын ажил нь нийт 561,290 ам доллар буюу 1,748,356,471 төгрөг болсон. Үүнд бүтээн байгуулалтад зарцуулах 2018 оны 250 сая, 2019 оны 250 сая. 2020 оны 400,000 ам доллар тус тус багтсан болно. Ингэснээр 2018, 2019, 2020 онд байгуулсан Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээний Үүргээ биелүүлэн манай компани бүрэн хэрэгжүүлж дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ****, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ***** дугаартай Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 196 дугаартай тогтоол, Д Х сумын З-ын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн **** дугаартай П ХХК-ийн гүйцэтгэх захирал ****д хүргүүлсэн Санал хүргүүлэх тухай албан бичиг, Д Х сумын З-ын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 01/268 дугаартай П ХХК-ийн Ерөнхийлөгч З***д хүргүүлсэн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Д Х сумын З-ын 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 01/243 дугаартай П ХХК-ийн Ерөнхийлөгч Ж-д хүргүүлсэн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Д Х сумын З-ын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 01/268 дугаартай П ХХК-ийн Ерөнхийлөгч Ж-д хүргүүлсэн Нэхэмжлэх, Д Х сумын З-ын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/560 дугаартай П ХХК-ийн захирал Ж-д хүргүүлсэн албан бичиг, Д Х сумын З-ын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/98 дугаартай П ХХК-нд хүргүүлсэн албан бичиг, Д Х сумын З-ын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн **** дугаартай П ХХК-ийн захирал Ж-гд хүргүүлсэн албан бичиг, Дорнод аймгийн З-ын Тамгын газрын 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 5/08 дугаар Газрын тосны олборолт, экскпортын мэдээ, Гаалийн Ерөнхий газрын харьяа Д аймаг дахь Гаалийн газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/240 дугаартай албан бичиг, хавсралт, 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 27 дугаартай даалгавар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ****** дугаартай даалгавар, 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн *********** дугаартай Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 4 дугаартай гүйцэтгэх хуудас, Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 80 дугаартай шүүгчийн захирамж, Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б, Х, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн төрийн бус байгууллагын гаргасан нэхэмжлэл, Б, Х, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн төрийн бус байгууллагын 2016, 2017, 2018 оны татварын тайлан, П ХХК, Газрын тосны газрын 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн протокол, Ашигт малтмал, Газрын тосны газар, Д аймгийн З, П ХХК хоорондын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн гурван талт хэлцэл, М, Х сумын иргэдээс гаргасан 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн санал, Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд З-аас гаргасан 2018 оны 12 дугаар сарын 07-ы өдрийн тайлбар, П ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 28-ний өдрийн **** дугаартай Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Ашигт малтмал, Газрын тосны газарт хүргүүлсэн Дэмжлэг хүсэх тухай албан бичиг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд П ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан гомдол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Буйр нуур, Х, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн төрийн бус байгууллагын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хариу тайлбар, Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б, Х, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн төрийн бус байгууллагын гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн нэхэмжлэл, Д аймагт олборлох үйлдвэрлэл явуулж буй ААН, байгууллагуудад байгаль орчны чиглэлээр мониторинг хийх ажлын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тайлан, С аймгийн З-ын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 3/293 дугаартай Матад сумын З.Ц-д хүргүүлсэн албан бичиг, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай шийдвэр, Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 563 дугаартай тогтоол, Д Х сумын З-ын 2022 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн **** дугаартай Буйр нуур, Х, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн төрийн бус байгууллагын тэргүүн Д.Г-д Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн **** дугаартай Нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх дүүргийн шүүхэд 2011 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Д аймгийн М сумын иргэн Д.Г, Н.Ш, Г.Н нарын Нэхэмжлэлээсээ татгалзах тухай, Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах тухай хүсэлтүүд, фото зургууд, Д Х сумын З-ын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ***** дугаартай П ХХК-ийн захирал Ж-д хүргүүлсэн албан бичиг, Д Х сумын З-ын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 01/290 дугаартай П ХХК-ийн Ерөнхийлөгч З-д хүргүүлсэн албан бичиг, Д Х сумын З-ын 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 01/341 дугаартай П ХХК-ийн Ерөнхийлөгч Ж-д хүргүүлсэн албан бичиг, Д Х сумын З-ын 2022 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн 01/117 дугаартай П ХХК-ийн Ерөнхийлөгч Ж-д хүргүүлсэн Санал ирүүлэх тухай албан бичгийг тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЗД нь хариуцагч  П ХХК-нд холбогдуулан 2,816,760,000 төгрөг гаргуулах 2021, 2022 оны Хамтран ажиллах гэрээг Х сумын З-тай байгуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ******, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн *****, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ***** дугаартай Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээнүүд болон хуульд заасан үүргээ биелүүлэхийг даалгуулна ... гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ********, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ********, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ********* дугаартай Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээний дагуу гүйцэтгэх үүргээ гүйцэтгэж 1 тэрбум 700 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийж гүйцэтгэж нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөөс гадна хуульд заасан үүргээ биелүүлж 2021, 2022 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээг Дорнод аймгийн Халх гол сумын З-тай байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

ЗД-ас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ***** дугаартай итгэмжлэлээр Д.Г-д П ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх олгосон байх бөгөөд Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, сум, нийслэл, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан аймаг, сум, нийслэл, дүүрэг эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно гэж тус тус зааснаар сум нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцох эрхтэй байна.

Хариуцагч П ХХК нь Газрын тосны хайгуул хийх, олборлох, боловсруулах, экспорт, импортын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд Д Х сумын нутаг дэвсгэр Тамсаг ХХI талбайд газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 31 дэх талд

Зохигч талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн *******, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ********, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээнүүд байгуулагдсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээнүүдийн хуулбараар тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 5-19 дах талд/

Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн **** дугаартай шийдвэрээр Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б, Х сумын З-ын Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын а-д заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийг тогтоож, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг сурталчлан таниулж, биелэлтийг хангаж, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч П ХХК-тай 2018 оны гэрээ байгуулах, мөн түүнчлэн цаашид жил бүр зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан хамтран ажиллах гэрээр шинэчлэн байгуулж, олон нийтэд ил тод байршуулан ажиллахыг ЗДд даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 196 дугаартай тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /1 дүгээр х.х-ийн 20-22, 201-204 дэх талд/

Ийнхүү шийдвэрлэсний дагуу талууд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн , 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн  дугаартай Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээг нөхөж, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн  дугаартай Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээг тус тус байгуулсан байна.

Талууд хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн  дугаартай гэрээний 1.3-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2018 онд нийт 250 сая төгрөгийг бүтээн байгуулалтын зориулалтаар зарцуулан өртөг нөхөх зардалд оруулж тооцно. Уг бүтээн байгуулалтын ажлыг 4 дүгээр сард багтаан тендер зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Уг төслийг хэрэгжилтийн гүйцэтгэлийн хувиар тооцож, санхүүжилтийг шилжүүлж дуусгана гэж, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2019/01-kh гэрээний 1.3-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2019 онд нийт 250 сая төгрөгийг бүтээн байгуулалтын зориулалтаар зарцуулан өртөг нөхөх зардалд оруулж тооцно. Уг бүтээн байгуулалтын ажлыг 4 дүгээр сард багтаан тендер зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Уг төслийг хэрэгжилтийн гүйцэтгэлийн хувиар тооцож, санхүүжилтийг шилжүүлж дуусгана гэж, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/01-kh дугаартай гэрээний 1.3-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2020 онд нийт 450,000 ам долларыг зарцуулж үүнээс 50,000 ам долларыг 1-р улиралд багтаан сумын орон нутгийн хөгжлийн санд шилжүүлнэ 400,000 ам долларыг бүтээн байгуулалтын зориулалтаар зарцуулан өртөг нөхөх зардалд оруулж тооцно. Уг бүтээн байгуулалтын ажлыг 4 дүгээр сард багтаан тендер зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Уг төслийг хэрэгжилтийн гүйцэтгэлийн хувиар тооцож санхүүжилтийг шилжүүлж дуусгана. Хэрэв уг төсөл жил дамнан хийгдвэл дараа жил төлбөрийг барагдуулах бөгөөд энэ нь 2020 оны төлбөрт тооцогдоно гэж тус тус тохиролцжээ.

Дээрх гэрээнд заасан үүргээс буюу 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ***** дугаартай гэрээнд заасан 50,000 ам долларыг хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримттай талууд маргаагүй харин бусад үүргийг гүйцэтгэсэн эсэх талаар талууд маргасан.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан.

Өөрөөр хэлбэл, хууль буюу гэрээгээр ямар нэгэн үйлдэл хийх, хийхээс татгалзах үүргийг хүлээсэн үүрэг гүйцэтгэгч этгээдээс үүрэг гүйцэтгүүлэгч нь уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй юм.

Тодруулбал, тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу хариуцагч П ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив, тусламж өгөх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана гэж, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.7-д гэрээлэгч нь үйл ажиллагаандаа дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсын иргэн-мэргэжилтэн, мэргэжлийн ажилчдыг ажилд авах, сургах, дадлагажуулах, газрын тосны салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүнг олон нийтэд таниулахад төрийн захиргааны байгууллагатай хамтарч ажиллах үүрэгтэй гэж тус тус заасан үүргийн хүрээнд дээрх гэрээнүүдийг байгуулсан байх тул хуульд зааснаар тус үүрэг үүссэн гэж үзэх юм.

Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгээгүй үндэслэлээ ... 2020 оны 2 дугаар сард БНХАУ-д гарсан корона вируст цар тахлын улмаас Монгол Улсын хилийн боомтуудыг хааснаар П ХХК-ийн удирдлага болон холбогдох мэргэжилтнүүд Монгол Улсад орж ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд 2022 оны 5 дугаар сараас 12 дугаар сарыг хүртэл хугацаанд 1,748,356,471 төгрөгийн өртөг бүхий Багийн ажлын алба, багийн эмчийн барилга, сургуулийн барилгын гадна засварын ажил, 80 айлын дотор халаалт, цэвэр бохир усны гадна шугам сүлжээнд холбох ажлыг хийж хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж нэхэмжлэлээс татгалзаж байх боловч хариуцагчийн гаргасан тус татгалзал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн ийн 25.2.2-т хэргийн оролцогч нь .шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь дээр дурдсан 1,748,356,471 төгрөгийн өртөг бүхий ажлыг хийж акт үйлдэж хүлээлгэн өгсөн талаарх тайлбар татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Нөгөөтэйгүүр, хариуцагч байгууллагын удирдлага, мэргэжилтэнүүд ковид 19 цар тахлын улмаас Монгол Улсад орж ирэх боломжгүй байсан нөхцөл байдал нь хариуцагчийг хуульд заасан үүргээ гүйцэтгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүйгээс гадна тус тайлбар татгалзал нь мөн баримтаар нотлогдоогүй.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас хууль буюу гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ***** дугаартай гэрээнд 450,000 ам долларыг бүтээн байгуулалтын зориулалтаар зарцуулахаас 50,000 ам долларыг хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлсэн тул 400,000 ам долларыг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж зааснаар Монгол банкнаас зарласан 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ам долларын ханш 3444.60 төгрөгөөр тооцоход 1,377,840,000 төгрөг гарч байх бөгөөд үүн дээр мөн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн *****, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай гэрээний дагуу олгогдох тус тус 250,000,000 төгрөг буюу нийт 500,000,000 төгрөгийг нэмж тооцоход 1,877,840,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид гүйцэтгээгүй үүрэг болох 1,877,840,000 төгрөгийн 50 хувь болох 938,920,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Талууд хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2018/01-kh, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн **********, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн***** дугаартай гэрээ тус бүрийн 3.1.17-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг гэрээний 1.3-т заасан мөнгөн хөрөнгийг заасан хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцно гэж тохиролцжээ.

Тус тохиролцоо нь Иргэний 232 дугаар зүйлийн 232.6- д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцсэн байна.

Хариуцагч П ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний 1.3-т заасан бүтээн байгуулалтыг 2020 оны 4 дүгээр сард хийж гүйцэтгэх үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээнд заасан хариуцлагын үүрэг буюу алданги төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч П ХХК-аас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2018/01-kh дугаартай гэрээний үүрэгт 250,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай гэрээний үүрэгт 250,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ******** дугаартай гэрээний үүрэгт 1,377,840,000 төгрөг нийт 1,877,840,000 төгрөг, алдангид 938,920,000 төгрөг нийт 2,816,760,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн 2021, 2022 оны Хамтран ажиллах гэрээг Х сумын З-тай байгуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь эс зөвшөөрч, Х сумын З-тай гэрээг байгуулж, баталгаажуулсан гэж тайлбарласан боловч тус татгалзал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.7 дэх хэсэгт тус тус зааснаар хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 14,241,750 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.7 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч П ХХК-аас 2,816,760,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д Х суманд олгож, 2021, 2022 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээг нэхэмжлэгч З-тай байгуулахыг хариуцагч П ХХК-нд даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч П ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 14,241,750 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ