Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/553

 

 

   2025           10           27                                          2025/ШЦТ/553

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0522/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөншүр,

Улсын яллагч Э.Улаанаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Отгончимэг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000474 дугаартай хэргийг 2025 оны 09 сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод оршин суух, урьд

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн ******* ,

 

Холбогдсон хэргийн талаар:

                                                                                                         

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 07 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын *******ийн нутаг дэвсгэр, Хараа голын орчим байсан ******* улсын дугаартай Honda Civic маркийн тээврийн хэрэгслээс хагас онгорхой байсан цонхоор нь Н.*******ийн Самсунг А-35 загварын гар утас, 2 шил дарс, 2 ширхэг шоколад, дугтуйтай 350,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 1,002,290 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-9),

 

Хохирогч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр миний төрсөн өдөр болоод орой 23 цаг өнгөрөөгөөд Хараа голын эрэг дээр өөрийн нөхөр болох ын хамт нөхрийнхөө ******* улсын дугаартай Honda Civic маркийн автомашинтай гол дээр хажууд майхан бариад , бид дөрөв пиво уугаад шөнө 03 цагийн үед унтаж амарсан, өглөө босоод 08 цагийн үед машинаас юм авах гэтэл өчигдөр төрсөн өдрөөр хүмүүс өгсөн цагаан өнгийн 2 ширхэг дугтуйтай мөнгө, Самсунг А35 маркийн гар утас, 2 шил дарс, шоколад 2 ширхэг алга болчихсон байсан, нэг дугтуйн дотор нь 200,000 төгрөг, нөгөө дугтуйн дотор нь 150,000 төгрөг, нийт 350,000 байсан, ...гар утсаа болон бэлэн 70,000 төгрөг буцааж хүлээн авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 15),

 

Гэрч А.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өглөө эрт 07 цагийн үед босоод өөрийн төрсөн эх *******ийн хамт Хараа-голын эргээр явж шил лааз түүж байсан тэгтэл гол дээр мөнгөлөг саарал өнгийн машин, нэг цагаан өнгийн приус 30 маркийн автомашин зогсож байсан ...ээж машинууд дээр очоод удалгүй ирэхдээ хөх тортой зүйл барьчихсан ирсэн, гэрт орсны дараа үзэхэд хоёр ширхэг шилтэй дарс, цагаан өнгийн дугтуйтай мөнгө, самсунг маркийн ардаа гурван камертай гар утас 1 ширхэг байсан, удалгүй манай гэрт цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),

 

Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...шөнө 03 цагийн үед машин тэргээ цоожлоод унтаж амарсан, машинаа цоожлохдоо цонх нь дутуу онгойсон байсныг хараагүй цоожилсон байна. Манай эхнэрт ажлынх нь хуурай дүү 200,000 төгрөг, найз залуу болох 150,000 төгрөг өгснийг эхнэр бид хоёр тоолж үзсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),

 

Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би түрүүлээд 02 цагийн үед унтсан ...*******э эгчийн төрсөн өдөрт би дугтуйтай 200,000 төгрөг өгсөн, манай найз залуу 150,000 төгрөг дугтуйнд хийгээд өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21),

 

Гэрч Б.ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай найз охин түрүүлж унтаад бид гурав шөнө 03 цаг өнгөрөөгөөд унтсан. ... *******э эгчид тэр орой гар утас нь байсан. Самсунг А35 маркийн хар хөх өнгөтэй ардаа гурван камертай утас байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23),

 

Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...мөнгөлөг саарал өнгийн машин нь онгорхой байсан ...надад хар хөх өнгийн гар утас бэлэн 70,000 төгрөг байна. Бусад 2 шил дарсыг нь би уусан, харин 2 шоколадыг нь манай хүүхдүүд идсэн”, “...Би Хараа голын эрэг дагуу өглөө бүр явж шил, лааз түүж амьдралаа залгуулдаг юм. Тэгж яваад л юм бодохгүй зүгээр аваад явчихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25, 42),

 

Ашид билгүүн ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ТХҮ-725-912605 дугаартай: “...нийт үнэ 652,290” төгрөгөөр тогтоосон” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 29-35),

 

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 50),

 

Эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 53) болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч ******* нь шууд санаатай үйлдлээр, шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар буюу эзэмшигчид нь унтаж байхад нь сэм авч 1,002,290 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

 

Хохирогч Н.*******эд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралд оролцох боломжгүй, хохирлоо барагдуулбал гомдол саналгүй” гэж байх ба нийт хохирол 1,002,290 төгрөгөөс 722,290 төгрөгийн хохирол мөрдөн шалгах ажиллагааны явцад төлөгдөж, төлөгдөөгүй үлдсэн 280,000 төгрөгөөс шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирогчид 70,000 төгрөг шүүх хуралдаанд 150,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 60,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.

 

Иймд шүүгдэгч *******аас 60,000 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 тоотод оршин суух Усчин овогт Намсрайн *******э -д олгохоор шийдвэрлэв.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж хулгайлсан эд зүйлийн заримыг буцаан өгсөн, хохирлын хэмжээ харьцангуй бага, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ******* овогт *******гийн *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 60,000 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг, хуучин хороолол, 15-53 тоотод оршин суух Усчин овогт Намсрайн *******э -д олгосугай.

 

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД