Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2023/00282

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Ш овогт Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Т  сумын Засаг дарга /Е /-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Т  сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/131 дугаартай “Д-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай”, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаартай “Ерөнхий боловсролын сургуулийн захиралд сахилгын шийтгэл ноогдуулах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн  Т  сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д  нь хариуцагч Б аймгийн Т  сумын Засаг даргад холбогдуулан Б аймгийн Т  сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/131 дугаартай “Д ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай”, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаартай “Ерөнхий боловсролын сургуулийн захиралд сахилгын шийтгэл ноогдуулах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн  Т  сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Би Б аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/45 дугаартай захирамжаар Б аймгийн Т  сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажилд томилогдсон цагаас хойш өдий хүртэл эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй ба 2020-2021 оны хичээлийн жилд хөдөө сумдын Ерөнхий боловсролын сургуулиар тэргүүлсэн амжилт гаргасан юм.

1.2 Гэтэл 2020 оны 12 дугаар сард Б аймгийн Т  сумын Засаг даргаар томилогдсон Е  нь томилогдсон цагаас хойш удаа дараа Д  надад ажлаа сайн дураар хүлээлгэж өгөөрэй гэж хууль бус шаардлага тавьж өдий хүрлээ.

1.3 Урьд нь сумын Засаг дарга намайг нэг удаа захирлын ажлаас чөлөөлж байсан захирамж гаргасныг шүүхээс хүчингүй болгож байсан. Гэтэл Б аймгийн Т  сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б/131 дугаартай захирамжаар намайг үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн.

1.4 Ажил олгогчийн 2022 оны Б/131 дугаартай захирамж нь бодит байдалд нийцэхгүй, миний бие ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй байхад үүрэгт ажлаас чөлөөлж байгааг зөвшөөрөхгүй байна. Ажил олгогчийн захирамжид дурдсан үндэслэлүүд нь бодит байдалд нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

1.5 Мөн Т  сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар сумын Засаг даргын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын хариуцлагагүй, байнгын ажлын алдаа, дутагдал гаргадаг Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д эд 3 сар хүртэлх хугацаагаар сарын цалинг 20 хувь хасах сахилгын шийтгэл ноогдуулсан байна. Сумын Засаг даргын уг захирамж хууль бус бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна.

1.6 Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой. Харин хавтаст хэрэгт ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ авагдаагүй байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх захирамж дээр боловсролын сургуулийн захирлын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, Төсвийн тухай хууль зөрчсөн, төсвийг буруу зарцуулсан, байгууллагаас гарсан сул орон тоон дээр мэдээллийн ил тод байдлыг хангаагүй гэж дурдсан боловч хавтаст хэрэгт хэнд давуу байдал бий болгосон, Төсвийн тухай хуулийн хэддүгээр заалтыг зөрчсөн, ямар сул орон тоон дээр мэдээллийн ил тод байдлыг хангаагүй гэх үндэслэл тогтоохгүй байгаа гэж ойлгож байна. Б аймгийн Т  сумын Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, ажлын хариуцлагагүй, байнга ажлын алдаа дутагдал гаргадаг гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байна. Гэхдээ ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй хэзээ өгсөн үүрэг даалгавар вэ, ажлын хариуцлагагүй байнга ажлын алдаа дутагдал гаргадаг гэдэг нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байгаа.

Иймд Б аймгийн Т  сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/131 дугаартай “Д ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай”, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаартай “Ерөнхий боловсролын сургуулийн захиралд сахилгын шийтгэл ноогдуулах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн  Т  сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б аймгийн Т  сумын Засаг дарга Е  хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д ийн тус шүүхэд Б аймгийн Т  сумын Засаг даргад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбар хүргүүлж байна. Үүнд:

2.1 Тус сургуулийн захирал Д  нь сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2021-2022 оны хичээлийн жилд бусдад давуу байдал бий болгосон. Тухайлбал, Т  сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар анги төгсөгчдийн дотор А нь хичээл сургалтад хамрагдаагүй мөртлөө бүртгэлд хамрагдсан аттестат авсан болох нь тогтоогдсон ба энэ талаар нэхэмжлэгчийн өөрөөс нь тодруулахад үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

2.2 Мөн Т  сумын Ерөнхий боловсролын сургуулиас сул орон тоо гарсан тохиолдолд мэдээллийн ил тод байдлын үүднээс мэдэгдэх эсхүл сонгон шалгаруулалт явуулалгүй ил тод байдлыг хангаагүй бөгөөд ажилтан ажилд томилсон тухайгаа тушаал шийдвэр гарсан мөртлөө өнөөдрийг хүртэл тухайн орон тоонд хөдөлмөрийн харилцаанд орж ажиллаж эхлээгүй байна.

2.3 Мөн Т  сумын 1 дүгээр багийн иргэн А нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр утсаар залгаж сургуулийн дотуур байранд хүүхдүүд нь байрладаг талаар мөн тухайн байрладаг өрөөнд нь ус алдсан талаар гомдол гаргажээ. Сумын Засаг дарга миний бие гомдлын мөрөөр тухайн үйл явдал болсон газар буюу дотуур байрны 112 дугаар тасагт очиход  дотуур байрны сантехникийн шугам хагач ус алдсан байдалтай байсан ба тухайн өрөөнд байсан хүүхдүүд орноос бууж чадахгүй байсан тухай хэлжээ. Мөн тухайн үед дотуур байрны багш ажилчид ажлын байран дээрээ байхгүй байсан. Улмаар намайг дотуур байранд ирсний дараа сургуулийн захирал Д  болон сургалтын менежер, ажилчид ирсэн.

2.4 Ажлын цагаар дотуур байрны багш нар байгаагүй бөгөөд үүнд тус сургуулийн захирал Д  хяналт тавьж ажиллах ёстой байсан ба сумын Засаг даргын хувьд тухайн ажилтнуудад шууд хариуцлага тооцох боломжгүй бөгөөд харин ажил олгогчийн хувьд Д эд ажилдаа хариуцлагагүй хандсан, ажлын цагаар ажилтнууддаа хяналт тавьж ажиллаагүй, дотуур байрны сантехникийн шугам хагарсан байхад шаардлагатай арга хэмжээг яаралтай авч ажиллаагүй гэх үндэслэлүүдээр сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэл авахаас өмнө Д ийг дуудаж өөрөөс нь тайлбар авахыг хүсэж дуудсан боловч ирэхээс татгалзсан. Нэхэмжлэгчийг 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр ажлаас чөлөөлсөн ч өнөөдрийг хүртэл  цалин хөлсөө авч ажиллаж байгаа.

2.5 Иймд нэхэмжлэгч Д ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Б аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/478 дугаартай захирамж, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/45 дугаар захирамж, 20 Төрийн албаны зөвлөлийн Б аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 70 дугаар тогтоол, Б аймгийн Т  сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/131 дугаар захирамж, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШЗ2023/00041 дугаартай шүүгчийн захирамж, Б аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаартай албан бичиг, С-д олгосон итгэмжлэл, Б аймгийн Т  сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаар захирамж зэргийг,

Хариуцагчаас М-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар,  фото зургууд, охидын дотуур байранд болсон нөхцөл байдлын тухай тэмдэглэл, иргэн А-аас Б аймгийн Т  сумын Засаг даргад гаргасан хүсэлт зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Д ийн Б аймгийн Т  сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/131 дугаартай “Д ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай”, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаартай “Ерөнхий боловсролын сургуулийн захиралд сахилгын шийтгэл ноогдуулах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож,  Б аймгийн Т  сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

 

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн Т  сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажилд томилогдсон цагаас хойш ажилдаа хариуцлагатай хандаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл  Б аймгийн Т  сумын Засаг дарга нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б/131 дугаартай захирамжаар захирлын ажлаас ямар ч үндэслэлгүй чөлөөлсөнд гомдолтой байна. Мөн  Б аймгийн Т  сумын Засаг дарга 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Б/12 дугаартай захирамжаар сумын Засаг даргын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын хариуцлагагүй, байнга ажлын алдаа дутагдал гаргадаг үндэслэлээр 3 сар хүртэлх хугацаагаар сарын цалинг 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус, бодит байдалд нийцэхгүй байгаа тул тухайн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Сургуулийн захирал Д  нь бусдад давуу байдал бий болгосон, тус сургуулиас сул орон тоо гарсан тохиолдолд мэдээллийн ил тод байдлын үүднээс мэдэгдэх, эсхүл сонгон шалгаруулалт явуулалгүй ил тод байдлыг хангаагүй тул ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй болно. Д  нь ажилдаа хариуцлагагүй хандсан, ажлын цагаар ажилтнууддаа хяналт тавьж ажиллаагүй, дотуур байрны сантехникийн шугам хагарсан байхад шаардлагатай арга хэмжээг яаралтай авч ажиллаагүй гэх үндэслэлүүдээр сахилгын шийтгэл ногдуулсан болно гэжээ.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

7.1 Б аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/45 дугаартай захирамжаар Б аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар тогтоолоор нэр дэвшигдсэн иргэн Д ийг Т  сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилсон байна. Б аймгийн Т  сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/131 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.14 дэх заалтыг болон 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.14 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтуудыг тус тус баримтлан Т  сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д ийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хууль журам зөрчсөн, Төсвийн тухай хууль зөрчиж төсөв буруу зарцуулсан, тухайн байгууллагаас гарсан сул орон тоонд мэдээллийн ил тод байдлыг хангахгүй байгаа зэрэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ.

7.2 Мөн Б аймгийн Т  сумын Засаг даргын 2023  оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаартай захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д-д “сумын Засаг даргын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын хариуцлагагүй, байнга ажлын алдаа, дутагдал гаргадаг” үндэслэлээр гурван сар хүртэл хугацаагаар сарын цалинг 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан нь тогтоогджээ.

7.3 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Т  сумын Ерөнхий боловсролын сургуулийн охидын дотуур байрны сантехникийн шугамын гэмтлийн нөхцөл байдлын талаар болон авах арга хэмжээний талаар Засаг дарга, бусад холбогдох хүмүүсийн хамт хэлэлцсэн болох нь “Охидын дотуур байранд болсон нөхцөл байдлын тухай” тэмдэглэлээр нотлогджээ.

 

8.Нэхэмжлэгчээс хариуцагч нь хууль зөрчиж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн, хууль бусаар сахилгын шийтгэл ногдуулсан гэж маргасан байх ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

9. Ажилтны ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирсон байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм. Нэхэмжлэгч Б аймгийн Т  сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д эд  Б аймгийн Т  сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/131 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтыг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэлийг, 2023  оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаартай захирамжаар гурван сар хүртэл хугацаагаар сарын цалинг 20 хувь хасах сахилгын шийтгэлийг тус тус оногдуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд хуулийн тухайн зүйл хэсэгт заасан  хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар тус тус заажээ. Сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, мэргэжлийн, ажил, үүрэгтэй холбоотой журам, дүрэм зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

10.Хариуцагчаас сургуулийн захирал Д  нь бусдад давуу байдал бий болгосон, тус сургуулиас сул орон тоо гарсан тохиолдолд мэдээллийн ил тод байдлын үүднээс мэдэгдэх, эсхүл сонгон шалгаруулалт явуулалгүй ил тод байдлыг хангаагүй, ажилдаа хариуцлагагүй хандсан, ажлын цагаар ажилтнууддаа хяналт тавьж ажиллаагүй, дотуур байрны сантехникийн шугам хагарсан байхад шаардлагатай арга хэмжээг яаралтай авч ажиллаагүй гэж тайлбарлаж байгаа боловч ажилтныг ажлаас халсан тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагчийн зүгээс ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халах болон үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах шийтгэл оногдуулсан үндэслэлийг нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

11.Б аймгийн Т  сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаартай захирамжаар Д эд цалин хасах сахилгын шийтгэлийг ажлаас чөлөөлсөн захирамж гарсны дараа оногдуулсан  үндэслэлээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д ийг захирлын ажлаас чөлөөлсөн захирамж гарсан боловч Д  нь захирлын ажлыг хэвийн гүйцэтгэж байсан тул сахилгын шийтгэл оногдуулсан гэж тайлбарлажээ.

Иймд Б аймгийн Т  сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/131 дугаартай, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож, Д ийг Б аймгийн Т  сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б аймгийн Т  сумын Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б аймгийн Т  сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/131 дугаартай “Д ийг үүрэгт  ажлаас нь чөлөөлөх тухай”, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/12 дугаартай “Ерөнхий боловсролын сургуулийн захиралд сахилгын шийтгэл ноогдуулах тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож, Д ийг Б аймгийн Т  сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн  тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Т  сумын Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК