| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2023/00319/и |
| Дугаар | 155/ШШ2023/00494 |
| Огноо | 2023-05-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2023/00494
| 2023 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2023/00494 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төрийн банк хувьцаат компани,
Хариуцагч: Б.Л,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 823,699.41 (найман зуун хорин гурван мянга зургаан зуун ерэн есөн төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,514,792.04 (нэг сая таван зуун арван дөрвөн мянга долоон зуун ерэн хоёр төгрөг дөрвөн мөнгө) төгрөг, нийт 2,338,491.45 (хоёр сая гурван зуун гучин найман мянга дөрвөн зуун ерэн нэгэн төгрөг дөчин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай, 155/2023/00319/и дугаар индекстэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х,
Хариуцагч: Э.Л,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрийн банк Хөвсгөл салбарын захирал Л.Дашцэрэн нь хариуцагч Э.Лид холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 823,699.41 (найман зуун хорин гурван мянга зургаан зуун ерэн есөн төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,514,792.04 (нэг сая таван зуун арван дөрвөн мянга долоон зуун ерэн хоёр төгрөг дөрвөн мөнгө) төгрөг, нийт 2,338,491.45 (хоёр сая гурван зуун гучин найман мянга дөрвөн зуун ерэн нэгэн төгрөг дөчин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Н болон хамтран зээлдэгч Э.Л нар нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2,713,670.12 төгрөгний тэтгэврийн зээлийн үлдэгдэл дээр нэмэлтээр 2,367,500 (Хоёр сая гурван зуун жаран долоон мянга таван зуун төгрөг)-ийг жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тэтгэврийн зээл авч 5,081,170 үлдэгдэлтэй болсон. Мөн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэмэлтээр 736,300 төгрөгний тэтгэврийн зээл авч нийт 5,086,982 төгрөгний үлдэгдэлтэй, 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэмэлтээр 579,500 төгрөг авч нийт 5,096,300 төгрөгний үлдэгдэлтэй, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 734,100 төгрөгний зээл нэмэлтээр авч нийт 5,085,149 төгрөгний үлдэгдэлтэй, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 938,800 төгрөгний зээл нэмэлтээр авч нийт 5,624,848 төгрөгний үлдэгдэлтэй, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 833,900 төгрөг нэмэлтээр авч нийт 5,623,090 төгрөгний үлдэгдэлтэй. 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 4,805,942.47 төгрөгний зээлийн үлдэгдэл дээр нэмэлтээр 2,954,800 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авч нийт тэтгэврийн зээлийн үлдэгдэл 7,760,742 төгрөг болсон. 2020 оны 02 дугаар сард тэтгэврийн зээл улсаас 6,000,000 төгрөг төлөгдөж зээлийн үлдэгдэл 823,699.41 төгрөг болсон. 2020 оны 02 дугаар сараас огт төлөлт хийгдээгүй. Үндсэн зээлдэгч Г.Н нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нас барсан.
Зээлдэгч сар бүр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж нийт 1097 хоног хугацаа хэтрүүлсэн болно.
2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 823,699.41 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,514,792.04 төгрөг, нийт 2,338,491.45 төгрөгийг хамтран зээлдэгч Э.Лоос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч Э.Л нар нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төрийн банкнаас 7,620,727.90 төгрөгийн тэтгэврийн зээлийг сарын 1,5 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар авсан. Энэ бол сар бүр хүү бодогддог зээл байгаа. Үндсэн зээлдэгч хамтран зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурж баталгаажсан хүчин төгөлдөр гэрээ байгаа. Зээлийн гэрээний 2.3.1-т заасан хамтран зээлдэгч нь энэ гэрээнд заасан үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэсэн учраас гэрээний дагуу хамтран зээлдэгч Э.Лоор зээлийг төлүүлэхээр манай банкны зүгээс нэхэмжлэл гаргасан. 2019 оны 02 дугаар сард үндсэн зээлдэгч нас барахад хамтран зээлдэгч 32 сарын зээлийн үлдэгдэлтэй байгаа болон энэ зээлээ цаашид төлж барагдуулна гэсэн хүсэлтээ бичиж манай банканд өгсөн. Үүний дараа хамтран зээлдэгчтэй 2020 оны 11 дүгээр сард уулзаж зээл төлүүлэх талаар шаардлагаа амаар өгсөн боловч үндсэн зээлийг төлнө, хүүг төлөх боломжгүй гэсэн хүсэлтээ гаргасан. Манай банкны Хөвсгөл салбарын тухайд энэ хүсэлтийг дур мэдэн шийдэх боломжгүй учраас дээшээ хандаад хариу хэлье гэж мэдэгдсэн. Тэр үед зээлийн гэрээн дээрх 85113229 гэсэн утас руу холбогдох болон зээлдэгчийн гэрийн хаяг болох 2 дугаар багийн 8-4 тоотод байрлах гэрт нь удаа дараа очсон боловч зээлдэгчтэй холбоо барьж чадаагүй. Хамтран зээлдэгч 2020 оны 11 дүгээр сард зээлийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч өргөдөл бичсэн учраас уг зээлийг мэдэж байгаа гэдэг байдлаар мөн үндсэн зээлдэгч нас барсан учраас хамтран зээлдэгчийг зээл төлөх хугацааг хүлээх байдалтай байсан. Анх тэтгэврийн зээлийн гэрээгээр үүрэг хүлээж мөнгөн дүнгээ баталгаажуулж хоёр талаас гарын үсэг зурсан учраас нэхэмжлэлийн дагуу хамтран зээлдэгчээр зээлийг төлүүлэхээр хүсэлт гаргасан. Манай банкны зүгээс хүүг чөлөөлөх боломжгүй учир үндсэн зээл, хүүг бүхэлд нь төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Үндсэн зээлдэгч нас барсан ч хамтран зээлдэгчээр төлүүлэхээр гэрээний дагуу нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Э.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 02 дугаар сард эднийд очиж зээл төлнө гэсэн бичиг хийж өгсөн. Тэгэхэд банкнаас надад энэ зээлийн сарын төлөлтийг чи тэдэн сарын тэдэнд тийм төгрөгөөр төлнө шүү гэж надад мэдэгдэл өгч холбогдоогүй. Надад чи энэ зээлийг төл гэсэн шаардлага надад банкнаас өгөөгүй. Манай хаягаар ирсэн гэж байна. Би ээжийгээ нас барсан эхний 1 жил гэрээсээ огт гараагүй. Дараа нь манай эхнэр төрөөд нялх хүүхэдтэй байсан учраас байнга гэртээ байсан. Тийм байхад манайд байнга очоод хүнгүй байсан гэж худлаа ярьж байна. Би энэ дээр гэрч оруулсан байгаа. Би 2021 оны 11 дүгээр сарын 8, 9-ний үед өргөдөл бичиж өгсөн. Тэр үедээ би оноо буруу бичсэн байна лээ. Намайг дансны хуулгаа аваад ир гэхээр нь би маргааш нь дансны хуулгаа хэвлээд авч очсон. Миний өргөдөл дээр би мөнгөн дүнгээ бичье гэхэд дараа нь би нөхөж бичнэ гээд авсан. Өргөдөл авч байгаа юм чинь мөнгөн дүнг нь өөрөөр нь бичүүлж гарын үсэг зуруулж авах ёстой биз дээ. Мөн өргөдөл дээр миний утасны дугаар байгаа, гэрийн хаягаа ч бичсэн байгаа. Утасны дугаараа 9 тоо бичих гэж байгаад андуурч 8 тоо биччихээд тэрийгээ засаж 9 тоо болгож балласан байгаа. Дугаар руу минь яагаад залгаж болоогүй юм бэ. Намайг миний аавын утсаар дамжуулж дуудсан. Өмнө нь би аавын зээлийн хамтран зээлдэгчээр орж байсан. Тэгэхлээр миний мэдээлэл зээлийн мэдээллийн сан дээр гарч ирдэг биз дээ. Миний утас үнэхээр болохгүй байсан юм бол аль эрт миний ааваар дамжуулаад надтай холбогдож яагаад болоогүй юм бэ. Манай аавын тэтгэвэр 10,000 төгрөг дутуу ороход тэтгэврийн зээл чинь дутуу орлоо. 10,000 төгрөгөөр төл гээд дуудаж болж байхад энэ зээлийн төлөлт ийм удаан орохгүй байхад танайхаас яагаад надад эрт мэдэгдэж болоогүй юм бэ. Надад энэ хугацаанд огт мэдэгдээгүй байж ийм их хүү тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөө ирж мөнгөн дүнгээ асуух ёстой гэсэн. Гэхдээ би ганцаараа үүрэг хүлээх ёстой юм уу, би төлөхгүй бол танайхаас шаардах ёсгүй юм уу. Тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байна.Ядаж л ийм хэмжээний төлбөр үлдлээ гээд аль эрт надад хэлж байсан бол би ингэж их хүү төлөхгүй байсан шүү дээ. Энэ хугацаанд банкнаас надад хэлж мэдэгдээгүй мөртлөө одоо хүүг нь ингэж их болгочихоод нэхэж байгаад гомдолтой байна. Намайг дуудаж уулзахад би үндсэн мөнгийг нь бол төлнө хүүг нь төлж чадахгүй гэдгээ хэлж байсан. Тэрнээс хойш ч гэсэн надаас ингээд нэхэхгүй яасан юм бэ Ээж минь нас бараад 4 жил болж байна гэв.
Нэхэмжлэгчээс Төрийн банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банк ХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/693 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэл, Төрийн банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирлын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 37/223 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэл, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 200000261442-20180710 дугаартай “Тэтгэврийн зээлийн гэрээ”, 2018.06.12-ны өдрийн тэтгэврийн зээлийн өргөдөл, зээл судалсан талаарх баримт, 2018.10.09-ний өдрийн тэтгэврийн зээлийн өргөдөл, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 200000261442-20181110 дугаартай “Тэтгэврийн зээлийн гэрээ”, 2017.12.20-ны өдрийн тэтгэврийн зээлийн өргөдлийн хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 200000261442-20180118 дугаар “Тэтгэврийн зээлийн гэрээ”-ний хуулбар, 2017.01.12-ны өдрийн тэтгэврийн зээлийн өргөдлийн хуулбар, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 200000261442-20170218 дугаар “Тэтгэврийн зээлийн гэрээ”-ний хуулбар, 2017.05.15-ны өдрийн тэтгэврийн зээлийн өргөдлийн хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 200000261442-20170618 дугаар “Тэтгэврийн зээлийн гэрээ”-ний хуулбар, 2017.08.18-ны өдрийн тэтгэврийн зээлийн өргөдлийн хуулбар, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 200000261442-20170918 дугаар “Тэтгэврийн зээлийн гэрээ”-ний хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тэтгэврийн зээлийн өргөдлийн маягтын хуулбар, Э.Лийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тэтгэврийн зээлийн өргөдлийн маягтын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2018.02.12-ны өдрийн Тэтгэврийн зээлийн өргөдлийн хуулбар, 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 200000261442-20180318 дугаар Тэтгэврийн зээлийн гэрээний хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тэтгэврийн зээлийн өргөдлийн маягтын хуулбар, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн тэтгэврийн зээлийн өргөдлийн маягтын хуулбар, 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тэтгэврийн зээлийн өргөдлийн маягтын хуулбар, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тэтгэврийн зээлийн өргөдлийн маягтын хуулбар, Э.Лийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зээлийн дансны харилцагчийн хуулганы хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э.Лийн гар өргөдөл, үндсэн зээлдэгчийн нас барсны гэрчилгээний хуулбар, 2020.11.09-ний өдрийн Э.Лийн гар өргөдөл, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгтийг тус тус гаргаж өгсөн.
Хариуцагчийн хүсэлтээр Э, Ч нараас гэрчийн мэдүүлэг авсан болно.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Төрийн банк хувьцаат компани нь хариуцагч Э.Лид холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 823,699.41 (найман зуун хорин гурван мянга зургаан зуун ерэн есөн төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,514,792.04 (нэг сая таван зуун арван дөрвөн мянга долоон зуун ерэн хоёр төгрөг дөрвөн мөнгө) төгрөг, нийт 2,338,491.45 (хоёр сая гурван зуун гучин найман мянга дөрвөн зуун ерэн нэгэн төгрөг дөчин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Э.Л нь зээлдэгч Г.Нийн хамтран зээлдэгчээр 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2,713,670.12 төгрөгний тэтгэврийн зээлийн үлдэгдэл дээр нэмэлтээр 2,367,500 (Хоёр сая гурван зуун жаран долоон мянга таван зуун төгрөг)-ийг жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тэтгэврийн зээл авч 5,081,170 үлдэгдэлтэй болсон. Мөн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэмэлтээр 736,300 төгрөгний тэтгэврийн зээл авч нийт 5,086,982 төгрөгний үлдэгдэлтэй, 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэмэлтээр 579,500 төгрөг авч нийт 5,096,300 төгрөгний үлдэгдэлтэй, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 734,100 төгрөгний зээл нэмэлтээр авч нийт 5,085,149 төгрөгний үлдэгдэлтэй, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 938,800 төгрөгний зээл нэмэлтээр авч нийт 5,624,848 төгрөгний үлдэгдэлтэй, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 833,900 төгрөг нэмэлтээр авч нийт 5,623,090 төгрөгний үлдэгдэлтэй. 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 4,805,942.47 төгрөгний зээлийн үлдэгдэл дээр нэмэлтээр 2,954,800 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авч нийт тэтгэврийн зээлийн үлдэгдэл 7,760,742 төгрөг болсон. 2020 оны 02 дугаар сард тэтгэврийн зээл улсаас 6,000,000 төгрөг төлөгдөж зээлийн үлдэгдэл 823,699.41 төгрөг болсон. 2020 оны 02 дугаар сараас огт төлөлт хийгдээгүй. Үндсэн зээлдэгч Г.Н нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нас барсан.
Зээлдэгч сар бүр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж нийт 1097 хоног хугацаа хэтрүүлсэн болно.
2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 823,699.41 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,514,792.04 төгрөг, нийт 2,338,491.45 төгрөгийг хамтран зээлдэгч Э.Лоос гаргуулна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Э.Л дараах үндэслэлээр тайлбар өгсөн. Үүнд: ...банкнаас надад энэ зээлийн сарын төлөлтийг чи тэдэн сарын тэдэнд тийм төгрөгөөр төлнө шүү гэж надад мэдэгдэл өгч холбогдоогүй. Надад чи энэ зээлийг төл гэсэн шаардлага надад банкнаас өгөөгүй. ... Надад энэ хугацаанд огт мэдэгдээгүй байж ийм их хүү тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна... Үндсэн зээлийн төлбөр дээр маргах зүйл байхгүй. Харин 4 жилийн хүүг зөвшөөрөхгүй байна гэж тайлбарлав.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Хариуцагч Э.Л нь нас барагч Г.Нийн тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр үүрэг хүлээхээр, Төрийн банк хувьцаат компанитай (Төрийн банк Хөвсгөл салбар) жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар зээлийн төлбөрийг сар бүр олгогдох Г.Нийн тэтгэвэрээс шууд суутгах нөхцөлтэйгээр 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээг байгуулан 4,805,942.47 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 2,954,800 төгрөгийн зээлийг авсан.
Үндсэн зээлдэгч Гармаагийн Г.Н нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нас барсан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа хариуцагч 2019 оны 2 дугаар сард нас барсан тул түүний нас барсны дараагийн сарын зээл олгогддог тул 2019 оны 3 дугаар сарын зээлийн төлбөр төлөгдөөд түүнээс хойшхи хугацааны зээлийн төлбөр огт төлөгдөөгүй гэх боловч энэ хугацааны зээлийн дансны харилцагчийн хуулгыг нэхэмжлэгчээс ирүүлээгүй ба нэхэмжлэгчээс ирүүлсэн Зээлийн дансны харилцагчийн хуулга нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлсэн тооцоололтой байсан болно.
Нэхэмжлэгч хариуцагчийн зээлийн төлбөрт түүнийг нас барснаас хойш ямар нэгэн төлөлт хийгдээгүй, 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 6,000,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн нь төрөөс тэтгэврийн зээлтэй иргэдийн 6,000,000 төгрөг хүртэлх зээлийг тэглэсэн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төлөгдсөн гэж тайлбарласан ба энэ нь зээлийн дансны харилцагчийн хуулгаар нотлогдсон.
Хариуцагч Э.Л нь 2019 оны 3 дугаар сард нэхэмжлэгч байгууллагад зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна гэж, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой хүү болох төгрөгийг төлөх боломжгүй байгаа тул зээлийн хүүнээс чөлөөлж өгнө үү гэж өргөдлийг тус тус гаргаж байжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд нь 2020 онд гаргасан өргөдлийг 2021 онд гаргасан бөгөөд оныг буруу бичсэн гэж тайлбарладаг.
Зохигчид дээрх үйл баримтад болон зээлийн гэрээг байгуулсан, гэрээний нөхцөл, төлөлтийн хэмжээ, зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн үндсэн хүүгийн хэмжээ зэрэгтэй маргаагүй.
Харин хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгтэд авагдсан мэдээллийн талаар надтай зээлийн үлдэгдлийг төлүүлэх талаар холбоо барих гэсэн боловч эзэнгүй байсан, утас холбогдоогүй гэдэг бол худлаа, нэг ч удаа манайхаар очоогүй, би аавынхаа тэтгэврийн зээлийн хамтран зээлдэгчээр орсон байгаа аавын зээл төлүүлэх талаар холбоо барьж яриад байж болоод байж ийм зүйл бичиж тэмдэглэсэн нь нийцэхгүй гэж маргасан.
Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасан.
Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасан бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдаж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан нь тэдний хүсэлт зоригийн илэрхийлэл байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна.
Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдан зээлийн харилцаа үүссэн байна гэж дүгнэв. (хавтаст хэргийн 6, 8 дугаар хуудас)
Зээлдэгч нар зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлж байсан боловч үндсэн зээлдэгч Г.Н 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нас барсан, 2019 оны 3 дугаар сараас хойшхи хугацаанд зээлийн гэрээний үүргээ зөрчсөн болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Төрийн банк ХК, зээлдэгч Э.Л нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч нар гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч болох нэхэмжлэгч Төрийн банк хувьцаат компани зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.
Шүүх хуралдаанд хариуцагч Э.Л ... банкнаас надад энэ зээлийн сарын төлөлтийг чи тэдэн сарын тэдэнд тийм төгрөгөөр төлнө шүү гэж надад мэдэгдэл өгч холбогдоогүй. Надад чи энэ зээлийг төл гэсэн шаардлага надад банкнаас өгөөгүй. ...Надад энэ хугацаанд огт мэдэгдээгүй байж ийм их хүү тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна... Үндсэн зээлийн төлбөр төлөх дээр маргах зүйл байхгүй. Харин 4 жилийн хүүг зөвшөөрөхгүй байна.... гэх тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч үлдэх үндсэн хүүгийн төлбөрийг төлөхөөс татгалзсан.
Хариуцагч Э.Л нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээнд маргаагүй.
Талуудын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 200000261442-20181110 дугаар тэтгэврийн зээлийн гэрээний 2.3-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасан байна.
Гэвч хариуцагч Э.Л нь ... банкнаас надад энэ зээлийн сарын төлөлтийг чи тэдэн сарын тэдэнд тийм төгрөгөөр төлнө шүү гэж надад мэдэгдэл өгч холбогдоогүй. Надад чи энэ зээлийг төл гэсэн шаардлага надад банкнаас өгөөгүй. ...Надад энэ хугацаанд огт мэдэгдээгүй байж ийм их хүү тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэсэн тайлбарыг гаргаж маргасан нь хариуцагч хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж байна гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ:
75.2.1. гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил...” гэж хуульчилсан болно.
Талууд хоорондоо 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тэтгэврийн зээлийн гэрээг байгуулж, зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийг сар бүрийн 10-ны өдөр 281,446 төгрөгийг төлж байхаар гэрээнд тусгажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...2020 оны 02 дугаар сард тэтгэврийн зээл улсаас 6,000,000 төгрөг төлөгдөж зээлийн үлдэгдэл 823,699.41 төгрөг болсон. 2020 оны 02 дугаар сараас огт төлөлт хийгдээгүй..., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...2019 оны 3 дугаар сараас хойш зээлийн төлбөрийг зээлдэгч төлөөгүй... гэх тайлбарыг гаргажээ.
Үүнээс үзвэл хариуцагч нь зээлийн үлдэгдэл төлбөрийг 2019 оны 4 дүгээр сараас эхлэн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлөх ёстой байсан бөгөөд энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй учир зээлийн төлбөрийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш нэхэмжлэгч шаардах эрхтэй юм.
Нэхэмжлэгч Төрийн банк хувьцаат компани нь Э.Лид холбогдох тэтгэврийн зээлийн гэрээний үндсэн дээр 2,338,491.95 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн болно.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх 3 жил 10 сар 28 хоногийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлж байсан талаар тайлбар гаргаагүй, холбогдох баримтыг ирүүлээгүй.
Нэхэмжлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 200000261442-20181110 дугаар тэтгэврийн зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдэл төлбөр нэхэмжлэх, шаардлага гаргах хугацаа гурван жил өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй юм.
Гэвч хариуцагч Э.Л нь зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 823,699.41 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн, зээлийн гэрээний үндсэн төлбөрийн хэмжээнд маргаагүй учир талуудын зарчимд үндэслэн хариуцагч Э.Лоос үндсэн зээлийн үлдэгдэл 823,699.41 (найман зуун хорин гурван мянга зургаан зуун ерэн есөн төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулж, Төрийн банк хувьцаат компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн хүүгийн төлбөр 1,514,792.04 (нэг сая таван зуун арван дөрвөн мянга долоон зуун ерэн хоёр төгрөг дөрвөн мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,365.86 (тавин хоёр мянга гурван зуун жаран таван төгрөг наян зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Лоос 823,699.41 (найман зуун хорин гурван мянга зургаан зуун ерэн есөн төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 24,318.78 (хорин дөрвөн мянга гурван зуун арван найман төгрөг далан найман мөнгө) төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Э.Лоос үндсэн зээлийн үлдэгдэл 823,699.41 (найман зуун хорин гурван мянга зургаан зуун ерэн есөн төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк хувьцаат компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн хүүгийн төлбөр 1,514,792.04 (нэг сая таван зуун арван дөрвөн мянга долоон зуун ерэн хоёр төгрөг дөрвөн мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,365.86 (тавин хоёр мянга гурван зуун жаран таван төгрөг наян зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Лоос 24,318.78 (хорин дөрвөн мянга гурван зуун арван найман төгрөг далан найман мөнгө) төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА