Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2023/00441

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, шүүгч Б.Мангилик, Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Х овогт М.Е,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Ш овогт У.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Н сумын 2 дугаар багт оршин суух, М овогт Ж.А,

Хамтран хариуцагч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, Ш овогт Д нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 26000000 /хорин зургаан сая/ төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:                                          

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е, түүний өмгөөлөгч Н,

Хариуцагч А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А,

Хамтран хариуцагч Д /цахим сүлжээгээр/,

Иргэдийн төлөөлөгч Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б, Е нар нь хариуцагч А, хамтран хариуцагч Д нарт холбогдуулан Гэм хорын хохирол 26000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Минап овогтой Еркинбекийн эзэмшлийн 0000 БӨТ улсын дугаартай Nissan Qashqai маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч А-ийн нөхөр болох Д нь унаж яваад авто осолд оруулсан. Нийтдээ 26,500,000 төгрөгийн хохирол учруулсан юм.

1.2 М овогтой Е-д учруулсан хохирлыг барагдуулахын тулд Д, А нар нь И ББСБ ХХК-аас зээлээр 0000 УБА улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг авч өгсөн. М овогтой Е нь 0000 УБА улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулж авсны дараа Чингэлтэй дүүргийн нотариатчаар гарын баримт үйлдэж өгч Цагдаагийн газарт байгаа хэргийг хаалгуулж байсан.

1.3 М овогтой Е нь 0000 УБА улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 2019 онд өөрийнхөө найз болох Б-д 12 сая төгрөгөөр худалдсан ба А И ББСБ ХХК-ийн зээлийг төлж дуусгасны дараа нэр дээрээ шилжүүлж өгөхөөр болж тохиролцсон байна.

1.4 2018 оноос эхлээд өнөөдрийг хүртэл 0000 УБА улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн бүх татвар хураамж төлбөрийг төлж ашиглаж байхад 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр шүүхийн шийдвэрийн дагуу хэмээн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн. Үүний учрыг асуухад А нь И ББСБ ХХК-аас зээлээ төлөөгүйн улмаас Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1003 дугаар шийдвэр гарч, тухайн тээврийн хэрэгслийг шүүгчийн захирамжийн дагуу битүүмжилсэн. Нэхэмжлэгчийн зүгээс яаралтай шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангуулан, тухайн тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулахгүй байх талаар арга хэмжээ авсан боловч А нь шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон маргаан бүхий тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн байна.  Өөрөөр хэлбэл, тухайн тээврийн хэрэгсэл нь одоо хариуцагчид байхгүй болжээ. Иймээс анх шүүхэд гаргасан “0000 УБА улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг “И” ББСБ ХХК-ийн барьцаанаас чөлөөлүүлэн Е-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч А-д даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, одоо А, Д нарын буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардлагыг өөрчилж байна. Nissan Qashqai маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 26,500,000 төгрөг байсан. Гэм хорын хохирлын хэмжээг энэхүү тээврийн хэрэгсэлд учирсан хэмжээгээрээ 26 сая хэмээн тодорхойлж байна.

Иймд Е, Б нарт учирсан гэм хорын хохирол болох 26,000,000 /хорин зургаан сая/ төгрөгийг А, Д нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч А-ын болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А-ийн хариу тайлбар, татгалзал: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

2.1 Би И ББСБ ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр В10000000 дугаартай болон F1000000000 тоот фидуцийн гэрээнүүдийг тус тус хийж зээл авч уг зээлээр тус компаниас 0000 улсын дугаартай Тоёота приус 30 маркийн машин авсан.

2.2 Уг машин нь дээрх компанийн эд хөрөнгө байсан бөгөөд би үндсэн зээлдэгч болж гэрээнд гарын үсэг зурж авсан ба миний нөхөр болох Д нь миний зөвшөөрлөөр хааяа унадаг байсан бөгөөд эвдэрч хэмхрэх эрсдэлтэй гэдгийг мэдээд би уг машиныг нөхөртөө өгдөггүй байсан. Учир нь би И ББСБ ХХК-аас үндсэн зээлдэгчээр гэрээ байгуулж зээл авсан. Уг зээлийн барьцаанд И ББСБ ХХК-ийн өөрийнхөн хөрөнгө болох дээрх тээврийг хэрэгслийг тавьж ашиглаж байсан. Зээлийн мөнгийг би төлж байхад Д нь эрүүгийн хэрэгт холбогдож 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн.

2.3 Шүүх нэгэнт И ББСБ ХХК-ийн өр зээл, төлбөр төлөгдсөн, төлсөн хүн нь А мөн гэж тус шүүх үзэж захирамж гаргаснаар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хашаанд битүүмжилсэн уг Тоёото приус 30 маркийн машиныг А надад гаргаж өгсөн. Би машины төлбөр төлсөн үеэл ах Б.Сосорбарамд  И ББСБ ХХК-ийн 1623 дугаартай албан бичгийг үндэслэж Тоёота приус 30 загварын 0000 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгч түүний нэр дээр бүртгэж авахад нь тусалсан ба одоо энэ машин Б.Сосорбарамын хөрөнгө болсон.

2.4 Би Д-ын бусдын машиныг жолоодож осол гаргасныг бусдад төлбөртэй болсныг мэдэхгүй. Би ямар нэгэн төлбөр, зээл нэхэгч Еркинбек, Берикбол гэсэн хүмүүсийг танихгүй мөн Берикбол гэгчийн нэр дээр тээврийн хэрэгсэл шилжүүлж өгнө гэж амлаагүй ба тохиролцоогүй.

2.5 А би нэхэмжлэгч нарын  Nissan Qashqai маркийн тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол төлүүлэх асуудалд ямар ч холбогдолгүй, Д нь бусдын эд хөрөнгөд гэмтэл хохирол учруулсан үед хажууд нь байгаагүй, би мэдэхгүй. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хамтран хариуцагч Д-ын хариу тайлбар, татгалзал:

3.1 Энэхүү гэмт хэрэг 2018 онд би Толбо нуурын амралтын газарт ажиллаж байх хугацаандаа үйлдэгдсэн. Уг амралтын газар Еркинбек, Еразым нарын амралтын газар байсан. Тухайн газарт ажиллаж  байх хугацаандаа би Еразымтай найз болоод, нэг өдөр тэнд архи ууж байгаад би түүний машиныг нь унаж, явж байгаад үхэр мөргөөд аваарт орсон.

3.2 Улмаар 1 сарын дараа Еразымын аав Еркинбек намайг энэ хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагад шалгуулсан. Тэгээд түүний машины үнийг Б аймагт үнэлүүлэхэд, 8.700.000 төгрөг байсан. Тэгээд түүнийг Е-ээс эс зөвшөөрч Улаанбаатар хот руу очиж, үйлдвэрийн үнэлгээ гаргуулахаар нь 26.500.000 төгрөг гарсан. Улмаар Е бид хоёр хоорондоо тохиролцож, би түүнд лизингээр приус 30 маркийн машиныг авч өгсөн. Би уг авсан машины лизингийн мөнгийг 2021 оны 09 дүгээр сар хүртэл төлж ирсэн. Харин түүнээс хойш өөрөө хэрэгт холбогдоод төлөх боломжгүй болсон. Тэгээд би Еразым болон түүний аавд нь би төлөх боломжгүй болчихлоо та хэд өөрсдөө үлдсэн мөнгийг төлөөд машинаа аваарай, тэгэхгүй бол машиныг хурааж авах гээд байгааг хэлж, сануулсан. Тэгэхэд үүнийг Е ах эс зөвшөөрсөн.

3.3 Мөн нэхэмжлэл гаргаж байгаа хүмүүс надаас авах зүйлээ надаас нэхэлгүй, миний ар гэрийн хүмүүсээс нэхэж байгаад нь гомдолтой байна. Энэ хэрэгт миний эхнэр болон гэр бүлийн хүмүүс ямар ч хамааралгүй. Тэд нар уг мөнгийг төлөх ямар ч боломжгүй. Харин би ч гэсэн яг одоо төлөх боломжгүй. Би эрх чөлөөнд гарсны дараа нэхэмжлэгчид учирсан хохирлоос эрх чөлөөнд байсан хугацаандаа миний өөрийн төлсөн мөнгийг төлөхгүй. Харин үлдэгдэл мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Би өдий хүртэл 3 жилийн хугацаанд машины лизинг 15.300.000 гаруй төгрөг төлсөн. Үүнийг бол төлөх ямар ч боломжгүй. Одоо би эрх чөлөөнд гарсны дараа 26.500.000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдэгдэл мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Уг лизингээр авсан машиныг яагаад эхнэрийн нэр дээр авсан бэ гэвэл тухайн үедээ би цалингаа эхнэрийн дансаар дамжуулан авдаг байсан. Банк бус руу очиход дансны хуулга хэрэгтэй болсон учраас эхнэрийнхээ дансаар авсан. Тэрнээс биш энэ хэрэгт миний эхнэр ямар ч хамааралгүй гэжээ.

 

4.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Е.Жанболат: “Нэхэмжлэгч Б, Е, Е нарын нэхэмжлэл үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт гаргажээ.

 

5.Нэхэмжлэгч нараас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Е, Б нараас Е-д олгосон итгэмжлэл, Е-ийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Б аймгийн Замын цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт, 0000 дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Д-ын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн, 2018 оны 09 дүгээр сарын 11-12-ны өдрийн гарын баримтууд, Н-тай байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н-аас 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт зэргийг,

Хариуцагч А-аас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, С.Алтайд олгосон итгэмжлэл, И ББСБ ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1623 дугаартай албан бичиг, А-аас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар, Н, А нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Ногооннуур сумын Чихтэй багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 30 дугаартай тодорхойлолт, Б аймгийн Ногооннуур сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай тодорхойлолт, Д, А нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, И ББСБ ХХК-ийн Барьцааны автомашиныг шалган үнэлгээний хуудас, Ө сумын 10 дугаар багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тодорхойлолт, фото зургууд, А, өмгөөлөгч А нараас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан хүсэлт, Б аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, өмгөөлөгч А-аас тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 28 дугаартай хүсэлт, тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШЗ2023/00072 дугаартай, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШЗ2022/0006 дугаартай шүүгчийн захирамж зэргийг,

Шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШЗ2022/02684 дугаартай шүүгчийн захирамж, тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 130/ТМ2022/00855 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн В16019061406 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Ф16019061406 дугаартай эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн В16019061406-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, мөн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, А-аас тус шүүхэд 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэл, Д-ын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан хариу тайлбар, А-аас 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасан хариу тайлбар зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

6.Нэхэмжлэгч Б, Е нарын хариуцагч А, хамтран хариуцагч Д нараас гэм хорын хохирол 26000000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн зарим хэсэг болох 11200000 төгрөгийг хангаж, 14800000 төгрөгийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нараас анх хариуцагч Ад холбогдуулан “0000 УБА улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг И ББСБ ХХК-ийн барьцаанаас чөлөөлүүлэн Е-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч Ад даалгаж өгөх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа А, Д нараас гэм хорын хохирол 26000000 төгрөг гаргуулах гэж өөрчилсөн байна. 

 

7.Нэхэмжлэгч Б, Е нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Е-ийн эзэмшлийн 0000 БӨТ улсын дугаартай Nissan Qashqai маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч А-ын нөхөр болох Д нь унаж яваад авто осолд оруулж нийтдээ 26500000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирлыг барагдуулахын тулд Д, А нар нь И ББСБ ХХК-аас зээлээр Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг авч өгч Цагдаагийн газарт байгаа хэргийг хаалгасан. Е нь Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг Б-д 12 сая төгрөгөөр худалдсан ба А нь И ББСБ ХХК-ийн зээлийг төлж дууссаны дараа нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Б уг тээврийн хэрэгслийг 2018 оноос хойш ашиглаж байхад 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр шүүхийн шийдвэрийн дагуу битүүмжилсэн. Үүний учир нь А нь И ББСБ ХХК-аас  авсан зээлээ төлөөгүйн улмаас шүүхийн шийдвэр гарсан байна. Одоо А нь уг тээврийн хэрэгслийг өөр хүнд шилжүүлсэн байх тул Е-ийн эзэмшлийн Nissan Qashqai маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 26500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

8.Хариуцагч А-аас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Миний бие Nissan Qashqai маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг төлүүлэх асуудалд огт холбогдолгүй, тухайн машин эвдэрч гэмтсэн явдалд миний хувьд гэм  буруутай асуудал байхгүй болно гэжээ. 

 

9.Хамтран хариуцагч Д нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Энэ хэрэг 2018 онд би Толбо нуурын амралтын газарт ажиллаж байх хугацаандаа Е-ийн машиныг нь унаж явж байгаад үхэр мөргөөд аваарт орсон. Улмаар 1 сарын дараа Е-ийн аав Е намайг энэ хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагад шалгуулсан. Тэгээд түүний машины үнийг Б аймагт үнэлүүлэхэд, 8.700.000 төгрөг байсан. Тэгээд түүнийг Е эс зөвшөөрч Улаанбаатар хот руу очиж, үйлдвэрийн үнэлгээ гаргуулахаар нь 26.500.000 төгрөг гарсан. Улмаар Е бид хоёр хоорондоо тохиролцож, би түүнд лизингээр приус 30 маркийн машиныг авч өгсөн. Би уг авсан машины лизингийн мөнгийг 2021 оны 09 дүгээр сар хүртэл төлж ирсэн. Харин түүнээс хойш өөрөө хэрэг холбогдоод төлөх боломжгүй болсон. Мөн нэхэмжлэл гаргаж байгаа хүмүүс надаас авах зүйлээ надаас нэхэлгүй, миний ар гэрийн хүмүүсээс нэхэж байгаад нь гомдолтой байна. Энэ хэрэгт миний эхнэр болон гэр бүлийн хүмүүс ямар ч хамааралгүй. Одоо би эрх чөлөөнд гарсны дараа 26.500.000 төгрөгөөс  3 жилийн хугацаанд машины лизингийн төлбөрт төлсөн 15.300.000 төгрөгийг хасаад төлөгдөөгүй үлдэгдэл мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Уг лизингээр авсан машиныг яагаад эхнэрийн нэр дээр авсан бэ гэвэл тухайн үедээ би цалингаа эхнэрийн дансаар дамжуулан авдаг байсан. Банк бус руу очиход дансны хуулга хэрэгтэй болсон учраас эхнэрийнхээ дансаар авсан. Тэрнээс биш энэ хэрэгт миний эхнэр ямар ч хамааралгүй гэжээ. 

 

10.Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

10.1 Хамтран хариуцагч Д-ын 2018 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө болон 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр бичсэн гарын баримт, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар хамтран хариуцагч Д нь 2018 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Е-ийн өмчлөлийн  0000 БӨТ улсын дугаартай Nissan Qashqai маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй унаж яваад үхэр мөргөж зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгч Е-ийн эд хөрөнгийг гэмтээж хохирол учруулсан нь тогтогдсон байна.

Мөн гэрч Т-ийн “ ... Цагдаагийн байгууллагад осол гарсан талаар дуудлага ирсэн ба Д нь архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад замдаа үхэр мөргөж  зам тээврийн осол гаргасан ба  түүнд торгуулийн арга хэмжээ авсан. Хохирлын хувьд хохирогчтой тохиролцоод явсан ба үнэлгээний хувьд сайн санахгүй байна” гэх мэдүүлэг болон Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2023 оны04 дүгээр сарын 24-ний өдрийн 13б/1248 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д-ийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зам тээврийн осолтой холбоотой зөрчилд холбогдож байсан талаарх мэдээллээр хариуцагч Д нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.51 /Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан/ дэх хэсэгт заасныг зөрчсөний учир 100000 төгрөгөөр торгож байсан нь тогтоогджээ. 

10.2 И ББСБ ХХК болон А, Д нарын хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээ, Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээгээр хариуцагч А, Д нар нь автомашин худалдан авах зориулалтаар 10150000 төгрөгийг сарын 4.10 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авч, дээрх зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд эд ZVW301171790 арлын дугаартай, 0000 УНС улсын дугаартай, Тоёота Приус маркийн авто машиныг тавьж тухайн зээлийг авсан болох нотлогдож байх ба И ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх явцад Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШЗ2022/02684 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж А, Д нарын эзэмшиж байсан Бын эзэмшилд байгаа барьцаа хөрөнгө болох “0000 УНС улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан байна.

 

11.Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч А, хамтран хариуцагч Д нараас эд хөрөнгөд учирсан хохирол нэхэмжилж байгаа гэсэн ба  хариуцагч А-аас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд хамтран хариуцагч Д-аас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсныг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарлажээ.

 

12.Нэхэмжлэгч Е, Б нар нь эд хөрөнгөд учирсан хохирол гаргуулахаар шаардсан байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар хамтран хариуцагч Д нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Е-ийн эзэмшлийн 0000 БӨТ улсын дугаартай Nissan Qashqai маркийн тээврийн хэрэгслийг унаж яваад авто осолд оруулж гэмтээж хохирол учруулсан нь тогтоогдож байх тул бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байна. Хамтран хариуцагч Д нь  уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй боловч гэмтсэн эд хөрөнгө болох Е-ийн эзэмшлийн 0000 БӨТ улсын дугаартай Nissan Qashqai маркийн тээврийн хэрэгсэл байгаа газар нь тодорхой бус, тухайн тээврийн хэрэгсэл гэмтсэний улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон шууд нотлох баримтгүй байна.

Талуудын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас үзэхэд хамтран хариуцагч Д нь нэхэмжлэгч Е-т “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг өгснөөр хохирол дуусгавар болохоор тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тухайн “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг 12 сая төгрөгөөр үнэлж Б-д худалдсан талаар дурдсан, хамтран хариуцагч Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “26.500.000 төгрөгөөс  3 жилийн хугацаанд машины лизингийн төлбөрт төлсөн 15.300.000 төгрөгийг хасаад төлөгдөөгүй үлдэгдэл 11200000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй” гэж тайлбарласан байдлуудыг үндэслэн нэхэмжлэгч Е-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

13.Хуульд зааснаар эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хариуцагч А-ын хувьд нэхэмжлэгч Е-ийн  эзэмшлийн 0000 БӨТ улсын дугаартай Nissan Qashqai маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулахад хүргэсэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй байх ёстой бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилж  буй эд хөрөнгөд 26000000 төгрөгийн хохирол учрахад хариуцагч А-ын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн нь тогтоогдоогүй байна. Аливаа этгээдийн хохирол арилгах үүрэг нь хууль бус, гэм буруутай зөрчлийн үндсэн дээр бусдад тодорхой хохирол учирсан тохиолдолд үүсдэг бөгөөд нэхэмжлэгч Е-ийн эзэмшлийн 0000 БӨТ улсын дугаартай Nissan Qashqai маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учрахад хариуцагч А-ын хууль бус гэм буруутай үйлдэл шууд холбоотой гэж үзэх боломжгүй байна.   Иймд хариуцагч А-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

14.Нэхэмжлэгч Б-оос  “... Е-ээс 0000 УБА улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авсан” гэх үндэслэлээр хариуцагч А, хамтран хариуцагч Д нарт холбогдуулан хохирол нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч Б болон хариуцагч А, хамтран хариуцагч Д нарын хооронд ямар нэгэн эрх үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгч Б-ын гэм хорын хохирол гаргуулах тухай шаардлага  нь үндэслэлгүй байна.

 

15.Иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нарын нэхэмжлэл нь үндэслэлтэй гэж дүгнэж байгаа боловч хариуцагчийн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдоогүй болно.

 

 

 

16. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д-аас 194150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е-т олгох нь зүйтэй байна..

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг  баримтлан хамтран хариуцагч Д-аас 11200000 /арван нэгэн сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е-т олгож, илүү нэхэмжилсэн 14800000 /арван дөрвөн сая найман зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Б-ын нэхэмжлэл болон нэхэмжлэгч нараас А-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287950 /хоёр зуун наян долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлого болгож, хамтран хариуцагч Д-аас 194150 /нэг зуун ерэн дөрвөн мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е-т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                К.БҮЛДИРГЕН

                                                 ШҮҮГЧИД                               Б.МАНГИЛИК

                                                                                                 Х.МЕЙРАМБЕК