Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг суулган улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгч Ө.Манлайгалбар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтжин овогт Өлзийхутагийн Манлайгалбарт холбогдох эрүүгийн 201711000221 дугаартай хэргийг 2017 оны 8 сарын 18-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1992 оны 01 сарын 22-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:ЖК92012216/, Алтжин овогт Өлзийхутагийн Манлайгалбар,

Шүүгдэгч Ө.Манлайгалбар нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 5 сарын 18-ны өдрийн 05 цагийн орчимд 60-75 ДОР улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, зам тээврийн осол гаргасны улмаас уг машин дотор зорчиж явсан иргэн А.Сугарсүрэн, Т.Үйтүмэн нарын биед хөнгөн хохирол, М.Зулзаяагийн бие махбодид хүнд зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.Манлайгалбар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч М.Зулзаяа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... Манлайгалбар миний машинд аккумлятороо холбоод асааж өгсөн. Тэгээд би рульнийхээ ард байсан учир машинаа барих гэхэд Манлайгалбар “чи бариад яах юм бэ, би бариад явья” гэхээр нь би “чи машинаа яах юм бэ” гэхэд машин барьж байгаа хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд Манлайгалбар миний машиныг барьж хөдлөөд, хажууд нь би суугаад миний ард Үйтүмэн, дунд нь Бат-Очир, түүний хажууд захад нь Сугарсүрэн суугаад 1-2 км буюу хоёр гүүрний хооронд явж байхад машины зүүн гар талаас гэнэт адуу гарч ирээд Манлайгалбар адуу тойрох гэж байгаад л замын зүүн тал руу уначихсан. Тэгээд би ухаан алдсан, цааш юу болсныг санахгүй байна, нэг ухаан ороход би Дорнод аймгийн эмнэлэгт ирээд ухаангүй 2 хоночихсон байсан. Ингээд Дорнод аймгийн эмнэлэгт давсагны хагалгаанд орж, тэгээд Улаанбаатар хотруу явж, Гэмтлийн эмнэлэгт очиж хэвтээд аарцагны хагалгаанд орсон. Манлайгалбар тухайн үед эрүүл байсан. Би хэр зэрэг хурдтай явж байсныг нь мэдэхгүй байна, миллийг нь хараагүй. Миний машин хөдөлгөөнд оролцохдоо техникийн хувьд бүрэн бүтэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/

Иргэний нэхэмжлэгч Т.Үйтүмэн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Удалгүй Манлайгалбар өөрийн пронтер маркийн машинтайгаа ирсэн, хүнтэй цуг ирсэн эсэхийг анзаараагүй. Тэгээд машиныг асааж өгөөд Манлайгалбар машиныг барьж Сугарсүрэнг гэрт нь хүргэж өгөхөөр сумын төв орохоор болоод хөдөлсөн. Манлайгалбар өөрийн пронтер машинаа хөдөө үлдээгээд, буцаж ирэхдээ авна гээд үлдээсэн. Ингээд жолоочийн хажууд нь буюу урд талын суудалд Зулзаяа, жолоочийн ард талд би, голд нь Бат-Очир, арын суудлын нөгөө захад Сугарсүрэн суугаад бид нар сумын төврүү хөдөлсөн. Ингээд сумын төврүү дөхөж явахад буюу 2 гүүрний хооронд явж байтал машины өөдөөс үхэр гарч ирэх шиг болсон. Ямар ч л байсан мал гарч ирэхэд бахираад Манлайгалбар хажуу тийш рулиэ дараад нэг мэдэхэд л онхолдсон. Ингээд би нэг ухаан ороход аймгийн эмнэлэгт байсан. Тухайн үед Манлайгалбар хэр зэрэг хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Манлайгалбар архи, согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Машин техникийн бүрэн бүтэн байсан эсэх талаар мэдэх зүйл надад байхгүй. ...Надад Манлайгалбараас нэхэмжлэх зүйл болон ямар нэг гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 22/

            Иргэний нэхэмжлэгч А.Сугарсүрэн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Ингээд машиныг асаагаад Зулзаяагийн машиныг Манлайгалбар бариад , хажууд нь Зулзаяа, жолоочийн ард Үйтүмэн, голын суудалд Бат-Очир, би Зулзаяагийн ард харгалдаа сууж явсан. Би тухайн үед их ядарсан, ажлаасаа буугаад л буяны ажилд тусалж явсан учир их ядарсан байсан болохоор машинд зүүрмэглээд явж байсан, машиныг онхолдсон талаар мэдэхгүй байна, нэг ухаан ороход л сумын эмнэлэгт ирчихсэн байсан. Ингээд аймаг руу түргэний машинаар ирсэн. Би осол юунаас болсон, яасан талаар огт мэдэхгүй байна. Манлайгалбар машин барьж явахдаа архи уугаагүй, эрүүл байсан бөгөөд хэр зэрэг хурдтай явж байсныг нь анзаараагүй. Машин техникийн хувьд бүрэн бүтэн эсэх талаар мэдэх зүйл байхгүй, зүгээр л байх шиг байсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг. /хх-ийн 24/

            Иргэний нэхэмжлэгч Т.Бат-Очир мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Ингээд машиныг холбож асаагаад сумын төв рүү явахаар болж Манлайгалбар машинаа Гантулгатай хамт үлдээгээд Зулзаяагийн машиныг Манлайгалбар барьж, хажууд нь Зулзаяа, арын суудлын голд нь би сууж, миний баруун гар тал буюу жолоочийн ард нь Үйтүмэн, миний зүүн гар талд Сугарсүрэн суугаад сумын төв рүү хөдөлсөн. Ингээд явж байхад буюу 2 гүүрний гол хэсэгт явж байтал хүмүүс бахиралдаад нэг мэдэхэд л машин уначихсан. Би тухайн үед нойрмог явж байсан учир ямар учраас машин унасан талаар мэдэхгүй байна. Харин дараа нь асуухад Манлайгалбар адуу урдуур орсон гэж хэлж байсан. Тэгээд ухаан ороход машины гадаа нь бид нар бүгд гарчихсан байсан. Ингээд би сумын эмнэлэг рүү очсон, яг яаж очсоноо мэдэхгүй байна, эмнэлэгт очиход эмч надаас хаана унасан гэж асуухад нь би унасан газраа зааж мэдэхгүй, мөн хэнтэй явж байсан талаар асуухад нь би хэнтэй явж байснаа санахгүй шокын байдалтай байсан. Тухайн үед шоконд орсон юм шиг байгаа юм. Тэгээд аймгийн эмнэлэгт үзүүлээд хэвтэх шаардлагагүй гэхээр нь сум руугаа явж буяны ажилдаа оролцсон. Тухайн үед Манлайгалбар архи, согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан бөгөөд тухайн үед хэр зэрэг хурдтай явж байсныг нь мэдэхгүй байна. ...Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй, миний биед учирсан гэмтэл байхгүй. Манлайгалбараас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 26/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 сарын 05-ны өдрийн 7109 тоот дүгнэлтэд: 1.М.Зулзаяагийн биед хэвлийн битүү гэмтэл, давсагны ёроол хэсгийн задрал, хэвлийн хөндийд шингэн /цус/ хуралдалт, мухар гэдэсний няцрал, 2 талын суудал ясны зөрөөтэй хугарал, зүүн талын ууц, сүүжний үеэр салж сүүжний дэлбээ яс хойшоо цөмөрсөн хугарал, зүүн талын сүүжний тогооны цөмөрсөн хугарал, зүүн дунд чөмөгний толгой хэсгийн сэлтэрсэн хугарал, бүсэлхийн 5-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.6.1-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна” гэжээ. /хх-ийн 30/

            Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 6 сарын 20-ны өдрийн 17 тоот шинжээчийн дүгнэлтэд: “1.Жолооч Ө.Манлайгалбар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Тоёота Приус-11 маркийн 60-75 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйн тоормосны мөр, хэрэг ослын газарт илрээгүй байх тул хурдыг тодорхойлох аргачлалын дагуу томъёололд оруулан тооцох боломжгүй байна. 3.Зам тээврийн осол гарах гол үндсэн шалтгаан нь /Зам дээр аюул, саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох ёстой гэсэн/ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна. 4.Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Х.Мөнхнасангийн “Тоёота Приус-11 маркийн 60-75 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан үзлэгийн тэмдэглэлд уг тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн стандарт шаардлага хангасан бүрэн буюу замын хөдөлгөөнд оролцох боломжтой” гэж тэмдэглэлд тусгасан байх тул тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой байсан гэж үзлээ. 5. Тоёота Приус-11 маркийн 60-75 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд хойд салхины шил хагарсан, жолооч талын буюу буруу талын хоёр хаалганы шил болон зөв талын урд хаалганы шил хагарсан, урд хойд гуфэр хагарч эвдэрсэн, буруу талын урд шанаа болон урд хаалга хонхойж гажсан, арын багажны зөв, буруу талын хэсэг дотогш хонхойж чихэгдсэн, арын багажны хаалга дотогш чихэгдэн гажсан, арын гэрэл дохионууд хагарсан, зөв буруу талын толь сууриараа хугарч эвдэрсэн зэрэг эвдрэл гэмтэл үүссэн байна” гэжээ. /хх-ийн 32-33/

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6/,

-Зам тээврийн ослын схем зураг  /хх-ийн 7/

-Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Тоёота Приус-11” маркийн 60-75 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8, 9/

-“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн авто машин техникийн үнэлгээний №07932198 дугаартай тайлан

-Хохирогч М.Зулзаяагийн бичгээр гаргасан хүсэлт /задгай 1 хуудас/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ө.Манлайгалбар нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 5 сарын 18-ны өдрийн 05 цагийн орчимд 60-75 ДОР улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, зам тээврийн осол гаргасны улмаас уг машин дотор зорчиж явсан иргэн А.Сугарсүрэн, Т.Үйтүмэн нарын биед хөнгөн хохирол, М.Зулзаяагийн бие махбодид хүнд зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн байцаалтад үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч М.Зулзаяа, иргэний нэхэмжлэгч А.Сугарсүрэн, Т.Үйтүмэн, Т.Бат-Очир нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Ш.Ариунтуягийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээч эмчийн болон автотехникийн шинжээчийн дүгнэлтүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн ослын схем зураг, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Приус-11” маркийн 60-75 ДОР улсын  дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ө.Манлайгалбарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Ө.Манлайгалбар шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар Ө.Манлайгалбар нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна.  

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ө.Манлайгалбарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч М.Зулзаяад эмчилгээний зардалд 1100000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.       

Хохирогч М.Зулзаяа гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролд нийт 5500000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ө.Манлайгалбараас нийт 5500000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч М.Зулзаяад олговол зохино.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ө.Манлайгалбарын ЖК92012216 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн хуулбар, 858961 дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, 01545766 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч М.Зулзаяад буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Алтжин овогт Өлзийхутагийн Манлайгалбарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар Өлзийхутагийн Манлайгалбарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар тэнсэж.

мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ө.Манлайгалбарт оршин суух, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Шүүгдэгч Ө.Манлайгалбарт авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч М.Зулзаяад эмчилгээний зардалд 1100000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.       

 

5. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510.1-д зааснаар шүүгдэгч Ө.Манлайгалбараас нийт 5500000 /Таван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч М.Зулзаяад олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ө.Манлайгалбарын ЖК92012216 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн хуулбар, 858961 дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, 01545766 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч М.Зулзаяад буцаан олгосугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Манлайгалбарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчинтөгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт/ нар нь тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР