Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/37

 

Х.Эад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхжаргал/ цахимаар/

Шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Б.Ариунаа /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШТ/12 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Х.Эад холбогдох эрүүгийн 1814004930243 дугаар хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Х.Э, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2009 оны 6 дугаар сарын 03-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2018 оны 7 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгүүлж байсан,

Х.Э нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 05-06 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-10а-11 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.Хгийн хоолойг нь боох, гарын шууны судсыг заазуураар зүсэх зэрэг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 Баянхонгор аймгийн Прокурорын газраас Х.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүх шүүгдэгч Х.Эад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэлээ.

Учир нь шүүгдэгч Х.Эыг хохирогч Ц.Хг 2018 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянхонгор сумын 3.10.11 тоотод түүний хоолойг боох, гарыг зүсэх зэргээр алсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Эыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж яллах дүгнэлт үйлджээ.

Прокурорын яллах дүгнэлтэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах шинжийг хэргийн хүндрүүлж зүйлчлэх болсон үндэслэлийг тодорхойлолгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2, 4.1-д зааснаар яллаж байгаа гэмт хэргийн тов агуулга, үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг заалтаар зүйлчлэгдэх талаар тусгаж яллах дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил үндэслэл нь тодорхой, дүгнэлт ойлгомжтой байдалд бичигдэх ёстой бөгөөд энэ талаар Улсын дээд Шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 197 дугаар тогтоолын заалт биелэгдээгүй байна гэж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гантулга тус шүүхэд гаргасан 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар эсэргүүцэлдээ:

Хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоол нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан бөгөөд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөхийн тулд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэдэг нэр томьёо, ухагдахууныг салбар хуульд юу гэж тодорхойлсныг харах шаардлагатай байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.1-д Энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт “...Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тодорхойлсон, мөн дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгоно гэж хуульчилсан. Х.Э нь эхнэр буюу талийгаач Хгийн сэтгэл санааны дарамт учруулан, улмаар бие махбодод нь халдаж амь насыг хохироосон тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлж зүйлчлэх үндэслэл бий болж байна.

Хэргийг Улсын дээд шүүх 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 197 дугаартай тогтоолоор нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэснийг хүлээн авч мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэн, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулан яллагдагчид танилцуулж прокуророос яллагдагч Х.Э нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 05-06 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-10а-11 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.Хгийн хоолойг нь боох, гарын шууны судсыг заазуураар зүсэх зэрэг онц харгис хэрцгийгээр алсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-д “ Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол..” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ Яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл хэсэг, заалтаар зүйлчлэгдэх “ гэсэн заасан нөхцөлүүдийг хангаж хэргийн үйлдлийг бичиж хууль заасан шаардлагын дагуу яллах дүгнэлт үйлдсэн.

Мөн хэргийн товч агуулгад “ .. эхнэр Ц.Хгийн ...” гэж оруулсан нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдгийг тодорхойлж өгсөн, түүнчлэн “ хоолойг нь боох, гарын шууны судсыг заазуураар зүсэх..” гэж оруулсан нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.1-д заасан “ бие махбодод халдсан үйлдэл” гэдгийг тодорхойлж өгсөн буюу үндэслэлийг тусгаж өгсөн гэж үзэхээр байна.

Прокурор хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн үйл баримтад үндэслэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Онц харгис хэрцгийгээр”, 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжүүдээр зүйлчилсэн бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд тодорхойлон заасан заалт, тайлбар зэргийг яллах дүгнэлтэд дэлгэрэнгүй тусгах боломжгүй болно.

Иймд Э.Эад холбогдох эрүүгийн 1814004930243 хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхжаргал тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Хохирогч Д.Баасанжав нь анхан шатны шүүхийн тогтоолыг зөвшөөрдөггүй. Тэрээр “Миний охиныг түүнийг сайн, сайхан амьдруулна гэж авч суусан байсан нөхөр гэгдэх Х.Э нь харгис хэрцгийгээр зодож амь насыг нь 4 настай том хүүгийнхээ нүдэн дээр хороосон. Энэ хэргээс болж хоёр хүүхэд нь бүтэн өнчирч, одоо миний гар дээр миний асран хамгаалалтад авагдсан байгаа. Харин Х.Э гэдэг хүнтэй танилцаж сууснаас болж эрдэм нос боловсрол эзэмшээгүй.

Х.Э гэдэг хүнээс анхны үрээ үнэрлэж, энэ хүнд охин бие, өөрт байдаг хамаг сайн сайхан бүхнээ зориулж, хоёр үрийг нь төрүүлж, хань болж явсан байхад хүүхдээ хүртэл гарт тааралдсан бүхнээрээ зодож, гуталтай хөлөөрөө зодож, миний охиныг хүртэл амь хайргүй зодож байсан нь даамжирч энэ хэргийг зориудаар төлөвлөж үйлдсэн гэж үзэг. Миний охин хорин гуравхан настай зэрлэг араатнаас дор амьтанд амь насаа хороолгосон.

Энэ хэргээс болж хоёр хүүхэд нь болоод миний хувьд асар их уй гашуу, сэтгэлийн хүнд дарамтад орж, үнэхээр хүнд байдалд орсон гэдгийг үгээр хэлшгүй. Одоо хүртэл охиноо санаж, элэг эмтэрч сууна. Даанч ингэлээ гээд босоод ирэх биш дээ. Үгээр хэлэхийн аргагүй хүнд гарз хохирол тохиолдсон. Энэ хэргээс болж насанд хүрээгүй Эын Гандэлгэр /ВЮ14292917/, Хгийн Ган-Эрдэнэ /ВЮ16241332/ нар ээжгүй болж ээжээсээ өнчирч үлдсэн. Х.Э нь энэ хүүхдүүдийн эцэг байх эрхгүй. Миний охиныг маш харгис хэрцгийгээр өөрийн төрсөн үрсийнхээ нүдэн дээр хороож, хүүхдүүдээ цустай ээжтэй нь үлдээчхээд айлд очоод унтаад өгсөн байсан. Хүний санаанд оромгүй, араатнаас ч гардаггүй авир гаргаж 23 хан насалж байгаа охиныг минь хороож, 2 нас, 4 настай хүүхдүүдээ өнчрүүлж үлдээсэн энэ харгис хүнийг гэм буруутай эсэхийг шүүхдээ хэргийг удаа дараа прокурорт буцааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн гомдол саналтай байдаг. Өмгөөлөгчийн хувьд хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаасан, улсын яллагчийн яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг тодорхой бичсэн, зүйлчлэлийг зөв зүйлчилсэн байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хэрэг учрал гарснаас хойш одоог хүртэл тус хэрэг эцсийн байдлаар шийдэгдээгүй, тус хурлаар шийдвэрлэгдэх ёстой хохирлын байдал, хүүхдийн асаргаа тэтгэлгийн асуудал, мөн хохирогчийн хувьд удаа дараа шүүх хуралдаанаар орох бүртээ сэтгэл зүйн хүнд байдалд буюу шоконд орж байгаа байдал нь тус хэргийг хурдан шийдвэрлэх гол шалтгаан болж байна.

Иймд тус хэргийг хянан шийдвэрлэсэн Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт хийвэл зохих ажиллагааг бүрэн хийсэн, шүүх үндэслэлгүйгээр хэргийг буцааж шийдвэрлэсэн тул шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлнэ үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаана уу гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй, хэргийг Прокурорт буцаана уу гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд гаргасан Прокурор Э.Гантулгын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын гомдолд тус тус үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэл болон гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

 Прокуророос шүүгдэгч Х.Эыг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 05-06 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-10а-11 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.Хгийн хоолойг нь боох, гарын шууны судсыг заазуураар зүсэх зэрэг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “ ...прокурорын яллах дүгнэлтэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах шинжийг хэргийн зүйлчлэлд хүндрүүлэх болсон үндэслэлийг тодорхойлолгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн...., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2, 4.1-д зааснаар яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг заалтаар зүйлчлэгдэх талаар тусгаагүй буюу Улсын дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 197 дугаар тогтоолын заалт биелэгдээгүй...” гэх дүгнэлт хийж хэргийг Прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Шүүгдэгч Х.Эад холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлон тогтоосон байх бөгөөд эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянах, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн хэлэлцүүлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 197 дугаар тогтоолд заасан хийвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн байна.

Иймд Прокурорын бичсэн “...хуульд заасан шаардлагын дагуу яллах дүгнэлт үйлдсэн. ...бие махбодид халдсан үндэслэлийг тусгасан...” гэх эсэргүүцэл, Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын “...улсын яллагчийн яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг тодорхой бичсэн, зүйлчлэлийг зөв зүйлчилсэн байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй ....шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлнэ үү...” гэх гомдол үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс үндэслэл муутай дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг тус тус хүлээн авч, анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШТ/12 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх хүртэл хугацаагаар шүүгдэгч Х.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.3-т заасныг тус, тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШТ/12 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Эад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР

Л.НЯМДОРЖ