| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 94/2025/1911/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2321 |
| Огноо | 2025-10-07 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж, шүүгч Д.Ренченхорол, шүүгч Д.Шинэхүү нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Я.Амарзаяа,
иргэдийн төлөөлөгч Т.Дэнсмаа,
гэрч Д.Т,
хохирогч В.П,
шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Мянган нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Х овгийн Д-ийн Дт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2506000000933 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Д.Д нь 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ******************** од хохирогч В.Пг “элдвээр хэлж доромжилсон” гэх шалтгаанаар хутгийг зэвсгийн чанартай хэрэглэж, улмаар түүний цээжний зүүн талд хатгаж зүүн уушгины 3-р сегмент, үнхэлцэг хальс, зүрхний зүүн тосгуурыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, үнхэлцгийн хөндий дэх хий, цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэрч Д.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Д нэлээд согтуу, ганцаараа орж ирсэн юм. Манай нөхөр түүнийг уучихсан байгааг нь хараад уух юм авч өгсөн. Тэр үед бид хамт сууж байтал П гаднаас орж ирсэн. Тэр шууд л Д рүү хандан, “Чи 70-80 настай хүнтэй унтаж хэвтээд, намайг тоохоо байсан байна” гэх зэргээр хэлж байсан. Би тэр үед Д хутга, шөвөг авсныг анзаараагүй. Гэтэл удалгүй Д “Би амьдралтай хүн” хэмээн хэлээд, гэнэт П рүү хутга шидчих шиг болсон. “Яасан бэ?” гэж асуухаар нь бид хувцсыг нь тайлж үзтэл цус гарсан байсан. Түргэн тусламж ирэх хүртэл Д Пгийн шархыг дарж байсан. Гэвч П өөрөө согтуу байсан тул шархаа зөв даруулахгүй, тогтож өгөхгүй байсан. Бид энэ хашаанд 20 гаруй жил амьдарч байгаа. Харин сүүлийн жилүүдэд дээрх айлууд хажуугаар нүүж ирсэн юм” гэв.
Хохирогч В.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед би согтуу байсан. Г ахынх руу орсон. Дтэй хэрэлдсэн миний буруу. Хохирол, гомдол санал байхгүй. Бүх эмчилгээний төлбөрийг шүүгдэгчийн талаас өгсөн. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч Д.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би халдвартын эмнэлэгт үзүүлчихээд гэрийн ойролцоо байж байсан. Гэтэл Пгийн эхнэр “гараа хугалчихлаа, найзаа ороод ирээч” гэж хэлсэн тул би орсон. Тэр үед Пгийнд гурван хүн цугларчихсан байсан бөгөөд бид нийлж хоёр шил архи уусан. Удалгүй П эхнэртэйгээ муудалцаж эхэлсэн тул би тухайн газраас гараад Г ахынх руу явсан. Тэнд очоод үргэлжлүүлэн архи уусан. Ингэж сууж байтал П орж ирээд “намайг тоосонгүй, энэ хавиар өөр хүнтэй явалдаад байгаа юм уу, хойд айлын П ахтай явалдаад байгааг чинь мэдэж байгаа шүү” гэж хэлсэн. “Г чи хүн хутгалсан юм биш үү?” гэж хэлэхэд би юу болсныг мэдээгүй. Тухайн үйл явдлын дараа түргэн тусламж дуудаж, цагдаа ч ирсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2506000000933 дугаартай хэргээс:
Улсын яллагч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 7-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 9-р хуудас/, хохирогч В.Пгийн мэдүүлэг /1-р хх-ийн 19-23, 25, 27, 220-221-p хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ЕГ0725/5045 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 73-75-р хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ЕГ0325/2799 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 81-84-р хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ЕГ0125/1223 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 90-94-р хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ЕГ0125/1224 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 100-103-р хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ЕГ0325/2797 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 109-111-р хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ЕГ0325/2798 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 117-120-р хуудас/, гэрч Д.Т мэдүүлэг /1-р хх-ийн 38-41, 46-47, 223-226-р хуудас/, гэрч Б.Гын мэдүүлэг /1-р хх-ийн 231-234-р хуудас/, гэрч Р.Дгийн мэдүүлэг /1-р хх-ийн 50, 55-56, 228-229-р хуудас/, гэрч Ч.Зын мэдүүлэг /1-р хх-ийн 59-60-р хуудас/, гэрч Б.Тын мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 65-68-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 69-р хуудас/, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 193-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 194-р хуудас/-ыг шинжлэн судлуулав.
Хохирогч В.П нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүгдэгч Д.Д нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Д.Дт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд, шүүгдэгч Д.Д нь 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ******************** од хохирогч В.Пг “элдвээр хэлж доромжилсон” гэх шалтгаанаар хутгийг зэвсгийн чанартай хэрэглэж, улмаар түүний цээжний зүүн талд хатгаж зүүн уушгины 3-р сегмент, үнхэлцэг хальс, зүрхний зүүн тосгуурыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, үнхэлцгийн хөндий дэх хий, цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 7-р хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 9-14-р хуудас/,
- Хохирогч В.Пгийн: “...2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гэртээ эхнэр, хүүхэдтэйгээ хамт байж байсан. Охин маань найзтайгаа “Зайсан-2” орно гээд гараад явчихсан. Тэгээд байж байтал гаднаас Төмөрчөдөр, Гансүх, Бат- Эрдэнэ нар орж ирсэн. Төмөрчөдөр нь манай ээжийн тал, Бэ нь манай аавын талын хамаатнууд байгаа юм. Тэр гурав манайд ирэхдээ 1 шил архи авч орж ирсэн. Тэр гурав нэлээн согтуу байдалтай байсан. Авч ирсэн архиа хувааж ууцгаасан ба намайг уух гэхэд манай эхнэр Д “Архи ууж яах гээд байгаа юм, эрүүлжүүлэхэд хонож ирчхээд дахиж ууж яадаг юм, чи хэзээ байтлаа ууж чаддаг юм гээд” уурлаад миний уух гэж байсан архийг аваад нүүр рүү цацчихсан. Тэгээд авч ирсэн архи нь дуусахад нь Гансүх надтай хамт дэлгүүр орж Хараа нэртэй 500 граммын архи аваад гэрт орж ирээд би тухайн архийг нөгөө хэдэд аягалж өгч байхдаа 2 аягыг уучихсан юм. 2 дахь архийг ууж байхад Д гаднаас орж ирсэн ба ууж байсан архинаас 1-2 аягыг уусан байх. Тэр үед Төмөрчөдөр орон дээр, Бэ нь газар унтаад өгсөн. Тэгээд би гэрээс гараад Гансүхтэй гадаа юм яриад байж байтал Д гараад явчихсан байсан. Гараад явсныг нь би хараагүй ба удалгүй машин ирээд Г, Т нарыг аваад явсны дараа гэрт Д байгаагүй болохоор Гансүхтэй юм яриад байж байхад гараад явсан юм байна гэж бодсон. Харин Бэ гэрт унтаад үлдсэн. Гансүх Төмөрчөдөр нарыг явсны дараа гадаа тамхи татаад байж байтал Г хашааны завсраар “Ганц архи авчихлаа, чи татах юм уу” гэхээр нь “За би араас нь яваад оръё” гээд Гын гэрт яваад ортол Д тэднийд сууж байсан. Тэгээд би “Чи намайг тоохоо байж ээ, гэрт байж байхгүй яасан юм” гэхэд “Д танай эхнэр хэрүүл хийх гээд байх шиг болохоор нь гараад ирсэн” гэж хэлж байсан санагдаж байна. Тухайн өдөр би хэн нэгэнтэй хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. ... Тэгч хувцас угааж байсан. ...хажууд ирээд Д шаачих уу гэж хэлж байсан. Тэгээд миний цээжин хэсэгт хутгалчих шиг болсон. Тэгтэл Г ах “чи шаачихлаа ш дээ” гээд Дт хэлж байсан. Би гадуураа куртик өмссөн байсан ба цус их гарсан. Тэгээд юу болсныг санахгүй өглөө эмнэлэгт сэрсэн. ...Дтэй өс санасан асуудал байхгүй, найзалж нөхөрлөөд л явж байдаг. Би шинжээчийн дүгнэлтийг өмгөөлөгчөөр уншуулан танилцсан. Тухайн өдрөөс буюу 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2 хоногийн өмнө би согтуу гудамжинд явж байхдаа толгойгоороо уначихсан юм. Тухайн дүгнэлтэд дурдагдсан хөнгөн зэргийн гэмтэл буюу дагзны шархыг би өөрөө өөртөө учруулсан юм. ...2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Мөн хувийн эмнэлэгт эмчлүүлсэн. Д нь миний эмчилгээний зардал, эм, тарианы бүхий л зардлыг гарган өгч байгаа. Цаашид эмчилгээ хийлгэхээр байгаа, санааны хохирол нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-23, 25, 27, 220-221-p хуудас/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ЕГ0725/5045 дугаартай: “В.Пгийн биед цээжний зүүн талд суганы урд шугамаар 3-4 хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгины 3-р сегмент, үнхэлцэг хальс, зүрхний зүүн тосгуурыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, үнхэлцгийн хөндий дэх хий, цус хуралдалт, дагзанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, дагзны няцарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. Харин дагзны няцарсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-75-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ЕГ0325/2799 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж цагаан нимгэн самбаанд нэвчүүлж бэхжүүлж авсан гэх бинт мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Бинт мэт зүйл дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь ДНХ- ийн шинжилгээнд тэнцэнэ. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Бинт мэт зүйл дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна. Бинт мэт зүйл дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо ЕГ0325/2798 дугаартай дүгнэлтэд дурдсан хар өнгийн куртик, эрээн өнгийн цамц, цагаан өнгийн футболк дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-84-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ЕГ0125/1223 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй тул цаашид харьцуулан шинжлэх боломжгүй. Шинжилгээнд нийт 26 см урттай, ажлын хэсэг нь 17,7см урттай, ажлын хэсгийн угийн өргөн 24мм, дунд хэсгийн өргөн 22 мм, үзүүрийн өргөн 15мм хэмжээтэй, бариул нь 8,3см хэмжээтэй, нийт 26 см урттай, ажлын хэсэг нь 14см урттай, ажлын хэсгийн угийн өргөн 24 мм, дунд хэсгийн өргөн 22 мм, үзүүрийн өргөн 15 мм хэмжээтэй, бариул нь 12 см хэмжээтэй 2 ширхэг хутга ирүүлсэн байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90-94-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ЕГ0125/1224 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хар хүрэм, юүдэнтэй хүрэм, цагаан цамцанд зүсэгдэлт хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна." гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 100-103-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ЕГ0325/2797 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх шаргал өнгийн иштэй хутга 2 ширхэг нь шинжилгээнд тэнцэнэ. Шаргал өнгийн иштэй хутга 2 ширхэг дээр биологийн ул мөр илрээгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 109-111-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ЕГ0325/2798 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гэх хар өнгийн куртик, эрээн өнгийн цамц, цагаан өнгийн футболк дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэнэ. Илэрсэн цус нь хүний цус байна. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Хар өнгийн куртик, эрээн өнгийн цамц, цагаан өнгийн футболк дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 117- 120-р хуудас/,
- Гэрч Д. Т: “...Д гаднаас архи уучихсан орж ирсэн. Орж ирээд архи ууя гэхээр нь "Эгч нь бол уухгүй” гэж хэлэхэд манай нөхөр Г “Уувал ууя л даа” гээд, Д хүүхдээ дуудаж мөнгө авчруулаад тухайн мөнгийг манай нөхөр Гд өгч дэлгүүр гаргасан. ...Д орж ирэхдээ “Пгийнд уусан, П эхнэртэйгээ хэрэлдэж, маргалдах гээд байхаар нь гараад ирлээ” гэж хэлсэн. ...нөхөр Г дэлгүүрээс архи авч ор ирээд Дтэй хувааж уух гээд аягалаад ууж эхэлсэн байж байхад гаднаа П орж ирсэн. Орж ирээд Д Г хоёрын ууж байса архинаас нийлж уусан. П Дт хандаж “Чи намайг тоохгүй байна тоосонгүй" гэж хэлэхэд нь Д хариуд нь “Яаж тоох байсан юм, үхлэ шартаж байна гэхэд чинь байгаагаа гаргаж өгдөг, тамхи байхгүй гэхэд нь тамх гаргаад өгдөг. Би өөр чамайг яаж тоох байсан юм.” гэж хэлж байсан, П тэгэхэд нь “Чамайг байнга хүн амьтантай уулзаад яваад байгааг чинь сонссон шүү би бас мэдсэн шүү” гэхэд Д “Би та нараас гайгүйтэй нь явсан болоо юм биш үү, хэн тийм юм яриад байгаа юм” гэж хэлсэн. Тухайн үед би бодохдоо Пг цаашлуулаад байна даа гэж ойлгосон. ...тухайн үед манай гэрт байх хугацаанд Д, П хоёрын хооронд маргаан болоогүй, ярилцаж байгаа байдалтай байсан. ...Удалгүй пид, пад гээд юм дуугарахаар нь харсан чинь шар өнгийн иштэй хутга зүүн орны хажууд шалан дээр унасан байсан. Тэгтэл манай нөхөр Пг хувцсаа тайл, цус гараад байна гэсэн, тэр үед л би Д Пг хутгалчихсан юм байна гэж бодсон.
...Тухайн үед манайх хоол хийчихсэн байсан. Тэр үед шүүгээнээс шар өнгийн иштэй хутгийг гаргаж Д, би, манай нөхөр Г бид з яс мөлжсөн. Тэгэхэд хутгийг ашигласан. ...Манай гэрт адилхан иштэй 2 ширхэг хутга байдаг. Тухайн хоёр хутганы нэг талын бариул хэсэгтээ хагархайгаар нь мах мөлжиж хэрэглэсэн. Яс мөлжиж, мах хэрчиж байсан бариул хэсэгтээ хагархай ил байсан хутга унинд хавчуулсан байсан. үед угаалга хийж байхад хувцас угаасан ус гэрийн шалан дээр асгарсан байсан. Тэр хутгыг угааж цэвэрлэсэн зүйл байхгүй. Тухайн үед хутга газар байсан учир устай холилдсон байх. Мөн би шалаа арчиж цэвэрлэсэн. Яагаад гэвэл Пгийн цээжнээс цус гарч байсан цус, устай холилдоод байсан юм. П гэдэг нь Пг хэлж байгаа юм. Пг бид нар П гэж дууддаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-41, 46-47, 223-226-p хуудас/,
- Гэрч Б.Гын: “...Тухайн өдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Д орж ирээд намайг нөхөртэйгөө цуг ажиллаад өгөөч гэж хэлсэн. Д надаас “та архи уух юм уу” гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд хүүхэд рүүгээ залгаад 15,000 төгрөг авчруулсан. Тэгээд надад өгөхөөр нь би дэлгүүр гараад дэлгүүрээс стандарт нэртэй архи аваад гэртээ ирсэн. ...гэртээ орж ирсний дараа гаднаас П нэлээн согтуу орж ирсэн. Тэгээд бид сая уусан юм гэж Д хэлсэн. Нэг мэдсэн чинь Пгийн цээжнээс цус гоожоод байсан. Тэгээд би шууд гараад Пгийн гэр рүү гүйгээд орсон. Гэрт нь ороход ах нь сууж байхаар нь “Дүү чинь хутгалуулчихлаа, түргэн дууд” гэж хэлсэн. Тэгээд эргэж гараад түргэн цагдаа руу эхнэрийнхээ дугаараас дуудлага өгсөн. Тэгээд удалгүй түргэн тусламж ирээд П аваад явсан. П, Д нар орж ирээд нэг их уугаагүй, манай эхнэр Тархинаас уугаагүй, би өөрөө уучихсан байсан учраас ямар яриа өрнөсөн талаар анзаараагүй, гэхдээ манай гэрт учир зүйгүй хэрэлдэж, маргалдсан зүйл байхгүй. Нэг нэгэн рүүгээ орилж хаширсан зүйл байгаагүй. Хэрэв хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байсан бол анзаарах байсан байх.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 231-234-р хуудас/,
- Гэрч Р.Дгийн: “...2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хөдөөгөөс манай нөхрийн ах нар нь ирсэн. Ирээд манайд архи уугаад байж байтал хажуу талын айлын Д гэх эмэгтэй орж ирээд нийлээд ууцгаасан. Удалгүй 2 ах нь яваад Бэ гэх ах нь үлдсэн.... Тэгээд бага зэрэг нөхөртэйгөө маргалдсан чинь Д гараад явчихсан. Нэлээн байж байтал хойд айлын Г ах хашааны гаднаас Пг дуудаж гараад ир, манайх руу халь ороод ир гэж хэлж байсан. Тэгээд манай нөхөр П ганцаараа хойд айл руу орсон. Удалгүй миний утас дугараад Г ахын эхнэр нь залгаад “Хүүе энэ Пгийн гүзээнээс нь цус гараад байна” гэхээр нь сая зүгээр гарсан шүү дээ гэхэд ороод ир гэхээр нь би ум хумгүй гараад Г ахын гэрт орсон. Гэрт нь ороход нөхөр П ор налаад суучихсан, Д цээж хэсэгт нь дараад байж байсан. Тэгээд би Тэгчийн утсаар дуудсан. Удалгүй түргэн, цагдаа зэрэг ирээд нөхөр Пг түргэн нь аваад явсан.
...Д, П нар манай гэрт байхдаа маргалдаж харагдаагүй. Шалан дээр нэг хутга байсныг санаж байна. Пгийн цээж хэсгээс цус гарч байсныг хараад өөр зүйл сайн анзаарч хараагүй.
...Тухайн өдрөөс 2 хоногийн өмнө гадуур архи ууж явж байхдаа толгойгоороо уначихлаа гэж хэлээд гэртээ орж ирж байсан. 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүмүүстэй архи уугаад байхаар нь би цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд Пг эрүүлжүүлэх рүү авч явсан. Тэгээд маргааш нь буюу 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гарч ирсэн юм. Би Пг толгойгоороо унасан гэж хэлэхэд нь хараагүй орхичихсон. Тухайн өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс хойш эмнэлэгт хэвтсэний дараа харахад толгойд нь цус хатчихсан байдалтай байсан. Тэгээд энэ яасан талаар асуухад толгойгоороо уначихсан юм, зүгээр зүгээр гэж хэлсэн.
Д нь Пгийн толгой хэсэгт халдсан зүйл байхгүй. Толгой хэсэгтээ авсан шарх нь П нь өөрөө тухайн өдрөөс 2 хоногийн өмнө буюу 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр согтуу явж байхдаа унаж тухайн гэмтлийг авсан.
...Өмнө нь Д манайхаар орж гарцгаадаг, хүүхдүүд нь ч мөн адил орж гарч манай хүүхэдтэй тоглоод явж байдаг. Тэр өдөр Дийг орж ирэхэд архи ууцгааж байсан болохоор Дт архинаас хийж өгсөн байх.
Манай нөхөр П өмнөх өдөр нь эрүүлжүүлэгдээд тухайн өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр эрүүлжүүлэхээс гарч ирсэн байсан. Тэгээд би нөхөр Пд хандаж “Өчигдөрхөн эрүүлжүүлэгдэж өнөөдөр гарч ирчхээд хүмүүстэй архи уугаад яасан хаширдаггүй юм гэхэд “Яадаг юм, манай нутгийн хүмүүс ирчихсэн байна” гэж хэлхээр нь “Чи нэг бол дагаад явахгүй яасан юм” гээд би жоохон уурласан... Дийг хэн ч дуудаагүй. Орж гардаг хүн болохоор тухайн өдөр орж ирсэн байх.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50, 55-56, 228-229-р хуудас/,
- Гэрч Ч.Зын: “... Би Д.Дтэй 2012 онд танилцаж 2013 оноос хамт амьдрах болсон. 2016 онд хүү, 2020 онд охинтой болсон. Одоо амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо Цэргийн хотхон Нарангийн 89а тоотод амьдраад 10 жил болж байна. Надтай танилцахдаа үсчнээр ажиллаж байсан. 2016 онд хүүгээ төрүүлээд 1 жилийн дараа үсчингээ болиод Солонгос хоолны газарт бэлтгэгчээр 3 жил ажиллаж байгаад 2020 онд охин төрснөөс хойш ажил хийгээгүй, гэртээ хүүхдүүдээ хараад байж байгаа.
Манай эхнэр Дийн зан араншны хувьд дөлгөөн зантай. Гэртээ байхдаа уур уцаар байхгүй бид хоёр хүүхдүүдийнхээ хажууд хэрэлдэж муудалцдаг зүйл байхгүй. Хааяа нэг огцом уурлачхаад эргээд тэр дороо хэвийн болчихсон л байдаг. Гэр бүл, үр хүүхдүүддээ халамжтай, гэр орны бүх л арын ажлыг зохицуулж байдаг юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/,
- Гэрч Б.Тын “... Манай эгч Д нь 1982 онд Дорнод аймагт төрсөн. ...Би эгчтэйгээ багаасаа өвөө эмээ дээрээ хамт өссөн. Эгч маань нөхөр хүүхэдтэй болсноос хойш цуг байхгүй, байгаа болохоос биш бид нар байнгын гэрт нь очиж холбоотой байдаг. Манай эгч 1 жил гарын өмнө элэгний хорт хавдартай гэж оношлогдсоныг сая мэдсэн. Багадаа дэлүүгээ авхуулсан. Элэгний хортой хавдраа эмчлүүлье гэхээр нь бөөрний дутагдалтай байгаа. Бөөрөө эмчлүүлж байж элэгний хорт хавдраа эмчлүүлэх арга хэмжээ авахаар байгаа юм байна лээ.
Шалгагдаж байгаа хэргийнх нь талаар хэрэг болсон гэх өдрийн орой сонссон. Энэ хэрэг гарсанд харамсаж байгаа. Эгчийгээ би ийм зүйл хийнэ гэж төсөөлж байгаагүй. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй тийм л хүн байгаа юм. Одоо нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг. Том охин нь 19 настай, 2 дахь хүүхэд нь оюутан коллежид сурч байгаа, 3 дахь нь 8 дугаар анги, 4 дэх хүүхэд нь 2 дугаар анги, бага нь цэцэрлэгт явдаг. Эгч маань одоогоор ямар нэгэн ажил хийхгүй, хүүхдүүдээ хараад гэртээ байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 65-68-р хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 69-р хуудас/,
- Баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 193-р хуудас/,
- Яллагдагч Д.Дийн: “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Хүнд гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. ...2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс хойш В.Пгийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн бүх зардлыг манай гэрийн зүгээс гарган өгсөн. П нь цэргийн төв эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гараад 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 16 хоног “Манал Оточ” гэх хувийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Эмнэлэгт хэвтсэн нийт 1,310,000 төгрөгийг манай гэрийн зүгээс төлсөн. Мөн хэвтэж байх хугацаанд ар гэрт нь туслалцаа үзүүлж мөнгө өгч байсан. Баримтын хувьд авч үзэхэд нийт 6,883,950 төгрөгийг Пд болон түүний ар гэрт нь өгсөн. Мөн П гар утасгүй болчихсон гээд холбоо барих утас авч өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 182-184, 187-р хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Прокуророос шүүгдэгч Д.Дийг ******************** од 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хохирогч В.Пг “элдвээр хэлж доромжилсон” гэх шалтгаанаар хутгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болгож хэрэглэж, нэг удаагийн үйлдлээр цээжний зүүн талд хатгаж биед нь санаатайгаар халдаж, эрүүл мэндэд цээжний зүүн талд суганы урд шугамаар 3-4 хавирганы завсраар цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгины 3-р сегмент, үнхэлцэг хальс, зүрхний зүүн тосгуурыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, үнхэлцгийн хөндий дэх хий, цус хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүх хуралдаанд яллажээ.
Шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитоор хянахад прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй гэж дүгнэж, прокуророос шүүгдэгч Д.Дт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэв.
Өмгөөлөгчдийн дүгнэлтийн тухайд:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган нь “...Хохирогчийн зүй бус харилцаа нөлөөлсөн байна. Өмнөх харилцаанд бий болсон нэг удаагийн дотно харилцааны дараа өөртэйгөө харилцахгүй байна, мөн бусад хүмүүстэй холбож эмэгтэй хүний эмзэг асуудлыг хөндөж ойр дотнын хүмүүс рүү чиглэсэн доромж үг нь миний үйлчлүүлэгчийн сэтгэл санаанд нөлөөлсөн байна гэж үзэж байна. ...Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдгийг анагаах ухаанд тодорхой дурдсан. Иймд миний үйлчлүүлэгчийн үйлдэлд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэж маргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.
Учир нь хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хамт байсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулж мэдүүлэг авсан хохирогч болон нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгээр хохирогч В.П нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглэсэн үедээ шүүгдэгч Д.Дийг ёс бус үг хэллэгээр хэлж доромжилж, зүй бус харилцсан нь шүүгдэгчид шууд нөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, хохирогч В.П нь нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, тухайн хүний нэр төр, алдар хүндийг ичгүүр сонжуургүйгээр бусдын дэргэд гутаан доромжилж зүй бус харьцсаны улмаас шүүгдэгч Д.Д нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон нөхцөл байдлыг үүсгэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болохыг ойлгох бол мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд нь сэтгэхүйн хэвийн байдал алдагдаагүй байх бөгөөд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсч зориуд хүсэж үйлдсэн байдаг онцлогтой.
Иймд шүүгдэгч Д.Дийг хохирогч В.П нь нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, тухайн хүний нэр төр, алдар хүндийг ичгүүр сонжуургүйгээр бусдын дэргэд гутаан доромжилж зүй бус харьцсаны улмаас санаа сэтгэл хүчтэй цочрон давчидаж, өөрийн үйлдлийг зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орж хохирогчид нэг удаагийн үйлдлээр цээжний зүүн талд хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн заалтыг баримтлан шүүгдэгч Д.Дт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн болно.
Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Мянган нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэгт гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлсон.
Хохирогч В.П нь эмчилгээний зардал нэхэмжилсэн талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргаж өгөөгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д нь эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан цаашид нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй талаараа мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирлыг нөхөн төлөх талаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй тул эрүүгийн хариуцлага оногдуулах хурлыг үргэлжлүүлэн явуулав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хуульд заасан холбогдох заалтыг баримтлан тэнсэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн шинж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, оролцогч нараас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Д.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Д.Дт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан ял болон хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “хар өнгийн куртик 1 ширхэг, эрээн цамц 1 ширхэг, цагаан өнгийн подволк 1 ширхэг, нийт 26 см урттай, ажлын хэсэг нь 17,7см урттай, ажлын хэсгийн угийн өргөн 24мм, дунд хэсгийн өргөн 22мм, үзүүрийн Өргөн 15мм, бариул нь 8,3см хэмжээтэй хэмжээтэй 2 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х овгийн Д-ийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Х овгийн Д-ийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Дт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хүрээг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “хар өнгийн куртик 1 ширхэг, эрээн цамц 1 ширхэг, цагаан өнгийн подволк 1 ширхэг, нийт 26 см урттай, ажлын хэсэг нь 17,7см урттай, ажлын хэсгийн угийн өргөн 24мм, дунд хэсгийн өргөн 22мм, үзүүрийн Өргөн 15мм, бариул нь 8,3см хэмжээтэй хэмжээтэй 2 ширхэг хутга зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ
ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ
ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ