Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2023/00004

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2021/00468/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, *** дугаар хороолол, *** хотхон *** байр, *** тоотод оршин суугаа, Б*** овогт Ц-ийн О-,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***дугаар баг, өөрийн байранд оршин байгаа, ******* ТӨХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага:

Гэм хорын хохиролд 18,745,650 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

 

(Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигчдын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.О- нь ******* ТӨХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 18,745,650 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ц.О- би 2020.08.28-ны өдрийн 22 цаг 40 минутын орчим Шарын гол сумаас Дархан-Уул аймаг руу өөрийн өмчлөлийн 8*- 8* УНЧ улсын дугаартай Volkswagen Touareg маркийн цагаан өнгийн автомашиныг жолоодон ирж явахдаа Цементийн үйлдвэрийн уулзвар дээр тэмдэг тэмдэглэгээ байхгүйн улмаас төөрч Улаанбаатар чиглэлийн сайжруулсан шороон зам руу ор явж байгаад ******* ТӨХКүйлдвэрийн зүүн талын харалдаа зам дээр овоолж, асгасан төмрийн хүдрийн овоолго мөргөж зам тээврийн осолд орсон. Осол гаргах үед харанхуй болж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон нөхцөлд уг төмрийн хүдрийн овоолго нь замын голд ямар нэгэн анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээгүй байсны улмаас миний бие нь тоормос гишгэсэн боловч зогсож амжилгүй мөргөж зам тээврийн осолд орсон.Ослын улмаас миний машин их хэмжээний эвдрэл гэмтсэн ба 2020 оны 9 дүгээр сарын 08-ын өдөр Богд моторс ХХК-нд 200,000 төгрөг төлж оношилгоо хийлгэхэд 97,140,820 төгрөгийн сэлбэг, засварын ажил хийгдэнэ гэж нэхэмжлэх бичиж өгсөн.

Ц.О- миний гомдлын дагуу 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Зөрчлийн 2018000374 дугаартай хэрэгт бүртгэлийн хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч, ахлах дэслэгч Д.Үнэнболд нээсэн. Зөрчил хянан шалгах ажиллагааны явцад Тэнцвэр Эстимэйт ХХК миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг 22,316,000 төгрөг гэж тогтоосон.

2020.11.10-ны өдрийн зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэлд уг зам тээврийн осол болсон шалтгаан нь ******* ТӨХК нь МУ-ын ЗХД-ийн 27 дугаар бүлэг 27.4-т Зам дээр засварын ажил, үилчилгээ хииж байгаа үедээ хедөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21-т тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хөдөлгөөний тухай хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах гэсэн заалтыг зөрчиж байна гэх ахлах дэслэгч Д.Үнэнболд магадлагаа гаргасан. Энэхүү магадлагаагаар зам тээврийн ослын шалтгааныг тогтоож, ******* ТӨХК Зөрчлийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасан зөрчил гаргасныг тогтоосон. 2022 оны 11 сарын 27-ны өдөр энэ зөрчлийн хэргийг хаасан.

Гэхдээ ...дээрх үйл баримт нь ******* ТӨХКийн технологийн зам дээр үйлдэгдсэн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааса зөрчлийн шинжийг шалгуулахаар хэргийг тусгаарлах үндэслэлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 сарын 27-ны өдрийн 2018000476 тоот прокурорын тогтоолоор 2018000374 тот зөрчлийн хэргээс 2018000476 дугаар зөрчлийн хэргийг тусгаарлаж харьяаллын дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шилжүүлсэн.

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Д.Баярсайхан Зөрчлийн хэргийг шалгах явцад шинжээч Ё.Энхтуяагийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтээр осол болсон зам нь Авто замын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь заалтад заасан Орон нутгийн чанартай авто зам-ын ангилалд хамаарч байгааг тогтоосон.

Осол болсон зам нь ******* ТӨХКүйлдвэрийн зам биш болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр МХГ-ын улсын байцаагч Д.Баярсайхан нь Зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх санал 2021 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр 10-07-024/20/02 тоот албан бичгээр Зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх санал гаргасан.

Дээрх саналын дагуу Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 011000041 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Дээр дурдсан нотлох баримтуудаар нь ******* ТӨХК нь өөрийн эзэмшлийн бус буюу орон нутгийн чанартай зам дээр дур мэдэн засвар үйлчилгээ хийхээр зам дээр шороо асгахдаа МУ-ын ЗХД-ийн 27-р бүлэг 27.4-д Зам дээр засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхаарүүлах замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах гэсэн заалтыг зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас зам тээврийн осол гарч миний өмчлөлийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан тул бүрэлдэхүүнэй шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон 18,745,650 төгрөгийн хохирлыг ******* ТӨХК-иас Иргэний хуулийн 497 дугаарзүйлийн 497.1-д зааснаар нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч ******* ТӨХК нь хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлгүй байх тул хариуцагчын зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлд Цементийн уулзвар дээр тэмдэг тэмдэглэгээ байхгүйн улмаас төөрч Улаанбаатар чиглэлийн сайжруулсан шороон замруу орж явж байгаад ******* ТӨХКүйлдвэрийн зүүн талын харалдаа зам дээр овоолж асгасан төмрийн хүдрийн овоолго мөргөж зам тээврийн осолд орсон. Осол гарах үед харанхуй болж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон нөхцөлд..." осолд орсон тухай дурджээ.

Цементийн үйлдвэрийн уулзвар дээр чиглэл заасан тэмдгийг осол болохоос өмнө буюу 2019.08.09-нд хариуцагчын зүгээс байрлуулсан нотлох баримтыг тухайн үед зөрчлийн хэргийг шалгасан цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч ямар нэгэн гомдол санал гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Ц.О- нь Улаанбаатар чиглэлийн сайжруулсан шороон зам руу орж явж байгаад осолд орсон тухай дурдаад байгаа нь үндэслэлгүй бөгөөд чиг заасан тэмдгийг зөрчин ******* ТӨХК ХК-ийн дотоодын тээвэрт ашигладаг зам дээр осол гаргасныг Замын цагдаагийн зохицуулагч ахлах дэслэгч Д.Үнэнболд тогтоосон.

Нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлээс харвал харанхуй болж үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2 дахь заалтуудыг зөрчин осол гаргасан гэж үзэхээр байна. МУ-ын ЗХД-н 3.5-д заасан үүргээ биелүүлж цагдаагийн байгууллагад ослын талаар мэдээлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй эс үйлдэхүй нь ослын хэргийг шалган шийдвэрлэхэд хүндрэл учруулсан гэж дүгнэж байна. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан 2021.11.10-ны өдрийн Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл нь хүчингүй болсон журам баримталж гарсан тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй гэж үзэж баина.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Ц.О-ын Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-ийн 5/, гэрч Ц.О-аас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 7/, гар утасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8/, зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хх-ийн 9/, 2018000476 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 10/, шинжээчийн дүнэлт №1 /хх-ийн 11/, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 12-13/, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах санал /хх-ийн 14/, Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хх-ийн 15/,111800041 прокурорын тогтоол /хх-ийн 16/, 08 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 17-18/, 21/194 дугаар шинжээч үнэлгээчдийн дүгнэлт /хх-ийн 19-30/, 58 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 31-32/, итгэмжлэл /хх-ийн 33/, прокурорын газрын 12, 191, 166, 170 дугаар хариу мэдэгдэх хуудас, 1/1395 дугаар албан бичиг, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас 419, 420 дугаар итгэмжлэл /хх-ийн 39-41/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, схем зураг, 10-07-024/20/02 дугаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, цагдаагийн газрын 34/7/109 дугаар албан бичиг, Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн цаг агаарын мэдээлэл, цаг агаарын үзүүлэлтийн тодорхойлолт, пүүний өдөр тутмын мэдээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтийн дугаа зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, гэрч Ц.Ц***ийн мэдүүлэг, гэрч Н.Б***гийн мэдүүлэг, гэрч Г.О***ын мэдүүлэг, гэрч Н.Г***ын мэдүүлэг, гэрч Т.Г***ийн мэдүүлэг, гэрч Б.М***ийн мэдүүлэг, гэрч Б.М***ийн мэдүүлэг, гэрч С.Х***гийн мэдүүлэг, Богд моторс ХХК-ийн нэхэмжлэх үйлчилгээний захиалгын баримтууд, Ослын схем зураг, Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл, схем зураг, Рапорт, зөрчлийн хэрэг тусгаарлах тухай санал, холбогдогч Цогтбаатарын мэдүүлэг, гэрч Н.Б**ийн мэдүүлэг, гэрч Б.Ц***ын мэдүүлэг, Ц.О-ын гар утасанд хийсэн үзлэг, гомдлыг шүүх бүрдүүлсэн.

 

Хариуцагчийн хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Прокурорын газраас гомдол хянасан мэдэгдэл, гомдол шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

1. Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* ТӨХКийн хажуугийн зам дээр 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ц.О- нь Volkswagen Touarag маркийн 8*- 8* УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Э*** ХХК-ийн ойролцоох 3 замын уулзвараас ******* ТӨХК чиглэлийн авто зам дээр замын тэмдэг тэмдэглэгээ байхгүй байсны улмаас овоолсон шороо мөргөж зам тээврийн осол гарсан болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 58 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл бусад нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

2. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Үнэнболдын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэлд ...Уг зам тээврийн осол болсон шалтгаан нь Дархан-Уул аймгийн ******* ТӨХКүйлдвэр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар бүлэг 27.4-д Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж иргэн, хуулийн этгээд нь дараах үүргийг хүлээнэ. а/засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21-д тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байршуулах гэсэн заалтыг зөрчсөн байна гэж магадалгаа гаргаж байна гэжээ. /хх-81/

 

3. Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 58 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд ...******* ТӨХК нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар бүлгийн 27.4-д заасан ...зам дээр засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах замын тухай хэсгийг хашиж тусгаарлах түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулна... гэснийг зөрчсөн болох нь тогтоогдсон ба зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын хэмжээ 18,745,650 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учирсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол, эд хөрөнгөд их хэмжээний буюу 50,000,000 төгрөгийн хохирол учруулсан байх шинжийг агуулдаг бөгөөд дээрх хэргийн тохиолдолд хүний эрүүл мэндэд хохирол учраагүй, бусдын эд хөрөнгөд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж... шийдвэрлэсэн байна. /хх-31-32/

 

4. Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институтын шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 21/194 тоот дүгнэлтэд ...Volkswagen Touarag маркийн авто машины зах зээлийн үнэ цэнийг 2020 оны 08 сарын байдлаар 54,000,000 төгрөг, хохирлын үнэлгээг 18,745,650 төгрөг ... гэжээ.

 

5. Нэхэмжлэгч Ц.О- нь дээрх ослын улмаас өөрийн өмчлөлийн Volkswagen Touarag маркийн 8*- 8* УНЧ улсын дугаартай машинд учирсан хохирол 18,745,650 төгрөгийг хариуцагч ******* ТӨХК-иас гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр буюу ...тухайн зам дээр манай байгууллага нь нийгмийн хариуцлагын хүрээнд зам тэгшлэх зорилгоор замын голд шороо овоолсон. Овоолсон шорооны хажуугаар, тойроод машин явах боломжтой байсан боловч нэхэмжлэгч Ц.О- нь машины хурдаа тохируулж яваагүйн улмаас уг зам тээврийн осол гаргасан... гэсэн тайлбар гаргаж үгүйсгэн.

 

6. Тухайн зам тээврийн осол гарсан Э*** ХК-ийн ойролцоох 3-н замын уулзвараас ******* ТӨХК чиглэлийн авто зам нь Орон нутгийн чанартай авто зам болох нь Шинжээч Авто замын барилгын инженер Е.Э***гийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Шинжээч Авто замын барилгын инженер Е.Энхтуяагийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 тоот дүгнэлтэд ...Э*** ХК-ийн ойролцоох 3-н замын уулзвараас ******* ТӨХК ХК чиглэлийн авто зам нь Авто замын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь заалтад заасан Орон нутгийн чанартай авто зам-ын ангилалд хамаарна.

... Аж ахуй нэгж, байгууллагын дотоодын авто зам гэж Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтад заасан аж ахуйн нэгж байгууллагын дотоодын авто зам гэж аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн эзэмшлийн нутаг дэвсгэрт дотоодын хэрэгцээнд зориулан барьсан авто замыг гэсэн утгаар ойлгоно гэжээ. /хх-11/

 

7. Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна. Зам хариуцагч байгууллага нь замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байна, 23.3-т Зам хариуцагч байгууллага нь дараахь үүрэгтэй: 23.3.1-т авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах;, 23.3.2-т авто замд тогтоосон журмын дагуу үзлэг хийж, арчлалт, засварын ажлыг тогтмол гүйцэтгэх, авто замаар зорчигчдоос зам, замын байгууламжийн эвдрэл гэмтлийн талаар мэдээлэл авч, шуурхай арга хэмжээ авах;, 23.3.6 гамшиг, ослын улмаас авто замд эвдрэл, гэмтэл гарч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатсан үед олон нийтэд мэдээлж, саадыг арилгах арга хэмжээг шуурхай авах;-аар хуульд зохицуулсан байна.

 

8. Дээрх хууль болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тухайн зам тээврийн осол гарсан замын бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хариуцагч ******* ТӨХК хүлээгээгүй боловч тухайн зам тээврийн осол гарах нөхцөл нь ******* ТӨХК-ийн тухайн зам дээр шороо буулгаж овоолго үүсгэсний улмаас үүдэлтэй болох нь прокурорын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, уг тогтоолын материалд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

9. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Дархан ******* ТӨХК  нь гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т шүүх гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэхээр хуульд зохицуулсан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргээр зам тээврийн осол гарахад хариуцагч ******* ТӨХК иас гадна Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан зам хариуцагч байгууллага нь мөн хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас дээрх зам тээврийн осол гарах нөхцөл бүрдсэн гэж үзэж хариуцагч ******* ТӨХК д холбогдуулан гаргасан гэм хорын хохирлыг бууруулан нийт 18,745,650 төгрөгийн 70 хувь буюу 13,121,955 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 5,623,695 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,679 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 223,560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ТӨХК-иас 13,121,955 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.О-т олгож, үлдэх 5,623,695 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,679 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 223,560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА

 

ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА

 

М.ОЮУНЦЭЦЭГ