Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2022/00035/И |
Дугаар | 135/ШШ2023/00054 |
Огноо | 2023-01-10 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 135/ШШ2023/00054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2022/00075/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, ***өргөн чөлөө гудамж, *** байр, 4** тоотод оршин суугаа, *******овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, ***дугаар хороолол, ** дугаар байр, *** тоотод оршин суугаа, ******* овогт ******* *******,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум,*** дугаар баг, ** дугаар хороолол, **дугаар байр, ** тоотод оршин суугаа, Д*** овогт Ш-гийн О*** нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага 98,983,938 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Л.О /цахим/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т*** /цахим/,
Хариуцагч Ж.*******,
Хариуцагч Ш.О***,
Хариуцагч Ж.*******ийн өмгөөлөгч Ө.Ө***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.О нь Ж.*******, Ш.О*** нарт холбогдуулан 98,983,938 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч Ж.******* нь надтай ирж уулзаад өөрийн одоо оршин сууж байгаа Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дугаар хороолол, *** дугаар байр, ***тоотын 3 өрөө орон сууцаа Капитал банкны зээлийн өрөнд хураагдахаар шүүхийн шийдвэр гарч гүйцэтгэх хуудас бичигдэн манай байрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрээр дуудлага худалдаагаар худалдахаар болчхоод байна. Чи бидэнд ганц удаа тус болоод зээлийн үлдэгдэл болон тэмдэгтийн хураамжийн хамт 98,983,938 төгрөгийг төлөөд манай байрыг чөлөөлөөд өгөөч би 40 хоногийн хугацаанд буюу 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэхэд тухайн орон сууцаа бусдад худалдаад чамд 98,983,938 төгрөгийг буцаагаад өгье гэж гуйгаад бид энэ талаар харилцан тохиролцож цаасан дээр энэ тухайгаа бичиж хоёр тал гарын үсэг зураад шүүхийн шийдвэрийн дансанд мөнгийг нь байршуулан зээлийг нь чөлөөлж өгсөн. Ингээд надтай тохирсон хугацаа өнгөрөхөд хариуцагч нь орон сууцаа ч зараагүй, миний мөнгийг ч өгөөгүй өнөөдрийг хүрсэн.
Иймд Ш.О***, Ж.******* нараас 98,983,938 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ж.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие нь Л.******* нэхэмжлэлийг үл зөвшөөрч дараах тайлбарыг хийж байна. Учир нь Л.О нь миний хоёр зээ хүүгийн эцэг, охин Ш.О***гийн 14 жил хамт амьдарч ирсэн нөхөр бөгөөд, миний хүргэн юм. Яагаад ийм ичмээр, хүнлэг бус зан авир гаргаж байгаа гол шалтгаан нь миний охин олон жилийн бие махбодь, сэтгэл зүй, санхүү, эрүүл бус бэлгийн хүчирхийллээс зугтан аврал эрж төрсөн гэртээ ирсэн явдал юм.
Олон жил нууж явсан ч эрүүл мэнд нь ч дийлэхгүй болсон, мөн эцэг эх бид мэддэг болж тэмцэж эхэлсэн нь энэ хүн хайрлах сэтгэлгүй хүнд таалагдсангүй. Маш олон удаа зугтан ирж, цагдаад хандаж байсан ч нөхөр Л.О нь араас нь ирж уучлалт гуйж, амлалт өгч, өргөдлийг татуулан авч явдаг байсан.
Маш харгис, худалч, гүтгэгч, харамч нарийн муу хүн гэлээ ч хоёр зээ хүүгээ өнчрүүлэхгүй гэсэн сэтгэл, дээр нь 1 сартайдаа харвалт өгч хөл гарын саажилттай болсон өвчтэй хүүгээ гадаадад эмчлүүлэх байх гэсэн горьдлоготой өөрийгөө золиосолж өдий хүртэл эмэгтэй хүнээс гарамгүй тэвчээр гаргаж, өдөр шөнөгүй хувийн аж ахуйд нь амралтгүй зүтгэж, ажил амьдралыг нь өөд нь татаж ирсэн. О ч олон удаа гуйж аргадсан үг, мессежиндээ энэ талаар хүлээн зөвшөөрч бичсэн байдаг. /зарим нэг мессежийг хавсаргав. /Маш их бий/
Миний охин хатуу хөл хорио тогтоосон үед хоолойгоо багалзуурдуулан, үс гэзгээ зулгаалгаж, нүүр лүүгээ нулимуулан, өмссөн хувцастайгаа бага хүүтэйгээ зугтан, аймгийн ОБГ-т үнэн учраа хэлж хүсэлт гаргаж, бид охиноо татаж авсан. Амь насыг нь 2 удаа аварсан аймгийн ОБГ-т талархаж явдаг. 2 жил дараалан шүү.
Дархандаа зугтаж ирж Саран клиникт 2 удаа хэвтэж эмчлүүлж байсан. Гэртээ ирсэн ч амар тайван байлгаагүй, гуйж аргадна, үгээр хэлэхийн аргагүй доромжилно, дахиад гуйна, дахиад заналхийлнэ, мөрдөж мөшгөнө, Аргаа барж 2021 оны 07 сард УБ-ын Баянголын Цагдаагийн газар, Баянголын Анхан шатны шүүхэд өргөдлөө гаргасан явдал маань Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж тавлаж доромжлон бэлгэлсэн мөнгөө нэхэж шүүхээр далайлгаж эхэлсэн нь энэ.
Миний охин 2021 оны 02 сарын 06-нд гэртээ ирсэн. 2021 оны 6 сард манай нөхөр лүү ярьж, та нарын байрны өрийг төлж өгье, хүү минь гудамжинд гарах нь, яаж бодсон миний үүрэг хэмээн намайг хот руу ирүүлэн мөнгө төлсөн нь үнэн. Би маш их баярлаж нэг цаасан дээр мөнгө авсан гэж гарын үсгээ зурсан. Харин тэр цаасан дээр нь миний мөнгө хайж аргаа барж найз нөхөд, ах дүүтэйгээ ярьж байсан бүхий л яриаг ашиглан найруулсан байна лээ. Надад тэр үед хувилж өгөөгүй л дээ.
Бас миний байрны асуудалд гэнэтхэн оролцож, Капитал банкны эрх хүлээн авагч нар дээр хамт очиж, Монгол банкны ажилтнуудын булхайтай яриаг нууцаар бичлэг хийснээ надад сонсгож байсан. Өөрөө олон тэрбумын мөнгөө Дампуурсан банканд алдах нь, гэр бүлээсээ харамлаж байсандаа харамсаж байна гэж охинд минь бичсэн байдаг. Би одоо хүргэн Л.От өгч байсан сэтгэлийн бэлгээ, бас 2009 оноос эхлэн амралт эдлэх эрхгүйгээр 2 зээ хүүгээ харсны хөлс, охины минь зодож, хөөж тууж сэтгэл санааны дарамтанд оруулж байсны нөхөн олговор нэхэх ёстой юу. Ийм монгол ёс бий юу. Мэдсэн цагаасаа бүтэн нойртой хонож үзээгүй дээ бараг. Энэ туйлын үнэн. 2 хүү нь ч мэднэ. Одоо бага хүүтэйгээ утсаар ярихдаа хов жив асууж бүлтгэнүүлж эвгүй байдалд оруулдаг тул яриулахад маш хэцүү байдаг. Том хүүгээ өндөр төлбөртэй сургуульд /Дотуур байранд / сургана ирээдүйг нь бодож байна гэхээр нь хүргэж өгсөн. 2 хүүгийнхээ памперсыг сольж, нэг шөнө ч эмнэлэгт сахиж үзээгүй хүн дээ.
Би монгол хүн гэр бүлийн хамаарал бүхий дотны хүмүүстээ ач тусыг нь бодож өрийг нь төлж өгчихөөд өөрийнх нь сүрдүүлэг дарамтыг зөвшөөрөхгүй болохоор хууль хяналтын байгууллагад өгч, эхнэр хүү 2 нь амьдарч байгаа байрынх нь асуудлыг сөхөж байгаа нь урдаас төлөвлөсөн доромжлол, хууль хяналтын байгууллагаар тоглож буй хэрэг гэж үзэж байна. Энэ байр От огт хамаагүй, цагаа олж хэдэн төгрөгөөр дэмжсэнийгээ хортойгоор эргүүлэн ашиглах зорилго агуулсан байна. Хамгийн ойлгомжтой нь охин минь хүчирхийлэлд цэг тавих гэж оролдсон нь өс хонзонгийн үүдийг нээсэн байна.
Энэ нэхэмжилж байгаа мөнгө хүний ёсноос гадуур 14 жил амьдарсан охины минь урсгасан цус хөлс, нулимсны төлөөсний 1% д ч хүрэхгүйг хариуцлагатай хэлье.
Бас нэг зүйлийг хэлэхэд энэ хүн олон жилийн хүчирхийлэл, дарамт, хараал зүхэл, буруугаа нэвт ойлгосон, өөрийнхөө харгис харамчаа хүлээн зөвшөөрч, дахин зовоохгүй зодохгүй, өөрийн гэсэн орлого, өмч хөрөнгөтэй болгоно, үнэхээр миний тэнэг зангийнх уучлаарай гээд уйлж дуулаад баталгаа хүртэл гаргаж, гарын үсэг зурсан баримт нь байдаг. Тэр үедээ яг үнэнээ шударга хүлээж байгаа нь бидэнд итгэл төрүүлдэг байсныг нуухгүй ээ. Бас хөл гар муутай зээ хүүгээ ч бодож уучилж байсан.
Одоо Л.О 53 настай, охин минь 37 настай. Анх зовлон үзсэн хөдөлмөрч хүн гэж танилцуулж байсан. Сүүлд харгис хэрцгий, 2 ч эхнэр нь бурхан болсон гэж хүн амьтнаас сонсч бүр ч их түгшүүртэй амьдарч ирсэн. Тэр 2 эмэгтэйн ээжүүд миний охин дээр ирж, эхнэртээ харгис хэрцгий хандаж байсныг илчилж ярьж байсныг мэднэ. Би хардах эрхтэй ч хүний үхэл зовлонг ярих ёс зүй байгаагүй дээ. Энэ хүн охиныг минь гүтгэж, гутааж, алах гэж олон удаа оролдсон. Бас тэсэхийн аргагүй байдалд оруулж орилуулж, чарлуулаад өөрөө бичлэг хийж, инээж зогсдог байсан. Ээж руу минь явуулж байсан удаатай. Салах яриа гарахад надаас амьд салсан хүн байхгүй шүү гэж хүртэл хэлж байсан. Одоо ч байнга айдастай байна. Тэгээд ч хотод хамгаалах байраар үйлчлүүлж сэтгэл зүйн зөвлөгөө өгүүлж байгаа. Би одоо өөрийн нэр дээр Баянголын цагдаад гомдлоо гаргана. Маш их дарамталж доромжилж байгаа. Охиныхоо амь нас, эрүүл мэндэд маш их санаа зовж байна.
Л.О нь хамраа шонтойлгож, үс хөмсөг суулгуулж, холливуд шүд суулгуулж, 100 сая байтугай нүүрнийхээ гоо сайханд зарцуулдаг мөртөө 14 жил нуруугаа тахийтал, гараа эвэршиж эвдэртэл ажилласан охины минь төлөө сая төгрөг зарцуулж үзээгүй, гадагшаа авч явж эрхлүүлсэн гэж байна лээ. Тэгтэл хамт явсан найзууд нь зарц болж, улаан мөнгөний эрхгүй өөрт нь үйлчилж явдгийг мэднэ. Эрүүл саруул байж орондоо хэвтээд шээсээ зөөлгөж байсан. Ер нь шударга хэлэхэд боол нь байсан байна лээ. Ах дүү нар нь ч мэднэ. Хэрүүл болж, уйлж байж нийгмийн даатгалыг 2 жил хамгийн доод хэмжээгээр төлж байсан ч одоо өсөрхөөд төлөхгүй болсон. Одоо хүний охин үрийн эрүүл мэнд сэтгэл зүйгээр тоглочхоод мөнгө нэхэмжлэх нь маш шударга бус байна.
Гадуур ах дүү найз нөхдөдөө байр, машин авч өгөөд зайлуулсан гэж бахархаж ярьсан байсан. Шударга үнэнийг хэлж, өөрийнхөө охин шиг хүнд тэр тусмаа 2 хүүгийнхээ эхэд ингэж хандаж болохгүй гэж зөвлөсөн найз нөхдөөсөө холбоогоо тасалсан гэсэн. Цахим хөгжсөн энэ нийгэм нэг талдаа ийм хүмүүсийн бусармаг үйлдэл ил тод байдаг нь яамай даа. Охин минь хүчирхийллээс ангижрахын тулд энэ хүнийг хуулийн байгууллагад өгсөн нь энэ байранд амьдрах эрхээ хасуулах шалтаг биш, бас эцэг эхдээ 100 сая өгчих эрх, орон зайг нь устгах шалтгаан бишээ. Байнгын доромжлол, заналхийлэл нь үнэхээр охиныг минь нүдэн дээр минь туйлдуулж байна. Ээжээ энэ зугталт миний амьд явах сүүлчийн боломж, буцаж очвол намайг үхэл хүлээж байгаа гэж бичсэн мессеж надад байна.
Шүүхэд дуудагдах шалтгаан минь энэ, чин үнэнийг бичлээ. Охин минь одоо буцаж очих нь бүү хэл нэрийг нь сонсохоороо зүрх нь чичирч, шөнөдөө хар дарж, уйлж орилж сэрдэг. Энэ хүн одоо ямар зорилготой ийм бардам дээрэлхүү байгааг би мэдэж байна. 2 хөөрхөн хүү төрүүлж өсгөн, барлаг мэт зүтгэсэн охин минь энэ хүний хувьд хэн байсан бэ гэж Оаас мөн ч олон асуусан, хариулт өгөхгүй эргүүлээд гүтгэлэг доромжлол, эсвэл уянгын хайлалтай зохиол шиг зүйлийг бичиж ирүүлдэг болсон, баримтжуулна гэж айдаг байх, зарим мессежээ устгаж харагддаг. Мөн маш бардам шүүх үнэн мөнийг тунгаана, танд үнэн юм байна уу ч гэх мэтээр байнга бичиж доромжилж байна.
Энэ хүн өөрийнхөө эцэг шиг хүн настай хүн, өөрийн охин шиг эмэгтэйчүүдийг гүтгэж, шүүхэд өгч заргалдаж, мөнгө нэхэмжилж байсныг мэднэ, гэхдээ эхнэр хүү 2-ынхоо амьдарч байсан байр луу шунаж авах гэсэндээ ч биш зүгээр бидэнд өсөрхөж, дэмжиж өгсөн мөнгөө нэхэмжилж шүүхээр далайлгаж, сэтгэл зүйгээр нь хохироох тоглолт хийж байна. Зунжингаа л хүүгийн минь нэр дээр шилжүүл гэж байсан. Энэ шиг амархан юм байхгүй шүү дээ. Охин минь гэртээ ирсэн ч энэ хүний харцаар амьдрах ёстой юу, хууль ёсны, жам ёсны эрхээ хамгаалуулах гэж хуулийн байгууллагад хандсан нь буруу зүйл үү. Ер нь маш ноцтой баримтууд ч байгаа болно.
Бид энэ хүнд ямар ч өргүй. Харин ч Л.О манай гэр бүлийн бүх гишүүдэд насаараа ч төлж чадахгүй өртэй үлдсэн. Ер нь үүнийг батлах маш их баримт нотолгоо байгаа, нэмэлтээр ирүүлж болно. Баянголын шүүх дээр ч өгсөн байгаа. Би шударга хүн, бичсэн зүйлд минь худал хуурмаг, хар хорон санаа, шунаг сэтгэл, атаа хорсол байхгүй, 2 зээ хүүгийнхээ ирээдүй, охиныхоо эрүүл мэнд, амь насанд цаг тутам санаа зовж, хүргэнээ засч залруулж чиглүүлэх гэж хичээж, гэр бүлийн нэр төрийг бодож явсаар улам даврааж, ийм байдалд хүрсэн эх хүн билээ. Бидний гэр бүлийн бодит нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэрлэнэ гэж итгэж байна гэв.
3. Хариуцагч Ш.О*** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие нь Л.******* намайг хариуцагчаар татах нэмэлт нэхэмжлэлийг уншиж танилцаад дараах тайлбарыг хийж байна. Учир нь Л.О нь миний 2 хүүгийн эцэг, 15 жил хамт амьдарч ирсэн нөхөр маань юм. Яагаад ийм ичмээр, хүнлэг бус зан авир гаргаж байгаа гол шалтгаан нь би олон жилийн бие махбодь, сэтгэл санаа, санхүү, эрүүл бус бэлгийн хүчирхийллээс зугтан аврал эрж төрсөн гэртээ ирсэн явдал юм.
Би хатуу хөл хорио тогтоосон үед ч хоолойгоо багалзуурдуулан, үс гэзгээ зулгаалгаж, нүүр лүүгээ нулимуулан, өмссөн хувцастайгаа бага хүүтэйгээ зугтан, аймгийн ОБГ-т үнэн учраа хэлж хүсэлт гаргаж, гэртээ авсан. Дархандаа зугтаж ирж Саран кпиникт 2 удаа хэвтэж эмчлүүлсэн. Гэртээ буюу нэхэмжлэгчийн өгсөн мөнгөөр авсан ээжийнхээ байранд ирсэн ч амар тайван байлгаагүй, гуйж аргадна, үгээр хэлэхийн аргагүй доромжилно, дахиад гуйна, дахиад заналхийлнэ, мөрдөж мөшгөнө, Аргаа барж 2021 оны 07 сард УБ-ын Баянголын Цагдаагийн газар, Баянголын Дүүргийн иргэний хэргийн Анхан шатны шүүхэд хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд одоо уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Би иргэний эрхээ эдлэн шүүх цагдаад хандсаны төлөө Өөдөө Хаясан чулуу өөрийн толгой дээр гэж тавлаж доромжлон өөрөө мөнгөө нэхэж шүүхэд хандсан нь энэ нэхэмжлэл юм.
Л.О нь 2021 оны 6 сард манай аав ээж рүү ярьж, та нарын байрны үлдэгдэл мөнгийг төлж өгье, эхнэр, хүү минь гудамжинд гарах нь, эхнэр хүүхдээ харж хандах нь яаж ч бодсон миний үүрэг хэмээн ээжийг хот руу ирүүлэн мөнгө өгсөн нь үнэн. Мөн ээж минь 2009 оноос хүүг минь төрөхөөс авмхуулаад тасралтгүй 13 жил ажлаасаа чөлөө аван хотод ирж хүүхэд харж, зуны амралт бүрийг 2 хүүхдийг минь хардаг байсан учраас Л.О байрны мөнгөнөөс төлөлцөх амлалтыг өгч байсан, мөн би ч гэсэн 13 жил цуг хамт хөдөлмөрлөсөн учраас мөн хүүхдээ харуулж байсан эцэг эхдээ ч туслах эрх байгаа гэж бодсон. Ийм ч учраас ээж минь маш их баярлаж нэг цаасан дээр мөнгө авсан гэж гарын үсгээ зурсан гэсэн. 10.0 төгрөгөнд ч гарын үсэг зурах ёстой биз дээ. Харин тэр цаасан дээр нь миний ээжийн байрныхаа талаар нөхөд, ах дүүтэйгээ ярьж байсан бүхий л яриаг ашиглан найруулсан байна лээ. Тэр үед хувилж өгөөгүй тул өөрөө найруулж бичсэн байх ч магадлалтай.
Намайг хоёр хүүгийн хамт энэ байранд амьдарч байгааг мэдэхийн дээдээр мэдэж байсан бөгөөд 2021 оны зунжингаа л хүүгийн минь нэр дээр шилжүүл тэгвэл 200сая төгрөг, машин өгнө гэж байсан. Хүүхэд насанд хүрээгүй тул өөрийн нэр дээр түүний шахалтаар нь шилжүүлсэн. Бид гэр бүл болж амьдарсан энэ 15 жилийн хугацаанд манай гэр бүлийн бүхий л Үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө , машин тэрэг гээд бүх өмч хөрөнгө нэхэмжлэгчийн нэр дээр байсан бөгөөд ганцхан энэ байр миний нэр дээр байгаа. Энэ байранд оруулсан гэх 98.983.938 төгрөг нь манай гэр бүлийн дундын мөнгөн хөрөнгө бөгөөд үүнээс улбаатай Дархан-Уул аймгийн 10-р багийн 5-7-1 тоот хаягт байрлах ийм 000976817 үл хөдлөхийн бүртгэлтэй миний өмчлөлийн байр юм. Мөн байрны тодорхой хувийг миний ээж Ж.******* 50 сая төгрөг оруулсан.
Миний бие Баянголын Дүүргийн иргэний хэргийн Анхан шатны шүүхэд хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байгаа бөгөөд одоо энэ нэхэмжлэлтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ноогдох хэсгээ гаргуулах хүсэлтэй байгаа болно.
Би шударга хүн, бичсэн зүйлд минь худал хуурмаг, хар хорон санаа, шунаг сэтгэл, атаа хорсол байхгүй, хүүгийнхээ ирээдүйг бодож ******* хуурамч амлалтанд итгэхийг хичээж засч залруулж гэр бүлийнхээ нэр төрийг бодож явсаар улам даврааж, ийм байдалд хүрсэн эх хүн билээ. Бидний гэр бүлийн бодит нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэрлэнэ гэж итгэж байна гэв.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 3/, зээл чөлөөлсөн баримт /хх-ийн 4/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 5/, капитал банкны зээлийн дансны хуулга /хх-ийн 6-12/, ХААН банкны 2021.06.14-ний өдрийн шилжүүлгийн баримтууд /хх-ийн 13-14/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагч Ж.*******ээс гэрэл зураг /хх-ийн 27-29, 70-72/, 2020.05.09-ний өдөр үйлдсэн баримт /хх-ийн 30/, Ж.*******, Ш.О*** нарын гар өргөдөл /хх-ийн 31-21/, цахим зурвас /хх-ийн 36-61, 76/, Баянгол дүүргийн 2 дугаар хороо Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдлийн хуулбар /хх-ийн 54/, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар /хх-ийн 35/, 057897, 1107005249 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 73-74/, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх-ийн 129/ гаргаж өгсөн.
Хариуцагч Ш.О***гоос Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШЗ2021/013601 дугаар захирамж /хх-ийн 180/, цахим зурвас, гэрэл зураг /хх-ийн 181-184/ үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 191/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Ж.*******, Ш.О*** нараас 98,983,938 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ ...Ж.******* , Ш.О*** нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж дуудлага худалдаанд орох гэж байсан банкны барьцаанд тавьсан орон сууцаа чөлөөлүүлэхээр 98,983,938 төгрөгийг зээлж авсан. ... Ж.*******, Ш.О*** нарыг хариуцагчаар татах болсон шалтгаан нь мөнгө зээлдүүлсэн хэлцлийг хариуцагч Ж.*******тэй бичгээр хийсэн. Хариуцагч Ш.О*** нь анх мөнгө зээлээч, зээл чөлөөлж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан ... гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан болно.
2. Нэхэмжлэгч Л.О, хариуцагч Ж.******* нар нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Зээл чөлөөлсөн баримт гэх баримтыг бичгээр үйлджээ.
Уг баримтад Дархан хотын ** дугаар баг ** дугаар байр ** тоот 79.88 мкв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-*** дугаартай 3 өрөө, иргэн ******* овогт Ж*** овогтой ******* /ТК60060202/-ийн нэр дээр байгаа орон сууц нь Капитал банкны зээлэнд хамрагдаж зээлийн үлдэгдэл болох 98,645,353 төгрөг, мөн тэмдэгтийн хураамж 338,585 төгрөг, нийт 98,983,938 төгрөг үлдэгдэл төлбөртэй болно. Шүүхийн процесс явагдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт уг байрны асуудал очсон ба байрыг суллаж дуудлага худалдаанд оруулах ажиллагаа явагдаж байгаа болно.
Иймд Л.О /***/ миний бие иргэн Ж.*******, Э.Ш*** нартай харилцан тохиролцож, нийт төлбөр болох 98,983,938 төгрөгийг ХААН банкны 5*** тоот дансанд Капитал банк БЭХАЗ гүйлгээний утгатайгаар төлж зээлийг чөлөөлж, уг байрыг 40 хоногийн хугацаанд буюу 2021.07.20-ны дотор худалдан борлуулж төлбөр болох 98,983,938 төгрөгийг Л.От буцааж төлөхөөр харилцан тохиролцов. Тохирсон хугацаа болон мөнгөн дүн дээр хоёр талаас маргаан гарвал иргэний хуулийн дагуу шийдүүлнэ гэж Л.О, Ж.******* нар нь гарын үсэг зурсан байна. /хх-4/
3. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 949 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2414 дугаартай захирамж, мөн өдрийн 321 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг эрхийн актыг үндэслэн төлбөр төлөгч Ж.*******ээс зээлийн төлбөр 103,844,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 338,585 төгрөгийн хамт гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг *** дугаар хороолол *** дугаар байр *** тоот 79.88 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-*** дугаартай 3 өрөө орон сууцаар хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан болох нь хавтаст хэргийг 82-113 талд авагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой баримтаар тогтоогдож байна.
4. Хавтаст хэргийн 13-14 дүгээр талд авагдсан ХААН банкны шилжүүлгийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.О нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Капитал банкны БЭХА-ын эзэмшлийн 5*** тоот данс руу зээл хаав ******* гэсэн гүйлгээний утгатайгаар 98,645,354 төгрөгийг, Улсын тэмдэгтийн хураамж ******* гэсэн гүйлгээний утгатайгаар 338,585 төгрөгийг тус тус шилжүүлжээ.
Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1028 дугаар албан бичгээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2414 дугаар шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч Ж.*******, Э.Ш*** нараас 103,844,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 338,585 төгрөг, нийт 104,182,585 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч Ж.*******, Э.Ш*** нар нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, гүйцэтгэх хуудас, материалыг хааж өгнө үү /хх-112/ гэсэн хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 7/378 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гарсан байна. /хх-113/
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, 196 дугаар зүйлийн 196.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж тус тус заажээ.
Дээрх үйл баримтуудаас үзэхэд хариуцагч Ж.******* нь нэхэмжлэгч Л.Оаас 98,983,938 төгрөгийг зээлж авсан ба тэрээр өөрийн өр төлбөрт зарцуулсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Л.О, хариуцагч Ж.******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Хариуцагч Ж.******* нь ...би энэ мөнгийг буцааж төлнө гэдэг байдлаар аваагүй. Л.О өөрөө туслалцаа үзүүлсэн..., ...би баримтад гарын үсэг зурсан, Л.О нь нөхөж бичсэн байна... гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргаж байх боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
7. Нэхэмжлэгч Л.О нь ...хариуцагч Л.О*** нь анх мөнгө зээлээч гэж ярьсан ... гэх үндэслэлээр хариуцагч Ш.О***д холбогдуулан дээрх шаардлагыг гаргасан.
Хариуцагч Ш.О*** нь нэхэмжлэгчээс мөнгө зээлэхээр тохиролцсон, тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагч Ш.О***гоос 98,983,938 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
8. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч Ж.*******ээс 98,983,938 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.От олгохоор шийдвэрлэлээ.
9. Шүүх хуралдаанд хариуцагч Ш.О*** нь өмгөөлөгч авах, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
Учир нь тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 04233 дугаартай захирамжаар хариуцагч Ш.О***ы өмгөөлөгч авах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэж байсан.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Оаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 652,870 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******ээс тэмдэгтийн хураамж 652,870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ш.О***д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.*******ээс 98,983,938 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.От олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Оаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 652,870 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******ээс тэмдэгтийн хураамж 652,870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.От олгосугай.
3. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1961 дугаар захирамжийн Захирамжлах хэсгийн 4 дэх заалтаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА