Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 112

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг суулган улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгч Б.Сүхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;      

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ухаасай овогт Болдбаатарын Сүхбаатарт холбогдох эрүүгийн 1721000360024 дугаартай хэргийг 2017 оны 8 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1989 оны 11 сарын 13-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотын “Баян цагаан нуур”ХХК-д гуталчин ажил хийдэг,            ам бүл 2, хүүгийн хамт, Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Мандалын 7-79 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:СЙ89111314/, Ухаасай овогт Болдбаатарын Сүхбаатар.

            Шүүгдэгч Б.Сүхбаатар нь 2017 оны 7 сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн нутагт “Дунд-Эх” гэх газар ногоон өнгийн “Кингтон” маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг мотоцикльд зорчиж явсан Б.Оюунхандын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Сүхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 сарын 27-ны өдрийн 63 тоот дүгнэлт  /хх-ийн 48-49/

 Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 8 сарын 01-ний өдрийн дүгнэлтэд: "1. Жолооч Б.Сүхбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5.”Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.2а.”Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, 9.1.”Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, ...замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн ... хурдыг сонгож явна”, 9.2.”Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2.Авто осолд холбогдсон Кингтон маркийн улсын дугааргүй мотоцикльд замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Мөнхтөрийн хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн бүтэн гэсэн дүгнэлттэй танилцахад мотоцикль нь техникийн хувьд бүрэн гэж дүгнэлтийг тогтоов. 3.Жолооч Б.Сүхбаатар нь хөдөлгөөний эрчим замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож яваагүйн улмаас осол гарах шалтгаан болсон гэж үзлээ. 4.Цагдаагийн байгууллагын туслах тоо бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас жолооч Болдбаатарын Сүхбаатарыг /СЙ89111314/ дугаараар лавлагааг шүүж үзэхэд жолооны эрхийн үнэмлэхгүй байна” гэжээ. /хх-ийн 56-57/

-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5,6-7/,

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 10/

-Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон СС-150 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/

-Цогцос, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16,17-19/

-Хохирогчийн төлөөлөгч Б.Оюунгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 22-24/

-Шүүгдэгч Б.Сүхбаатарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-73/

- Гэрч Ц.Соёлмаагийн мэдүүлэг /хх-ийн 35-36/

-Гэрч Б.Сарангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 39-40/

-Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 сарын 16-ны өдрийн 48 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50/

-Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 сарын 18-ны өдрийн 388 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60/

-Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 сарын 18-ны өдрийн 387 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65/

-Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 сарын 17-ны өдрийн 64 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51, 52-53/

-Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 сарын 15-ны өдрийн 65 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

     Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Б.Сүхбаатар нь 2017 оны 7 сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн нутагт “Дунд-Эх” гэх газар ногоон өнгийн “Кингтон” маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалт, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг мотоцикльд зорчиж явсан хохирогч Б.Оюунхандын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Сүхбаатарын мөрдөн  байцаалтад өгсөн”...2017 оны 7 сарын 11-ний өдрийн өглөө Дорнод аймгийн төвд ирээд хадам аав Энхтөрийн мотоциклийг 2017 оны 7 сарын 12-ны өдрийн 13 цагийн орчимд эхнэр Оюунханд, хүү Болор-Эрдэнэ нарын хамтаар Цагаан-Овоо сумын төв руу гарсан юм. ...Баян-Уул сумын чиглэлд явж байхад гэнэт руль хөнгөн болоод жолоодлого алдаад унасан. ...эхнэр Оюунханд маань ухаан орохгүй байсаар байгаад нас барсан. Би энэ хэрэг гарсанд маш их харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 73/, түүнийг давхар нотолсон хохирогчийн төлөөлөгч Б.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн ” ...Нөхөр бид хоёр БНХАУлс руу явахаас өмнө охин Б.Оюунханд, хүргэн хүү Б.Сүхбаатар нартай утсаар холбогдож БНХАУлс руу ажил хийхээр явах гэж байгаагаа хэлсэн. Тэгэхэд Б.Оюунханд, Б.Сүхбаатар нар ярихдаа бид хоёр 2017 оны 7 сар гаргаад амрана, тэгээд Цагаан-Овоо сум руу явна гэж хэлэхээр нь би тэр хоёрыг унаа тэрэг байхгүй бол аймгаас ирж мотоциклийг маань аваад яваарай гэж хэлээд явсан юм. Ингээд 2017 оны 7 сарын 13-ны өдөр охин Б.Оюунхандын бие муу байгаа талаар мэдээ авсан тэгээд өдөртөө Дорнод аймагт ирээд охин Б.Оюунхандыг 2017 оны 7 сарын 12-ны өдрийн орой мотоцикльтой явж байгаад осолдож нас барсан талаар мэдсэн. ...Би өөрийн хүргэн Б.Сүхбаатартай холбоотой гаргах санал хүсэлт болон гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-26/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 сарын 27-ны өдрийн 63 тоот дүгнэлтэд: " Талийгаачийн цогцост гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтэл, гавлын дух, баруун чамархай, суурь яс, дагз яснуудыг дайрсан шугаман хугарал, 2 талын уушгины гялтан хальсан доорхи цус хуралт, ходоодны урд гадаргын гялтан бүрхүүлийн цус хуралт, дух, цээж, баруун мөрний цус хуралт, бүсэлхийн зулгаралт, зүүн өгзөг, баруун шууны цус хуралт болон зулгаралт, баруун сарвууны зулгаралт болон язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь шинэ гэмтэл болно. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно. Дээрхи гэмтлүүдийн гавлын дух, баруун чамархай, суурь яс, дагз яснуудыг дайрсан шугаман хугарал нь гэмтлийн хүнд зэрэгт, 2 талын уушгины гялтан хальсан доорхи цус хуралт, ходоодны урд гадаргын гялтан бүрхүүлийн цус хуралт, дух, цээж, баруун мөрний цус хуралт, бүсэлхийн зулгаралт, зүүн өгзөг, баруун шууны цус хуралт болон зулгаралт, баруун сарвууны зулгаралт болон язарсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь АВО системээр В/III/ бүлгийн цустай байна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болно. Талийгаач Б.Оюунхандын цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд спиртийн алкоголь илэрсэнгүй” гэсэн /хх-ийн 48-49/ дүгнэлт болон  хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч Б.Сүхбаатарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Б.Сүхбаатар шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар Б.Сүхбаатар нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна.  

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Сүхбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.  

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Энэ хэрэгт баримт бичгээр болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болно.       

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Ухаасай овогт Болдбаатарын Сүхбаатарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Болдбаатарын Сүхбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Сүхбаатарт оршин суух, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.         

3. Шүүгдэгч Б.Сүхбаатарт авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон хөрөнгө битүүмжлэгдэн ирээгүй, шүүгдэгч Б.Сүхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Сүхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР