Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1139

 

 

 

 

 

 

 

 

 

 “МХБ” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/01031 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “МХБ” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ДУ” ХХК-д холбогдох,

 

5 964 575 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Ундрах-Эрдэнэ, Б.Баярцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “МХБ” ТӨХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МХБ” ТӨХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28-д заасан үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд юм.

“ДУ” ХК нь 1992 оны 06 сарын 08-ний өдөр “МХБ” ТӨХК-тай бүртгэлийн гэрээ байгуулан бүртгүүлж, үнэт цаасны арилжаагаа гүйцэтгүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл бүртгэлтэй хэвээр байгаа.

 Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт заасны дагуу “МХБ” ТӨХК нь үйлчилгээний хөлс болон урамшууллыг тогтоох эрхтэй байгууллага бөгөөд үнэт цаасны бүртгэлийн журам батлан дагаж мөрдүүлж, үйлчилгээний хөлсөө тогтоосон. Тус журамд зааснаар жилийн үйлчилгээний хөлсийг тухайн оны 01 дүгээр улиралд багтаан биржийн дансанд төлөхөөр заасан байдаг.

“ДУ” ХК нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай байгууллагатай тооцоо нийлж 5 964 575 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан. Гэвч “ДУ” ХК нь бүртгэлийн гэрээний 1.1-д заасны дагуу холбогдох хууль журмыг мөрдөх, мөн гэрээний 1.3-д заасны дагуу хураамжаа цаг тухайд нь төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагч байгууллагаас 5 964 575 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ДУ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх шүүхэд тайлбар гаргахдаа “МХБ” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан хэдий ч гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Тэгэхээр манай байгууллага 2016-2018 оны төлбөр болох 1 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс өмнөх төлбөрийг төлөх боломжгүй. 1992 онд хийсэн гэрээнд н.Халтар гэх хүн гарын үсэг зурсан, одоогийн удирдлагууд энэ гэрээг хараагүй байсан. Н.Халтар нь тухайн үед “ДУ” ХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй байсан эсэхийг мэдэхгүй. Талуудын хооронд хийгдсэн тооцооны үлдэгдэл гэдэгт танилцлаа гэж гарын үсэг зур гэсэн учраас зурсан болохоос тооцоо нийлж үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрсөндөө гарын үсэг зураагүй гэжээ.

 

Шүүх: Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ДУ” ХХК-аас 5 964 575 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “МХБ” ТӨХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 390 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “ДУ” ХК-иас 110 390 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч “МХБ” ТӨХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “ДУ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хугацаа олгож өгөх тухай хүсэлт гаргаж, эвлэрэн хэлэлцэх талаар санал тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй маргасан. Гэтэл анхан шатны шүүх шүүхийн шийдвэрт хариуцагч талаас хэрхэн маргасан талаар огт дурдаагүй.

Шийдвэрт 2007 оны Үнэт цаасны бүртгэлийн журмыг дагаж мөрдөх үүрэгтэй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч байгууллага нь энэ журмын талаар бидэнд сануулаагүй, танилцуулаагүй 2018 онд өөрсдийн бэлдэж ирсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг авчирж нягтлангаар гарын үсэг зуруулсан. Энэ баримтыг тооцоо нийлсэн баримт гэж үзэх үндэслэл байхгүй, учир нь Компанийн тухай хуульд хуулийн этгээдийг бүрэн төлөөлөх эрхтэй этгээдийн талаар нарийвчлан зохицуулсан байдаг.

Иргэний хуульд гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан байхад нэхэмжлэгч 1992 оноос 2018 оныг дуустал хугацаанд гэрээний үүргийн биелэлтийг шаардсан. Үүнийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд 2016-2018 оны холбогдох хураамж төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “МХБ” ТӨХК нь хариуцагч “ДУ” ХХК-д холбогдуулан 5 964 575 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч 1 500 000 төгрөгийг зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

“ДУ” ХХК нь “МХБ” ТӨХК-д 1992 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үнэт цаас бүртгүүлэх өргөдөл гаргаж, талуудын хооронд мөн өдрөө бүртгэлийн гэрээ хийгдсэн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх7, 8/

 

Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийг үүсгэсэн, хүчин төгөлдөр байна.

 

Улмаар 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдэж хариуцагч байгууллага нь 5 964 575 төгрөгийн бүртгэлийн хураамжийн тооцооны үлдэгдэлтэй болохыг тохиролцож талуудын нягтлан бодогч нар гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан байх ба Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар нягтлан бодогч нь компанийн эрх бүхий албан тушаалтан болох юм. /хх6/

 

Иймд “МХБ” ТӨХК нь “ДУ” ХХК-аас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх Үнэт цаасны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт заасан үйлчилгээний хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхийг зохицуулсан заалтыг гэрээний үнэ шаардах эрхээр тодорхойлж хууль буруу тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 3 жилийн байх боловч хариуцагч нь төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч тооцооны баталгааг гаргаснаас гадна шүүхэд гаргасан тайлбарт хугацаа олгосон тохиолдолд энэ үнийг 2 хувааж төлж барагдуулах талаар байр суурийг илэрхийлжээ.

 

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэх юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2019/01031 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3” гэснийг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 383 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЦОГТСАЙХАН

 

       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

Э.ЗОЛЗАЯА