Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/38

 

С.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Яллагдагчийн өмгөөлөгч Г.Доржготов, Д.Уранчимэг

Яллагдагч С.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэлийн даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/262 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр С.Дд холбогдох эрүүгийн 2114000000029 тоот хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, С.Д, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өндөр насны тэтгэвэрт, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

Яллагдагч С.Д нь 2013 оноос хойш байнга буюу үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай зээ охин С.Цг 8 настайгаас нь хойш бэлэг эрхтэн рүү нь гараа хийн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийн хүчиндсэн,

Мөн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймаг Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ насанд хүрээгүй буюу 14 настай, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай зээ охин С.Цг бэлэг эрхтэн рүү нь гараа хийн бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийн хүчиндсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

Баянхонгор аймгийн Прокурорын газраас С.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэхэд бага насны хохирогч Ц.Цд 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр сэтгэцийн эмч нарын 06 дугаартай дүгнэлт гарсан байна.

Уг дүгнэлтийн 2 дугаар заалтад “хохирогч Ц.Цгийн сэтгэцийн байдлыг тодорхойлохын тулд анги удирдсан багш, нийгмийн ажилтнаас тодорхойлолт авах, цаашид СЭМҮТөвд IQ болон эмгэг судлалын шинжилгээ хийлгэх шаардлагатай” гэж дүгнэсэн нь мөрдөгчийн тогтоолд тавьсан “Ц.Ц сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл, болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай юу” гэсэн асуултад хариулаагүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.3-д зааснаар “...хохирогч ....хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох..” гэснийг үндэслэн бага насны хохирогч нь үнэн зөв мэдүүлэг өгч байгаа эсэхэд эргэлзээ төрж байгаа, уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1, 2-д заасан “шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эргэлзээтэй” гарсан гэж үзэх үндэслэл байгаа тул бага насны хохирогч Ц.Цгийн сэтгэцийн байдлыг тодорхойлуулахаар СЭМҮТөвийг шинжээчээр томилох нь зүйтэй байна. Иймд яллагдагч С.Дд холбогдох хэргийг Баянхонгор аймгийн Прокурорт буцааж шийдвэрлэв. Харин яллагдагч С.Дгийн сэтгэцийн байдал нь бүрэн эргэлзээгүй гарсан тул түүнд дахин сэтгэцийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзлээ. Иймд өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 19 дүгээр эсэргүүцэлдээ: Хэргийг буцаасан шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх шүүхийн хэргийг прокурорт буцаасан ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэж байна.

Учир нь шинжээч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “...дүгнэлт гаргахад хэрэгцээтэй нэмэлт баримт ирүүлэх талаар шүүх, прокурор, мөрдөгчид хандаж хүсэлт гаргах эрхтэй, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “шинжээч нь шүүх прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжпэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана” гэж,

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “гэрч, хохирогч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлно”, 7 дахь хэсэгт “шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрт тогтоосон хугацаанд шинжилгээ хийж, дүгнэлт гаргана” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана”, мөн хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...нэмэлт шинжилгээ хийлгэх тухай хүсэлт шүүхэд гаргаж болно...” гэж тус тус зааснаас үзэхэд бага насны хохирогч С.Цгийн сэтгэцийн байдлыг тогтоолгохоор шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах боломжтой байна.

Түүнчлэн шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу бага насны хохирогч С.Цгийн мэдүүлгээс гадна хэрэгт хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтууд болох гэрч Д.Одонтуяа, Б.Оюунчимэг, А.Ганболд, насанд хүрээгүй хохирогч С.Цгийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар, Жи мобайл ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/1057 дугаартай албан бичиг, хавсралтын хамт, Аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай албан бичиг, хавсралтын хамт, Эд зүйл барим бичиг, хүлээн авсан тэмдэглэл, Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр яллагдагчийн С.Дгийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн 2021/ШЗ/262 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Насанд хүрээгүй хохирогч С.Цгийн сэтгэцийн байдалд дахин шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг шүүхийн шатанд хийх боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч С.Цгийн сэтгэцийн байдлын талаар бүрэн дүгнэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар “ ... хохирогч ... хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох”-оор заавал шинжилгээ хийлгэхээр хуульчилсан байна.

С.Дд холбогдох хэргийн мөрдөгч Д.Ариунцэцэг нь насанд хүрээгүй хохирогч С.Цгийн сэтгэцийн байдлыг тодорхойлуулахаар шинжээч томилж, шинжилгээ хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар мөрдөгчийн тогтоол үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байна.

Хавтаст хэргийн 126 дугаар талд авагдсан мөрдөгчийн “шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар

1. Дүгнэлт гаргаж буй шинжээч та мэргэжлээрээ хэд дэх жилдээ ямар албан тушаалтнаар ажиллаж байна бэ?

2. Оролцогч С.Ц нь сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл үү, мөн болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай ву?

3. Хэрэв сэтгэл, мэдрэлийн ямар нэгэн өвчтэй бол ямар өвчтэй болох, уг өвчнөөр хэзээ анх өвчилсөн, одоо ямар үе шатандаа байгаа болох?

4. Оролцогч С.Ц нь урьд өмнө ямар нэгэн сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилж байсан бол түүнийг нь ямар техник хэрэгсэл ашиглан ямар ямар баримтуудыг үндэслэж оношлосон болох гэх зэрэг 4 асуултыг шинжээчид тавьсан байна.

Харин хавтаст хэргийн 125 дугаар талд авагдсан нарийн мэргэжлийн эмч нарын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар дүгнэлтээр: “ ...Оролцогч С.Ц нь сэтгэцийн байдлыг тодорхойлохын тул ЕБС-ийн анги удирдсан багш, нийгмийн ажилтнаас тодорхойлолт авах, цаашид СЭМҮТөвд IQ болон эмгэг судлалын шинжилгээ хийлгэх шаардлагатай. Одоогоор сэтгэцийн болон мэдрэлийн өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байсан өвчний карт болон түүх байхгүй байна. Оролцогч С.Ц нь урьд өмнө ямар нэгэн сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилж байсан өгүүлэмж карт, өвчний түүх байхгүй байна.” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана хэмээн хуульчилсан байхад нарийн мэргэжлийн эмч нарын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар дүгнэлт нь мөрдөгчийн асуусан 2, 3, 4 дүгээр асуултад бүрэн гүйцэт, эргэлзээгүй, тодорхой хариулаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэхээр шинжээчээр Сэтгэцийн эрүүл мэндийн төвийг томилсон Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/262 дугаар шүүгчийн захирамж нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/262 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/262 дугаар дугаар захирамжийг хэвээр үлдээж, хэргийг Прокурорт буцаасугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ