Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 135/ШШ2023/00534

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2023/00414/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *** дүгээр хороо, *** чөлөө ***-ийн байр ** давхар ** тоотод оршин байгаа, Б*** ХХК /утас ***/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, **дугаар хороолол,**дүгээр байр, ** тоотод оршин суугаа, Д*** овогт А-ын Б***/утас ***/-д холбогдох

 

9,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н***,

Хариуцагч А.Б***,

Гэрч Ц.С***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай Б***ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс С*** аймгийн Сант сумын И*** голын угслалтын систем байгуулах төслийн ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байсан болно. Ингээд уг төслийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай байсан 50 тонн цементийг иргэн А.Б***өөс 1 тонныг нь 380,000 төгрөгөөр, нийт 19,000,000 төгрөгт худалдан авахаар амаар тохиролцож, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр түүний ХААН банкны ******* дугаар данс руу 19,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл А.Б*** нь 50 тонн цементний мөнгийг бүрэн хүлээж авсан атал, манай компанид ердөө 25 тонн цемент нийлүүлээд, үлдсэн 25 тонн цементийг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй хохироосон болно. Энэ хугацаанд манай компаний зүгээс иргэн А.Б***ийг үлдсэн цементээ нийлүүлэх, эсхүл 9,500,000 төгрөгийг буцаан шилжүүлж өгөхийг удаа дараа шаардсан боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн, иргэн А.Б***өөс дутуу нийлүүлсэн 25 тонн цементний үнэ 9,500,000 төгрөгийг гаргуулж, манай Б*** ХХК-нд олгуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч А.Б*** нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Миний бие энэ яваа насандаа Б*** ХХК-ийн ямар нэгэн ажилтан албан тушаалтантай холбогдож ажил төрлийн болон амин хувийн асуудлаар харьцаж байгаагүй болно. Мөн ийм асуудал үүссэн тухай надад 2022 оны 6 сараас 2023 оны 3 сар хүртэл ямар ч хүн хэн нэгэн огт холбогдоогүй болно. Миний багын найз Ц.С***нь 2022 оны 6 сарын 28-ны өглөө над руу утасдаад С*** аймгийн Сант суманд төсөл дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Би чам руу мөнгө шилжүүлүүлье, чи Дарханаас цемент ачуулчих гээд миний данс руу 19,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжиж орж ирсэн даруйдаа буцаагаад ...Дарханаас авахаа болисон өөр газраас авахаар болсон гээд Ц.С-н ХААН банкны*****тоот данс руу орж ирсэн бүх мөнийг шилжүүлсэн.

... Би шилжүүлсэн мөнгөөс нэг ч төгрөг авч хэрэглээгүй, Б***ХХК-тай ямар нэгэн гэрээ хийгээгүй, энэ компаний ямар нэгэн хүнтэй холбогдоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б***ХХК-ийн компанийн дүрэм, итгэмжлэл, 9,000,000 төгрөгийн шилжүүлгийн мэдээллийн баримт, 10,000,000 төгрөгийн шилжүүлгийн мэдээллийн баримт, нэхэмжлэх дугаар, цахим гүйлгээний баримт, Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас А.Б***ийн эзэмшлийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б***ХХК нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ иргэн А.Б***тэй 50 тонн цементийг 19,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, А.Б***ийн ХААН банкны эзэмшлийн данс руу 19,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч А.Б*** нь 25 тонн цементийг нийлүүлсэн боловч үлдэгдэл 25 тонн цементийг нийлүүлээгүй... гэсэн агуулгаар тайлбарлаж, хариуцагчаас 25 тонн цементийн үнэ 9,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан болно.

2. Хариуцагч А.Б*** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд тэрээр татгалзаж буй үндэслэлээ Би амьдралдаа цемент зарж үзээгүй, ийм худалдаа эрхэлж үзээгүй, тухайн үед над руу багын найз Н.С***яриад чам руу мөнгө шилжүүлчихье, чи хоёр газар очоод цемент үзээд ачуулаад өгөөч гэсэн. ...би хэзээ ч энэ газар луу санал тавьж үзээгүй, Б***ХХК-иас нэг ч хүн холбогдоогүй, ямар гэрээ байгуулаагүй, миний дансанд орж ирсэн мөнгийг би 20, 30 минутын дараа ****** явуулсан данс руу шилжүүлсэн. Би энэ мөнгийг авч хэрэглээгүй... гэсэн агуулгаар тайлбарлаж маргасан.

3. Шүүх хуралдаан дээр хариуцагч А.Б*** нь Н.С-аас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн болно.

Гэрч Н.С***нь Миний бие Б*** ХХК-д туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Тухайн үед цемент ховордсон тус компанийн ерөнхий инженер ***** гэж хүн ... Дарханаас цемент авахаар боллоо, чи яв гэхээр нь би явж чадахгүй гэсэн. Тэгэхэд таньдаг хүн байна уу тэгвэл аваад ачуулчихмаар байна гэсэн. Тэгэхээр нь тэр авах гэж байгаа хүн рүүгээ мөнгөө шилжүүлээд авчихаач гэсэн тэхэд найдвартай хүнээр авхуулахгүй бол мөнгийг нь аваад ямар нэгэн юм болвол хэцүү гэсэн. Тэгэхээр нь манай нэг найз байгаа гээд, би *****ын хажууд А.Б***тэй ярьсан. Тэгээд ***** компани руугаа яриад нэхэмжлэх бичээд явуулчих гэж байна гээд *****, А.Б*** хоёрыг холбож өгсөн. Удаагүй ***** ирээд Дарханаас авахаа болилоо Хөтөлөөс хямдхан авхаар боллоо тэр мөнгийг чи данс руугаа шилжүүлээд ав гэсэн би яахаар авдаг юм бэ гэхэд чи гялс аваад би чамд нэг данс өгье гэсэн. Би А.Б*** рүү яриад миний данс руу шилжүүлчих гээд би өөрийн дансандаа авсан. ***** миний хажууд байсан намайг нэг өөр данс руу хий гээд тэр данс нь Батчимэг гэсэн данс байсан. Тэр данс руу 19,000,000 төгрөгийг буцаагаад хийсэн гэсэн мэдүүлгийг шүүх хуралдаан дээр гаргасан.

3. Хэрэгт авагдсан баримтаар

Хариуцагч А.Б*** нь өөрийн гарын үсэгтэй Нэхэмжлэгч, Байгууллагын нэр: А.Б***, регистрийн дугаар: ***, хаяг: **-р баг **-**-*** тоот, Банкны нэр: ХААН, Банкны дансны дугаар *******.

Хариуцагч, Байгууллагын нэр Б***ХХК, регистрийн дугаар ***, нэхэмжилсэн огноо: 2022-06-28, төлбөр хийх хугацаа 2022-06-28, гүйлгээний утга: Цементийн үнэ, тоо хэмжээ: 50 тн, нэгжийн үнэ: 380,000, нийт үнэ 19,000,000 гэсэн нэхэмжлэхийг Б*** ХХК-нд хүргүүлсэн ба нэхэмжлэгч Б***ХХК нь дээрх нэхэмжлэхэд заасан А.Б***ийн Хаан банк нь дахь эзэмшлийн ******* тоот данс руу 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нийт 19,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Богд банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-13-14/ болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч талын гаргаж өгсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын /худалдан авалт/ падаанаар 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 9,500,000 төгрөгийн үнэтэй 25 тонн цементийг нийлүүлжээ.

 

4. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-т Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ, 196 дугаар зүйлийн 196.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно, 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заажээ.

Дээрх хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч А.Б*** нь 1 тонн цементийг 380,000 төгрөгөөр тооцож, нийт 50 тонн цемент нийлүүлэх буюу худалдах гэрээний саналыг нэхэмжлэгч Б*** ХХК-нд тавьсан бөгөөд нэхэмжлэгч тал уг гэрээний саналыг хүлээн авч, хариуцагчийн өмчлөлд 50 тонн цементийн үнэ 19,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Хариуцагч А.Б*** нь ...би гэрээ байгуулаагүй, Б***ХХК-ний ямар нэгэн ажилтантай уулзаагүй, энэ компанитай тохиролцоогүй... гэсэн тайлбарыг гаргаж байх боловч энэхүү тайлбар нь түүний нэхэмжлэгч байгууллагад хүргүүлсэн Нэхэмжлэх баримтаар үгүйсгэгдэж байгаа болно.

 

5. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.3-т Үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Б*** ХХК нь худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу нийлүүлээгүй байгаа 25 тонн цементийг авахаас татгалзаж, шилжүүлсэн 25 тонн цементийн үнэ 9,500,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардсан болно.

Хариуцагчийн дээрх гаргасан тайлбараас үзэхэд гэрээний гүйцэтгээгүй үүргийг биелүүлэх боломжгүй гэдэг нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Б*** ХХК-ний гэрээг цуцлах үндэслэл нь дээрх хуулийн заалтад нийцэж байх тул хариуцагч А.Б***өөс 9,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б*** ХХк-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б***өөс тэмдэгтийн хураамж 166,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б*** ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч А.Б***өөс 9,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б*** ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б***өөс тэмдэгтийн хураамж 166,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б*** ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА