Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 140/ШШ2023/00166

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: дугаар давхарт байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын баг *******гийн тоотод хаягт байрлах ******* ХХК-нд холбогдох

зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 2022 оны 10, 11, 12 дугаар сард зээлээр авсан бараа бүтээгдэхүүний үнэ болох 44.531.199 төгрөг гаргуулах   тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*******,  нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*******ын өмгөөлөгч М.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-иас зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 2022 оны 10, 11, 12 дугаар сард зээлээр авсан бараа бүтээгдэхүүний үнэ болох 44.531.199 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч компанийн Завхан салбарыг хариуцан ажилладаг. Манай компани нь гэрээ байгуулсан харилцагч нартаа зээлээр бараа бүтээгдэхүүн нийлүүлж ажилладаг. ******* ХХК-тай гэрээ байгуулаад зээлээр бараа бүтээгдэхүүн нийлүүлж ажилладаг. Ингэхдээ манай компани сар бүрийн 20-нд төлбөрөө барагдуулж харилцагч нараасаа зээлээр нийлүүлсэн барааны төлбөрөө авдаг. ******* ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр авах авлага нь манай компанид төлөгдөөгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргах болсон. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Манай компанийн хувьд төлбөр тооцоогоо бэлнээр авдаггүй. 100 хувь дансаар авдаг. Харин зайлшгүй тохиолдолд бэлнээр тооцоогоо авах тохиолдол байгаа. Гэхдээ хариуцагч байгууллагын хувьд манай компанитай 2012 оноос хойш хамтран ажиллаж байсан. Өмнө нь манай компанийн гэрээт борлуулагчаар ажиллаж байсан учраас манай компанийн дүрэм журам болон төлбөр тооцоогоо яаж тушаахыг сайн мэддэг харилцагч. Төлбөр тооцоогоо ямар нэгэн баримтгүйгээр болон хувь хүний дансаар хийх талаарх сануулга санхүүгийн падан дээр бичигдсэн байдаг учраас энэ талаар бүгдийг мэдэж байгаа гэж үзэж байна. ******* ХХК нь манай компанитай байгуулсан гэрээний дагуу сар бүрийн 20-ны өдөр төлбөрөө төлөх ёстой байтал 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлээр худалдан авсан барааныхаа төлбөрийг төлөөгүй учраас нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ******* ХХК, манай компаниас 2022 оны 11 дүгээр сарын тооцооны үлдэгдэл 4.249.000 төгрөг, 2022 оны 12 сарын тооцооны үлдэгдэл 40.245.200 төгрөг гээд нийлүүлээд 44.513.199 төгрөгийг нэхэмжилсэн. Дээрх саруудын төлбөрийг нэхэмжлэгч компанийн худалдааны төлөөлөгч ын ******* гэдэг залуутай тооцоо хийгдээд тооцоо нь дуусчихсан асуудал байгаа. Н.******* нь зөвхөн манай дэлгүүрийн биш нийт 7, 8 дэлгүүрийн 100.000.000 гаруй сая төгрөгийн мөнгийг үрэгдүүлсэн. Ингэхдээ Н.******* нь төлбөр тооцооны мөнгийг өөрийнхөө дансаар болон бэлнээр авсан байдаг. Н.******* нь бооцоот тоглоом дээр мөнгөө тавьж үрэгдүүлсэн асуудал нь одоо цагдаа прокуророор шалгагдаад явж байгаа. ******* ХХК-ийн зүгээс Н.*******ас 44.351.199 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Энэ асуудлаар би цагдаад мэдүүлэг өгсөн. Н.******* нь манай компанитай төлбөр тооцоо байхгүй, бүх төлбөр тооцоогоо авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Н.*******тай тооцоо хийж байсан талаараа би өөрийнхөө хөтөлдөг хар дэвтэр дээрээ бичиж тэмдэглэдэг байсан. Тэр дэвтрийн хуулбараа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. 2022 оны 11 дүгээр сарын тооцооны үлдэгдэл 4.249.000 төгрөг 2022 оны 11 сард хийгдээд дууссан мөнгө. Н.******* нь тухайн мөнгийг компанийнхаа дансанд тушаалгүй үрэгдүүлсэн. Н.******* нь тэр болгон бэлэн мөнгөний орлого зарлагыг үйлддэггүй. 2022 оны 7 сард манайх борлуулалт өндөртэй байсан. Түүнээс нэлээн хэмжээний төлбөр тооцоог бэлэн мөнгөөр өгч явуулж байсан. Н.******* нь өөрөө тооцоо нийлдэг, тооцоогоо авч өөрийн компанидаа тушаадаг байсан учраас би 2022 оны 11 сарын үлдэгдэл төлбөр болон 12 дугаар сарын 20-ны өдрийн үлдэгдэл төлбөрөө өгөөд явуулсан. Н.******* нь манайхаас аваад явсан мөнгөөрөө тоглоом тоглоно уу, компанидаа тушаана уу яах ийх нь манай хариуцлагын асуудал биш. Манай компани өгөх ёстой хүнд нь мөнгөө өгөөд төлбөр тооцоогоо хийсэн. Тийм учраас манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлбөр тооцоогоо дууссан гэж үзэж байгаа гэв.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зарлагын паданууд, авлагын үлдэгдлийн тооцоо, авлагын дэлгэрэнгүй тайлан, бэлэн мөнгө хүлээн авсан баримтууд, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн гаргасан хүсэлт,  ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулгын баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагч талаас нотлох баримтаар: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай хариу тайлбар, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бэлэн мөнгөний зарлагын баримтын хуулбар, гар бүртгэлийн баримтыг гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-иас зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 2022 оны 10, 11, 12 дугаар сард зээлээр авсан бараа бүтээгдэхүүний үнэ болох 44.531.199 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.  

Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан архи, архин бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй. 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж заажээ.

Хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэгч ******* ХХК-тай байгуулсан энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, зээлээр худалдах худалдан авах гэрээний шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан  “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагчид үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдах-худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл үйлчилнэ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч ******* ХХК нь архин бүтээгдэхүүнийг хариуцагч ******* ХХК-нд хүлээлгэн өгөх, хариуцагч ******* ХХК нь архин бүтээгдэхүүний үнийг нэхэмжлэгч ******* ХХК-нд төлөх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байна.  

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-нд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 9 удаагийн бараа бүтээгдэхүүнийг дараах байдлаар нийлүүлсэн болох нь:

  1. 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1.104.000 төгрөг /хх-ийн 11/,
  2. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4.246.000 төгрөг /хх-ийн 12/,
  3. 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 5.072.400 төгрөг /хх-ийн 13/,
  4. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 9.172.000 төгрөг /хх-ийн 14/,
  5. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4.014.000 төгрөг /хх-ийн 15/,
  6. 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 17.262.000 төгрөг /хх-ийн 16/,
  7. 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2.430.840 төгрөг /хх-ийн 17/,
  8. 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1.572.000 төгрөг /хх-ийн 18/,
  9. 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 7.161.200 төгрөг /хх-ийн 19/ нийт

52.034.440 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн баримтаар нотлогдож байна.   

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт “... Н.******* бид хоёр 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэг тооцоо хийсэн, 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр авсан 5.072.400 төгрөгийг төлбөр хийгдээгүй үлдсэн байсан. Тэгээд өмнөх *******д өгсөн гэх маргаантай мөнгөнөөс зөрүү 2.000.000 сая гаруй төгрөг нийт 7.538.000 орчим төгрөгийг компанийн данс руу хийлгэж байсан. Тэгээд бид нарын тооцоо 44.531.199 төгрөг болсон ...” гэж тайлбарлаж байна.  

Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт “... 12 дугаар сарын 24-ний өдрийн 7.538.000 орчим төгрөгийг төлсөн ... үлдэгдэл 44.531.1199 төгрөгийг Н.******* төлөх юм байна гэж би ойлгосон ... нэхэмжлэгч талын гаргаж өгсөн 9 ширхэг паданы 2022 оны 11 сарын 28-ны өдөр гэсэн 4.000.000 сая гаруй төгрөгийн падан байгаа. Тэр падан 2022 оны 11 дүгээр сарын 19-ний падан. Тэр падан 11 сарын тооцоонд ороод тооцогдсон байхад Н.******* мөнгийг нь хэрэглэчхээд 2022 оны 11 дүгээр сарын 28 болгоод 2022 оны 11 дүгээр сарын 20-ны тооцоо руу оруулчхаж байгаа юм, 11дүгээр  сарын тооцоондоо оруулаад төлсөн ... нийт 40.285.200 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн авснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэж тайлбарлаж байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь нийт 52.034.440 төгрөгийн төлбөрөөс 7.538.000 орчим төгрөгийг төлснөө хүлээн зөвшөөрч, нэхэмжилж байгаа 44.531.199 төгрөгийн төлбөрийг төлөхгүй,  2022 оны 11 сарын 28-ны өдөр авсан бараа бүтээгдэхүүний үнэ 4.000.000 гаруй төгрөгийг төлсөн байтал дараа сарын төлбөрт оруулж тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* “... 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 4.246.000 төгрөгийн авлага бол байгаа ... яах аргагүй 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4.246.000 төгрөгийн бараа шивэгдээд гарсан байгаа ...” гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч ******* ХХК-иас хариуцагч ******* ХХК-нд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн 4.246.000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг өмнөх сард хүлээлгэн өгсөн барааны үнэ байна, дараа сарын тооцоонд оруулсан байна гэж үзэх боломжгүй, энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна. /хх-ийн 12/    

Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан “үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх” үүрэгтэй байна, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж заасан.

Нэхэмжлэгч ******* ХХК-иас хариуцагч ******* ХХК-тай байгуулсан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 2.2-т “энэхүү гэрээгээр бараа бүтээгдэхүүнийг өмчлөх, захиран зарцуулах эрхийг худалдагч тал гэрээний дагуу худалдан авагч талд бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгч хүлээн авснаар үүсэх ба худалдан авагч тал бараа бүтээгдэхүүний төлбөрийг энэ журмын 2.4-т заасан хугацаанд төлөх үүрэг хүлээнэ” гэж, мөн гэрээний 2.4-т “зээлийн төлбөрийг ажлын 7 хоногт багтаан худалдагч талын байгууллагын дансанд бэлэн болон бэлэн бусаар төлөх үүрэг хүлээнэ” гэж, мөн гэрээний 5.7-д “талууд аль нэг хүлээсэн үүргээ гэрээний дагуу биелүүлээгүйгээс гарсан хохирлыг буруутай тал нь бүрэн хариуцана” гэж заажээ.

Нэхэмжлэгч ******* ХХК-иас хариуцагч ******* ХХК-нд хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүний зарлагын паданы баримтуудад “та төлбөрөө зөвхөн компаний нэр дээрхи дансанд шилжүүлнэ үү, хувь хүний дансанд шилжүүлсэн тохиолдолд үүсэх хохирлыг харилцагч та бүрэн хариуцана” гэсэн санамжийг тусгасан байна. /хх-ийн 19/

Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь хүлээн авсан барааны үнэ 40.285.200 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-ийн Завхан салбарын худалдааны төлөөлөгч Н.*******д бэлэн мөнгөөр өгөхдөө өөрийн байгууллагын бэлэн мөнгөний зарлагын баримтыг үйлдэж гарын үсэг зураад хүлээлгэн өгсөн гэжээ. /хх-ийн 35/  

Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт “Н.******* миний хүнд өгсөн байсан 20.770.000 төгрөгийг өөрөө очоод авсан байсан, би бэлэн мөнгө 8.415.200 төгрөг өгсөн, дансаар 2.000.000 төгрөг өгсөн, тэгээд 2022 оны 11 дүгээр сарын тооцоонд оруулаад 4.000.000 гаруй төгрөгийг өгсөн, би нийт 40.285.200 төгрөгийг Н.*******д төлсөн ...” гэж тайлбарлаж байна.

Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-иас хүлээн авсан бараа бүтээгдэхүүний үнийг ******* ХХК-ийн дансанд эсвэл тухайн байгууллагын дугаарласан бэлэн мөнгө хүлээн авсан баримтаар бэлэн болон бэлэн бусаар шилжүүлэх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй ******* ХХК-ийн Завхан салбарын худалдааны төлөөлөгч Н.******* гэх хүнд бэлэн мөнгөөр болон түүний харилцах дансаар нь шилжүүлсэн болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, зарлагын падаанууд болон бэлэн мөнгөний зарлагын баримтаар тус тус нотлогдож байна. /хх-ийн 19, 35/

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Завхан салбарын худалдааны төлөөлөгч Н.******* нь ажил үүргийн хувьд хариуцагч ******* ХХК-нд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг өөрийн харилцах дансаар болон бэлэн мөнгөөр хүлээн авах эрхтэй болох нь нотлогдохгүй байна.  

Өөрөөр хэлбэл хариуцагч ******* ХХК нь авсан бараа бүтээгдэхүүний үнийг нэхэмжлэгч ******* ХХК-ийн Завхан салбарын худалдааны төлөөлөгч Н.*******д бэлэн мөнгөөр болон түүний харилцах дансанд шилжүүлсэн өгснийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн, мөнгөн төлбөрийн үүргээ хууль буюу гэрээнд зааснаар төлж барагдуусан байна гэж үзэх үндэслэлгүй бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн байна гэж үзэхээр байна.   

Нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээгээ хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, үүргийн гүйцэтгэлийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн хариуцагч ******* ХХК-нд хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-иас архи, архин бүтээгдэхүүн зээлээр худалдан авч, төлбөрийг сар бүр төлж барагдуулж байсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 52.034.440 төгрөгийг үнэ бүхий бараа хүлээн авснаас 7.538.000 орчим төгрөгийг төлж барагдуулсан, 44.531.199 төгрөг төлж барагдуулаагүй болох нь бараа хүлээлгэн өгсөн зарлагын падаанууд, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, И.******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Харин хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байгаа үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Иймд хариуцагч ******* ХХК-иас 44.531.199 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заажээ. 

Хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.*******д 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч И.*******т 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр, хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.*******д 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус тус шүүхээс тайлбарлан, танилцуулсан болно. /хх-ийн 28-29/

Талууд ******* ХХК-ийн Завхан салбарын худалдааны төлөөлөгч Н.*******тай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч ямар асуудлаар шалгагдаж байгаа талаархи баримт хэрэгт авагдаагүй, талууд ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380.606 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 380.606 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 211 дүгээр зүйлийн 211.2-т тус тус зааснаар хариуцагч ******* ХХК-иас 44.531.199 /дөчин дөрвөн сая таван зуун гучин нэгэн мянга нэг зуун ерөн есөн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380.606 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 380.606 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Э.ОЮУН-ЭРДЭНЭ