Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 101/шш2023/02447

 

 

 

 

 

 

                                2023       05          17

                   101/ШШ2023/02447

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “М” ХХК /рд:/-д холбогдох

2,653,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Ч.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч байгууллагатай анх 2010 оны 05 дугаар сарын 04-ны өдөр “Ажлын байр түрээслэх” гэрээг байгуулснаар Ч дүүргийн дугаар хорооны Чн ,,, гудамж ,,, тоотод байрлах ,, м.кв тайлбай бүхий ажлын байрыг нэг сарын 800 000 төгрөгөөр түрээсэлж байсан болно. Түрээслэхдээ уг гэрээний 2.1.9-д заасны дагуу 500 000 төгрөгийн барьцаа дэнчин тавьсан байдаг. Үүнээс хойш гэрээг жил болгон сунгадаг байсан бөгөөд 2011 оны 05 дугаар сарын 14-ны өдөр нэмэлт гэрээ хийхдээ өөрчлөлт оруулан тус гэрээний 1,2-т барьцаа 1 000 000 төгрөг байхаар тооцоод нэмээд авсан болно. Ингээд миний бие ажлаа хэвийн үргэлжлүүлээд тус түрээсэлж байгаа байрандаа 10-д хүн ажлын байраар ханган ажиллаж байсан гэтэл 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр түрээсийн гэрээг ахиж сунгах боломжгүй гэснээс өөр ямар нэгэн шалтгаан дурдаагүй мэдэгдэл өгсөн. Үүнээс болж миний бие болон ажлын байраар хангуулж байсан 10-д хүн гэнэт ажлын байргүй болсон. Одоо энэ байршлыг агуулахын журмаар бас тус байгууллага хэн нэгэнд түрээсэлж байгаа юм шиг байна лээ. Уг нь Иргэний хуулийн 303 дугаар зүйлд зааснаар уг нь тэргүүн ээлжид түрээслэх эрхтэй байх атал гэнэт мэдэгдэл өгөөд цуцалсан болно. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул тус байгууллагын захиргаанд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргасан боловч тус байгууллагаас 2020 оны 05 сарын 03-ны өдөр зөвшөөрөхгүй гэсэн хариуг өгсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл тус байгууллагаас барьцааны нэг сая төгрөг болон дэлгүүрийн үйл ажиллагаа явуулахад 220В ачааллаа дийлэхгүй байсан тул 380В-н хүчдэл тавиулсан 1653700 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд хандаж гомдлоо гаргаж байна.

Иймд тус М ХХК байгууллагаас Түрээсийн гэрээний 1.9-д заасны дагуу өгсөн барьцаа мөнгө болох нэг сая төгрөг, тус гэрээний 2.1.7-д заасны дагуу засвар хийсэн бөгөөд үүнийг хариуцагч зөвшөөрсөн гэдгээ 2020 оны 05 сарын 03-ны өдөр хариу өгөхдөө дурдсан байдаг учир 380В-т хийсэн засвар 1353700 төгрөг, ажлын хөлс 300 000 төгрөг, нийт 2653700 төгрөг гаргуулахаар шийдвэр гаргаж өгнө үү

1а. Нэхэмжлэгч Б.Б миний бие тус шүүхэд М ХХК-ийг хариуцагчаар татан түрээсийн гэрээний 1.9-д заасны дагуу өгсөн барьцаа мөнгө болох нэг сая төгрөг. Тус гэрээний 2.1.7-д заасны дагуу уг объектод засвар хийсэн бөгөөд үүнийг хариуцагч зөвшөөрсөн гэдгээ 2020 оны 05 сарын 03-ны өдөр хариу өгөхдөө дурдсан байдаг учир 380В-т тог татуулж засвар хийсэн засвар 1,353,700 төгрөг, ажлын хөлс 300,000 төгрөг, нийт 2,653,700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Нэхэмжлэгч миний бие хариуцагч байгууллагатай анх 2010 оны 05 дугаар сарын 04-ны өдөр “Ажлын байр түрээслэх” гэрээг байгуулснаар Ч дүүргийн 10 дугаар хороо Чн ,,, гудамж ,,, тоотод байрлах ,, м.кв талбай бүхий ажлын байрыг нэг сарын 800,000 төгрөгөөр түрээсэлж байсан болно. Түрээслэхдээ уг гэрээний 2.1.9-д заасны дагуу 500 000 төгрөгийн барьцаа дэнчин тавьсан бөгөөд уг мөнгийг бэлнээр өгсөн. Үүнээс хойш уг мөнгийг бага байна гээд нэмж 2011 оны 05 дугаар сарын 14-ны өдөр нэмэлт гэрээ хийдээ 500 000 төгрөг авсан ба нийт 1,000,000 төгрөгийн барьцаа авсан. Хариуцагч байгууллагаас гэрээний түрээсийн төлбөр болон барьцаа мөнгийг дансаар авдаггүй дандаа бэлнээр авдаг байсан ба ямар нэгэн баримт өгдөггүй байсан. Үүнийг гэрээний заалтаар л нотлохоос өөр зүйлгүй болно.

1б. Би дэлгүүрийг 2009 оноос түрээсэлсэн. Энэ хугацаанд гэрээнд зассан зардлыг өгнө гэсэн байдаг. Гэтэл зассан зардлыг өгдөггүй. 2020 оны 4 сард дэлгүүрийг суллах бичиг ирсэн юм. Ингээд би надад 3 сарын хугацаа өгөхийг хүссэн. Цайны газар үсчний тоног төхөөрөмжөө авах боломжгүй байгааг хэлсэн боловч зөвшөөрөөгүй тул суллаж өгсөн. Олон зүйл нэхэх боломжтой боловч 2 жил хөөцөлдөж зөвшөөрөл авсан 380в-н цахилгаан тавьсан болон барьцааны мөнгөө л нэхэж байгаа юм. Учир нь ачаалал дийлэхгүй байсан юм. Дөнгөж 380 татуулангуут намайг гаргасан. Би анх ажилладаггүй байхад нь засаж орсон юм. Би бүх зүйлийг засаж янзалсан. Цахилгаан тавиулсан, барьцаа 1 сая, газардуулга, шит, тоолуур, утас зэрэгт 1,353,700, ажлын хөлс 300,000 нийт 2,653,700 нэхнэ. Би өргүй байсан тул ямар өр хасаж байгааг ойлгохгүй байна. Ажлын хөлсний баримт хэрэгт байхгүй, тухайн үед баримт үйлдээгүй гэв.

 

2.         Хариуцагчийн төлөөлөгч Ч.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн материалтай танилцаагүй тул сайн ойлголтгүй. Нөгөө төлөөлөгчөөс зарим зүйлийг сонссон. Нэхэмжлэгчид зөвшөөрөлгүй тавьсан 380-н хүчдэлийн зардлыг  төлөхгүй. 1 саяын барьцаа байгаа боловч өр авлага нь тооцогдоод 643,000 төгрөг үлдсэн гэж санхүүгийн албан хэлдэг юм. Иймд 643,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Эд хөрөнгө хүлээлцэж акт үйлдэхэд эд хөрөнгийг эвдрэл гарсан юм. Үүнийг нэхэмжлэгч зөвшөөрөөд гарын үсэг зурсан юм. Үүнийг өр гэж үзэж байгаа юм. Актыг шүүхэд өгөөгүй. Ус гоожсоноос дотор хананд нэвтэрч ханын замаск болон өнгө үзэж муудсан. Ус нь борооны ус гэж ойлгож байгаа юм. 1 саяын барьцаа байсан дээр маргаангүй энэ талаар гэрээн дээр байгаа юм гэв.

 

3.         Нэхэмжлэгч нь шүүхэд: бэлэн мөнгөний орлогын баримт 2 ширхэг /хх4/, зарлагын баримт 4 ширхэг /хх5-6/, электрон тоолуур тавих зөвшөөрөл, цахилгаан тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээ /хх7/, Төрийн банкны орлогын мэдүүлэг /хх8/, “С” ХХК-тай байгуулсан 2009 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ажлын байр түрээсээр эзэмших гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт /хх9/, “М” ХХК-тай 2010 оны 05 дугаар сарын байгуулсан ажлын байр түрээслэх гэрээ /хх10-14/, 2011 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх15/, 2012 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх16/, 2013 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх17/, 2014 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх18/, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх19/, 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх20/, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх21/, “М” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар албан тоот /хх24-25/, 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 42 дугаар албан тоот /хх26/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000068567 дугаар гэрчилгээний хуулбар /хх27/, үйлчилгээ эрхлэх гэрээ /хх29/, 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн техникийн нөхцөл /хх31/, шинэ хэрэглэгчийн сүлжээнд холбох зөвшөөрлийн хуудас /хх32/, тоноглолын газардуулгын эсэргүүцэл хэмжсэн протокол /хх33/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

     ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 2,353,700 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч Б.Б нь түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа 1,000,000 төгрөг, 380 вольтын хүчдэлтэй болгосон зардалд 1,353,700 төгрөг, ажлын хөлс 300,000 төгрөг, нийт 2,653,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч “М” ХХК нь 380 вольтын хүчдэлийг дур мэдэж татуулсан, түрээсийн эд хөрөнгөөс зарим хэсэг эвдэрсэн тул барьцаанаас суутгаж, үлдэх 643,000 төгрөгийг төлнө гэж маргасан.

 

4.         Зохигчид 2010-2019 онуудад ажлын байрын түрээсийн гэрээ байгуулсан байна. /хх10-21/

4а. Улмаар тодорхой хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэн аж ахуйн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд хариуцагчийн санаачилгаар гэрээ цуцлагдаж эд хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид буцаан өгсөн үйл баримтын талаар маргаагүй.

4б. Түүнчлэн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгч 1,000,000 төгрөгийг хариуцагчид барьцаалуулсан талаар маргаагүй.

4в. Түрээсийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй байх тул мөн зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус юм. Тодруулбал, энэхүү түрээсийн гэрээгээр ямар нэг үүрэг шаардах эрхгүй.

 

5.         Хариуцагчийн төлөөлөгч нь ажлын байрыг хүлээлцэхэд талууд акт үйлдэж, барьцааны зүйлийн зарим хэсгийг суутган тооцохоор тохиролцсон гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбарыг нотлоогүй. Нэхэмжлэгч нь энэхүү тайлбарыг үгүйсгэж, ийм зүйл болоогүй гэж маргасан тул хариуцагчийн тайлбар нотлогдоогүй гэж үзнэ.

 

6.         Зохигчид 1,000,000 төгрөг барьцаалсан үйл баримтын талаар маргаагүй боловч энэ талаар бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д нийцэхгүй тул мөн зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус юм.

 

7.         Дээрхээс үзэхэд хүчин төгөлдөр бус түрээсийн гэрээний дагуу хүчин төгөлдөр бус барьцааны гэрээгээр 1,000,000 төгрөг барьцаалсан, улмаар түрээсийн эд зүйлд зарим хэсгийг суутган тооцно гэх тайлбар нотлогдоогүй тул хариуцагч нь 1,000,000 төгрөгийн хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул буцаан гаргуулах нь зүйтэй.

 

8.         Нэхэмжлэгч нь үйл ажиллагаа явуулж байсан ажлын байранд 380 вольтын хүчдэл татуулсан болох нь хэрэгт байгаа зарлагын баримтууд, электрон тоолуур тавих зөвшөөрөл, цахилгаан тоолуурын баталгаажилтын гэрчилгээ, Төрийн банкны орлогын мэдүүлэг, техникийн нөхцөл, шинэ хэрэглэгчийг сүлжээнд холбох зөвшөөрлийн хуудас, тоноглолын газардуулгын эсэргүүцэл хэмжсэн протокол зэрэг баримтаар тогтоогдсон бөгөөд энэ үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна. /хх5-8, 31-33/ Эдгээр баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 380 вольтын хүчдэл залгуулахад нийт 1,353,700 төгрөгийн төлбөр төлсөн болох нь тогтоогдож байна.

8а. Хариуцагчийн төлөөлөгч нь 380 вольтын хүчдэл залгуулахыг зөвшөөрөөгүй гэж маргах боловч “М” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар албан тоотын 5 гэж дугаарласан хэсгээс үзэхэд хариуцагч нь 380 вольтын хүчдэл залгуулахыг зөвшөөрсөн байна. /хх24-25/

8б. Улмаар 380 вольтын хүчдэл гэдэг нь эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр, тусгай мэргэжлийн хүн холбодог болох нь нийтэд илэрхий, өөрөөр хэлбэл салгаж авах боломжгүй зүйл тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар нэхэмжлэгч нь гарсан зардлаа шаардах эрхтэй. Иймд 380 вольтын хүчдэл холбоход нэхэмжлэгчээс гарсан, баримтаар нотлогдсон 1,353,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

9.         Нэхэмжлэгч нь 380 вольтын хүчдэл залгуулахад ажлын хөлсөнд 300,000 төгрөг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

10.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар хариуцагч “М” ХХК-с 2,353,700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 52,609.20 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД