| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0324/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/940 |
| Огноо | 2025-10-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/940
2025 10 27 2025/ШЦТ/940
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Ч.Ж, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.Жд холбогдох 2503 00795 1003 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......... оны .............дүгээр сарын 13-ны өдөр ................... аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, .......... ажилладаг, ам бүл 2, эцгийн хамт ......... дүүргийн ........ дугаар хороо, ................. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шаганлгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, БЖ /РД:И095091318/.
Хэргийн товч агуулга:
Ч.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 22 цаг 28 минутын орчимд, ............... дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансарын тунелийн зүүн талын замд, Тоёота приүс маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц луу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч болох 37 настай, эрэгтэй Ч............... /РД.../-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ж өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ч.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03-04/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх.07-08, 16-17/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.09-13, 18-21/,
Эд мөрийн баримт хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх.22/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.24/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.25-27/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ............ өгсөн: “...тухайн өдөр би барилгын өрөм найзаасаа авах гээд найзындаа очоод ганц юм хувааж уугаад гэр рүүгээ харих гээд Сансарын замаар зам хөндлөн гарах гээд явган хүний гарцаар баруунаас зүүн чиг зам гарч байтал урдаас хойш чиглэлтэй замын хоёрдугаар эгнээнд машинд мөргүүлсэн. Мөргүүлсний дараа би ухаан алдаад хальт сэргэтэл би газар хэвтэж байсан ба миний ард зам хөндлөн гарч байсан 2 эмэгтэй үл таних намайг битгий хөдлөөрэй чамайг нэг машин ямар ч тооромсгүй орж ирээд мөргөчихлөө гэж хэлж байсан. Удалгүй 103-ийн эмч ирээд би буцаад ухаан балартаад гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Тэр машин миний биеийн баруун талаас мөргөсөн. Би зам хөндлөн гарахаасаа өмнө урдаас хойш чиглэлтэй замд машин ирж байгаа эсэхийг харахад намайг мөргөсөн машин хол зайтай харагдаж байсан. Гэтэл тэр машин намайг явган хүний гарцан дээр мөргөсөн. Тухайн үед зам орчин гэрэлтүүлэгтэй бүх гэрэл ассан байсан. харагдах орчин сайн байсан. Яг осол болох үед тэр машины 2 талд ямар нэгэн машин байгаагүй. Тэр машиныг халхлах зүйл юу ч байгаагүй. Намайг зам гарч байх үед миний урд өөр хүн зам гараагүй харин ард 2 үл таних эмэгтэй зам гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.30-31/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Булгансайханы 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0725/8661 дугаартай:
“1. Ч.Гантулгын биед баруун шаант, тахилзуур ясны хугарал, дух, толгойн хуйх, хамар, хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд шарх баруун чих, баруун тохой, хэвлий, нуруу, зүүн гуя, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна” дүгнэлт /хх.49-52/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч Б.Дөлгөөн, Д.Номуун нарын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЕГ0825/2701 дугаартай
“1. .................................... сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна.
2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна“ гэх дүгнэлт /хх.68-70/,
Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1141841451 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх.84-88/,
Мөрдөгчийн магадлагаа /хх.91/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.96-99/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.103/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ч.Жы яллагдагчаар өгсөн: “...хүлээн зөвшөөрч байна. ...Хохирогчийн сэтгэл санааны хохирол болон ослын дараах эмчилгээнд нийт 11 сая төгрөг төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс гомдол санал байхгүй гэдгээ илэрхийлсэн.” гэх мэдүүлэг /хх.104/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.105-113, 124/,
Хохирогчийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай лавлагаа /хх.115-117/,
Хохиролд 11,000,000 төгрөг нөхөн төлсөн тухай баримт /хх.118-119/,
Хохиролд 2,000,000 төгрөг нөхөн төлсөн тухай баримт /хх.130/,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хохирогч Ч.Гантулгад эмчилгээ үйлчилгээ үзүүлсний төлбөр 2,234,000 төгрөг нэхэмжилсэн тухай нэхэмжлэл /хх.120-121,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогчийн гаргасан хүсэлт /хх.128/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх.131-132/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.133-134/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ч.Ж нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч Ч.Ж нь хохиролд 13,000,000 төгрөг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ч.Жд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх арга хэмжээ авах санал гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ч.Жд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Ч.Жд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Ч.Жд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч БЖыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Жд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Ч.Жд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ч.Жд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.
5. Шүүгдэгч Ч.Жд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ч.Жаас 2,234,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Жд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.