Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/039

 

Г.Дид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч Н.Б /онлайнаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* /онлайнаар/

Шүүгдэгч Г.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нарыг оролцуулан;

 Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Дид холбогдох эрүүгийн 1914008470073 дугаар хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Г.Д, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Г.Д нь 2019 оны 07 дугаар сарын 12-наас 2019 оны 07 дугаар сарын 13-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах түйн голын эрэг дээр Н.Бийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.Дид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Дийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Дийг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Г.Дид оногдуулсан зургаан / 06 / сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Г.Д нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан даашинзыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Д гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авч эс зөвшөөрөн гомдол гаргаж байна. Учир нь намайг хохирогч Н.Бийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Иймд миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Үүнд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч гэх Н.Бээс мэдүүлэг авахад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд өөр өөр мэдүүлэг өгсөн байдаг. Тухайлбал манай гаднаас гэнэт машинаа асаагаад хөдлөхөөр нь бууя гэсэн чинь чигээрээ аймаар хурдтай давхиад Түйн голын арын зам дээр огцом зогсоод сандалаа хойш нь татаж унагаад миний дээр гарч ...гэх мэдүүлэг өгсөн байна гэтэл дараагийн мэдүүлэгтээ машинаа хөдөлгөөд 4,2 гэр тоотод очихоор нь яах гэж байгаа юм гэж асуутал 1 юм авах гэсэн юм гэхээр нь би тэгвэл надад нэг тамхи авчихаарай гээд 5000 төгрөг өгсөн... тэгээд машинаа асааж хөдлөх гэтэл гудамжнаас цагдаагийн машин гарч ирээд машин дотор байгаа цагдаатай ярилцсан....гэж зөрүүтэй байдлаар мэдүүлсэн. Хэрэв би хүсээгүй байхад нь хүчээр авч явж хүчирхийлэх гэсэн юм бол тэр цагдаагийн алба хаагч ирж шалгаж байхад энэ талаар яагаад хэлж тусламж аваагүй байх вэ?. Мөн машинд хүч хэрэглэсэн гэх мэдүүлгийн талаар худал зөрүүтэй мэдүүлгүүд өгдөг.

Гэтэл шүүх эдгээр мэдүүлгийг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзэлгүй шууд илт намайг буруутгасан мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсгийг “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралттай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болохгүй гэснийг зөрчсөн. Миний бие хохирогч Н.Б нь хувийн өс хонзон санаж өөрт ашигтай байдал үүсгэх зорилгоор намайг хүчиндэхийг завдсан гэж гүтгэж байна гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт,шүүхийн шатанд удаа дараа хэлж хүсэлт гарган мөн түүний хувийн байдлыг тогтоолгох хүсэлтүүд өгсөн боловч хангаагүй.

Мөн Н.Бийн хувийн байдлын талаар А.Э, Д.М, Б.М нарын мэдүүлэг, ШШГГ-ын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл, Н.Бийн Ж.Б, Ц.С нартай намайг холбогдуулан анх Цагдаагийн байгууллагад гаргаж байсан өргөдөл зэргээс харахад бидний хооронд өш хонзон, ажил хэргийн маргаан байсан гэдгийг нотлоно.

Гэрч Г.Ат хохирогч гэх Н.Б намайг хүчиндэхийг завдсан, хүчиндэх гээд байна гэх талаар огт яриагүй байдаг энэ талаарх мэдүүлэг хэрэгт авагдсан байхад үүнийг үнэлээгүй зөвхөн “Н.Б нь надад хэлэхдээ Г.Дтой гол дээр машинд сууж байгаад машинаас нь буугаад зугтаагаад ирлээ гэж ярьсан” гэх мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Үнэхээр би хүчиндэх гэж оролдсон бол яагаад Г.Ат хэлээгүй байх билээ. Мөн түүний мэдүүлэгийг бусад дамжмал нотлох баримтаар тогтоогоогүй. Хамгийн гол нь намайг хүчиндэхийг завдсан гэх орой буюу 2019 оны 07 дугаар сарын 12-ны орой Н.Б намайг хүргээд өг гээд би хүргэж өгөх зуур Б утсан дээр дарж авсан Ц.Сыг томилуулах үеийн албан бичиг хуурамчаар үйлдсэн зөвлөлийн хурлын тэмдэглэл зэргийг харуулан уйлаад та нар хуйвалдаж ийм зүйл хийсэн миний хүсэлтийг хэлэлцээгүй, намайг дэмжээгүй та нарын булхайг илчилнэ гэх мэтээр доромжилон бид хоёр хэрэлдэж маргалдсан.

Миний хувьд Ц.Сыг хуурамчаар зөвлөлийн хурлын тэмдэглэл үйлдсэн талаар огт мэдээгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас шууд томилсон гэсэн ойлголттой байсан тул бид 2 энэ ойлголтын зөрүүнээс болж хоорондоо хэрэлдэж маргалдсан би сүүлдээ түүнийг тайвшруулах гэж үзсэн боловч улам намайг доромжилж элдвээр хэлээд байсан тул би түүнийг машинаас хөөж буулгасан ийм л зүйл болсон байдаг билээ.

Гэвч үнэхээр ийм маргаан болсон уу, өш хонзонгийн асуудал байсан уу, хуурамчаар хурлын тэмдэглэл үйлдэж Н.Бийн хүсэлтийг дарж Ц.С гэх хүн хуурамчаар хурлын тэмдэглэл үйлдсэн эсэхийг шалгаагүй, Н.Б бид хоёр голын зах дээр очсон очоогүй гэдэг талаар хэн хэн нь маргаагүй хамгийн гол нь голын зах дээр хүчиндэхийг завдсан хэрэг болсон уу эсвэл албан тушаалын томилгоотой холбоотой хэрүүл маргаан болсон уу гэдэг талаар мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй прокурор шүүх ч үүнийг анхаарч үзээгүй.

Шүүхийн намайг буруутгах болсон бас нэг үндэслэл нь Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 68 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь

2019 оны 07 дугаар сарын 12-13 нд шилжих шөнө тухайн үйл явдал болсон гэх үед баяр ёслолын өдрүүд байсан ч өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан тул цэргийн алба хаагч цэргийн дүрэмт хувцастай байдаг.

Н.Б ягаан ноосон цамц, шар цэцэгтэй плажтай байсан гэдэг гэтэл тухайн цаг үед ийм хувцас өмсөөгүй цэргийн хувцастай байсан талаар би удаа дараа хэлсэн. Тухайн өдөр Н.Б ягаан ноосон цамц, шар цэцэгтэй плажтай байсныг нотлоогүй энэ талаар ямар нэгэн нотлох баримт байдаггүй.

Яллах дүгнэлтэд 2020 оны 01 дүгээр сарын 08-нд эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлийг хавсаргав гэсэн байгаа нь тухайн өдрөөс хойш 5-6 сарын дараа эд мөрийн баримт гарч ирсэн байх юм. Яагаад энэ нотлох баримтыг хэн хаанаас гаргаж хэзээ нотлох баримтаар тооцсон нь эргэлзээтэй байна.     Миний хувьд яагаад өмсөөгүй байсан плаж гэнэт гарч ирэв яагаад Н.Бт ийм плаж байдаг эсэхийг тогтоогүйд гомдолтой байна.

Шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн даашинз дээрх гэмтлүүд үүссэн байх бөгөөд эдгээр нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн гэмтэл урагдлууд байна” гэжээ тэгвэл татаж чангаах хүчний үйлчлэл гэдэг нь хүний эсхүл амьтаны өдөр тутамын амьдралд тохиолддог элдэв зүйлд хавчуулагдах, гогдогдох, өөрөө урсан эсэх зэрэг үйлчлэлээр урагдсаны аль нь болох плажны урагдал нь Г.Д надтай хамааралтай эсэх хэрэв хамааралтай гэж үзсэн бол яагаад, ямар нотлох баримтаар нотлогдсон гэдгийг шүүх тайлбарлаагүй.

Гэтэл эдгээр эргэлзээтэй нотлох баримтуудад тулгуурлан анхан шатны шүүх намайг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээллийг нотлох баримт гэнэ мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан гэрчид хуульд заасан гэрчийн эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй мэдүүлэгийг яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолийн үндэслэл болгон гэрч *******, *******, *******, Г.А нарын мэдүүлэг 2019 оны 09 дүгээр сард Н.Бийн ШШГЕГ-т гаргасан өргөдлийн дагуу ирж хяналт шалгалт хийсэн хошууч Баттулгын шалгасан материалаас шууд авсан тайлбаруудыг шүүх үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Шүүхээс намайг хохирогч Н.Бийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн тайлбарт “бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно гэж тайлбарласан байна. Миний хувьд энэ үйлдэлийг хийгээгүй бөгөөд эдгээрийн аль ч хэсэгт хамааралгүй болно.

Мөн шүүхээс Г.Д нь бэлгийн харьцаанд орох шууд чиглэсэн үйлдэл санаатай хийж энэ нь шүүгдэгч Г.Дийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл буюу хохирогчийн идэвхтэй эсэргүүцэл, мөн “шээс хүрлээ, машинд чинь шээлээ шүү” гэсэн үйлдэл болон үгний улмаас уг гэмт хэргийг төгсөж чадаагүй нь шүүгдэгч Г.Дийг уг гэмт хэргийг туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан гэж үзэх үндэслэлгүй юм сайн дураараа татгалзах нь хөндлөнгийн ямар нэгэн нөлөөгүй гарах үйлдэл бөгөөд дээрх тохиолдолд Г.Д нь хохирогчийн идэвхтэй эсэргүүцэл, мөн “машинд нь шээлээ” гэсэн үйлдэл үгний улмаас үйлдээ зогсоосон гэж дүгнэсэн байна. Хэрэв ийм зүйл болсон гэж үзэж байгаа бол Н.Бийг “шээгээд ирье” гэхээр нь өөрөө сайн дураараа машинаас гаргасан зөвхөн өөрийн сайн дурын үндсэн дээр хохирогчийг машинаас буулгасан үйлдэл нь хүчиндэх гэмт хэргийг завдсан гэх шинжийг үгүйсгэж байна. Магадгүй машинаас буулгахгүйгээр үйлдэлээ үргэлжлүүлэх боломжтой байсныг шүүх анхаараагүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэх заалтыг бүрэн хангаж байна.

Миний хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга байсан хурандаа *******, сургалт хүний нөөц хэвлэл мэдээлэл дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн дэслэгч Ц.С нарын хууль бус үйлдэлээс болж Н.Бийн өш хонзонгоос болж өнөөдөр ял аваад сууж байгаад үнэхээр гомдолтой байна. Өдий хүртэл эдгээр хүмүүсийн ажил төрөл ар амьдралыг нь бодож чимээгүй явсан бөгөөд хүн гэдэг амьтан эцсийн цэг дээр ирэхээрээ үр хүүхэдээ боддог юм байна. Би Ц.Сын хууль бус үйлдлийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандсан тул гаргасан гомдол, хуурамч хурлын тэмдэглэл зэрэг баримтыг хавсаргав.

Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж хуулийн дагуу шийдвэрлэн Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож намайг цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо:

Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч ******* /ҮД-190/ миний бие 1914008470073 тоот эрүүгийн хэрэгт шалгагдан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаатай хорих ял шийтгэгдсэн Г.Дийн эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр нь оролцож байгаа болно.

Анхан шатны игүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж тайлбарласан, шүүхийн тогтоолд дурьдсан үндэслэл нь бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл, 39.6 дугаар зүйл, 39.7 дугаар зүйлд заасан үндэслэлээр давж заалдах гомдлоо гаргаж байна.

Болсон үйл явдал гэвэл 2019.07.12-ноос 13-нд шилжих шөнө болж Г.Д нь хохирогч гэх Н.Бийг гэрт нь хүргэж өгөх замдаа машиндаа бэлгийн харьцаанд орох саналаа үгээр илэрхийлж улмаар тэврэх, үнсэхийг оролдох, хэвтүүлж дээр нь гарах зэрэг үйлдэл хийсэн талаар хохирогч Н.Бийн мэдүүлгийг үгүйсгэх аргагүй.

Шүүгдэгч Г.Д нь тухайн үед хохирогч Н.Бтэй бэлгийн харьцаанд ороогүй бөгөөд харин тийм саналаа илэрхийлж түүний хүсэл зоригийг харзнасан байдалтай байх үед хохирогч Б нь “...шээс хүрээд байна, машинд чинь шээлээ шүү” гэж хэлсэнээр Г.Д нь үйлдлээ даруй зогсоож түүнийг машинаас буулгасан байдаг. Машинаас буусаны дараа Н.Б зугтааж зам даган алхах зуураа гар утсаараа гэрч Г.А луу ярьж ирж аваач гэсний дагуу Г.А удалгүй ирж түүнийг авч явсан байдаг. Ингээд энэхүү үйл явдал болсоноос хойш 5 сарын дараа Н.Б нь цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасаны дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа нээж улмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокурор яллах дүгнэлт үйлдсэнээр хэрэг шүүхэд шилжин ирж гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр гарлаа.

Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Г.Д нь хохирогч Н.Бийг автомашиндаа бэлгийн харьцаанд орох санал тавьж үнсэхийг оролдсон, тэвэрсэн, дээр нь гарч хэвтсэн зэрэг үйл баримт тогтоогдсон гэдэг дээр маргахгүй, гол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Завдалт”-ын шинжийг агуулаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэгт завдах гэнэ” гэж тодорхойлжээ. Эрүүгийн хуулийн дээрх тодорхойлолтоос үзэхэд Г.Д нь гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл хийсэн байна, харин Г.Дийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй гэдэг шинж тогтоогдохгүй, харин Г.Д нь хохирогч Н.Бийг “шээгээд ирье” гэхээр нь өөрөө сайн дураараа машинаас гаргасан байдаг.

Өөрөөр хэлбэл Г.Д нь бэлгийн харьцаанд орох үйлдлээ төгсгөх бүрэн боломжтой, гадны хүчин зүйл буюу хүсэл зоригоос нь үл хамаарах нөхцөл байдал үүсээгүй байсныг ухамсарлаж байсан, зөвхөн өөрийн сайн дурын үндсэн дээр хохирогчийг машинаас буулгасан үйлдэл нь хүчиндэх гэмт хэрэгт завдсан гэх шинжийг үгүйсгэж байна.

Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг тайлбарлахад гол маргаан үүсэж байгаа бөгөөд улсын яллагч болон анхан шатны шүүх нь хохирогчийн “шээгээд ирье” гэж хэлээд зугтаасан үйлдлийг шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл гэж үзээд гэм буруутайд тооцсон бол өмгөөлөгчийн зүгээс энэ нь шүүгдэгчийн хүсэл зоригоос хамаарсан нөхцөл, өөрөө тавьж явуулсан гэж маргаж байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд болон Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хууль тайлбарлахад үүссэн маргаантай асууддыг шүүгдэгчийн талд шийдвэрлэх нь дээрх хуулийн зарчимтай нийцнэ.

Өмгөөлөгч миний гаргаж байгаа санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн заалтын дагуу Г.Дийг гэм буруутайд тооцож ял шийтгэсэн анхан шатны шүүхийн 73 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх бүрэн боломжтой юм.

Энэ хэргийн гол гэрч Г.А удаа дараа мэдүүлэг өгөхдөө “...Б надад хэлэхдээ Дтой машинд сууж байгаад машинаас нь буугаад зугтаагаад ирлээ гэсэн. Яг хүчиндэхийг завдсан гэж яриагүй” гэдэг. Тэгэхээр үнэхээр хүчингийн халдлагад өртсөн, хувцас нь урагдсан эмэгтэй хүн дээрх байдлаар мэдүүлэх үү, түүнчлэн 5 сарын дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан зэрэг эргэлзээтэй нөхцөл байдлууд байгааг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү. Ер нь амьдрал дээр эрчүүд гэр бүлээсээ гадуур өөр хүүхэнтэй бэлгийн харьцаанд орох, нууц амрагтай болох, тохиолдлын бэлгийн харьцаанд орох тохиолдол цөөнгүй бөгөөд бэлгийн харьцаанд орох санал гаргаж байгаа оролдлого бүрийг гэмт хэрэгт тооцох нь хүний эрх зүйн байдлыг дордуулсан хэрэг болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйлчлэлийг буруу хийсэн гэж үзэж байна. Прокуророос Г.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн байхад Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн” гэж бичсэн.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй зэрэг нь хууль хэрэглээний алдаа байж болох юм.

Эдгээр үндэслэлүүдийг харгалзан 73 тоот анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах, эсвэл Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг шүүгдэгчид ашигтайгаар тайлбарлаж Г.Дид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах боломжтой юм гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Г.Д өөрийн үйлдлээ төгсгөх боломжтойгоо өөрөө ойлгож байсан ч сайн дураараа татгалзсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3-т зааснаар “... сайн дураараа татгалзсан бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө...” гэж заасан. Иймээс эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийг цагаатгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудад үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Г.Дийн 2019 оны 07 дугаар сарын 12-наас 2019 оны 07 дугаар сарын 13-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Түйн голын эрэг дээр Н.Бийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь 1914008470073 дугаар эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн

Хавтаст хэргийн 1-р хавтасны 86-89 дүгээр талд авагдсан “... машинаа асаагаад хөдлөхөөр нь би бууя гэсэн чинь чигээрээ аймаар хурдтай давхиад Түйн голын арын зам дээр огцом зогсоод сандлаа хойш нь татаж унагаад тэгээд миний дээр гарч хэвтээд нэг гараараа хоолой эрүү рүү тулаад нэг гараараа миний гуяыг илээд дотор талаас нь базаад миний дотуур хувцасыг ураад өөрийнхөө өмдийг тайлаад юун сүртэй юм ганц л удаа ш дээ гээд дайраад байхаар нь миний шээс хүрээд байна эсвэл машинд чинь шээлээ шүү гэсэн чинь машинаасаа буулгахаар нь чигээрээ зугтаагаад гүйгээд хамт ажилладаг А гэдэг хүн рүү залгаад эгчийгээ ирээд аваач гэж уйлаад залгасан чинь удалгүй А ирсэн. Аыг ирэхээс өмнө зам дагаад гүйж байхад Д машинтай хамт дагаад чин юун сүртэй юм суучих л даа чамайг ингэнэ гэж бодоогүй гээд байсан... ...” гэх хохирогч Н.Бийн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 1-р хавтасны 95-96 дугаар талд авагдсан “... Б нь надад хэлэхдээ би Дтой голын зах дээр машинд сууж байгаад машинаас нь буугаад зугтаагаад ирлээ гэж ярьсан. Яг хүчиндэхийг завдсан гэж юм яриагүй... “ гэх гэрч Г.Аын мэдүүлэг,

Хавтаст хэргийн 2-р хавтасны 81-82 дугаар талд авагдсан “... Шинжилгээнд ирүүлсэн даашинзанд:

-урд хормойн зүүн доод хэсэгт 32х32.5 см хэмжээтэй материалын хэсэг нь үгүй болсон гэмтэл урагдалттай. /зураг№3/

-уг даашинзны баруун хажуугийн залгаас оёдлоос зүүн тийш 5 см, хормойн доод эмжээр оёдлоос дээш 30.5 см зайд зүүн хажуу тийш чиглэсэн 17 см хэмжээтэй, гэмтэл урагдалттай. /зураг №4/

-уг даашинзны зүүн суганы оёдлоос доош 19.6 см зайд доошоо оёдол дагуу 18 см хэмжээтэй гэмтэл урагдалттай. /зураг№5/

Шинжилгээнд ирүүлсэн даашинзанд дээрх гэмтлүүд үүссэн байх бөгөөд эдгээр нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн гэмтэл урагдлууд байна.” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 68 тоот дүгнэлт болон бусад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Г.Дийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зохицуулсан аргагүй хамгаалалтын талаарх ойлголт нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдлийг тооцох бөгөөд аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийсэн байхыг хуульд нарийвчлан тодорхой заасан байдаг.

Гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч тухайн гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзах буюу бусад хөндлөнгийн аливаа нөлөөлөлгүйгээр өөрийн үйлдлээсээ татгалзахыг гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзах гэж Эрүүгийн хуулид хуульчилсан.

Г.Дийн үйлдлийн тухайд хохирогчийн бие дээр гарч хэвтэх, нэг гараараа хоолой эрүү рүү тулаад нэг гараараа гуяыг илэх, базах, мөн дотуур хувцасыг нь урах, өөрийнхөө өмдийг тайлах, юун сүртэй юм ганц л удаа ш дээ гээд дайрах зэргээр хүчиндэхэд чиглэсэн идэвхитэй үйлдлүүдийг хийх явцад хохирогч Н.Б нь миний шээс хүрээд байна эсвэл машинд чинь шээлээ шүү гэхэд Г.Д нь идэвхитэй үйлдлээ зогсоосон байдаг.

Дээрхээс үзвэл хохирогч Н.Бийн “миний шээс хүрээд байна эсвэл машинд чинь шээлээ шүү” гэх үг үйлдэлд буюу хөндлөнгийн нөлөөллөөс шалтгаалж Г.Д нь өөрийн үйлдлийг туйлд нь хүргэж чадалгүй зогсоосон байх тул Г.Дийн үйлдэл нь өөрийн үйлдлээ туйлд хүргэхээс сайн дураараа татгалзсан үйлдэл биш байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч ******* нар нь “...Г.Д нь бэлгийн харьцаанд орох үйлдлээ төгсгөх бүрэн боломжтой, гадны хүчин зүйл буюу хүсэл зоригоос нь үл хамаарах нөхцөл байдал үүсээгүй байсныг ухамсарлаж байсан, зөвхөн өөрийн сайн дурын үндсэн дээр хохирогчийг машинаас буулгасан үйлдэл нь хүчиндэх гэмт хэрэгт завдсан гэх шинжийг үгүйсгэж байна, ... хэрэв ийм зүйл болсон гэж үзэж байгаа бол Н.Бийг “шээгээд ирье” гэхээр нь өөрөө сайн дураараа машинаас гаргасан зөвхөн өөрийн сайн дурын үндсэн дээр хохирогчийг машинаас буулгасан үйлдэл нь хүчиндэх гэмт хэргийг завдсан гэх шинжийг үгүйсгэж байна. Магадгүй машинаас буулгахгүйгээр үйлдэлээ үргэлжлүүлэх боломжтой байсныг шүүх анхаараагүй..., гэх утга бүхий давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Г.Дийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Г.Дийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ