Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2023/0197

 

2023 03 09 128/ШШ2023/0197

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны дугаар 3 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Лидер финанс ТМЗ ХХК /РД:5319129/

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд: Д.Баясгалан нарын хоорондын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонгэрэл, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Зар мэдээ сурталчилгаа сонин ХМХ-ийн 2021 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн 01/03 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст Монголын мэдээлэл технологи, техник хөгжүүлэлтийн холбоо" ТББ-аас "Зар мэдээ сурталчилгаа сонин" ХМХ-д шилжин ирэх Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Компьютер молл худалдааны төвийн 1 давхрын 1026 тоот 25 м.кв талбайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг "Зар мэдээ сурталчилгаа сонин" ХМХ-ийн захирал Даваагийн Баясгалангийн нэр дээр гаргаж өгнө үү. гэж,

Монголын мэдээлэл технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-аас 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/66 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 1 давхрын 1026 тоот 25.00 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай талбайн үл хөдлөхийн гэрчилгээг Д.Баясгалан-д гаргаж өгнө үү. гэх агуулга бүхий хүсэлтүүдийг тус тус гаргажээ. /х.х-н-32,49/

  1. Улмаар дээрх хүсэлтийг үндэслэн Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Баясгаланд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, их тойруу гудамж 54 дугаартай барилгын 1 дүгээр давхар 1026 тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2203043836 дугаартай хөрөнгийн эрхийн гэрчилгээ олгожээ.

3. Лидер Финанс ТМЗ ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт ...Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол их тойруу гудамж 54 дугаартай барилгын 1 давхар 1026 тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2203043836 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү. гэх агуулга бүхий гомдлыг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 06 тоот, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 22/10 тоот албан бичгүүдээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргажээ./х.х-н-13-14/

4.Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 7/5101 тоот албан бичгээр ...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 54 дүгээр барилгын 1 дүгээр давхар, 1026 тоот хаягаар шалгахад эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. гэж, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 3/6031 тоот албан бичгээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд эрхийн улсын бүртгэлийн Y-2203043836 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 54 дүгээр барилгын 1 дүгээр давхар, 1026 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай, Д.Баясгалангийн өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 102/Ш32022/06375 дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг үндэслэн тусгай тэмдэглэл бүртгэгдсэн байна. гэх хариуг тус тус хүргүүлжээ./х.х-н-15-16/

5.Нэхэмжлэгч Лидер Финнанс ТМЗ ХХК-иас Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол их тойруу гудамж 54 дугаартай барилгын 1 давхар 1026 тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2203043836 хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 19-ий өдөр гаргажээ.

6. Нэхэмжлэл гаргагч Лидер финанс ТМЗ ХХК-ийн захирал Ү.Галмандах шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 54 дүгээр барилгын 1 давхар 1026 тоот хаягт байршилтай 25м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2203043836 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч "Лидер финанс ТМЗ" ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, их тойруу гудамж, 54 дүгээр барилгын 12 давхар 1203 тоот хаягт байршилтай, 80 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Y-2203032637 дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Гэтэл өөрийн ажлын байр луу орж гарахдаа байнга дайран өнгөрдөг 1-р давхрын үүдний хэсгийг иргэн Д.Баясгалан нь өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан талаар тус барилгын өмчлөгч болон түрээслэгч нарын эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, үйлчилгээний таатай нөхцөлийг дэмжих зорилгоор байгуулагдсан "Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо" ГҮТББ-ын ажилтан, албан хаагчдаас 2022 оны 05 сарын 16-ны өдөр мэдсэн болно. Иргэн Д.Баясгалан нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, их тойруу гудамж, 54 дүгээр барилгын 1 давхарт, 1026 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203043836 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авахдаа бусадтай үгсэн хуйвалдан холбогдох баримт бичгийг хуурамчаар үйлдэн гаргуулсан гэх үндэслэл бүхий эргэлзээ байгаа болно. Учир нь 54 дүгээр барилга төвийн 1-р давхарт 1026 гэсэн дугаартай ямар ч өрөө байхгүй, мөн анхнаасаа нийтийн эзэмшлийн талбай байсан болно. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн эрх бүхий албан хаагчид барилгын эскиз зураг, ажлын зураг, 54 дүгээр байрны захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, мөн бодит байдлыг шалгаж үзэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон гэж байна. Өмнө нь "ЛидерФинанс ТМЗ" ХХК компанийн зүгээс УБЕГ-т 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Д.Баясгалангийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, их тойруу гудамж, 54 дүгээр барилгын 1 давхарт, 1026 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Y-2203043836 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргахдаа Д.Баясгалангийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2203043836 гэх улсын бүртгэлийн дугаарыг Ү-2203013836 гэж андуурч бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 7/5101 тоот "Эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээллийн санд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7-р хороолол, Их тойруу гудамж, 54 дүгээр барилгын 1 дүгээр давхар, 1026 тоот хаягаар шалгахад эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Таны гомдолд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013836 дугаарт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байх тул танай хүсэлтэд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдье" гэх хариуг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр авсан болно. Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн 7/5101 тоот хариунаас харахад Д.Баясгалангийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203043836 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын бүртгэл, түүнд үндэслэж олгосон гэрчилгээ нь хууль, тогтоомжийн дагуу гарсан эсэх асуудлаар ямар ч ажиллагаа хийгдээгүй болох нь тогтоогддог. Тиймээс өмнө нь гаргасан техникийн шинжтэй алдаагаа засаж залруулан 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт дахин гомдол гаргасан.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 3/6031 тоот "Таны гомдолд дурдсан шаардлагыг хангах боломжгүй" гэх утгатай хариуг гардаж авсан тул нэхэмжлэгч талын зүгээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн холбогдох хэгсийг үндэслэн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа болно. гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Лидер Финанс ТМЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол Их тойруу гудамж 54 дугаартай барилгын 1 давхрын 1026 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203043836 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол их тойруу гудамж 54 дугаартай барилгын 1 давхрын 1026 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203043836 дугаарт иргэн Д.Баясгалан /XE68060784/-ын өмчлөлд бүртгэгдсэн байна. Дээрх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 4-143/10507 дугаартай албан бичиг болон 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 102/Ш32022/06375 дугаартай хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна Тодруулбал Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 4-143/10507 дугаартай албан бичигт Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/Ш32022/06375 дугаартай шүүгчийн захирамжаар Сүхбаатар дүүргийн 9 дугаар хороо, 7 дугаар хороолол Их тойруу гудамж 54 дугаартай барилгын 1 давхрын 1026 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дундын өмчлөл болгохыг тогтоолгох тухай иргэний хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэтэл бусдад худалдахгүй, бэлэглэхгүй, барьцаалахгүй, өмчлөгч нэмж хасахгүй байхыг даалгаж захирамжилсан байх бөгөөд шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаж, улсын бүртгэлийн байгууллагаас уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Y-2203043836 дугаартай эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн байна. Уг эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл бүртгэгдсэнээс хойш буюу 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр "Лидер финанс ТМЗ" ХХК-ийн захирал Ү.Галмандахаас 22/10 дугаартай албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол ирүүлсэн байх бөгөөд хариуг дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа Улсын бүртгэлийн байгууллагад хандах эрхтэй болохыг дурдаж хариу хүргүүлсэн байна. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-т улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийх"-ийг хориглосон заалттай тул уг иргэний хэргийн маргааныг эцэслэн шийдвэрлэтэл ямар нэгэн өөрчлөлт оруулах боломжгүй харин уг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэнээр улсын бүртгэлийн байгууллагад хандах эрхийг хязгаарлаагүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т "эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй" гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол Их тойруу гудамж 54 дугаартай барилгын 1 давхрын 1026 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дундын өмчлөл болгохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэтэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү. гэжээ.

8.Гуравдагч этгээд Д.Баясгалан шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Лидер Финанс ТМЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр ололцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс дэмжиж, дараах хууль зүйн үндэслэлүүдээр энэхүү тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол Их тойруу гудамж 54 дүгээр барилгын 1 давхар хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Д.Баясгалан нь "Угалз холдинг"ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Захиалгаар ажлын байр барих, бариулах тухай гэрээний 2.1-т заасан төлбөрийг төлж, 1 давхрын үйлчилгээний зориулалт бүхий 25 м2 талбайг захиалж, 2017 онд байрыг хүлээн авч, өөрийн тусгаарлах хана дотоод засварыг хийж байх үед "Компьютер тевийн барилга өмчлөгчдийн холбоо" ГҮТББ нь үүдний нийтийн эзэмшлийн талбай болох цахилгаан шатны хэсгийг засварлаж байгаа нэрийн дор дур мэдэн буулгаж, харуул хамгаалагчдыг суулгаж, ийнхүү талбайг өгөхгүй байгаа тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүссэн байгаа юм. Уг иргэний хэргийг энэ захиргааны хэргийг шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар хариуцагч тал буюу "Компьютер төвийн барилга өмчлөгчдийн холбоо"ГҮТББ нь танай шүүхэд захиргааны хэрэг үүсгэсэн захирамжийг хуулбарлан өгч, хэргийг ийнхүү түдгэлзүүлж, өмчлөгчийн өмчлөх эрхэд халдсаар байна.

Гэтэл захиргааны хэргийн шүүхэд "Лидер Финанс ТМЗ" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШЗ2022/2183 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тус захирамжийн гол үндэслэл нь тухайн хэргийн нэхэмжлэгч болох "Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ын өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаж буй энэ "эрхийн улсын бүртгэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол Их тойруу гудамж 54 дүгээр барилгын 1 Давхар 1026 тоот хаягт байршилтай 25 м2 үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2203043836 дугаар бүхий өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах" асуудлаар түүнийг нэхэмжлэл гаргаж маргах эрхтэй этгээд гэж үзэхээргүй байна. Тодруулбал, Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ын дүрмээр барилгын өмчлөлийн асуудлаар маргах эрх түүнд олгоогүй, нөгөөтэйгүүр уг барилгын нэгдүгээр Давхар нь 2017 онд Монголын мэдээлэл технологийн хөгжүүлэлтийн холбоо ТББ-ын өмчлөлд бүхэлдээ бүртгэгдсэн, уг өмчлөгчийн хүсэлтээр 1 дүгээр давхрын 1026 тоот 25 м2 талбай нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203043836 дугаарт салж бүртгэгдсэн байна" гэжээ. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 280 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээсэн. 2. Дээрх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захирамжаар тухайн 25м.кв талбайн Улсын бүртгэл нь хууль зөрчөөгүй, өмчлөгч нь хууль ёсны болохыг тогтоосон байхад ЗХШХШТ хуулийн 34.4 болон ИХШХШТ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 280 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байхад дээрх үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой, яг адилхан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч, дахин шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол Их тойруу гудамж 54 дүгээр барилгад иргэд, аж ахуй нэгж олноор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох Д.Баясгалангийн өмчлөлийн талбайд харуул хамгаалалтын хэсэг байршуулан үнэ төлбөргүй ашиглах зорилгоор "Компьютер төвийн барилга өмчлөгчдийн холбоо" ГҮТББ-ын захиалгаар ийнхүү удаа дараа шүүхэд хандаж байгааг шүүх анхаарч үзнэ үү. Мөн түүнчлэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл нэг жил гаруй хугацаанд хойшлуулж, талбайг чөлөөлж өгөхгүй байгаа төдийгүй "Лидер Финанс ТМ3" ХХК буюу банк бус санхүүгийн тухайн барилгын 12 давхарт оршин суугч нь ямар гэрээ холбогдох баримтыг үндэслэн ийнхүү нэхэмжлэл гаргах эрх үүссэн нь тодорхой нотлох баримтгүй байна. Гэтэл дээрх шүүгчийн захирамжид 2017 онд Монголын мэдээлэл технологийн хөгжүүлэлтийн холбоо ТББ-ын өмчлөлд бүхэлдээ бүртгэгдсэн үүнээс хойш Д.Баясгалангийн өмчлөлд байгаа гэж дүгнэсэн.

Иймд энэхүү нэхэмжлэлийг ЗХШХШТ хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д Нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа, мөн хуулийн 109,2-т энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж зааснаар нэн даруй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

гэжээ.

 

   

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх Лидер Финанс ТМЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дараах үндэслэлээр Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, их тойруу гудамж, 54 дугаартай барилгын 1 давхар 1026 тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2203043836 хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс дахин акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

2.Лидер Финанс ТМЗ ХХК-д 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол их тойруу гудамж 54 дугаартай барилгын 12 давхар 1203 тоот хаягт байршилтай 80 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2203032637 дугаартай хөрөнгийн эрхийн гэрчилгээ олгогджээ.

3.Нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, их тойруу гудамж, 54 дугаартай барилгын 1 давхар 1026 тоот хаягт байршилтай 25 м.кв талбайг нийтийн эзэмшлийн талбай гэж марган өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэжээ.

4.Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нийтийн ашиг сонирхлыг төлөөлж нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3. Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна:, 18.3.1.нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх;,18.3.2.дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх. гэж тус тус заасны дагуу Лидер финанс ТМЗ ХХК нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрхгүй буюу хуульд заасан шаардлагыг хангахгүй учир түүнийг нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрхтэй гэж шүүх үзээгүй.

5.Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа; гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 9860 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1042 дугаар тогтоолоор дүгнэсэн байх тул хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй.

6. Харин Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Улсын бүртгэгч дараахь үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана: 8.1.3. хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй., мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т Улсын бүртгэгч дараахь үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана: 29.1.3. мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж тус тус заажээ.

7.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, тухайн барилгын өмчлөгчөөс анх улсын комиссын акттай хавсарган өгсөн барилгын зургийг гуравдагч этгээдээс маргаан бүхий талбайг өмчлөгчөөр бүртгүүлэхдээ өгсөн барилгын зурагтай тохирч байгаа эсэхийг улсын бүртгэлийн байгууллага бүртгэл хийхдээ тулгаж үзэлгүйгээр иргэн Д.Баясгаланд Ү-2203043836 дугаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

8.Өөрөөр хэлбэл дээрх зөрүүтэй байдлыг Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс шалган тогтоосны эцэст бүртгэл хийх нь хуулиар хүлээсэн тухайн байгууллагын үүрэг бөгөөд дээрх ажиллагааг шүүх төрийн захиргааны байгууллагын өмнөөс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хариуцагч Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс гуравдагч этгээдээс гаргасан хүсэлтэд хавсаргасан зураг болон улсын комиссын акттай хавсарган өгсөн өмчлөгчийн барилгын зурагтай тулган нарийвчлан шалгасны эцэст дахин акт гаргуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

9.Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 54 дугаартай барилгын 1 давхар, 1026 тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2203043836 хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол их тойруу гудамж 54 дугаартай барилгын 1 давхар 1026 тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2203043836 хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол их тойруу гудамж 54 дугаартай барилгын 1 давхар 1026 тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2203043836 хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ