| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2022/02324/И |
| Дугаар | 181/ШШ2023/00891 |
| Огноо | 2023-03-23 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2023/00891
| 2023 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 181/ШШ2023/00891 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ЗО ХХК/РД: /,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхцэцэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов. Нэхэмжлэгч ПХХК-ийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ПХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ПХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Ч.Тамир би Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2022 оны 04-р сарын 29-ний өдрийн 4-184/9138 тоот мэдэгдэлтэй танилцаад дараах нэхэмжлэлийг гаргаж байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ПХХК /РД:2843749/-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Чулуун, Ч.Пунсалдулам нарын өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй улсын бүртгэлийн Ү-2201042092 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Мандал овоо 2 дугаар гудамж 7 тоот хаягт байршилтай 328 метр квадрат талбайтай хувийн сууц, мөн хаяг байрлах нэгж талбарын 18634312388122 дугаарт бүртгэлтэй 693 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 184-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Ч.Энхтуяагийн хүсэлтээр Ашид Билгүүн ХХК-аар үнэлүүлж 196,730,040 /нэг зуун ерэн зургаан сая долоон зуун гучин мянга дөч/-н төгрөгөөр БЗД-ийн Дарь-Эх, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд байрлах тус тус газруудтай харьцуулан үнэлсэн байна.
Тухайн газар нь байрлалын хувьд гэр хороололд дунд боловч хажуугаараа засмал зам тавигдаж дэд бүтцийн хувьд шийдэл сайтай харьцуулагдсан газруудаас ялгаатай нь газар төлөвлөлтийн төлөвлөгөөнд багтсан бөгөөд дээрх үнэтэй нийцэхгүй хэд дахин илүү үнэлэгдэх нөхцөлтэй газар юм. Тухайн газрыг 2 жилийн өмнө буюу инфляцын түвшин бага байхад 2020 онд банкаар үнэлүүлэн зээлийн эдийн засагчид үзүүлж судлуулахад 300,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан бөгөөд одоо үл хөдлөх хөрөнгө 2022 он гарсаар 40 хувиар ихэссэн байхад ийм үнэлгээтэй гарсан байна. Банк нь зах зээлийн ханшаас доогуур үнэлдэг байхад бодит үнэлгээг гаргадаг үнэлгээний байгууллага нь банкнаас дор үнэлж байгаад гомдолтой байна. Дэд бүтэц, зам харилцаа, газар төлөвлөлт зэргийг харьцуулаагүй ерөнхий байдлыг өнгөц дүгнэсэн байна. Мөн газар, өрөө, зохион байгуулалтын хувьд өргөн давуу талтай байхад энэ бүгдийг харьцуулж үнэлгээ хийгдээгүй дутуу хийгдсэн гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үндэслэлгүй үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2021/01344 дүгээр захирамжаар ПХХК-иас 242.524.828 төгрөгийг гаргуулж ЗО ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч хуулийн этгээдийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ПХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Чулуун, Ч.Пунсалдулам нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2201042092 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 2 дугаар гудамж, 7 тоотод байрлах 328 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 18634312388122 дугаартай, 693 метр квадрат талбайтай газрын хамт битүүмжлэн, хураасан.
Төлбөр төлөгч хуулийн этгээд болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, төлбөр авагч барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг гаргахдаа харилцан тохиролцоогүй бөгөөд төлбөр авагч талаас үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд талууд тохиролцоогүй тул 202 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/107 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн шинжээч Ч.Жамъян үнэлгээ тогтоосон.
Эд хөрөнгийн үнэлгээг талуудад 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 4-184/9137, 4-184/9138, 4-184/9139 тоот албан бичгээр тус тус мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч ЗО ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ПХХК 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дараа 6 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгүүлэх хүсэлт гаргаж шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Үүнээс хойш нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн байдлаар шүүхэд ирж хэргийн материалтай танилцаагүй. Энэ нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилготой байна. Хөрөнгийн үнэлгээг үнэн зөв, бодитой хийсэн гэж үзэж байгаа. Харьцуулан үнэлгээ хийсэн. Ойролцоо байршилтай газруудтай үнэлсэн. Үнэлгээн дээр санал зөрөхгүй. гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ЗО ХХК-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэлд дурдсан үйл баримт байхгүй учраас хөрөнгийн үнэлгээ үндэслэл бүхий бодитой гарсан гэдэг хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж байна. Хариуцагч компани хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хаягаа өөрчлөлттэй байдлаар хэлдэг. Хамгийн сүүлд 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж, Чонон бөрт төв, 210 тоот гэх хаягийг өгсөн. Энэ хаягт байгаа гэж илэрхийлсэн. Шүүхээс явуулсан ажиллагаа хууль ёсны гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан ПХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ПХХК-ийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 4-184/11026 дугаар мэдэгдэл, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6/24 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, хариуцагчийн баримтаар гаргасан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 02-ны өдрийн 184/ГХ2021/01273 дугаар гүйцэтгэх хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 сарын 07-ны өдрийн 184/ШШ2021/01344 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 02-ны өдрийн 184/ШЗ2021/12520 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22280010 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 сарын 13-ны өдрийн 22280010/02 дугаар Зарлан дуудах мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 сарын 13-ны өдрийн 22280010/01 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 сарын 16-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 сарын 16-ны өдрийн 22280010/03 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 сарын 20-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 сарын 20-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 01 сарын 11-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 02 сарын 24-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1/47 дугаар Төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 4-184/22743 дугаартай албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 22280010/01-184 дугаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 11 сарын 30-ны өдрийн 1893 дугаар Сонгинохайрхан дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 04 сарын 07-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 04 сарын 07-ны өдрийн 22280010/05 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 сарын 7-ны өдрийн 4-184/7389 дугаар албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 04 сарын 11-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Лавлагаануудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 сарын 13-ны өдрийн 4-184/7766 дугаар мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 сарын 13-ны өдрийн 4-184/7767 дугаар мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 сарын 13-ны өдрийн 4-184/7767 дугаар мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 сарын 13-ны өдрийн 4-184/7769 дугаар мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 04 сарын 13-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 04 сарын 18-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 04 сарын 18-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 38/22 дугаар ПХХК-ийн саналын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 22/205 дугаартай ЗО ХХК-ийн хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Чулууны , 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн үнийн саналын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/107 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцууж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 04 сарын 28-ны өдрийн ТХҮ-422-3595 Ашид билгүүн ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 4-184/9137 дугаар мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 4-184/9138 дугаар мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 04 сарын 29-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Проспекст интернэшнл ХХК хариуцагч*******т холбогдуулан эрхийн улсын Ү-2201042092 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 2 дугаар гудамж, 7 тоот хаягт байрлах 328 метр квадрат талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 18634312388122 дугаартай, 693 метр квадрат талбайтай газрын үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч******* нь нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэж маргасан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ЗО ХХК нь үнэлгээг үнэн зөв, бодитой хийсэн гэж үзэж байгаа гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2021/01344 дугаар захирамжаар ПХХК-иас 241,841,250 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 683,578 төгрөгийг гаргуулан ЗО ХХК-нд олгохоор, хэрэв ПХХК нь төлбөр төлөх үүргээ зохих ёсоор, бүрэн биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 2 дугаар гудамж, 7 тоот хаягт байрлах, эд хөрөнгийн эрхийн Ү-2201042092 дугаартай, 328 метр квадрат талбай бүхий хувийн сууц/цаашид Хувийн сууц гэх/, мөн хаягт бүртгэлтэй нэгж талбарын 18634312388122 дугаартай, 693 метр квадрат талбайтай газар/цаашид Газар гэх/-р үүргийн гүйцэтгүүлэх хангуулахаар шийдвэрлэж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 184/ШЗ2021/12520 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж бичигдэж, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 184/ГХ2021/01273 дугаар гүйцэтгэх хуудас олгогдон, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн болох нь 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2021/01344 дугаар шүүгчийн захирамжийн болон 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 184/ШЗ2021/12520 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 184/ГХ2021/01273 дугаар гүйцэтгэх хуудсын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22280010 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Хувийн сууцны өмчлөгчөөр иргэн Ч.Пунсалдулам, Д.Чулуун нар бүртгэлтэй, Газрын эзэмшигчээр иргэн Ч.Пунсалдулам бүртгэлтэй болох нь 000404531 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн № 4-184/7389 дугаар албан бичгийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2021/01344 дугаар захирамжийн хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно., 44.2.8-д гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ... гэж заасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч нь Хувийн сууц болон Газрыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр битүүмжлэн, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хураасан болох нь 22280010/04 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын болон 22280010/05 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:, 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө; гэж заасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч болон төлбөр авагч ЗО ХХК, өмчлөгч Д.Чулуун нар нь Хувийн сууц болон Газрын үнэлгээг тохиролцоогүй болох нь Д.Чулууны 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан Үнийн саналын хуулбар, ПХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №38/22 Үнийн санал хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ЗО ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн № 22/205 Хүсэлт гаргах тухай албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна ... тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч ... бусад этгээдэд даалгах ... тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө., 14.3-т Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй ... тохиолдолд баталгаат шуудангаар хүргүүлнэ. гэж заасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь Хувийн сууцны өмчлөгч болон Газрын эзэмшигч болох Ч.Пунсалдуламд үнийн санал ирүүлэх тухай Мэдэгдлийг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн болох нь 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн № 4-184/7769 дугаар Мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.
Хувийн сууцны өмчлөгч болон Газрын эзэмшигч болох Ч.Пунсалдуламд үнийн санал ирүүлээгүй болох нь Д.Чулууны 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан Үнийн саналын хуулбар, ПХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №38/22 Үнийн санал хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ЗО ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн № 22/205 Хүсэлт гаргах тухай албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шинжээчээр Ашид билгүүн ХХК-ийг томилж, шинжээч Ашид билгүүн ХХК нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Үнэлгээний тайлан гаргасан болох нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4/107 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын болон Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.
2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Үнэлгээний тайланг хариуцагч нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авсан болох нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Үнэлгээний тайлангийн хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн актын хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо ... мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталгаат шуудангаар 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Үнэлгээний тайланг нэхэмжлэгчид хүргүүлсэн болох нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн № 4-184/9138 Мэдэгдлийн хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд гаргасан болох нь тус шүүхийн нэхэмжлэл хүлээн авсан дардсаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хувийн сууц болон Газрын үнэлгээг мэдсэн байх боловч 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.
Иймд Хувийн сууц болон Газрын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ПХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
тогтоох нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ПХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч ПХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ