Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2023/01073

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2023/01073

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Б.Түмэнцэцэг, шүүгч Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б/РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С АКК ББСБ ХХК/РД: 5/-д холбогдох,

 

60,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва, иргэдийн төлөөлөгч Н.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр АКК ББСБ ХХК-тай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар №ЗГ 2019/66 тоот зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү зээлийн үндсэн хүүгийн 20% байхаар харилцан тохиролцож 3 сарын хугацаатайгаар зээлдэн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг 20-70 УБА улсын дугаартай Ford F-150 0 маркийн автомашинаар хангуулахаар тохиролцон автомашиныг 60,000,000 төгрөгөөр үнэлэн БГ/2019/66 дугаартай барьцааны гэрээг байгуулсан.

Уг гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан борлуулах буюу захиран зарцуулах эрхийг нь шууд шилжүүлэх зорилгогүй байсан. Гагцхүү зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр гүйцэтгээгүй үүргийг хангуулахаар худалдан борлуулах эрхтэй гэж ойлгож гэрээг байгуулсан.

2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үндсэн зээлд 27,600,000 төгрөг, зээлийн хүүнд 2,400,000 төгрөг төлж барагдуулсан бөгөөд түүнээс хойш цаг үеийн байдалтай холбоотойгоор эрхэлж буй бизнес маань зогсонги байдалд орж зээлээ төлөх боломжгүй болсон. 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Азикапитал корпорэйшн ББСБ ХХК нь шүүхэд зээлийн үлдэгдэл 32,400,000 төгрөг, зээлийн хүү 27,918,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,583,600 төгрөг нийт 65,901,600 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаанд тавьсан автомашинаар хангуулах тухай нэхэмжлэл гаргаж 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2021/00834 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэгт 64,799,398 төгрөг гаргуулж, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан хариуцагч үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйл болох нэхэмжлэгч АКК ББСБ ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн 20-70 УБА улсын дугаартай, Ford F-150 0 маркийн автомашины үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарсан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 968 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэн, хуулийн хүчин төгөлдөр болсон. Тухайн үед Б.Б нь ЗГ/2019/66 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах БГ/2019/66 дугаартай барьцааны гэрээнд заасан 20-70 УБА улсын дугаартай Ford F-150 0 маркийн автомашинтай холбоотойгоор сөрөг нэхэмжлэл болон шаардлага гаргаагүй тул уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт ... нэхэмжлэгчид барьцааны зүйлийг захиран зарцуулах эрх хууль болон гэрээгээр олгогдсон нь түүний хүлээх үүрэг бус харин хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй тул..." гэж дурджээ. Энэ нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг барьцааны зүйлээр хангуулах үүргийг Б.Б хүлээж байгааг харуулж байгаа байх тул шүүхийн шийдвэрийг биелүүлж, барьцааны зүйлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар АКК ББСБ ХХК-д хандсан боловч автомашиныг надад өгөөгүй, мөн түүнчлэн автомашин /барьцааны зүйл/-ыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн, худалдан борлуулсан байх тул барьцааны гэрээгээр харилцан тохиролцсон үнэ болох 60,000,000 төгрөгийг АКК ББСБ ХХК-аас гаргуулж, миний эрх ашиг сонирхлыг хамгаалан, шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломж олгон нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү.

Банк бус санхүүгийн байгууллага машиныг 60,000,000 төгрөгөөр худалдан борлуулах эрхтэй байсан. Гэвч энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Шүүхээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гарсан. Давж заалдах шатны шүүхийн магадлал 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гарсан. Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад худалдан борлуулсан байдаг. гэв.

 

Хариуцагч АКК ББСБ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч АКК ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва миний бие нэхэмжлэгч Буянт овогт Батсайханы Б /РД:УХ94061535/-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гардан авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Буянт овогт Батсайханы Б /РД: УХ94061535/-нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/2019/66 дугаартай зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлийг 2 тал сайн дурын үндсэн харилцан тохиролцож, зээлийн барьцаанд 20-70 УБА улсын дугаартай Ford F-150 0 маркийн автомашиныг барьцаалж зээл авсан. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхой бус 20-70 УБА улсын дугаартай Ford F-150 0 маркийн автомашиныг хариуцагчаас гаргуулах гээд байгаа юм уу эсвэл 60,000,000 төгрөг гаргуулах гээд байгаа эсэх нь тодорхойгүй байна.

2. Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, маргаж буй маргааны зүйлийн талаар хуулийн хүчин төгөлдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 182/ШШ2021/00834 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 968 дугаартай магадлал, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 182/Ш32021/07567 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 182/ГХ2021/00532 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас тус тус байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

3. Мөн зээлдэгч Б.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлдүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, зээлдүүлэгчийн удаа дараагийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байсан тул зээлийн болон барьцааны гэрээ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-д заасны дагуу барьцааны зүйлийг үл маргах журмаар гэрээний хугацаа дуусмагц өөрийн өмчлөлийн 20-70 УБА улсын дугаартай Ford F-150 0 маркийн автомашины захиран зарцуулах эрх нь шууд зээлдүүлэгчид үүснэ гэж хуульчилсан байна.

Иймд нэхэмжлэгчийн хууль бус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Хуульд зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Бид Б.Бат-Эрдэнийн өмчлөлийн эд зүйлийг худалдан борлуулаагүй, гэм хорын хохирол учруулсан зүйл байхгүй. Гэм хорын хохиролд 60,000,000 төгрөг гаргуулах асуудал хууль зүйн үндэслэлгүй байна. Төлбөрийг төлж барагдуулаагүй бол автомашиныг худалдан борлуулна гээд мэдэгдээд явж байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл хангалттай тогтоогдсон байна. гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Н.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 60 саяар зарцан зөрүүг нь өгөх байх. Дутуу зарсан мөнгийг нь буцааж өгөх байх. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04-р сарын 09-ний өдрийн 182/ШШ2021/00834 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06-р сарын 14-ний 968 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 07-р сарын 31-ний өдрийн ЗГ/2019/66 Зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 07-р сарын 31-ний өдрийн БГ/2019/66 Барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, АКК ББСБ ХХК-ийн хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2022/13831 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан АКК ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АКК ББСБ ХХК-ийн 2020 оны 03 сарын 02-ны өдрийн 18 дугаар Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АКК ББСБ ХХК-ийн 2020 оны 06 сарын 09-ний өдрийн 34 дугаар Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, АКК ББСБ ХХК-ийн 2020 оны 12 сарын 10-ны өдрийн 86 дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Худалдах, худалдан авах тухай гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад, шүүхийн журмаар бүрдүүлсэн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №388 Албан бичиг болон Лавлагааг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч АКК ББСБ ХХК-д холбогдуулан гэм хорд 60,000,000/жаран сая/ төгрөгийг агргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч АКК ББСБ ХХК нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т заасны дагуу барьцааны зүйлийг үл маргах журмаар гэрээний хугацаа дуусмагц өөрийн өмчлөлийн 20-70 УБА улсын дугаартай Ford F-150 0 маркийн автомашины захиран зарцуулах эрх нь шууд зээлдүүлэгчид үүснэ гэж хуульчилсан гэж маргасан.

 

Иргэдийн төлөөлөгч Н.Батцэцэг нь жаран саяар зарцан зөрүүг нь өгөх байх гэсэн дүгнэлт гаргасан.

 

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт дор дурдсан үндэслэлээр үндэслэлтэй байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчтай ЗГ/2019/66 дугаар Зээлийн гэрээ болон №БГ/2019/66 Барьцааны гэрээ байгуулсан болох нь ЗГ/2019/66 дугаар Зээлийн гэрээ болон №БГ/2019/66 Барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/2019/66 дугаар Зээлийн гэрээний 2-ын 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5, 3-ын 3.6-д зааснаар хариуцагч нь 60,000,000/жаран сая/ төгрөгийг, сарын 5/тав/ хувийн хүүтэй, 3/гурав/ сарын хугацаатай, нэмэгдүүлсэн хүү зээлийн үндсэн хүүгийн 20/хорь/ хувьтай тэнцүү байхаар нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний Хавсралт1-т заасан хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь ЗГ/2019/66 дугаар Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №БГ/2019/66 Барьцааны гэрээний 1-ийн 1.1, 1.2, 2-ын 2.1-т зааснаар нэхэмжлэгч нь ЗГ/2019/66 дугаар Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20-70 УБА улсын дугаартай Ford F-150 0 маркийн автомашиныг 60,000,000/жаран сая/ төгрөгөөр үнэлэн хариуцагчид барьцаалуулсан болох нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №БГ/2019/66 Барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №БГ/2019/66 Барьцааны гэрээг байгуулахад 20-70 УБА улсын дугаартай Ford F-150 0 маркийн автомашин нь Аллианс капитал ББСБ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан болох нь Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №388 Албан бичиг болон Лавлагаагаар тогтоогдож байна.

 

2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №БГ/2019/66 Барьцааны гэрээг байгуулснаар 20-70 УБА улсын дугаартай Ford F-150 0 маркийн автомашин нь хариуцагч АКК ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №388 Албан бичиг болон Лавлагаа, Техникийн тодорхойлолтын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1Хөдлөх ... эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна., 156 дугаар зүйлийн 156.1Барьцааны гэрээг бичгээр байгуулна., 451 дүгээр зүйлийн 451.1Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/2019/66 дугаар Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №БГ/2019/66 Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан Барьцааны гэрээ/цаашид Барьцааны гэрээ гэх/ шинжтэй байна.

 

20-70 УБА улсын дугаартай Ford F-150 0 маркийн автомашин нь Барьцааны гэрээг байгуулахаас өмнө нь Аллианс капитал ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Барьцааны гэрээг байгуулснаас хойш АКК ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан боловч нэхэмжлэгч Б.Б нь уг автомашиныг бодитойгоор эзэмшиж ашиглаж байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар мараагүй болно.

 

Гэрээ болон Барьцааны гэрээ нь Иргэний хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2021/00834 дугаар Шийдвэрийн болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 968 дугаар Магадлалын хуулбараар тогтоогдож байна.

 

АКК ББСБ ХХК нь Б.Бэс Гэрээний үүрэгт 65,901,600 төгрөгийг гаргуулах тухай, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2021/00834 дугаар Шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 968 дугаар Магадлалаар Б.Бэс 64,799,398/жаран дөрвөн сая долоон зуун ерэн есөн мянга гурван зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулж АКК ББСБ ХХК-д олгохоор, Б.Б үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйл болох 20-70 УБА улсын дугаартай Ford F-150 0 маркийн автомашины үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгажээ.

 

Шүүх АКК ББСБ ХХК-ийн Б.Бд холбогдох Гэрээний үүрэгт 65,901,600 төгрөгийг гаргуулах тухай, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад хариуцагч АКК ББСБ ХХК нь 20-70 УБА улсын дугаартай Ford F-150 0 маркийн автомашиныг иргэн Ц.Эрдэнэ-Очирт 35,000,000/гучин таван сая/ төгрөгөөр худалдан борлуулсан болох нь 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч нь шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад автомашиныг худалдан борлуулсан гэх гэм хорд 60,000,000/жаран сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2021/00834 дугаар Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад буюу 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн автомашиныг худалдан борлуулсан байна.

 

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй хугацаанд хариуцагч нь 20-70 УБА улсын дугаартай Ford F-150 0 маркийн автомашиныг худалдан борлуулсан байх боловч дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчид гэм хорыг бус харин учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй.

 

Барьцааны гэрээний 2-ын 2.1-т ... барьцаанд дараахь зүйлийг талуудын тохиролцсон үнэлгээгээр барьцаалсан болно. Үүнд: ... Барьцааны зүйлийн албадан борлуулах үнэ 60,000,000 ..., 5-ын 5.4-т Барьцааны зүйлийг гэрээний 2.1-д заасан аргаар тогтоосон үнээр ББСБ зээлийн өр төлбөрт тооцон шилжүүлэн авах, эсхүл гуравдагч этгээдэд шууд худалдан борлуулж болно. гэжээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх тухай нэхэмжлэгчид мэдэгдэж байсан гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь мэдэгдлүүдийг хүлээж авсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-т ... гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана., 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ., 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Барьцааны гэрээний нэг тал тул хариуцагчаас үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар зохигчид Барьцааны гэрээний 5-ын 5.4-т барьцааны зүйл 20-70 УБА улсын дугаартай Ford F-150 0 маркийн автомашиныг 60,000,000/жаран сая/ төгрөгөөр гуравдагч этгээдэд шууд худалдан борлуулж болох талаар заажээ.

 

Барьцааны гэрээний 5-ын 5.4-т зааснаар хариуцагч нь 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ц.Эрдэнэ-Очирт 20-70 УБА улсын дугаартай Ford F-150 0 маркийн автомашиныг худалдан борлуулсан байх боловч уг автомашиныг 35,000,000/гучин таван сая/ төгрөгөөр худалдан боруулсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Барьцааны гэрээний 5-ын 5.4-т зааснаар хариуцагч нь 20-70 УБА улсын дугаартай Ford F-150 0 маркийн автомашиныг 60,000,000/жаран сая/ төгрөгөөр худалдах тус гэрээний үүргээ зөрчсөн байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирол 25,000,000/60,000,000-35,000,000=25,000,000/ /хорин таван сая/ төгрөгийг хариуцах үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас учирсан хохиролд 25,000,000/хорин таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 35,000,000/гучин таван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх бүрэлдэхүүн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч АКК ББСБ ХХК-иас нийт 25,000,000/хорин таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, үлдсэн 35,000,000/гучин таван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.              Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч АКК ББСБ ХХК-иас нийт 25,000,000/хорин таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, үлдсэн 35,000,000/гучин таван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АКК ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

 

3.              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ

 

 

шүүгч Б.Түмэнцэцэг

шүүгч Г.Энхцэцэг