Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2023/01222

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сары 20 өдөр

181/ШШ2023/01222

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: З.Г/РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******т холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ГБХХК/РД: /,

 

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагсүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баяраа, гэрч Б.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч З.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 181/00048 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 665 дугаар магадлалаар З.Гаас 436,465,000 төгрөгийг гаргуулж ГБХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь З.Г миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203009900 дугаартай Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо , 50 мянгат Хар чонот 11 дүгээр байрны 19 тоот хаягт байршилтай 131 м.кв талбай бүхий таван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ үнэлгээний тухай хуульд зааснаар тэгш байдлыг хангаагүй мөн уг үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн тул уг үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

ГБэнэ байранд үнэ өгч байгаагүй юм байна. ГБүнэ өгөөд зөрөлдвөл шинжээч томилно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хөрөнгийн үнэлгээний байгууллагатай гэрээ байгуулсан зүйл байхгүй. Гэрчилгээ шийдвэр гүйцэтгэлийн хавтаст хэрэгт алга байна. Гэрчилгээ байхгүй байхад шийдвэр гүйцэтгэх байгууллага хараат бус байдлыг алдагдуулаад өөрсдөө 131 метр квадратаар үнэлээрэй гээд гаргасан. Энэ нь бодит байх боломжгүй. Үнэлгээчнээс тусгай зөвшөөрөл байгаа юу гэж асуухад байхгүй гэж хариулсан. Бид хэмжсэн, хана буулгасан эсэхийг мэдэхгүй гэсэн. Тусгай зөвшөөрөлтэй хүмүүсийг урьж оролцуулдаг. Үнэн зөв хэмжсэн гэж үзэх нотлох баримт байхгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Хашаа, байшин авч амьдрах боломжийг үнэлгээгээр хаагаад байна. Үнэлгээ үнэн зөв болж чадаагүй учир үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.Гын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00048 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 665 дугаар магадлалаар 436.465.068 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгох, төлбөр төлөгч шийдвэрийг сайн дугаар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012656 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 45 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай, 54 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013705 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 45 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, 57 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012471 дугаартай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 45 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай, 44.25 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгө, мөн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009900 дугаартай Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат Хар чонот 11 дүгээр байрны 19 тоот 131 м.кв талбайтай 5 өрөө орон сууцнаас хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч З.Гын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009900 дугаартай Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат Хар чонот 11 дүгээр байрны 19 тоот 131 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3/18281198 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18281198/152 дугаар тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч З.Г нь өөрийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009900 дугаартай Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат Хар чонот 11 дүгээр байрны 19 тоот 131 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1.500.000.000 төгрөгөөр үнийн санал өгсөн.

Төлбөр авагч*******наас төлбөр төлөгчийн ирүүлсэн үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй шинжээч томилуулж үнэлгээ хийлгүүлэх талаар хүсэлт ирүүлсэн.

Тус газрын 2022 оны 6/165 тоот шинжээч томилох тухай тогтоолоор үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг томилж, шинжээч Б.Батзаяа нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000994 дугаартай үл хөдлөхийг 435 384.970 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-д заасны дагуу талуудад тус тус мэдэгдэж, үнэлгээний тайланг хүргүүлсэн.

Тус газраас зохион байгуулсан 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд 435.384.970 төгрөгийн 70 хувь буюу 304.769.479 төгрөгөөр оруулахад худалдан борлогдоогүй тул 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд дээрх үнэлгээний 50 хувь буюу 217.692.485 төгрөгөөр оруулахаар нийтэд мэдээлэхэд талууд харилцан тохиролцсон хүсэлт гаргаж албадан дуудлага худалдаанаас хасуулсан.

Төлбөр төлөгч З.Г нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат Хар чонот 11 дүгээр байрны 19 тоот 131 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 10511 дугаартай захирамжаар түдгэлзүүлсэн.

Манайд шүүхээс гарсан захирамжийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж гэрчилгээг хуулбараар авч ирдэг. Гэрчилгээг үндэслэж эд хөрөнгийг битүүмжлэх, хураах тогтоол үйлдэнэ.

Төлбөр төлөгч нь үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар удаа дараа гомдол гаргаж хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх тул З.Гын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ГБХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 131 метр квадрат гэж гаргасан шинжээчийн дүгнэлттэй санал нэг байна. Өөр нэмж хэлэх зүйл алга байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан З.Гын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 4-152/11913 дугаар мэдэгдэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00048 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 665 дугаар магадлалын хуулбар, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Үнэлгээний Олон Улсын Стандарт (ҮОУС), бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн баримтаар гаргасан ГБХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 08 сарын 04-ний өдрийн 734 дугаар*******ны гүйцэтгэх захирлын тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 08 сарын 04-ний өдрийн Зээлийн төлбөрт тооцож хөрөнгө шилжүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ГБХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 08 сарын 04-ний өдрийн 734 дугаар*******ны гүйцэтгэх захирлын тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан 2018 оны 09 сарын 14-ний өдрийн 867 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00048 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 665 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18281198 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 01 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 3 сарын 14-ний өдрийн 3/18281198 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 сарын 11-ний өдрийн 18281198/152 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 5 сарын 11-ний өдрийн тэмдэглэл, 2022 оны 5 сарын 11-ний өдрийн 2022/01 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр З.Гын гаргасан үнийн саналын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн*******ны хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6/165 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022 оны 06-р сарын 06-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 сарын 08-ны өдрийн 4-152/11913 дугаар мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 сарын 08-ны өдрийн 4-152/11914 дугаартай мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7/23 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 сарын 13-ны өдрийн 4-153/12914 дугаартай мэдэгдэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 08 сарын 09-ний өдрийн*******ны хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 сарын 23-ны өдрийн 4-153/12913 дугаар мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 07 дугаар сарын 08-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8/14 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 07 сарын 22-ны өдрийн 4-152/13820 дугаар мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 07 сарын 22-ны өдрийн 4-152/13821 дугаар мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Өнөөдөр сонины нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч З.Г хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ГБХХК нь шинжээчийн дүгнэлттэй санал нэг байна гэх тайлбар гаргасан.

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00048 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 665 дугаар магадлалаар хариуцагч З.Гаас 434,136,435/дөрвөн зуун гучин дөрвөн сая нэг зуун гучин зургаан мянга дөрвөн зуун гучин тав/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 2,328,633/хоёр сая гурван зуун хорин найман мянга зургаан зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулан ГБХХК-д олгохоор, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хариуцагчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009900 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 50 мянгат Хар чонот 11 дүгээр байрны 19 тоотод байрлах, 131 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012656 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 45 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, 54 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012471 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 45 дугаар байрны 3 тоотод байрлах, 44.25 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203013705 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 45 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, 57 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнаас, түүнчлэн Л.Мөнхбаярын эзэмшлийн Ниссан икс трэйл маркийн 79-79 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээс хангуулахаар шийдвэрлэж, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 867 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас олгогдож, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18281198 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн болох нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00048 дугаар шийдвэрийн болон 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 665 дугаар магадлалын хуулбар, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 867 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудсын болон 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18281198 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно., 44.2.8-д гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ... гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч нь Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 50 мянгат Хар чонот 11 дүгээр байрны 19 тоотод байрлах, 131 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр битүүмжлэн, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хураасан болох нь 3/18281198 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын болон 18281198/152 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:, 55.2.2үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө; гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч, төлбөр авагч нар нь Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 50 мянгат Хар чонот 11 дүгээр байрны 19 тоотод байрлах, 131 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны үнэлгээг тохиролцоогүй болох нь нэхэмжлэгчийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Үнийн саналын хуулбар, ГБХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №18/04-42022/0216 Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шинжээчээр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг томилж, шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК нь 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан болох нь 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 6/165 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг Хөрөнгө-Эстимэйт ХХК-иас 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан болох нь 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөрөнгийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчид 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэж, хүлээлгэн өгсөн болох нь 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн № 4-152/11913 Мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо ... мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан.

 

Хариуцагч нь 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчид 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэж, хүлээлгэн өгсөн боловч нэхэмжлэгч нь үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд гаргасан болох нь тус шүүхийн нэхэмжлэл хүлээн авсан дардсаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланг 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр мэдсэн боловч 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах 7/долоо/ хоногийн хугацааг хэтрүүлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гаргасан Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Гын Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч З.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Гын Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч З.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ