| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1914003140090 |
| Дугаар | 2021/ДШМ/040 |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2021/ДШМ/040
О.Г, Б.Б, Б.Н,
З.М, Ц.О, Ч.А нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Гантулга
Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Заантогтох /цахимаар/
Шүүгдэгч Ц.О, З.М, Ч.А, Б.Н / цахимаар/,
Шүүгдэгч нарын өмгөөөлөгч Ц.Баярмаа, Д.Мэндээ, Ц.Мөнхтуул, Г.Доржготов
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/254 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр О.Г, Б.Н, З.М, Ц.О, Б.Б, Ч.А нарт холбогдох эрүүгийн 1914003140090 дугаар хэргийг 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Б.Н, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2010 оны 7 дугаар сарын 05-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 1 жилээр тэнсэж хянан харгалзаж байсан,
Монгол улсын иргэн, З.М, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2003 оны 9 дүгээр сарын 15-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
2004 оны 8 дугаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож байсан,
Монгол улсын иргэн, Б.Б, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Монгол улсын иргэн, Ц.О, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүйулсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Монгол улсын иргэн, Ч.А, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Монгол улсын иргэн, О.Г, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1998 оны 3 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 5-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан,
Ч.А, Б.Н, Ц.О, О.Г, Б.Б, З.М нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран мандал” энтерпрайзес ХХК-ийн эзэмшлийн уурхайгаас 4 тонн хүдрийн баяжмалыг тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 3 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлж “Наран мандал” энтерпрайзес ХХК-ийн эд хөрөнгөд 1.663.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ч.А, Б.Н, Ц.О, О.Г, Б.Б, З.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх:
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл шүүгдэгч Ч.А, Б.Н, Ц.О, О.Г, Б.Б, З.М нарт холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов.
Үүнд Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад
1. Мөрдөгч, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж буй прокурор нь гэмт хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг зөвхөн хуулиар зөвшөөрсөн арга хэрэгслээр шалгаж тогтоох үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах, хуульд заасан журмыг зөрчих замаар цуглуулж бэхжүүлсэн баримтыг нотлох баримтаар тооцож болохгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан "...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх хүч хэрэглэхийг хориглоно...” гэсэн заалтыг ноцтой зөрчих тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар тухайн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, мөрдөгч нь гэмт хэрэгт холбогдуулан шууд нэр заасан, эсхүл хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж түүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5-т ..Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй ...., мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т ...Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй...", мөн зүйлийн 3-т ....Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно.... гэсэн заалтыг тус тус ноцтой зөрчих бөгөөд ийнхүү гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнээс хууль сануулж өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авахыг сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэнд тооцно. Харин мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн, хуулийн этгээд тодорхойгүй байгаа үөд тухайн хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж үзсэн хүнээс гэрчийн мэдүүлэг авч болох бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 –т заасан...гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй... болохыг мэдүүлэг авахаас өмнө тусгайлан тайлбарлах учиртай. Гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд ...Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Гэрч дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлнэ. Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ" гэснийг сануулж, өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг албадаж авах, хууль эрх зүйн мэдлэггүй хүнээс гэрчийн мэдүүлэг авахдаа өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөх эрхийг нь сайтар тайлбарлаж өгөхгүй байх, ийнхүү мөрдөгч гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авах, уг мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг яллах, улмаар шүүх тухайн нотлох баримтыг шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэл болгохыг зөвшөөрч болохгүй ба мөрдөгчөөс Б.Б, Б.Н, О.Г, З.М, Ц.О, Ч.А нараас гэрчийн мэдүүлэг авахдаа хууль зөрчиж мэдүүлэг авсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1-т.. эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн .....бусад эд зүйлс,... түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн , .... хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно... гэж хуульчилсан ба Наран мандал” энтерпрайзес ХХК-ийн баяжмал шороог зөөвөрлөх хэсэг рүү харуулсан төлөөр хяналтын бүх камерын бичлэгт бичигдсэн гэх сидиг хэрэгт хавсаргасан ба эд мөрийн баримтаар тооцох, прокурорын тогтоол /зөвшөөрөл/ хэрэгт авагдаагүй, түүнчлэн тухайн сиди хэрэгт хамааралтай эсэх / сиди бичигдсэн цаг хугацаа зөрүүтэй/, тэр өдөр 4, 5 дугаар постод гарч байсан ажилтан хүдрийг аваад явлаа гээд станцаар мэдээлсэн ба эдгээр хүмүүсээс тодруулж мэдүүлэг аваагүй. Түүнчлэн мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай...1.52 гр алтыг....тогтоол хэрэгт авагдсан ба Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын эд зүйл хадгалах өрөөнд хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл үйлдсэн ба эд мөрийн баримтаар тооцох, прокурорын тогтоол / зөвшөөрөл/ хэрэгт авагдаагүй.
3. Хохирогч Г.Эын... 2019 ны 03 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнийн 03-04 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Наран мандал” энтерпрайзес ХХК-ийн цагаан цахирын уурхайн хаягдлын далан дээрээс цагаан өнгийн портер маркийн автомашинтай 4 хүн ирж баяжмалтай хүдэр ачиж байгаад хамгаалалтын албаны ажилтанд баригдсан...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 137-140, 2 хх-ийн 1-2/,
Гэрч Б.Эын...шороог авахаар ирсэн 4 хүн захын хэсгээс биш харин өөрсдийнхөө унаж очсон машинаа захаар нь тавьчихаад баяжмалтай шороог асгасан хэсэгт алхаж очиж шуудайлж байгаад баригдсан,...дөрвөн хүний 2 нь хэлэхдээ бид нар өдөр энүүгээр явж байхдаа харахад энэ хэсгийн шороо ялгараад харагдаад байсан гэж хэлсэн. Шөнө 0З цагийн орчимд ирсэн, шороог 18 цагийн орчимд асгасан /гэгээ тасарсан байсан/. Тэр хүмүүс өдөр харсан гэх ба өдөр нь асгаагүй харин 18 цагийн үед асгасан. Тэгэхээр холоос ялгарч байна гэдэг нь худлаа....” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 77-78, 167-168/, Шүүгдэгч О.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... тухайн өдөр 3 удаагийн шороо буулгасан... би хог хаягдлын даланд буулгасан .. гэх мэдүүлэг
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэгт... тухайн үед жолооч ажиллаж байсан О.Г нь “Наран мандал” энтерпрайзес ХХК-ийн цагаан цахирын уурхайн хаягдлын далан баяжмалтай шороог 11 цагт асгасан... талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх сидийн бичлэгт тухайн шороо шүүгдэгч О.Г нь 11 цагийн үед буулгаж байгаа / цаг хугацааг тогтоох/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг” хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлохоор хуульчилсан бөгөөд эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэрэг хэзээ хаана гарсан, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг тогтоогоогүй
4. Шүүгдэгч Б.Нын шүүхийн хэлэлцүүлэгт....Манай байгууллагын хамгаалагч Гочоодорж, Мөнхбат гэх хүмүүс надтай уулзаад хаягдлын далан дээр хүдэр буулгамаар байна, чи О.Г ахтай нэг хэлтэст ажилладаг юм чинь хэлээд өгөөч гэж удаа дараа санал тавьсан. Тэгээд би Гочоодорж, Мөнхбат нар ийм зүйл яриад байна гэж О.Г ахад хэлсэн... гэх мэдүүлгийн зөрүүг арилгаагүй ба Прокурорын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн № 24 дугаар даалгаварт ...Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Наран мандал” энтерпрайзес ХХК-ийн цагаан цахирын уурхайд ажилладаг Х.Гочоодоржоос гэрчийн мэдүүлэг авах.. заагдсан ажиллагаа огт хийгдээгүй,
5. “Наран мандал” энтерпрайзес ХХК нь уурхайн үйл ажиллагаа явуулдаг гэх боловч Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутагт уурхай үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх болон холбогдох баримт хэрэгт авагдаагүй / уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл буюу улсын бүртгэлийн гэрчилгээ, лиценз, талбайн газрын солбицол, “Наран мандал” энтерпрайзес ХХК нь тухайн үйл ажиллагаа явуулах талаар тухайн сумтай гэрээ хийсэн буюу холбогдох гэрээ, кадастрын зураглал, баяжмалтай шороо асгасан гэх талбай “Наран мандал” энтерпрайзес ХХК-ийн эзэмшил мөн, уг талбайд хамаарагдах эсэх талаар шалгах/
6. гэрч Б.Мөнхбатын... баяжмал шороог зөөвөрлөх хэсэг рүү харуулсан. Маргааш нь 18 цагийн үед нөгөө шороог аваачиж хаягдал руу О.Г буулгасан...гэх мэдүүлэг, шүүгдэгч О.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт....хог хаягдлын хэсэг рүү андуураад буулгасан... гэх мэдүүлсэн бөгөөд “Наран мандал” энтерпрайзес ХХК-ийн газарт хог хаягдлын далан гэх хэсэгт хамаардаг эсэх болон шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцож байгаа улсын яллагчийн талаас хэргийн нөхцөл байдалд хийж буй үйл баримтыг болон эрх зүйн дүгнэлт гэдэг утгаараа шүүхийн шийдвэрийн нэгэн ажилд үндэслэл тодорхой, дүгнэлт ойлгомжтой байдлаар бичигдэх ба шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон /тухайн хэрэгт оролцсон оролцоог зөв тодорхойлж ирүүлээгүй/ талаар яллах дүгнэлтэд бичигдээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…”, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-т... энэ хууль засан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн хууль ёсны болон шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримталж ажиллах шаардлагатай бөгөөд үүнтэй холбоотойгоор дээр дурдсан асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийсний эцэст хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч Ч.А, Б.Н, Ц.О, О.Г, Б.Б, З.М нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Гантулга тус шүүхэд гаргасан 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 23 дугаар эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байна. Учир нь:
Гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүмүүсийг гэрчийн мэдүүлэг авсан талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтнээр мэдүүлэг авах ажиллагааг хуульчилсан боловч баривчилсан этгээдийг болон эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулахаар дуудагдсан этгээдийг сэжигтэн гэнэ гэж тодорхойлсон. Уг хэргийн хувьд тухайн үед гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдүүдийг баривчлах үндэслэл байхгүй, нотлох баримт хангалттай авагдаагүй үед эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах боломжгүй байсан тул зайлшгүй гэрчээр мэдүүлэг авах шаардлагатай байсан бөгөөд энэ нь хууль зөрчсөн зүйлгүй болно.
Нөгөөтээгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг бүртгэлтийн шатанд гэмт хэрэгт сэрдэгдэж буй этгээдээс гэрчийн мэдүүлэг авах боломжтой. Нэгэнт уг хэргийг олон хүмүүс бүлэглэж үйлдсэн тул тэдгээрийн үүрэг оролцоог тодруулах, ялыг ялгамжтай оногдуулах, хамтран оролцсон хэлбэрийг тодруулахын тулд тэдгээрээс зайлшгүй мэдүүлэг авах шаардлага үүссэн. Гэвч гэрчээр мэдүүлэг авч буй боловч тэдгээрт Үндсэн хуульд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн талаар болон өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийн талаар тус тус танилцуулж гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй болно. Түүнчлэн шүүгчийн захирамжийн уг заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн бөгөөд тэдгээр хүмүүсээс ямар байдлаар /оролцогчоор/, яаж мэдүүлэг авахыг шүүгчийн захирамжид тусгаагүй байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд эд мөрийн баримтыг хураан авахад прокурор зөвшөөрөл олгохоос бус эд мөрийн баримтаар тооцоход прокурор зөвшөөрөл олгохгүй. Эд мөрийн баримтаар тооцох нь мөрдөгчийн бүрэн эрхийн асуудал юм. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эд зүйлийг прокурорын зөвшөөрлөөр хураан авах, эсхүл оролцогчид өөрсдөө гаргаж өгөх гэсэн 2 хэлбэрээр эд зүйлийг хэрэгт хавсаргадаг. Хэрэгт хураагдсан сидиг хохирогч талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар гаргаж өгсөн нь хууль зөрчөөгүй болно. Сиди хэрэгт хамааралтай эсэхийг шүүх нотлох баримтыг шинжлэн судалсны эцэст үнэлж шийдвэрлэх боломжтой байхад хэрэгт хамааралтай эсэх гэж дурдаж хэргийг буцаасан нь үндэслэлгүй юм. Хэргийн үйл баримт хэрэгт авагдсан бүх баримтуудаар тогтоогдсон нэмж нотлох баримт цуглуулах шаардлагагүй болно. Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог тогтоон мэдүүлгүүд авч, хэргийн газрын нөхөн үзлэг хийж бусад баримтуудаар тогтоосон болно.
3. Гэмт хэрэг гарсан байдалд гэмт хэргийг хэзээ үйлдсэнийг тогтоох ёстой. Баяжмал бүхий шороог тухайн өдөр хаягдал цэг дээр буулгасан нь тогтоогдсон ба уг шороог гэмт этгээдүүд шөнийг 03-04 цагийн үед хулгайлж байгаад баригдаж гэмт хэрэг төгссөн үйл баримт тогтоогдсон. Харин уг шороог хэдэн цагт хаягдал дээр буулгасан нь ач холбогдолтой биш ба уг үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь хэргийн үйл баримтад огт нөлөөлөхгүй.
Шүүгдэгч Б.Нын мэдүүлэгт Гочоодорж, Мөнхбат шороо гаргах талаар надтай ирж уулзсан гэж мэдүүлдэг боловч Мөнхбат болон уурхайн хамгаалагч нар болон хамгаалалтын дарга нар нь Н нь манай хамгаалагч нартай уулзаж баяжмалтай шороо гаргах талаар хэлж ярьдаг талаар манай хамгаалагч нар бүгд хэлсэн тул хэзээ гаргахыг нь мэдэх ажиллагаа явуулсан, энэ хэрэгт Гочоодорж, Мөнхбат нар болон бусад хамгаалагч нар оролцоогүй болох талаар гэрчээр удаа дараа мэдүүлсэн. Нын мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдохгүй байхад түүний мэдүүлгийн эх сурвалжийг магадлан шалгах шаардлагагүй юм. Энэ хэрэгт Гочоодорж, Мөнхбат нар болон бусад хамгаалагч нар оролцоогүй болох нь тогтоогдсон. Гочоодорж нь одоо хаана байгаа болох нь тогтоогдоогүй тул түүнийг гэрчээр байцаагаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлын талаар нотлох үүрэг хүлээхгүй.”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй“ гэж заасан. Хэргийн талаар шүүгдэгч О.Г тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг бусад баримтаар тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой. Харин бусад яллагдагч нарын мэдүүлэг бусад баримтаар тогтоогдохгүй байх тул үнэлэх боломжгүй юм.
Шороо асгасан гэх талбай “Наран мандал энтерпрайзес” ХХК-ийн талбай мөн эсэхийг тогтоох нь хэрэгт огт ач холбогдолгүй бөгөөд харин уг асгасан баяжмал нь уг компанийн өмчлөл болох нь тогтоогддог болно.
Наран мандал энтерпрайзес XXX нь Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг гэх энэ талаар тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар маргаан гараагүй зөвхөн хулгайлах гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тул уг ХХК-ийн бичиг баримт, тусгай зөвшөөрлийг хэрэгт хавсаргах шаардлагагүй болно. Хог хаягдлын далан нь “Наран мандал энтерпрайзес” ХХК-ийн газарт хамаарах эсэх хэргийн зүйлчлэлд огт нөлөөлөхгүй бөгөөд харин тухайн хулгайлж буй эд зүйлс нь тухайн компанийн өмч болох нь нотлогддог болно.
Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бүрэн тогтоогдсон хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой болно.
Иймд эрүүгийн 1914003140090 дугаартай хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 254 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаана уу гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэвээр үлдээнэ үү гэцгээв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор Э.Гантулгын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:
Ч.А, Б.Н, Ц.О, О.Г, Б.Б, З.М нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран мандал” энтерпрайзес ХХК-ийн эзэмшлийн уурхайгаас 4 тонн хүдрийн баяжмалыг тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 3 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлж “Наран мандал” энтерпрайзес ХХК-ийн эд хөрөнгөд 1.663.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдийг авч үзэхэд:
- “...мөрдөгчөөс Б.Б, Б.Н, О.Г, З.М, Ц.О, Ч.А нараас гэрчийн мэдүүлэг авахдаа хууль зөрчиж мэдүүлэг авсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн...” гэжээ.
Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 82- 89 талд авагдсан мэдүүлгүүдийг холбогдогч нараас зөрчил шалган шийдвэрлэх зорилгоор авсан, 141-160, 164-165 дугаар талд авагдсан мэдүүлгүүдийг шүүгдэгч нарыг гэрчээр оролцуулж мэдүүлэг авахдаа мөрдөгчөөс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн талаар болон өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх” эрхийн талаар тус тус танилцуулж гарын үсэг зуруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан ”... өөрөө өөрийнхээ эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэж заасан заалтыг ноцтой зөрчиж авсан дээрх мэдүүлгүүдийг Прокурорын яллах дүгнэлт болон түүний хавсралтад оруулж нотлох баримтад тооцоогүй шинжлэн судлуулах нотлох баримтад оруулаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.
Харин анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасны дагуу шүүх нотлох баримтаар тооцохгүйгээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй байх эрхтэй юм.
- “... хэрэгт хавсаргасан СД-г эд мөрийн баримтаар тооцох, прокурорын тогтоол /зөвшөөрөл/ хэрэгт авагдаагүй, түүнчлэн тухайн СД хэрэгт хамааралтай эсэх /СД бичигдсэн цаг хугацаа зөрүүтэй/, тэр өдөр 4, 5 дугаар постод гарч байсан ажилтан хүдрийг аваад явлаа гээд станцаар мэдээлсэн ба эдгээр хүмүүсээс тодруулж мэдүүлэг аваагүй..., “ гэжээ.
Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 72-75 дугаар талд авагдсан ”... 7 шуудай шороо, 2 ширхэг хүрз зэргийг хураан авч,тэмдэглэл үйлдэв” гэх мөрдөгчийн эд зүйл... хураан авсан тэмдэглэл, Прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай 16 тоот тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол зэрэг эрхийн актууд хэрэгт авагдсан байгааг анхан шатны шүүх анхаараагүй, харин 4, 5 дугаар постод гарч байсан ажилтан хүдрийг аваад явлаа гээд станцаар мэдээлсэн хүнээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжтой байж болно.
-Эд мөрийн баримтаар тооцох тухай...1.52 гр алтыг эд мөрийн баримтаар тооцох, прокурорын тогтоол /зөвшөөрөл/ хэрэгт авагдаагүй, ...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх СД-ийн бичлэгт тухайн шороог шүүгдэгч О.Г нь 11 цагийн үед буулгаж байгаа / цаг хугацааг тогтоох гэжээ.
Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 105-110 дугаар талд 1.52 грамм шар өнгийн металлыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн дугааргүй тогтоол, 1.52 грамм шар өнгийн металлыг Цагдаагийн газрын эд зүйл хадгалах өрөөнд хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл авагдсан байх бөгөөд “...эд мөрийн баримтаар тооцсон 5 шуудай хагас, 2 шуудай дүүрэн шороог хүдэр баяжуулах цехэд аваачиж тээрэмдүүлэхэд 1.52 грамм шар өнгийн металл илэрсэн...” болохыг тэмдэглэж, Прокурор В.Дэлгэрмаа, шүүгдэгч Б.Б нар оролцож гарын үсгээ зурсан байхад 1 дүгээр хавтаст хэргийн 177-178 дугаар талд “ 1.52 гр алтыг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Монгол банкны ханшаар тооцож 166298 төгрөг” гэх Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 488 дугаар дүгнэлт, 1 дүгээр хавтаст хэргийн179-181 дүгээр талд “ 15.2 грамм алт 1663 000” гэх Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 107 дугаар дүгнэлт гэх 2 өөр дүгнэлт гаргасан, 2 дугаар хавтаст хэргийн 75-78 дугаар талд авагдсан яллах дүгнэлт дэх яллаж байгаа гэмт хэргийн товч утга хэсэгт “...“Наран мандал” энтерпрайзес ХХК-ийн эд хөрөнгөнд 1 663 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн...” гэж хохирлын хэмжээг тодорхойлж улмаар яллах дүгнэлтийн хавсралтад шинжээчийн 488 дүгээр дүгнэлтийг шинжлэн судлуулахаар заасан,
мөн 1 дүгээр хавтаст хэргийн 174 дүгээр талд авагдсан стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх үнэт металл сорьц тогтоох лабораторийн “... эд мөрийн баримтаар тооцогдсон 1.52 грамм...металл... нь жиндээ ...таарсан ...алт мөн гэж тогтоож байна” гэх дүгнэлтийн 1.52 гэх тоог засварлаж гараар бичсэн зэргээр хохирлын хэмжээ эргэлзээтэй, зөрүүтэй болжээ.
- 1 дүгээр хавтаст хэргийн 135-140 дүгээр талд хэргийн үйл баримтаар хуулийн этгээд “Наран мандал” энтерпрайзес ХХК нь хохирогч байтал төлөөлөх эрх олгогдсон Г.Эыг хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж, мөрдөгч тогтоол гаргажээ. Хохирогч тогтоох тогтоолдоо хохирогчийг хуулийн этгээдийн нэрээр зааж бичих бөгөөд Компанийн тухай хуульд зааснаар хуулийн этгээдийг шууд төлөөлөх эрхтэй этгээд нь гүйцэтгэх захирал бөгөөд өөрөө оролцох боломжгүй бол хохирогч байгууллагаа төлөөлөн эрх үүргийг хэрэгжүүлэх этгээдийг итгэмжлэлээр томилох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “ хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгчөөр... дамжуулан хэрэгжүүлж болно” гэж заасантай нийцнэ. Хуулийн энэ шаардлагыг хэрэгжүүлж, нотлоход хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрмээр хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг нотолдог хуулийн шаардлагыг мөрдөгч анхаараагүй байна.
Мөн хохирогч байгууллагын өмч хөрөнгөнд хохирол учирсан гэж үзэж байгаа бол Наран мандал энтерпрайзес XXК-ийн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл болон бусад өмчлөх эрхийг нь нотлох баримтууд хэрэгт авагдсан байхыг шаардана.
Иймд Прокурорын шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцлийн 1.2 дахь заалтууд үндэслэлтэй харин шүүгчийн захирамжид заасан бусад заалтууд нь мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа байх тул эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр шүүгдэгч Ч.А, Б.Н, Ц.О, О.Г, Б.Б, З.М нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.4.2,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.1 -т заасныг тус, тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/254 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, Прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ
Г.УЛАМБАЯР