Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг суулган улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;      

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Осор овогт ******* холбогдох эрүүгийн 1721000090030 дугаартай хэргийг 2017 оны 8 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1993 оны 3 сарын 08-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нисэх аппарат болон хөдөлгүүрийн техник ашиглалтын инжежер мэргэжилтэй, Улаанбаатар хотын “Хүннү Эйр”ХХК-д худалдааны мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг ******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /РД:*******/, Осор овогт Энхболдын Мөнхбаяр.

 Шүүгдэгч ******* нь 2017 оны 6 сарын 25-ны өдрийн шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутагт 80-14 ДОР улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэл онхолдож, зам тээврийн осол гарч зорчигч ******* биед хөнгөн,    *******, ******* нарын биед хөнгөн хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Тэрэлжид очиход Сугар пиво уух уу гэхээр нь би машин барьж байгаа шүү дээ гэхэд Сугар, Мөнхбаяраар бариулчихгүй юу гэхээр нь би Мөнхбаяраас үнэмлэх байгаа юу гэхэд үнэмлэхтэй машин барьдаг гэж хэлсэн. Ингээд бид нар 15 цагийн орчимд Дорнод руу хөдлөхөөр болоод би машинаа барих гэхэд Сугар “Болорчимэгээ чи Мөнхбаяраар машинаа бариулчих” гэхээр нь би Мөнхбаярыг барих уу гэхэд тэгье тэгье гэхээр нь бариулаад хөдөлсөн. Ингээд замдаа яваад Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын хажуугаар өнгөрсөн, тухайн үед 00 цаг л өнгөрч байсан байх. Ингээд Хөлөнбуйр сумаас хөдлөөд удаагүй явж байтал гэнэт замынхаа ертөнцийн зүгээр урд талд буюу жолоочийн баруун гар тал руу машин замаас гарч шороон дээгүүр үсрээд байсан. Тэгээд л би болохоо болилоо гэж бодоод нүдээ анисан. Ингээд сэрэхэд машин онхолдоод доошоо харсан байдалтай байсан. Машин олон эргээд байх шиг байсан. Ингээд би сэргэхэд бие хөдөлгөөнгүй болсон байсан. Тэгээд түргэн дуудаж аймгийн эмнэлэгт ирсэн. ...Мөнхбаяр угаасаа архи уудаггүй гээд архи уугаагүй, эрүүл байсан. Тухайн үед нилээн хурдтай явж байсан, замдаа 130-140 км цагийн хурдтай яваад байсан, би тэгэхээр нь Мөнхбаяраа чи их хурдтай яваад байна шүү, машин чинь цоожлогддог гэсэн шүү, эгч нь өөрөө барих уу гэхэд зүгээрээ, санаа зоволтгүй гээд бариад явсан. Миний машин техникийн хувьд бүрэн байсан. Тухайн үед шөнө болсон харанхуй байсан, зам нь асфальтан шинэ зам байсан. Тэр ойр хавьд ямар нэг машин техник, мал хуй харагдаагүй. Тухайн үед бид дөрөв бүгд хамгаалах бүстэйгээ явж байсан. ...Би Мөнхбаярт гомдол байхгүй, харин хохирлоо нэхэмжилнэ. Хохирлоо барагдуулчихвал шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг./хх-ийн 29-30/

            Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Учир нь Болорчимэг Тэрэлж рүү очоод гарья гээд мөн Мөнхбаяр тэнд найзууд байгаа гэсэн учир бид нар замаараа Тэрэлжээр дайрч Мөнхбаяр найзуудтайгаа уулзаж, харин Болорчимэг бид хоёр нөгөө хэдийн ойролцоо 2, 2 шил пиво уусан. Ингээд бид нар 16 цагийн орчимд  Дорнод руу хөдлөхөөр болоход Болорчимэг, Мөнхбаяр хоёр хоорондоо яриад л Мөнхбаяр машиныг барьж хөдөлсөн. Тэр хоёр хоорондоо яг юу гэж хэлээд машин барих болсныг мэдэхгүй байна. Ингээд машины урд талд Болорчимэг, Мөнхтуяа жолоочийн ард, би Болорчимэгийн ард суугаад явсан. Тэгээд Хөлөнбуйр сумаар дайрч өнгөрөөд их хол яваагүй шиг санаж байна, би тухайн үед зүүрмэглэж явсан. Тэгээд нэг анзаарагдахад л машин гэнэт зүүн гар тал руугаа эсрэг урсгал руу ороод нэг л эвгүй болоод ирсэн, тэгэхээр нь би дотроо “энэ нэг эвгүй юм болох нь дээ” гэж бодоод “Мөнхбаяраа миний дүү рүлиэ л битгий алдаарай” гэж хэлснээ санаж байна. Тэгээд л машин өнхрөөд, эргэлдээд машин дотор их савал өгөөд машины дугуй дээшээ хараад унах шиг болсон. Би тухайн үед суудлын бүсэндээ боогдоод толгой доошоо унжчихаад байсан. Тэгээд би хамгаалалтын бүсээ салгаад хөлөө үзэхэд хөл зүгээр байсан, тэгээд өндийх гэсэн чинь толгой даагдахгүй байхаар нь би хүзүү маань гэмтсэн юм шиг байна гэж бодоод нөгөө хэдийгээ зүгээр үү гэхэд бүгд дуугарч байсан. Тэгээд би машины арын багажны цонхоор гарсан. Намайг гарч байх хооронд Мөнхбаяр, Мөнхтуяа хоёр машинаас гарч ирсэн. Тэгээд Болорчимэг тэнд ёо ёо гээд байх шиг байсан учир би Мөнхтуяад “чи утсаар хамгийн түрүүнд аав болон эмнэлэгт дуудлага өг” гэхэд Мөнхтуяа миний утсыг барьж яваад сүлжээтэй газарт очиж дуудлага өгсөн байсан. Тухайн осолдсон цаг миний бодлоор 01 цагийн орчимд байх учир нь би 00 цаг 40 минутын орчимд найзтайгаа чаталж явсан юм. ...Зам тээврийн осол санамсаргүй болдог учир би гомдолгүй. Надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг./хх-ийн 32-33/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 08-ны өдрийн 365 тоот дүгнэлтэд: "1.*******ийн биед бүсэлхийн L3-р болон 4-р нугалмын хугарал, цээжний хэнхцэрхэг болон баруун түнхний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр үүсэх боломжтой. 2. Уг гэмтлүүд нь шинэ бөгөөд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Уг гэмтлүүдийн бүсэлхийн L3-р болон 4-р нугалмын хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, цээжний хэнхцэрхэг болон баруун түнхний үений зөөлөн эдийн няцрал нь бүрдэл байдлаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэжээ. /хх-ийн 41/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 08-ны өдрийн 364 тоот дүгнэлтэд: “1.*******ын биед хүзүүний С4-р нугалмын их биеийн зүүн тал, хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 2, 3, 4-р хавирганы 2 лосон хугарал, хүзүүний зүүн хажуугийн цус хуралт, цээжний урд баруун талд 2, 3-р хавирганы түвшинд цус хуралт, өвчүүний зүүн дээд хэсгийн зулгаралт, хэвлийн дунд хэсгийн цус хуралт, зүүн бугалга, баруун шуу, зүүн сарвууны ар гадарга, баруун болон зүүн шилбэ, зүүн тавхайн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 2.Уг гэмтлүүд нь шинэ гэмтэл бөгөөд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Уг гэмтлүүдийн хүзүүний С4-р нугалмын их биеийн зүүн тал, хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 2, 3, 4-р хавирганы 2 лосон хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, цээжний урд, баруун талд , 2,3-р хавирганы түвшинд цус хуралт, өвчүүний зүүн дээд хэсгийн зулгаралт, хэвлийн дунд хэсгийн цус хуралт, зүүн бугалга, баруун шуу, зүүн сарвууны ар гадарга, баруун болон зүүн шилбэ, зүүн тавхайн цус хуралт гэмтэл нь бүрдэл байдлаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна“ гэжээ./хх-ийн 45/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 08-ны өдрийн 367 тоот дүгнэлтэд: “1.******* биед тархи доргилт, духны зүүн дээд хэсгийн зулгаралт, зүүн нүдний салстын доорхи цус хуралт, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, зүүн хацрын зулгаралт, баруун мөрний цус хуралт, цээжний баруун хажуу гадаргын цус хуралт, баруун өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 2.Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 3. Уг гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Хохирогчийн эрүүл мэнд 28 хоног хүртэлх хугацаагаар сарнина. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй“ гэжээ./хх-ийн 49/

 Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 7 сарын 28-ны өдрийн 24 тоот дүгнэлтэд: "1. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан ”Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2-д ”Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад жолооч ******* нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан үйлдлийг зөрчин хөдөлгөөнд аюул саад бий болсон үед зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна. 3. Приус-20 маркийн 80-14УБХ улсын дугаартай авто машины дугуйн тоормосны мөр хэрэг, ослын газарт илрээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй. 4.Авто тээврийн үндэсний төвөөс олгосон Приус-20 маркийн 80-14 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь 2017 оны 02 сарын 03-ны өдөр Монгол Улсад импортлогдсон огноо 2017 оны 02 сарын 09-ны өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгогдсон зэргээс үзэхэд тээврийн хэрэгсэл байх тул авто машины техникийн байдлыг бүрэн гэж үзлээ. 5.Урд бүфэр хагарсан, урд салхины шил хагарсан, баруун урд хаалганы шил хагарсан, зүүн урд хаалганы шил хагарсан, зүүн хойд хаалганы шил хагарсан, кабен бүхэлдээ нугларч гажсан, урд салон хагарсан, баруун урд гар хугарсан, копуд нугларч гажсан, ард багажны хаалга нугаларч гажисан, Приус-20 маркийн 80-14УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл үүссэн байна. 6.Хариулт авахаар тогтсон асуултанд дурьдагдаагүй өөр шинээр илэрсэн зүйл байхгүй байна” гэжээ. /хх-ийн 51/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татх тухай тогтоол /хх-ийн 1/

            -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-15/,

-Зам тээврийн ослын схем зураг /хх-ийн 16/

-Гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 17, 34-35/

-Хохирогч ******* болон шүүгдэгч ******* нарын хооронд байгуулсан хохирол төлбөрийн талаарх эвлэрлийн гэрээ /задгай 1 хуудас/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч ******* нь 2017 оны 6 сарын 25-ны өдрийн шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутагт 80-14 ДОР улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэл онхолдож, зам тээврийн осол гарсны улмаас хохирогч *******, ******* нарын биед хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн  байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн” ******* пиво уучихсан байсан учир надаас “чи бариад явах уу” гэж хэлэхээр нь зөвшөөрч машиныг нь барьж аймаг руу явсан. ...123 өнгөрөөд миний багцаагаар 30 орчим км-т явж байсан. Тэгтэл гэнэт гадаа шороо дуугараад машин удирдлагагүй болж машин замын баруун гар тал руу гарчих шиг болсон. Тэгээд пид пад гээд эргэх шиг болсон, тухайн үед ямар ч удирдлага байхгүй, нэг юман дээгүүр гарч тас түс хийх чимээ гарч байсан. Нэг мэдэхэд уначихсан байсан. ...Би өөрйин гэм буруугаа ойлгож байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/ түүнийг давхар нотолсон хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн” ...Хөлөнбуйр сумаас хөдлөөд удаагүй явж байтал гэнэт замынхаа ертөнцийн зүгээр урд талд буюу жолоочийн баруун гар тал руу машин замаас гарч шороон дээгүүр үсрээд байсан. Тэгээд л би болохоо болилоо гэж бодоод нүдээ анисан. Ингээд сэрэхэд машин онхолдоод доошоо харсан байдалтай байсан. Машин олон эргээд байх шиг байсан. Ингээд би сэргэхэд бие хөдөлгөөнгүй болсон байсан. Тэгээд түргэн дуудаж аймгийн эмнэлэгт ирсэн“ гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/, хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ”...Тухайн осолдсон цаг миний бодлоор 01 цагийн орчимд байх учир нь би 00 цаг 40 минутын орчимд найзтайгаа чаталж явсан юм. ...Зам тээврийн осол санамсаргүй болдог учир би гомдолгүй. Надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 08-ны өдрийн 367 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 7 сарын 28-ны өдрийн 24 тоот дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:       

Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар ******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна.  

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч *******т эмчилээний зардал болон Улаанбаатар хот руу ирж очих онгоцны зардалд нийт 3681058 төгрөгийг төлсөн, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хохирогч  ******* нь өвчтэй, ажилгүй байсан 3 сарын цалинтай тэнцэх мөнгө 1200000 төгрөгийг, мөн машин засах зардлын мөнгө 7226200 төгрөг, нийт 8426200 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч нь төлөхөө хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч *******аас нийт 8426200 төгрөгийг гаргуулан хохирогч *******т олговол зохино.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичиг баримтаар хураагдан ирсэн ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг шүүгдэгч *******т, 80-14 ДОР улсын дугаартай “Тоёото приус” маркийн 01563535 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч С.Эрдэнэбаатарт буцаан олгож, шүүгдэгч *******ын эзэмшлээс “Сони” маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 8 сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8. 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1.Шүүгдэгч Осор овогт Энхболдын Мөнхбаярыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Энхболдын Мөнхбаярыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс тогтоосон ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогч *******т эмчилгээний зардал болон Улаанбаатар хот руу ирж очих онгоцны зардалд нийт 3681058 төгрөгийг төлсөн, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчинтөгөлдөр болмогц баримт бичгээр хураагдан ирсэн ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг шүүгдэгч *******т, 01563535 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч С.Эрдэнэбаатар тус тус буцаан олгож, шүүгдэгчийн эзэмшлээс 400000 төгрөгийн үнэлгээтэй “Сони” маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 8 сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэм хорын хохиролд нийт 8426000 /найман сая дөрвөн зуун хорин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч *******т олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР