Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2022/03575

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 02 өдөр                      Дугаар 183/ШШ2022/03575                       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ........... тоотод оршин суух А овогтой Гн Туяа /РД:..................../-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ......... Т ХХК-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргахад шаардлагдах бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Т нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Т ХХК-тай 61, 62 дугаартай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээнүүдийг байгуулан Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан 143 айлын орон сууцнаас 7 давхар 707 тоотод байрлах 32.6 мкв талбай бүхий 1 өрөө, 12 дугаар давхар 1204 тоотод байрлах 32.6 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцуудыг захиалж, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу дээрх 2 орон сууцны нийт төлбөр 61.940.000 төгрөгийг /1 өрөө орон сууцны үнэ 30.970.000 төгрөг/ 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Т ХХК-ийн дансанд шилжүүлж, гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн. Гүйцэтгэгч Т   ХХК нь уг гэрээний 3.1-д зааснаар орон сууцны 2019 оны 4 дүгээр улирал буюу 12  дугаар сард багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулж, захиалагчийн өмчлөлд шилжүүлж өгөх үүрэгтэй байсан боловч одоо болтол ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөөгүй байна. Гэрээний дагуу орон сууцыг хүлээлгэж өгөх талаар хэд хэдэн удаа хуучин байрлаж байсан Жем паласт байрлах оффис дээр нь очсон боловч ажлын байр нь цоожтой, гэрээн дээр бичигдсэн утас руу нь залгахад холбогдохгүй байсан. 2021 оны 5 дугаар сард өөр газар буюу нэхэмжлэлд дурдсан дээрх хаягийг олж очтол өөдөөс өөр хүмүүс та нар тэр О.Х-гээ учраа ол, эсвал та нар нэг мкв-ийг нь 1.350.000 төгрөгөөр тооцож авбал ав, авахгүй бол зарсны дараа та нарын урьдчилгаа мөнгийг чинь өгнө гэсэн. Дараа нь дахиад очиход 1 мкв-ийг 1.650.000 төгрөгөөр тооцно гэж байсан. Гэрээгээр тохиролцсон үнээрээ явна гэж хэлсэн боловч Б гэх хүнтэй учраа олохгүй байсан тул 2 орон сууцны үнэд төлсөн 61.940.000 төгрөгөө буцааж авья гэж хэлэхэд орон сууцыг худалдан борлуулсны дараа мөнгийг чинь гаргаж өгнө гэсэн хариу өгсөн. Тухайн үед бэлэн төлөлтөөр бол 1 мкв-ыг нь 950.000 төгрөгөөр тооцно гэж байрны бүх төлбөрийг төлүүлж авчхаад байрыг ашиглалтад оруулах хугацаандаа оруулаагүй, орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгөхгүй байгаад маш их гомдолтой байна. Нэхэмжлэгч Г.Т нь гэрээний дагуу дээрх 2 орон сууцны төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн тул хариуцагч Т  ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 61, 62 дугаартай гэрээнүүдийн дагуу Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 143 айлын орон сууцны 7 дугаар давхар 707 тоотод байрлах 32.6 мкв талбай бүхий 1 өрөө, 12 дугаар давхар ... тоотод байрлах 32.6 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцуудыг нэхэмжлэгч Г.Т-ийн өмчлөлд шилжүүлэхийг болон дээрх орон сууцуудын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардагдах бичиг баримтыг нэхэмжлэгч Г.Т-д гаргаж өгөхийг хариуцагч Т ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Т нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Т ХХК-тай 061 дугаартай 1204 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээ, 062 дугаартай 707 тоот орон сууцны орон сууц захиалгаар бариулах гэрээг тус тус байгуулсан асуудлын талаар нэхэмжлэгчийн зүгээс маргаангүй, дээрх гэрээнүүд нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр цуцлагдсан байдаг. Нэхэмжлэгч Г.Т хариуцагч байгууллагатай гэрээ байгуулах цаг хугацаанд Т ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Х компанийн цор ганц өмчлөгч, 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан боловч компанийн хувьцаа болон эрхийг 2021 оны 05 дугаар сард одоогийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Б-т шилжүүлэн өгч, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт орсон. Тэнүүн газар констракшн ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 16 давхар үйлчилгээтэй, орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байсан боловч өмнөх захирал О.Х-нийн хариуцлага хяналтгүй байдал, хууль зөрчсөн буруутай үйлдлийн улмаас барилга угсралтын ажил зогсонги байдалд орж, санхүүжилт ихээр дутагдах болсон. Эдгээр нь компанийн буруутай үйл ажиллагаанаас бус Ковид-19 цар тахлын улмаас үүссэн нийгэм эдийн засгийн хямрал, олон нийтийг хамарсан хөл хорио, хилийн боомтын хязгаарлалтын дэглэмээс шалтгаалсан юм. Т ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах цаг хугацаанд барилга угсралтын ажил эхэлж байсан боловч бодит байдлаар барилгын карказ угсралтын ажил дуусаагүй, захиалга хийгдэх орон сууцыг бодитоор үзүүлэх боломжгүй байсан тул орон сууцны барилгын макетыг үзүүлж, гэрээ байгуулах талаар тохиролцсон. Иймд талуудын хооронд үүссэн харилцаа нь худалдах, худалдан авах гэрээний харилцаа бус, Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн харилцаа юм. Ажил гүйцэтгэгч болох Т ХХК үйлчилгээтэй орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлэхдээ тодорхой төсөв зохиож, түүнийхээ дагуу захиалагч нартай гэрээ байгуулж, орон сууцны мкв-ын үнийг тодорхойлж байсан боловч гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй нөхцөл байдал болох Ковид-19 цар тахлын улмаас үүссэн нийгэм, эдийн засгийн хямрал, олон нийтийг хамарсан хөл хорио, хилийн боомтын хязгаарлалтын дэглэм зэрэг нөхцөл байдлууд үүсэж төсвийн хэмжээ илтэд нэмэгдэхээр болсон байсан тул Б.Болортунгалаг захирал компанийн эрх, компанийн хувьцааг шилжүүлэн авсан цаг хугацаа байсан. Нэхэмжлэгч Г.Т нь 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Т  ХХК-ийн байранд ирж уулзсан бөгөөд тухайн үед баригдаж буй барилга нь ямар шалтаан нөхцөлийн улмаас удаан хугацаанд баригдаж байгаа талаар, цаг үеийн нөхцөл байдлын талаар болон компанийн эрхийг шилжүүлэн авсан боловч бодит байдлаар компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болж байгаа гэх нөхцөл байдлуудтай танилцсан ба бусад захиалагч нар хүлээн зөвшөөрч, нэмэлт өөрчлөлт оруулж байгаа гэрээнүүдийн загвар болон нөхцөлийг танилцуулахад гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй учир гэрээгээ цуцалж байгаа талаараа илэрхийлж, гэрээний төлбөрт төлсөн 61.940.000 төгрөгийг буцаан авах хүсэлтээ илэрхийлсэн. Харин Т ХХК нөхцөл байдлыг харгалзан тухайн орон сууцыг бусдад худалдан борлуулсны дараа мөнгийг төлөхөөр тохиролцсон байдаг. Ингээд орон сууцуудыг худалдан борлуулж, гэрээ цуцалсан иргэн Г.Т-д буцаан төлбөл зохих төлбөрийг төлөхөөр ажилласан боловч өөр захиалга олдоогүй байсан тул 707 тоот орон сууцыг 2021.05.10-ны өдөр байгуулагдсан байсан Цахилгаан шат угсрах болон ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцуулахаар 2021.06.14-ний өдөр К ХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, ажлын төлбөрт тооцуулахаар болсон. Мөн 1204 тоот орон сууцыг 2021.09.03-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний дагуу тус барилгын туслан гүйцэтгэгч Т ХХК-д ажлын хөлсний төлбөрт тооцуулан өгөхөөр харилцан тохиролцож, бичгээр гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч Г.Т нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасныг үндэслэн, өөрийн хүсэлтээр 2 тооны орон сууц захиалгын гэрээнүүдийг тус тус цуцалсан мөртлөө гэрээг цуцалснаас хойш 1 жил 3 сарын хугацааны дараа шүүхэд хандаж байгаа нь гэрээ цуцалсан гэдгийг өөрөө мэдэж, гэрээ цуцалсны дагуу хариуцагч Т ХХК-аас буцаан төлөх төлбөрийг хүлээж байсан гэж үзэхээр байгаа юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс:  улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2019.5.02-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт, 2019.5.02-ны өдрийн Голомт банкны төлбөрийн баримт, 2019.5.01-ний өдрийн 061 тоот орон сууц захилгаар бариулах гэрээ, 2019.5.01-ний өдрийн 062 тоот орон сууц захилгаар бариулах гэрээ зэргийг гаргаж өгсөн

Хариуцагчаас: итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.05.21-ний өдрийн хүсэлт, 2021.05.10-ны өдрийн цахилгаан шат угсрах болон ажил гүйцэтгэх гэрээ, К ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, 2021.06.14-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, 2021.06.17-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ, 2022.06.23-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, 2021.08.31-ний өдрийн бараа материал бартераар нийлүүлэх гэрээ, 2021.09.03-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, 2022.08.01-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, захиалгын гэрээ шилжүүлэх албан тоот, өглөг, авлагын дэлгэрэнгүй журнал зэрэг баримтуудыг гаргасан өгсөн. Хэргийн 62-74, 102-121 дүгээр тал хариуцагчаас гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй болно.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл холбогдох баримтуудыг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Т Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 143 айлын орон сууцны 7 дугаар давхар 707 тоотод байрлах 32.6 мкв талбай бүхий 1 өрөө, 12 дугаар давхар ... тоотод байрлах 32.6 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцнуудыг өмчлөлд шилжүүлэхийг болон дээрх орон сууцнуудын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т ХХК-нд холбогдуулан гаргажээ.

 

Зохигч 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгаар бариулах 061 тоот гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “143 айлын орон сууц” нэртэй хотхоны 12 давхар .... тоот, 1 өрөө, 32.6 м.кв орон сууцыг 1 м.кв-ын үнийг 950.000 төгрөг, нийт 30.970.000 төгрөгөөр, мөн өдрөө ... тоот гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “143 айлын орон сууц” нэртэй хотхоны 7 давхар, ... тоот 1 өрөө, 32.6 м.кв /30.970.000 төгрөг/ орон сууцнуудыг захиалан бариулахаар тохирсон байна.

 

Нэхэмжлэгч ...... тоот гэрээний дагуу төлбөрт 61.940.000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хаан болон Голомт банкнаар дамжуулан Т ХХК-нд шилжүүлсэн бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Гүйцэтгэгч Т ХХК Ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д заасны дагуу орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан барих үүргээ зөрчсөн буюу Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1 дэх заалтыг зөрчсөн, энэ талаар талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь 061, 062 гэрээний дагуу орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, шаардагдах бичиг баримт гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд “би 2 жил хүлээсэн, үнэ нэмсэн тул өөрийн болон танай компанийн шугамаар яаралтай заруулах, 61.940.000 төгрөгөө буцаан авах хүсэлтэй байна” гэж Г.Т, хариуцагч Т ХХК-ийн гүйцэтгэх захирал нар 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасны дагуу гэрээнээс татгалзжээ.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд зохигч 2021.05.16-ны өдөр гэрээнээс татгалзсан, 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй”, 205.2.1-д “гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй бол” мөнгөөр нөхөн төлөхөөр байна.  

 

Нэгэнт гэрээнээс татгалзсан бол Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 143 айлын орон сууцны 7 дугаар давхар... тоотод байрлах 32.6 мкв талбай бүхий 1 өрөө, 12 дугаар давхар ... тоотод байрлах 32.6 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох эрхээ Г.Т алджээ.

 

Иймд Г.Т-гийн орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох, шаардагдах бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ТХХК-иас орон сууцны үнэ 61.940.000 төгрөг гаргуулж, Г.Т-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар Т ХХК-нд холбогдох Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 143 айлын орон сууцны 7 дугаар давхар ... тоотод байрлах 32.6 мкв талбай бүхий 1 өрөө, 12 дугаар давхар .... тоотод байрлах 32.6 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох, шаардагдах баримт, бичиг гаргаж өгөхийг даалгах тухай Г.Т-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т ХХК-иас 61.940.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Т-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 537.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТХХК-иас 537.850 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Т-ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.СОЛОНГО