Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2023/01007

 








 

 

 2023        04           04                                      181/ШШ2023/01007

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: БЗДНДХ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БЦК ХХК-д холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 33,851,882 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, А.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч БЗДНД хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, А.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БЦК ХХК нь 2014 оны 04 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд сар бүрийн тайлангаар мэдүүлсэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр 33,851,882 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна.

Манай байгууллага хууль болон журамд заасан эрхийнхээ дагуу БЦК ХХК -ийн арилжааны банк дахь харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг хаах, албан шаардлага өгөх зэрэг арга хэмжээг авсан боловч төлбөрийг бүрэн барагдуулж чадаагүй. БЦК ХХК нь 2017 оны 02 дугаар сараас хойш тайлан өгөөгүй, бид араас нь хөөцөлдөж албан шаардлага өгдөг боловч төлнө гээд л алга болж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй даатгуулагчдыг хохироосоор байна.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.4, 26.2.8 дэх заалтуудыг үндэслэн 2014 оны 04 сараас 2017 оны 02 дугаар сар хүртлэх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 33,851,882 төгрөгийг БЦК ХХК -иас гаргуулж өгнө үү гэв.

 

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас БЗДНД хэлтсийн 2016.11.22-ны өдрийн 016 дугаар мэдэгдэл, БЦК ХХК -ийн 2019.01.25-ны өдрийн 01/01 дугаар албан бичиг, 2017.01.06-ны өдрийн Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ, БЦК ХХК -ийн 2019.06.25-ны өдрийн А-19-06-01 дугаар албан бичиг, БЦК ХХК -ийн БЗДНД хэлтэст төлөлтийн 2014 оны 01 сарын тайлан, БЦК ХХК -ийн Баянзүрх дүүрэг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2014.01 сарын тайлан, 2016.12 сарын тайлан, 2017.02 сарын тайлан, БЦК ХХК -д ажиллаж буй даатгуулагчдын 2017 оны нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулалт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БЗДНД хэлтэс нь БЦК ХХК -д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 33,851,882 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Хариуцагч БЦК ХХК нь БЗДНД хэлтэст бүртгэлтэй, 2022 оны 12 сарын байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн 33,851,882 төгрөгийн өртэй байгаа болох нь БЦК ХХК -ийн БЗД-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэстэй 2017.01.06-ны өдөр байгуулсан Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ, БЦК ХХК -ийн 2019.06.25-ны өдрийн А-19-06-01 дугаар албан бичиг зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 4-5 хуудас/

 

Мөн БЦК ХХК нь БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2014 оны 1 сар, 2016 оны 12 сар, 2017 оны 02 сард тус тус гаргасан байх бөгөөд БЗДНД хэлтсийн 2016.11.22-ны өдрийн 016 дугаар Мэдэгдэл-ээр БЦК ХХК -ийг 2015.08.01-ний өдрөөс 2016.11.22-ны өдрийг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл 344,865,910 төгрөгийг төлөөгүй 15 сараар хугацаа хожимдуулсан гэх үндэслэлээр дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох ажиллагаа хийсэн байна. /хавтаст хэргийн 2, 7-11 хуудас/

 

2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д, Хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх буюу шимтгэл төлөх талаар дурдсан үүргийг ажил олгогч болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь хүлээнэ гэж зохицуулжээ.

Түүнчлэн хариуцагч БЦК ХХК -ийн хувьд, хуульд зааснаар төлбөл зохих шимтгэлийг төлөх үүрэг дуусгавар болсон, бусдад шилжигдсэн болон үүргийг түдгэлзүүлсэн үндэслэл Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар тогтоогдохгүй байна.

 

3. Хариуцагч БЦК ХХК нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан хугацаанд хариу тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн зүйлийн 72.3-д заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иймд нэхэмжлэгч БЗДНД хэлтэс нь шимтгэл болох 33,851,882 төгрөгийг хариуцагч БЦК ХХК -аас шаардах эрхтэй, хариуцагч хуульд заасан үндэслэлээр төлөх үүрэгтэй байна.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-ын 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БЦК ХХК -аас 33,851,882 /гучин гурван сая найман зуун тавин нэгэн мянга найман зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж БЗДНД хэлтэст олгосугай.

 

2. Нэхэмжлэгч БЗДНД хэлтсийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БЦК ХХК -аас 327,209 /гурван зуун хорин долоон мянга хоёр зуун есөн/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ОЮУНТУЯА