2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2076

 

 

     2025        9           02                                         2025/ШЦТ/2076

 

           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан,

улсын яллагч С.Энхзул /томилолтоор/,

хохирогч Л ,  

шүүгдэгч Д нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д д холбогдох эрүүгийн 2509 00000 1045 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д , Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д нь үргэлжилсэн үйлдлээр “Орос улсаас малын тэжээл оруулж ирж зарна, мөнгө зээлээч” гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хохирогч Л  нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2024 оны 10 сарын 20-ны өдөр 6.500.000 төгрөгийг “ажил явдал гарчихлаа манай ач хүүхэд осолд ороод эмнэлэгт байна мөнгө зээлээч” гэж хэлэн 2024 оны 10 сарын 23-ны өдөр 300.000 төгрөг, мөн “2 хүүхдийг чинь Солонгос улс руу явуулна, виз гаргаж өгнө, тийзийн мөнгө хэрэгтэй” гэж хэлэн 2024 оны 10 сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 11 сарын 06-ны өдөр 3.800.000 төгрөг, 2024 оны 11 сарын 07-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 11 сарын 10-ны өдөр 600.000 төгрөг, “нөөцийн мах авна” гэж хэлэн 2024 оны 11 сарын 18-ны өдөр 4.000.000 төгрөг, 2024 оны 11 сарын 24-ний өдөр 500.000 төгрөг, мөн өдөр 250.000 төгрөг, “үнэмлэх гаргаж өгнө” гэх шалтгаанаар 2024 оны 11 сарын 24-ний өдөр төгрөг, “визний мөнгө” гэж хэлэн 2024 оны 11 сарын 20-ны өдөр 1.200.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн “машин мөргөсөн” гэх шалтгаанаар 2024 оны 11 сарын 27-ны өдөр 100.000 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот дансаар тус тус нийт 19.050.000 төгрөгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Бүх зүйл үнэн болохоор, бичигдсэн зүйлс үнэн болохоор мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Л  шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “... 4.700.000 төгрөгийг буцааж өгсөн. 19.050.000 төгрөгөөс хасахаар 14.350.000 төгрөгийг төлөөгүй байгаа, гэм хорын хохирлыг тусад нь нэхэмжилж байгаа, хүүхдүүдийн цалин хөлс, учир нь өнөөдөр маргаашгүй явна гэсэн учраас хоёр хүүхэд маань ажлаасаа гарч, машинаа зарсан. Явна гээд 2 сар гаруй хүлээгээд худлаа болохыг нь мэдээд араас нь хөөцөлдөж Цагдаад өгсөн. Тэрнээс биш одоо бол манай хүргэн ажилд орж ажил хийсэн зүйлгүй, охин маань хими инженерээр ажилд орох гэсэн олдохгүй, хуучин ажил нь оронд нь хүн авсан учраас ажилгүй байсаар байгаад 2025 оны 5 дугаар сард л ажилд орсон байгаа. Энэ хугацаанд охин, хүү хоёр унаа тэрэгээ зарсан учраас ажил байхгүй, хадмындаа байсан. ... байнгын хэрүүлтэй, салах дээрээ тулаад байна гэж Д хэлж байсан. 01 дүгээр сарын 15-ны өдөр гэсэн байх манай охиныг хүргэн, хадам эх нь хөөгөөд гаргасан. Хүргэн бас өөр шугамаар мэдүүлсэн байсныг гэр бүлээрээ явуулах гээд энэ хүнд найдаад болиулчихсан, бүр хурцдаад, хадам ээж нь хүнд 10.000.000 төгрөг төлөөд виз мэдүүлээд хүлээж байхад ингэсэн, бүр их хэрүүлж болж байгаа юм, би энэ талаар Д хэлсэн. Виз гарахгүй бол хүргэнийхийг болиулчих гэж нэхсээр байгаад бичиг баримтыг нь буцаагаад авсан. Эх нь учиргүй БНСУ-ын элчин сайдын яам руу явна гээд бичиг баримтыг нь авсан. Өөрөө ч авчирч өгөөгүй, каргогоор өгсөн байсан. Тэгээд бүр сарын дараа охин салаад хөөгдөөд гэртээ ирж байхгүй юу, зээг маань аваад ирж байхгүй, хадам аав намайг явуулахгүй гээд хадам ээж, нөхөр хоёр бөөн юм болоод би гараад ирлээ гээд, маргааш өглөө аав нь автобусанд ажилдаа явж байгаад цус харвасан ирсэн. 5, 6 хоног эмнэлэгт ухаангүй хэвтсэн. Үүнийг ч би Д хэлсэн. Өөрөө миний буруу гэж чатаар хэлсэн. Тэгээд эмнэлэгт нь сахиж байгаад 20-ны өдөр нас барчихаж байгаа юм. Тэгээд эх нь, хүргэн үзэхээ байсан. Одоо энэ хоёр тусдаа амьдралтай байгаа... тэгээд охин маань надаас болж ийм байдалд орсон. Хүргэний маань ч эцэггүй болсонд би маш гэмшиж байгаа, танай ээж луйварчинтай нийлж намайг ийм байдалд оруулсан гээд үргэлж дарамталж байгаа учир тэнд амьдрах аргагүй болж байгаа юм, би энэ хоёрыг эвлэрүүлээд хүүхдийг нь өнчирүүлчихгүй байх юмсан гэж бодож байгаа. Би өөрийн нэр дээр болон охины нэр дээр байр захиалсан байсан. Өөрийн нэр дээрхийг болиулаад охиндоо Нисэхийн тэнд байр авч өгсөн. Тэр хоёрыг нийлчих байх гэж бодсон, амьдарч байгаа ч юм алга, хамгийн том шалтгаан нь эцэг нь нас барсан гэх том дарамт байгаад байгааг би юугаар ч нөхөхгүй гэдгийг ойлгочихоод л сууж байна... энэ хүн надтай ханилна гэсэн, гэр бүлгүй гээд гэр бүлийн баталгаагаа ч явуулж байсан. Тэр битгий хэл хоёулаа шинэ байранд орсон, Нисэхийн тэнд, халамжийн шугамаар аав, ээж хоёрыг чинь ч байранд оруулна, чамаас итгэл авахын тулд ингэж байна гэж хэлж байсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хохирогч Л ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Д гэх хүнтэй 2024 оны 09 сард найз нөхдийн хүрээллээс танилцаж байсан. Тухайн хүнтэй би энгийн танил найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд Д гэх хүн нь надтай гэр бүл болох бодолтой байсан гэж хэлдэг байсан. Тэгээд 2024 оны 10 сарын 20-ны өдөр Д нь надтай холбогдоод “би Улаан-Үдээс малын тэжээл оруулж ирэх гээд байна. Надад мөнгө дутаад 10.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд би хүүгээсээ 3.000.000 төгрөг зээлээд өөрөөсөө 3.500.000 төгрөг гаргаад нийт 6.500.000 төгрөгийг би Д-ийн тоот дансанд шилжүүлсэн. Мөн 10 сарын 23-ны өдөр ажил явдал гарчихлаа манай хүүхдийн хүүхэд /ач/ осолд ороод эмнэлэгт байна мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би мөн Д-ийн данс руу 300.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2024 оны 10 сарын 31-ний өдөр гааль дээр тэжээл буугаад байна. Гаалийн татвар төлөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би 1.000.000 төгрөгийг Д-ийн дансанд шилжүүлсэн. Мөн 2024 оны 11 сард надад би Солонгос хүмүүстэй ажиллаж байгаа танай 2 хүүхдийг / / гэр бүлээр нь Солонгос явуулаад өгье. 2 хүн явуулах боломж гарчихлаа гэж хэлсэн тэгээд нэг хүний 1.900.000 төгрөг гээд надаас 2024 оны 11 сарын 06-ны өдөр мөн 3.800.000 төгрөгийг өөрийн дансаар авсан. Тэгээд дараа нь 11 сарын 10-ны үед надад “авсан малын тэжээлээ Баянчандмань сум руу зарах гэж байна мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд би 2024 оны 11 сарын 07-ны өдрөөс 11 сарын 11-ний өдрийн хооронд нийт 4.900.000 төгрөгийг өгсөн. Тэгээд надад би оны өмнө малын тэжээлээ зараад чиний мөнгийг буцаагаад өгнө гэж хэлсэн. Тэгээд энэ байдлаар малын тэжээл Оросоос оруулж ирж зарна, 2 хүүхдийг чинь Солонгос явуулж өгнө гэх мэт шалтаг хэлсээр 2024 оны 11 сарын 27-ны өдрийг хүртэл нийт 19.050.000 төгрөгийг авсан. Тухайн мөнгөнөөсөө надад нийт 4.200.000 төгрөгийг буцааж өгсөн үлдсэн мөнгийг нь надад буцааж өгөөгүй... Д нь надад Орос улсаас малын тэжээл оруулж ирэх гэсэн юм, 2 хүүхдийг чинь Солонгос улс руу гаргаж өгнө гэх мэтчилэн мөнгө авч байсан. Гэрээ байгуулсан зүйл байхгүй... Манай хүүхдүүд Солонгос явуулах гэж 3.800.000 төгрөг өгсөн гэж мэдэж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дугаар хуудас),

Гэрч Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 сарын эхээр манай Л надтай холбогдоод “манай нэг найз Солонгос улсаас хүмүүс авч ирсэн байгаа тэр Солонгос хүмүүс нь Монголоос гэрээний бус 10 хүн Солонгос улс руу авч явна, 3 сараар виз гаргаж байгаа” гэсэн утгатай зүйлийг ярьсан. Тэгээд ээж надад нөхрийнхөө бичиг баримтыг өөрийнхөө бичиг баримттай цуг авч ирээд өгчих гэж хэлээд би нөхрийнхөө болон өөрийн гадаад паспортыг ээжид аваачиж өгсөн. Тэгээд бусад материалууд гээд нөхөр бид хоёр ээжид нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаа аваачиж өгсөн. Тэгээд тухайн хүн нь ээжид хэлэхдээ эхлээд нэг хүний 1.000.000 төгрөг 2 хүний 2.000.000 төгрөг болно гэж байсан бөгөөд сүүлд нь 3 жилийн виз гаргаж өгөхөөр болсон гэж хэлээд манай ээж Л-аас тэр хүн 2 хүний гээд 3.800.000 төгрөгийг авчихсан байсан. Тэгээд анх бол тэр хүн ээжид 2024 оны 11 сарын 25-ны өдөр Солонгос улс руу ниснэ гэж байсан боловч дараа нь Солонгосчуудад нь ажил гарсан тул 12 сарын 04-ний өдөр явахаар болсон гэж хэлсэн гэсэн. Тэгээд 12 сарын 04-ний өдөр болох үед бид нарт “тодорхой хугацаа хэлж чадахгүй байна” гэсэн хариуг хэлж өнөөдрийг хүрсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар хуудас),

Гэрч Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн хүнийг танихгүй бөгөөд манай хадам ээжтэй найз гэж надад хэлсэн. Би 2024 оны 03 сард Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гэрээний ажилтан явуулах хөтөлбөрт бүртгүүлээд Солонгос улс руу явахаа хүлээгээд байж байсан юм. Тэгсэн 2024 оны 11 сард манай хадам ээж Л нь манай нэг найз /Д / та хоёрыг хоёуланг нь Солонгос улс руу явуулаад өгч болно гэнээ гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр 11 сарын 05-ны өдөр хадам ээжид гадаад паспортоо өгөөд тэгээд нийгмийн даатгалын лавлагаа гэрлэлтийн лавлагаа зэргээ өгсөн. Тэгсэн тэр хүн нь 3 сараар виз гарахаар болсон 11 сарын 25-ны өдөр явна гэж хэлсэн. Тэгээд онгоцны тийзийн мөнгө гээд манай хадам ээжээс 2.000.000 төгрөг авсан байсан. Дараа нь дахиад хадам ээжид виз нь 3 жилээр гарах боломжтой болсон нэмээд 1.200.000 төгрөг өгчих гэж хэлээд ээжээс мөнгө авсан байсан. Тэгээд бид хоёрыг 11 сарын 25-ны өдөр явна гэсэн боловч цуг явах хүмүүсийн виз нь хойшлогдсон 12 сарын 03-ны өдрийг хүртэл хойшлогдсон гэжхэлсэн. Тэгээд л удаа дараа хойшлогдсоор өнөөдрийг хүрсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар хуудас),

Л  нь Д-ийн Хаан банкны тоот данс руу мөнгө шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 24-34 дүгээр хуудас),

Л  нь Д тэй бичсэн зурвасууд (хавтаст хэргийн 35-40 дугаар хуудас),

Д-ийн Хаан банкны тоот дансны хуулга (хавтаст хэргийн 54-73 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 91 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 95 дугаар хуудас),

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 92 дугаар хуудас),

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 90 дугаар хуудас),

Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 97-100, 105-111 дүгээр хуудас), Л аас гаргаж өгсөн өргөдөл, хавсралтын хамт (10 хуудас) зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Д нь үргэлжилсэн үйлдлээр “Орос улсаас малын тэжээл оруулж ирж зарна, мөнгө зээлээч” гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хохирогч Л  нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2024 оны 10 сарын 20-ны өдөр 6.500.000 төгрөгийг “ажил явдал гарчихлаа манай ач хүүхэд осолд ороод эмнэлэгт байна мөнгө зээлээч” гэж хэлэн 2024 оны 10 сарын 23-ны өдөр 300.000 төгрөг, мөн “2 хүүхдийг чинь Солонгос улс руу явуулна, виз гаргаж өгнө, тийзийн мөнгө хэрэгтэй” гэж хэлэн 2024 оны 10 сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 11 сарын 06-ны өдөр 3.800.000 төгрөг, 2024 оны 11 сарын 07-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 11 сарын 10-ны өдөр 600.000 төгрөг, “нөөцийн мах авна” гэж хэлэн 2024 оны 11 сарын 18-ны өдөр 4.000.000 төгрөг, 2024 оны 11 сарын 24-ний өдөр 500.000 төгрөг, мөн өдөр 250.000 төгрөг, “үнэмлэх гаргаж өгнө” гэх шалтгаанаар 2024 оны 11 сарын 24-ний өдөр төгрөг, “визний мөнгө” гэж хэлэн 2024 оны 11 сарын 20-ны өдөр 1.200.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн “машин мөргөсөн” гэх шалтгаанаар 2024 оны 11 сарын 27-ны өдөр 100.000 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот дансаар тус тус нийт 19.050.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Д г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Л  нь хоёр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 7-86 тоотод оршин суудаг байх бөгөөд 2024 оны 9 дүгээр сард Д тэй найз нөхөдийн хүрээлэлээр дамжуулан танилцжээ.

Улмаар Д нь Л д “чамтай сууна, хамт амьдарна” гэж итгүүлэн харилцаагаа дотно болгож, улмаар Д нь Л аас:

“Орос улсаас малын тэжээл оруулж ирж зарна, мөнгө зээлээч” гэж хэлж 2024 оны 10 сарын 20-ны өдөр 6.500.000 төгрөгийг, “ажил явдал гарчихлаа манай ач хүүхэд осолд ороод эмнэлэгт байна мөнгө зээлээч” гэж хэлж 2024 оны 10 сарын 23-ны өдөр 300.000 төгрөгийг, “2 хүүхдийг чинь Солонгос улс руу явуулна, виз гаргаж өгнө, тийзийн мөнгө хэрэгтэй” гэж хэлж 2024 оны 10 сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2024 оны 11 сарын 06-ны өдөр 3.800.000 төгрөгийг, 2024 оны 11 сарын 07-ны өдөр 300.000 төгрөгийг, 2024 оны 11 сарын 10-ны өдөр 600.000 төгрөгийг, “нөөцийн мах авна” гэж хэлж 2024 оны 11 сарын 18-ны өдөр 4.000.000 төгрөгийг, 2024 оны 11 сарын 24-ний өдөр 500.000 төгрөгийг, мөн өдөр 250.000 төгрөг, “үнэмлэх гаргаж өгнө” гэх шалтгаанаар 2024 оны 11 сарын 24-ний өдөр төгрөгийг,  “визний мөнгө” гэж хэлэн 2024 оны 11 сарын 20-ны өдөр 1.200.000 төгрөгийг,  “машин мөргөсөн” гэх шалтгаанаар 2024 оны 11 сарын 27-ны өдөр 100.000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны тоот дансаар авсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримттай шүүгдэгч Д маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

Шүүгдэгч Д нь үргэлжилсэн үйлдлээр “Орос улсаас малын тэжээл оруулж ирж зарна, мөнгө зээлээч” гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хохирогч Л  нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2024 оны 10 сарын 20-ны өдөр 6.500.000 төгрөгийг “ажил явдал гарчихлаа манай ач хүүхэд осолд ороод эмнэлэгт байна мөнгө зээлээч” гэж хэлэн 2024 оны 10 сарын 23-ны өдөр 300.000 төгрөг, мөн “2 хүүхдийг чинь Солонгос улс руу явуулна, виз гаргаж өгнө, тийзийн мөнгө хэрэгтэй” гэж хэлэн 2024 оны 10 сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 11 сарын 06-ны өдөр 3.800.000 төгрөг, 2024 оны 11 сарын 07-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 11 сарын 10-ны өдөр 600.000 төгрөг, “нөөцийн мах авна” гэж хэлэн 2024 оны 11 сарын 18-ны өдөр 4.000.000 төгрөг, 2024 оны 11 сарын 24-ний өдөр 500.000 төгрөг, мөн өдөр 250.000 төгрөг, “үнэмлэх гаргаж өгнө” гэх шалтгаанаар 2024 оны 11 сарын 24-ний өдөр төгрөг, “визний мөнгө” гэж хэлэн 2024 оны 11 сарын 20-ны өдөр 1.200.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн “машин мөргөсөн” гэх шалтгаанаар 2024 оны 11 сарын 27-ны өдөр 100.000 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот дансаар тус тус нийт 19.050.000 төгрөгийг шилжүүлэн авсан нь “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.

Шүүгдэгч Д-ийн нь үйлдэл нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар шүүгдэгч нь “залилах” гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэгт үйлдсэнд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авч залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “4.700.000 төгрөгийг буцааж өгсөн. 19.050.000 төгрөгөөс хасахаар 14.350.000 төгрөгийг төлөөгүй” гэж мэдүүлсэн тул шүүхээс шүүгдэгч Д гээс 14.350.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л т олгохоор шийдвэрлэв.

Мөн хохирогчоос гэм хорын хохирол буюу өөрийн төрсөн охин Я , түүний нөхөр Б  нарын ажилгүй байсан хугацааны 02 сарын цалин, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр зэргийг нэхэмжилсэн.

Шүүхээс хэрэгт авагдсан баримтаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг тооцдог.

Харин дээрх хохирогчийн өөрийн төрсөн охин Я , түүний нөхөр Б  нарын ажилгүй байсан хугацааны 02 сарын цалин, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотой баримт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д нь хохирол, төлбөрийг барагдуулах зорилгоор шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргаагүй болохыг тэмдэглэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай ...” гэх саналыг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд, нөгөөтэйгүүр эрүүгийн хариуцлага нь заавал биелэгдэх ёстой.

Шүүхээс шүүгдэгч Д-ийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлөөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жил хорих ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авч залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д гээс 14.350.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л д олгосугай.

5. Хохирогч Л ын өөрийн төрсөн охин Я , түүний нөхөр Б  нарын ажилгүй байсан хугацааны 02 сарын цалин, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр зэргийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ

                                                          ШҮҮГЧ                                      М.ТҮМЭННАСТ