Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2023/01306

 








 

 2023        04           28                                      181/ШШ2023/01306

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.А нарт холбогдох,

Хариуцагч: З.О нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 165,741,568 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, С.А, хариуцагч З.О, З.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Моломжамц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, Х.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.А, З.О нар нь 2019 оны 05 дугээр сарын 27-ны өдөр 1920000922 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан үндсэн хөрөнгийн зориулалтаар 245,000,000 төгрөгийг жилийн 19.80% хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, үндсэн хөрөнгийн зориулалтаар 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдөр зээлдэгч З.Аийн ХБ ХХК дах 5002813355 тоот дансанд 245,000,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Банк ковид-19 цар тахалтай холбогдуулан 1920000922 тоот зээлийн гэрээнд 2020 оны 6 дугаар сарын 25, 2020 оны 12 дугаар сарын 26, 2021 олны 05 дугаар сарын 28-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан. 1920000922 тоот зээлийн гэрээ байгуулсанаас хойш зээлдэгч нар нь үндсэн зээлд 95,415,440 төгрөг, зээлийн хүүнд 108,229,479 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 527,703 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар нь 2020 оны 02-р сарын 05-ний өдрөөс эхлэн төлөлт хийлгүй, зээл, зээлийн хүүний төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа банкнаас шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө барагдуулаагүй байна.

Зээлдэгч З.А, З.О нар нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 04 дугаар сарын 05-ний өдрийг хүртэл зээлийн төлбөрт 17,623,019 төгрөг төлсөн.

2023 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үлдэгдэл үндсэн зээл 131,961,541.54 төгрөг, үндсэн хүү 33,197,949.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 582,077.13 төгрөг, нийт 165,741,568.17 төгрөгийн өртэй болоод байна.

Иймд Иргэний хуулийн 225.1, 227.1, 451.1, 453.1 дүгээр зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтанд тус тус үндэслэн зээлдэгч З.А, З.О нараас зээлийн төлбөрт 165,741,568.54 төгрөгийг гаргуулах

Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгүүд болох З.А, З.О нарын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206048034 дугаар бүртгэлтэй, Үл хөдлөх эд хөрөнгийн 000524197дугаар гэрчилгээтэй, ХУД........................... 204 дүгээр байрны 31 тоот хаягт байршилтай, 44.3 мкв талбайтай орон сууц, З.Аийн нэг хүний өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206051442 дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгийн 000725104 дугаар гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан Дүнжингаравын гудамж, 2707/2 байрны 60 тоот хаягт байршилтай, 131.19 мкв талбайтай орон сууц зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч З.А, З.О нар шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч З.А, З.О нар 2019 оны 05 сарын 27-ны өдөр ХБ ХХК ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 245,000,000 төгрөгийг жилийн 19.80 хувийн хүүтэй 5 жил буюу 60 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлийн барьцаанд нэхэмжлэлд дурдсан 2 ширхэг орон сууц барьцаалсан. Зээлийн үндсэн төлбөрөөс 2019.01.01 өдрөөс 2020.07.07 өдрийн хооронд 36,750,000 төгрөгийг, 2020.12.08 өдрөөс 2022.09.09 өдрийн хооронд 43,491,156.89 төгрөгийг, 2020.09.10 өдрөөс 2023.04.26 өдрийг хүртэл 39,145,939.02 төгрөгийг нийт 113,018,459 төгрөгийг, Хүүнд нь 2019.01.01 өдрөөс 2020.07.07 өдрийн хооронд 49,166,535.16 төгрөгийг, 2020.12.08 өдрөөс 2022.09.09 өдрийн хооронд 40,025,708.39 төгрөгийг 2022.09.10 өдрөөс 2023.04.26 өдрийн хооронд 15,260,102.43 төгрөгийг нийт 104,452,345.98 төгрөгийг тус тус төлж үндсэн зээлийн төлбөр зээлийн хүү нийлээд нийтдээ 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 223,839,441.89 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 125,612,904.09 төгрөг байна.

Монгол Улсын Их хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ны өдөрКоронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлааас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэхн сөрөг нөлөөллийн буруулах тухай хуулийн төслийг баталсан байна. Уг хуулийн зорилт нь коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахал (цаашид цар тахал гэх)-аас урьдчилан сэргийлэх ,тэмуэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм эдийн үасагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино...

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар банк, арилжааны банкуудын удирдлагууд, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд зориулж зээлийн эргэн төлөлтийн уян хатан бодлого хэрэгжүүлэхийг чиглэл болгож Монгол Банкны хяналт шалгалтын хорооны 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хурлаас гарсан зөвлөмжийн дагуу банкуудад Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журамд-д түр хугацаагаар мөрдүүлж буй хөнгөлөлттэй зохицуулалтыг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл урьдчилан тогтоосон хуваарийн дагуу хэсэгчлэн сунгахаар шийдвэрлэсэн бөгөөд банкуудад зээлдэгчийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй, дордуулахгүй байх эсэхийг бие даан шийдвэрлэх боломжийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.

Зээлийн чанарын ангиллыг бууруулах хугацаа хэтэрсэн хоногийг

         2021 оны 8 дугаар сараас 75 хоног

         2021 оны 10 дугаар сараас 60 хоног

         2021 оны 12 дугаар сараас 45 хоног

         2022 оны 02 дугаар сараас 30 хоног

         2022 оны 04 дүгээр сараас 15 хоног болгож, хэвийн горимд аажмаар шилжүүлэхээр зохицуулсан байна.

Эдгээр зохицуулалт нь Covid-19 цар тахалаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс үүдэн зээлийн эргэн төлөлтөө хийхэд хүндрэл учирч буй зээлдэгчид нь зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангиллын бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлсэн.

Уг журмыг мөрдөгдөх хугацаа дууссанаас хойш буюу 2022 оны 04 сарын 15-наас эхлэн 2023 оны 04 сарын 26-ны өдрийг дуустал 103,000-аас 2,250,000 төгрөгийг өдөр болгон тогтмол төлж ирсэн болно.

Гэтэл ХБ ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээ хийгдсэнээс хойш Монгол Банкны хяналт шалгалтын хорооны 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хурлаас гарсан зөвлөмжийн дагуу банкуудад Активыг ангилах, активын эрсдэлийн санг байгуулж, зарцуулах журам-д Хэрэглээний болон бизнесийн зээлийн бүтцийг өөрчилж, холбогдох гэрээнд өөрчлөлт оруулсан тохиолдолд уг зээлийн журмын дагуу бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр, эцсийн ангилалыг хэвээр тогтоох тухай түр хугацаагаар мөрдүүлж буй хөнгөлөлттэй зохицуулалтыг дагаж мөрдөөгүй гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны бдбрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоолын 8 дугаар зүйлд Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль , алданги, тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монгол банк /Б.Лхагвасүрэн/, Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй. Гэж заасан байна.

Анх 2019 онд зээл авсан Чингэлтэй дүүргийн Бөмбөгөр 192 дугаар тооцооны төв дэх ХБ ХХК ны салбар нь нэмэгдүүлсэн хүү тооцон зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж ямар үндэслэлээр зээлийн тусгай активын сан руу хэзээ хэрхэн шилжүүлсэн мэдэгдээгүй явдал нь дээрх засгийн газрын 183 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажилаагүй гэж үзэж байна.

ХБ ХХК -тай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1920000922 дугаар гэрээний 1.3-т заасан зээлдэгчийн 19200009522 тоот данс эзэмшиж байсан бөгөөд 2020.06.25-ны өдөхр байгуулсан зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 1.5-д заасан дээрх зээлдэгчийн дансны дугаарыг 1920001807 тоот болгон өөрчилсөн, мөн 2020.12.26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 1.5-д заасан дээрх зээлдэгчийн дансны дугаарыг 1920002404 тоот болгож өөрчилсөн байдаг.

Зээлдэгч З.А-ийн дансны дугаарыг удаа дараа өөрчилж байгаа нь төөрөгдөлд оруулж зээлийн дансны хуулга харах, зээлийн түүх мөн постерминал машинаар орсон орлого зарлагыг хянах боломжгүй байдалд хүргэж битүүмжилсэн миний дансанд хуримтлагдсан мөнгийг үлдсэн зээлийн төлбөр эсвэл хүүнд хэдэн төгрөг суутгагдаж төлөгдөж байгаа эсэх талаар мэдээлэл авах боломжгүй болсон.

2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2019 оны 192000092 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн 1.1-т Үндсэн гэрээний 1.1 дахь хэсэгт заасан зээлийн Хүү ...Жилийн буюу 365 хоногт тогтмол 19.8 байна. гэснийг өөрчилж 365 хоногт тогтмол 16.8 хувь болгож өөрчилсөн байдаг. Тус гэрээний 1.4 дах хэсэгт Энэхүү нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь шинэчлэн тогтоосон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг мөрдөнө гэж заасан мөн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дуусахаар байна.

Иймд дээрх гэрээ нь 2021 оны 05 сарын 28-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус өдрөөс өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн хүүг бодохдоо 16.8 хувиар тооцон бодож дансанд өдөр бүр орж байгаа мөнгөн орлогыг суутгахдаа зээл болон хүүгийн эргэн төлөлтийн тооцооллыг үнэн зөв хийсэн эсэх талаар эргэлзээтэй байх учир нэхэмжилсэн зээлийн үндсэн хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас ХБ ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022.10.19-ний өдрийн хариуцагч нарын хаягийг тогтоосон тодорхойлолт, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1920000922 дугаартай Зээлийн гэрээ, хавсралт 1 Эргэн төлөтийн хуваарь, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 19020000922-01, 1920000922-02 дугаартай Барьцааны гэрээ түүний хавсралт, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2019 оны 1920000922 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, хавсралт-1 Зээлийн санхүүжилт, эргэн төлөлтийн хуваарь, Хавсралт-2 Хуримтлагдсан үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн, эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн 2019 оны 1920000922-01, 1920000922-02 дугаартай барьцааны гэрээний нэмэлт, өөрчлөлт-үүд, 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2019 оны 1920000922 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, түүний хавсралтууд, мөн өдрийн 2019 оны 1920000922-01, 1920000922-02 дугаартай барьцааны гэрээний нэмэлт, өөрчлөлт-үүд, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2019 оны 1920000922 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, хавсралт-1 Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, З.Аийн ХБны 1920000922 дугаартай дансны хуулга, З.Аийн ХБны 1920001807 дугаартай дансны хуулга, З.Аийн ХБны 1920002404 дугаартай дансны хуулга, З.Аийн ХБны 5002813355 дугаартай дансны хуулга, З.А, З.О нарын зээл хүсэгчийн анкет, Барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 2ш, ХБны 2020 оны 02 сарын 12-ны өдрийн Мэдэгдэх хуудас, 2020 оны 03 сарын 25-ны өдрийн Мэдэгдэх хуудас, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Шаардах хуудас, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Шаардах хуудас, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Шаардах хуудас, З.Аийн ХБин дахь харилцах дансны хуулгуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч нараас З.Аийн ХБин дахь 1920002404 тоот зээлийн дансны 2020.12.08-2023.04.26 өдрийг хүртэлх хугацааны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХБ ХХК ХХК нь хариуцагч З.А, З.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 165,741,568.17 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч ХБ ХХК -ийг Ковид-19 цар тахалтай холбоотойгоор Улсын их хурал, Засгийн газар, Монгол Банкнаас гаргасан дүрэм, журмыг хэрэгжүүлээгүй, дагаж мөрдөөгүй, зээлдэгч З.Аийн зээлийн дансны дугаарыг удаа дараа өөрчилж, битүүмжилсэн дансанд хуримтлагдсан мөнгийг үндсэн зээл эсхүл хүүнд хэдэн төгрөг суутгаж байгаа талаар мэдээлэл авах боломжгүй болгосон, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, данснаас өдөр бүр орлогыг суутгахдаа зээл болон хүүгийн эргэн төлөлтийн тооцооллыг үнэн зөв хийсэн эсэх нь эргэлзээтэй тул үндсэн хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. ХБ ХХК ХХК нь З.А, З.О нартай 2019 оны 05 дүгээр сарын 27-ны өдөр 1920000922 тоот Зээлийн гэрээ болон 1920000922-01, 1920000922-02 тоот Барьцааны гэрээ-нүүдийг тус тус байгуулан үндсэн хөрөнгийн зориулалтаар 245,000,000 төгрөгийг жилийн 19.80% хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлдүүлж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор З.О, З.А нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206048034 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн ХХУД...........................44.3 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууц, З.Аийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206051442 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан Дүнжингаравын гудамж 207/2 дугаар байр, 60 тоот хаягт байршилтай, 131.19 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууц зэргийг барьцаалжээ. /хавтаст хэргийн 13-24 хуудас/

2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1920000922 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-гээр зээлдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу гэрээний 1 дүгээр хавсралт Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг өөрчилж, 2-р хавсралтаар Хуримтлагдсан үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн эргэн төлөлтийг хуваарь-ийг баталсан. Мөн барьцааны гэрээнүүдэд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна. /хавтаст хэргийн 25-27 хуудас/

2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1920000922 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-ээр зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгаж, үндсэн зээл төлөлтийг 5 сараар хойшлуулж, гэрээний 1 дүгээр хавсралт Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг өөрчилж, 2-р хавсралтаар Хуримтлагдсан үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн эргэн төлөлтийг хуваарийг баталсан. Мөн барьцааны гэрээнүүдэд зээлийн гэрээний хугацаанд өөрчлөлт оруулсан тухай нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна. /хавтаст хэргийн 28-31 хуудас/

2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 19200000922 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийн гэрээ-ээр зээлийн хүүг буруулж, жилийн 365 хоногт 16.8 хувь болгон, гэрээний 1 дүгээр хавсралт Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг өөрчилжээ. /хавтаст хэргийн 32-33 хуудас/

Талууд Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ болон уг гэрээнүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ зэргийг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй, хүчин төгөлдөр байна.

 

2. Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. 

 

а/ ХБ ХХК нь 2019.05.29, 2019.05.31-ний өдөр З.Аийн эзэмшдэг 5002813355 тоот дансанд 3 удаагийн гүйлгээгээр зээл 245,000,000 төгрөгийг шилжүүлж гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн талаар зохигч маргаагүй.  /хавтаст хэргийн 39-40 хуудас/

 

б/ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулсан.

Талууд Зээлийн гэрээний 1.2.4, 1.6, 3.2.1-д ...зээл, хүүгийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй гэж зээлийн эргэн төлөлтийн хуваарийг харилцан тохиролцжээ.  

 

Зээлдэгч З.А, З.О нар 2019 оны 05 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ-ний хавсралт-1 Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг эргүүлэн төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба зээлдэгчийн хүсэлтийн дагуу талууд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрүүдэд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 1 дүгээр хавсралтаар Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, 2-р хавсралтаар Хуримтлагдсан үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн эргэн төлөлтийг хуваарь-ийг баталсан болох нь З.Аийн ХБны 1920000922 дугаартай дансны хуулга, З.Аийн ХБны 1920001807 дугаартай дансны хуулга, ХБны 2020 оны 02 сарын 12-ны өдрийн Мэдэгдэх хуудас, 2020 оны 03 сарын 25-ны өдрийн Мэдэгдэх хуудас, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Шаардах хуудас, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Шаардах хуудас зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 34-35, 48-51 хуудас/

ХБ ХХК нь дээрхи гэрээнүүдийн дагуу нэмэлт өөрчлөлтүүдийг хийсэн байх бөгөөд зээлдэгч З.Аийн зээлийн дансны дугаар өөрчлөгдсөн байдлыг зээлийн мэдээлэлээ авах боломжгүй болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

3. Талууд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 19200000922 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээний дагуу зээлийн хүүг 16.8 хувиар тооцосон байх бөгөөд уг гэрээний 1.3-т ...Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацааг 45 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд Банк дараахь арга хэмжээний аль нэгийг авч хэрэгжүүлнэ гээд 1.3.2-д үндсэн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, зээлийн нийт төлбөрийг буцаан төлөхийг шаардах гэж гэрээг цуцлах талаар тохиролцсон байна.

2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 19200000922 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийн гэрээ-ний 1 дүгээр хавсралт Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээлдэгч З.А, З.О нар нь зээл, зээлийн хүүг хугацаанд нь бүрэн төлөөгүй, сар бүр дутуу төлж, төлбөрийн зөрчил үүсгэсэн, төлбөрийг барагдуулах шаардах хуудас хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй болох нь З.Аийн ХБны 1920002404 дугаартай дансны хуулга, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Шаардах хуудас зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 36-38, 52 хуудас/,

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

Хариуцагч талын зээлийн гэрээний хугацаа дуусаагүй гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

ХБ ХХК нь зээлийн гэрээг 2023.01.11-ны өдөр цуцалж, зээлийн төлбөрийн тооцооллыг гаргаж, хариуцагчаас зээлийн нийт төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээг цуцалснаар гэрээний үүрэг дуусгавар болдог тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалснаас хойшхи буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй юм.

 

4. Нэхэмжлэгч ХБ ХХК нь зээлийн гэрээний хугацаанд бодогдсон хүү буруу тооцсон /хавтаст хэргийн 90-93 хуудас/ гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ, 2023.01.23-наас 2023.04.05-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн төлбөрөөс хүү тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. /хавтаст хэргийн 93 хуудас, ар тал/

Иймд уг хугацааны 22 удаагийн бодолтоор 5,452,512.87 төгрөгийн хүү тооцож нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул хасах, мөн 2023.04.06-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч З.А, З.О нарын төлсөн 6,348,637.45 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч З.А, З.О нарын төлбөл зохих зээлийн төлбөрийг тооцвол, үндсэн зээл 125,612,904.09 төгрөг, зээлийн хүү 27,745,436.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 582,077.13 төгрөг, нийт 153,940,417.85 төгрөгийг төлөөгүй болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

5. Зээлийн гэрээнд Хамтран зээлдэгч нь Зээлдэгчийн нэгэн адил хуулинд болон гэрээнд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсон байх тул хариуцагч З.О нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй.  

 

6. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 тоот тогтоолын 8-д банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй гэж заасан байх бөгөөд тогтоолын уг заалтыг хэрэгжүүлэхийн тулд зээлдэгч талаас зээлдүүлэгчид хүсэлт гаргах учиртай.

Уг журмын дагуу нэхэмжлэгч ХБ ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрүүдэд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, зээлийн хүүг жилийн 16.8 хувь болгон бууруулсан өөрчлөлтүүдийг оруулсан байна. /хавтаст хэргийн 25-33 хуудас/ 

 

Харин Ковид-19 цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэх боломжгүй болсон гэх тайлбар нь хариуцагч нарыг хууль болон гэрээнд заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй байна.

 

7. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч З.А, З.О нараас зээлийн төлбөр 153,940,417.85 төгрөгийг гаргуулж ХБ ХХК -д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

8. Зээлдэгч З.А, З.О нар нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул 2019 оны 05 дүгээр сарын 27-ны өдөр 1920000922-01, 1920000922-02 тоот Барьцааны гэрээ-нүүд болон нэмэлт, өөрчлөлтүүдийн дагуу зээлдүүлэгч, барьцаалагч ХБ ХХК нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох З.О, З.А нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн ХУД........................... 2 өрөө орон сууц, З.Аийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн ХУД...........................талбай бүхий, 3 өрөө орон сууц зэргийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар З.А, З.О нараас 153,940,417.85 /нэг зуун тавин гурван сая есөн зуун дөчин мянга дөрвөн зуун арван долоон төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг гаргуулж ХБ ХХК -д олгож, нэхэмжлэлээс 11,801,150,32 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч З.А, З.О нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох З.О, З.А нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн ХУД........................... 204 дүгээр байр 31 тоот хаягт байршилтай 44.3 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууц, З.Аийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22  дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн ХУД...........................131.19 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууц зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХБ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,012,942.82 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.А, З.О нараас 997,852 /есөн зуун ерэн долоо мянга найман зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж ХБ ХХК -д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ОЮУНТУЯА