Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 116

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн                    

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч О.Амаржаргал, Ч.Нямжав, С.Ганболд, П.Баасандорж нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүгдүүд овогт Оюунтуяагийн Амаржаргал, Чонос овогт Чулуунбаатарын Нямжав, Хөхийн Отог овогт Сугардашийн Ганболд, Хөхнүүд овогт Пүрэвсүрэнгийн Баасандорж нарт холбогдох эрүүгийн 201711000187 дугаартай хэргийг 2017 оны 8 сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1995 оны 02 сарын 07-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын 00-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖЛ95020713 регистрийн дугаартай, бие эрүүл, Хүгдүүд овогт Оюунтуяагийн Амаржаргал.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1996 оны 7 сарын 07-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, Хэрлэн сумын 7 дугаар баг Нарлагын 02-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖД96070713 регистрийн дугаартай, Чонос овогт Чулуунбаатарын Нямжав.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1996 оны 11 сарын 08-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, Хэрлэн сумын 10 дугаар баг Хивсний 00-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖГ96110811 регистрийн дугаартай, Хөхийн отог овогт Сугардашийн Ганболд.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1994 оны 9 сарын 09-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 06-29 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖД94090911 регистрийн дугаартай, Хөхнүүд овогт Пүрэвсүрэнгийн Баасандорж.

            Шүүгдэгч О.Амаржаргал, С.Ганболд, Ч.Нямжав нар нь 2017 оны 3 сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Дэнжийн 1-18 тоот хашаанаас хар ногоон өнгийн 09-55 ДОЗ улсын дугаартай, ХY маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч П.Самбууд 450000 төгрөгийн хохирол,  

Шүүгдэгч О.Амаржаргал, С.Ганболд, Ч.Нямжав, П.Баасандорж нар нь 2017 оны 4 сарын 30-ны өдрөөс 5 сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 4-23 тоот хашаанаас ногоон өнгийн, улсын дугааргүй, Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Б.Батчимэгт 600000 төгрөгийн хохирол,

2017 оны 5 сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 4-23 тоот хашаанаас улаан өнгийн 38-67 ДОЗ улсын дугаартай, Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч А.Энхболдод 700000 төгрөгийн хохирол,

2017 оны 5 сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 11-01 тоот хашаанаас шар өнгийн 36-58 ДОЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ц.Эрдэнэтулгад 600000 төгрөгийн хохирол,

2017 оны 5 сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 15-10 тоот хашаанаас хул шар өнгийн, 37-11 ДОЗ улсын дугаартай, Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Б.Золзаяад 600000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Амаржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Ч.Нямжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч С.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад  өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч П.Баасандорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч А.Энхболдын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 11 сарын үед шиг санаж байна, мотоциклийг өвлийн цагт унахыг хориглохоор нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Хивсний 4-23 тоотод оршин суух ээж Алтанцэцэгийн гэрийн гадаа тавьж орхисон, миний мотоцикль өвөл, хаврын цагт огт унагдаагүй байж байсан юм. Тэгээд 2017 оны 5 сарын эхэн үеэр манай ээж Алтанцэцэг над руу залгаад мотоцикль чинь алга болсон гэж хэлсэн. Манай ээж тухайн үед цагдаад мотоцикл алга болсон талаар хэлсэн байсан. Миний мотоцикл алга болохын өмнөх өдөр ээжийн хажуу айлын мотоцикль нь алга болсон юм шиг байна лээ. Би 2015 онд Дорнод аймгаас улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг 1500000 төгрөгөөр худалдаж аваад өөрийн нэр дээр бүртгүүлж 38-67 ДОЗ улсын дугаар авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/

Хохирогч Б.Батчимэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ”...Тухайн үед манай нөхөр Ө.Цэндсүрэн өөрийн эзэмшлийн ногоон өнгийн “Даюун” маркийн, улсын дугааргүй мотоциклио унаж ирээд байшингийнхаа зүүн талд машины хажууд тавьж орхиод унтаж амарсан. Ингээд маргааш нь буюу 2017 оны 5 сарын 01-ний өглөө 09 цагийн үед босоод харахад уг мотоциклийг маань хашааны хойд талын хаалгаар өргөж гаргаад хашааны хойд талаас зүүн тийш түрээд явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/

Хохирогч П.Самбуу мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ”...Миний санаж байгаагаар 2017 оны 3 сарын дунд үеэр өөрийн эзэмшлийн “Шинрэй” маркийн, хар ногоон өнгийн, 09-55 ДОЗ улсын дугаартай мотоциклиороо хүргэн Ганбатын хашаа болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Дэнжийн 1-18 тоотод очоод мотоциклоо орхиод гэр рүүгээ харьж амарсан. Ингээд маргааш өглөө нь манай хүргэн Ганбат над руу залгаад “та мотоциклоо ирж авсан уу” гэж асуусан. Тэгэхээр нь би мотоциклоо аваагүй гэж хэлсэн чинь Ганбат хэлэхдээ “тэгвэл мотоциклийг чинь алдчихлаа” гэж хэлсэн. ...Миний мотоцикль алдагдах үед ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй зүгээр явдаг байсан. ...Одоо хажуу талын 1 ширхэг таг байхгүй, урд талын шаврын хаалт хугарсан, улсын дугааргүй, 1 ширхэг толь байхгүй, асаах гишгүүр эвдэрсэн зэрэг гэмтэл учирсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/

Хохирогч Ц.Эрдэнэтулга мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ”...Манай гэр Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 11-01 тоотод түр оршин сууж байсан юм. Ингээд 2017 оны 5 сарын 05-ны өдрийн орой манай шар өнгийн “Даюун-150” маркийн 36-58 ДОЗ улсын дугаартай мотоцикль маань байсан юм. Тэгээд бид нар унтаж амраад би маргааш өглөө нь 6 цаг өнгөрөөгөөд босоод харсан чинь манай мотоцикль алга болсон байсан. Ингээд би Цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/

Хохирогч Б.Золзаяа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ”...Манай гэр Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 15-10 тоотод оршин суудаг юм. Ингээд 2017 оны 5 сарын 05-ны өдөр манай хүү Мөнх-Амгалангийн улбар шар өнгийн Даюун маркийн 37-11 ДОЗ улсын дугаартай мотоциклийг төрсөн ах Амгаланбаатар нь унаж яваад орой 19-20 цагийн орчимд авчирч хашаанд тавьсан. Тэгээд бид нар оройхон хоол ундаа идэж уугаад унтаж амраад өглөө 05 цагийн үед босоод гэрээсээ гарсан чинь мотоцикль нь алга болсныг мэдсэн. Ингээд бид нар хажуу айлаас цагдаатай холбогдох утасны дугаарыг авч мотоцикль алга болсон талаар хэлж бүртгүүлсэн юм. Манай том хүү Амгаланбаатар нь дүүгийнхээ мотоциклийг унаж яваад ирэхдээ гэрийн гадаа /хашаан дотор/ түлхүүрийг нь авалгүй, зоолттой орхисон байсан, тэгээд л алга болсон байсан. Тухайн үед харахад хашааны зүүн урд талын банзыг нь хугалаад орсон, тэгээд хашааны хаалгаар түрээд гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-14/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 113-117/

-Эд хөрөнгө хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 36-53/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч О.Амаржаргал, С.Ганболд, Ч.Нямжав нар нь 2017 оны 3 сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Дэнжийн 1-18 тоот хашаанаас хар ногоон өнгийн 09-55 ДОЗ улсын дугаартай, ХY маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч  П.Самбууд 450000 төгрөгийн,  

Шүүгдэгч О.Амаржаргал, С.Ганболд, Ч.Нямжав, П.Баасандорж нар нь 2017 оны 4 сарын 30-ны өдрөөс 5 сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 4-23 тоот хашаанаас ногоон өнгийн, улсын дугааргүй, Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хохирогч Б.Батчимэгт 600000 төгрөгийн,

2017 оны 5 сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 4-23 тоот хашаанаас улаан өнгийн 38-67 ДОЗ улсын дугаартай, Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч А.Энхболдод 700000 төгрөгийн,

2017 оны 5 сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 11-01 тоот хашаанаас шар өнгийн 36-58 ДОЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ц.Эрдэнэтулгад 600000 төгрөгийн,

2017 оны 5 сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 15-10 тоот хашаанаас хул шар өнгийн, 37-11 ДОЗ улсын дугаартай, Даюун маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч Б.Золзаяад 600000 төгрөгийн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч С.Ганболдын мөрдөн байцаалтад  өгсөн“ ...Би найз Нямжав, Баасандорж, Амаржаргал нартай нийлж нийт 5 мотоцикль хулгайлсан. ...Бид нар энд тэнд явж байхдаа харсан мотоциклийг хоорондоо ярилцаад шөнө нь очиж хулгайлж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 151-153/, шүүгдэгч П.Баасандоржийн мөрдөн байцаалтад  өгсөн “...Би найз Нямжав, Ганболд, Амаржаргал нартай нийт 4 мотоцикль хулгайлахад хамт оролцсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 157-159/, шүүгдэгч О.Амаржаргалын мөрдөн байцаалтад  өгсөн “...Би найз Нямжав, Баасандорж, Ганболд нартай нийт 5 мотоцикль хулгайлсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 160-162/, шүүгдэгч Ч.Нямжавын мөрдөн байцаалтад  өгсөн “...Бид нар энд тэнд явж байхдаа харсан мотоциклийг хоорондоо ярилцаад шөнө нь очиж хулгайлж авдаг байсан. Унаатай болох зорилгоор мотоцикль хулгайлдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 155-156/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч М.Зулзаяа, гэрч Д.Ганбат, Г.Амгаланбаатар, Н.Мөнхөө, Б.Алтанцэцэг, Ө.Цэндсүрэн нарын мэдүүлэг,   мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 163-166, 167-170/ зэрэг болон хавтаст хэрэгт хавсаргасан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ бүгдээрээ бүлэглэн гүйцэтгэгч хэлбэрээр оролцсон байх тул гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан тэдэнд оногдуулах ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Амаржаргал, С.Ганболд, Ч.Нямжав, П.Баасандорж нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч О.Амаржаргал, С.Ганболд, Ч.Нямжав, П.Баасандорж нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Энхболд, Б.Батчимэг, П.Самбуу, Ц.Эрдэнэтулга, Б.Золзаяа нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Амаржаргал, С.Ганболд, Ч.Нямжав, П.Баасандорж нар нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар О.Амаржаргал, Ч.Нямжав, С.Ганболд нарыг тус бүр хоёр зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч П.Баасандоржийг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нар нь хохирогч А.Энхболд, Б.Батчимэг, Б.Золзаяа нарын эзэмшлээс хулгайлсан мотоциклийг буцаан өгсөн байх тул дээрх нэр бүхий хохирогч нар нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй гэж, харин шүүгдэгч нар нь  хохирогч Ц.Эрдэнэтулгын Даюун маркийн мотоциклийг задалж бусдад зарж борлуулж үгүй хийсэн байх тул уг мотоциклийн үнэ болох /орон нутгийн үнэлгээний комисс 600000 төгрөгөөр үнэлснийг хохирогч нь хүлээн зөвшөөрсөн/ 600000 төгрөгийг хохирогчид төлсөн зэргээс үзэхэд энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарыг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мотоциклийн амортизатор, шатахууны сав, 4 ширхэг дохионы гэрэл зэргийг хохирогч Ц.Эрдэнэтулга нь авна гэсэн тул тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд  буцаан олговол зохино.

 

Шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй тул шүүгдэгч О.Амаржаргалын эзэмшлээс АН6447436 дугаартай 10000 төгрөгийн 1 ширхэг дэвсгэртийг,  шүүгдэгч Ч.Нямжавын эзэмшлээс Гурванзагал сумын Сүмийн булаг багт байрлах Өнөр хорооллын 13 тоотын 763 м2 гэр бүлийн хэрэгцээний газрыг,  шүүгдэгч П.Баасандоржийн эзэмшлээс Хэрлэн сумын 8 дугаар баг Мичид 19-14 тоотын 700м2 гэр бүийн хэрэгцээний зориулалттай газрыг, шүүгдэгч  С.Ганболдын эзэмшлээс AG71411524 дугаартай 10000 төгрөгийн 1 ширхэг дэвсгэртийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 6 сарын 27-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч нарт нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Хүгдүүд овогт Оюунтуяагийн Амаржаргал, Чонос овогт Чулуунбаатарын Нямжав, Хөхийн Отог овогт Сугардашийн Ганболд, Хөхнүүд овогт Пүрэвсүрэнгийн Баасандорж нарыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар Оюунтуяагийн Амаржаргал, Чулуунбаатарын Нямжав, Сугардашийн Ганболд нарыг тус бүр 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Пүрэвсүрэнгийн Баасандоржийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар  шүүгдэгч О.Амаржаргал, Ч.Нямжав, С.Ганболд, П.Баасандорж нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт баримт бичгээр ирсэн зүйлгүй, ялтан нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мотоциклийн амортизатор, шатахууны сав, 4 ширхэг дохионы гэрэл зэргийг хохирогч Ц.Эрдэнэтулгад, шүүгдэгч О.Амаржаргалын эзэмшлээс АН6447436 дугаартай 10000 төгрөгийн 1 ширхэг дэвсгэртийг,  шүүгдэгч Ч.Нямжавын эзэмшлээс Гурванзагал сумын Сүмийн булаг багт байрлах Өнөр хорооллын 13 тоотын 763 м2 гэр бүлийн хэрэгцээний газрыг, шүүгдэгч П.Баасандоржийн эзэмшлээс Хэрлэн сумын 8 дугаар баг Мичид 19-14 тоотын 700м2 гэр бүийн хэрэгцээний зориулалттай газрыг, шүүгдэгч  С.Ганболдын эзэмшлээс AG71411524 дугаартай 10000 төгрөгийн 1 ширхэг дэвсгэртийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 6 сарын 27-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч нарт нь буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Амаржаргал, Ч.Нямжав, С.Ганболд, П.Баасандорж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР