| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2023/00661/И |
| Дугаар | 181/ШШ2023/01359 |
| Огноо | 2023-05-04 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2023/01359
2023 05 04 181/ШШ2023/01359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ-т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Э.Г,
Ү-22....................ХУД..........., 9 тоотод байрлах, 80,14 мкв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.О, түүний өмгөөлөгч М.Шаравнямбуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би НШШГГаас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан анхны дуудлага худалдаанд оролцсон. Тус дуудлага худалдаанаас Ү-22....................ХУД........... орон сууцыг ялагч болж авсан. Тус дуудлага худалдаанд би 115,000,000 төгрөгийн үнийн саналаар ялагчаар тодорч, дуудлага худалдааны үнэ болох 115,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бүрэн төлсөн. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр НШШГГаас дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Гантуяагийн 11/13 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг гардаж авсан.
Улмаар төлбөр төлөгч нар нь шүүхэд Албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн 210/МА2022/01100 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 834 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ийнхүү гурван шатны шүүхийн шийдвэрээр миний оролцсон дуудлага худалдаа хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр болсон нь тогтоогдсон. Түүнээс хойш Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өмчлөх эрхийг шилжүүлж өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Иймд өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч НШШГГын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.29-ний өдрийн 728 дугаар шийдвэрээр ГН ХХК , Д.М нараас 444,024,798 төгрөгийг гаргуулж, Төрийн банканд олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.17-ны өдрийн 3670, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.01.20-ны өдрийн 198 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2023.03.16-ны өдрийн 295 дугаар тогтоолоор тус тус шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Э.Ган-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/00728 дугаар шийдвэрээр ГН ХХК , Д.М нараас 444,214,798 төгрөгийг гаргуулан Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөр авагчид төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлж дуусгасан. Үүний дараа төлбөр авагч болох Төрийн банк ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/05 тоот албан бичгээр Төлбөр төлөгч нар нь Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, 444,214,798 төгрөгийг төлж барагдуулсан тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 184/Ш32019/01669 дугаартай захирамж, гүйцэтгэх хуудас материалыг хааж өгнө үү гэсэн хүсэлтийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу төлбөр төлөгч нарын төлөх ёстой төлбөрийг бүрэн төлөгдсөн тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 184/Ш32019/01669 дугаартай захирамж, албадан гүйцэтгэх хуудсын дагуу гүйцэтгэж буй төлбөр гаргуулах ажиллагаа нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон нь дараах байдлаар нотлогдоно. Үүнд:
1. Төлбөр төлөгчид нь төлбөр авагчид шийдвэрийг биелүүлж дуусгасан.
2. Төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг гаргасан.
3. Албадан дуудлага худалдааны ялагчид менгийг буцаан шилжүүлсэн.
Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-д Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гараагүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно гэж зааснаар төлбөр төлөгчдийн зүгээс гомдол гаргасан тул 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр албадан дуудлага худалдааны ялагч /А.Од/-д мөнгийг буцаан шилжүүлсэн, үүнээс үзэхэд А.О нь дуудлага худалдааны ялагч болохгүй юм.
Мөн ГН ХХК , Э.Г, Д.М нар нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон болохыг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 3670 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Дээрх иргэний хэрэгт А.О нь гуравдагч этгээдээр оролцсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг А.О эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.01.20-ны өдрийн 198 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.17-ны өдрийн 3670 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Иймд А.Оын ХҮ-22....................ХУД........... 80,14 мкв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас 2021.10.28-ны өдрийн Кассын орлогын ордер, 2022.11.15-ны өдрийн Голомтбанкны орлогын мэдүүлэг, 2021.11.12-ны өдрийн 11/13 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.06-ны өдрийн 1122 дугаар шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022.09.16-ны өдрийн 834 дугаар тогтоол, НШШГГын 2022.01.24-ний өдрийн 2-128/39 дугаар хариу мэдэгдэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022.02.01-ний өдрийн 07-01/222 дугаар гомдлын хариу албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Хариуцагч талаас Сонгинохайрхан дүүрйгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.29-ний өдрийн 728 дугаар шийдвэр, Сонгинохайрхан дүүрйгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.01-ний өдрийн 1669 дугаар захирамж, 2019.02.01-ний өдрийн 176 дугаар гүйцэтгэх хуудас, Төрийн банк ХХК-ийн 2022.01.03-ны өдрийн 01/05 дугаар Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.17-ны өдрийн 3670 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.01.20-ны өдрийн 198 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023.03.16-ны өдрийн 295 дугаар тогтоол зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гуравдагч этгээдээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Ү-22....................ХУД..........., 9 тоотод байрлах, 80,14 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч А.О нь хариуцагч НШШГГаас зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож, орон сууцыг худалдан авах ялагчаар тодорч, үнийг бүрэн төлснөөр, 2021.11.12-ны өдрийн 11/13 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гарсан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлыг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
1. НШШГГын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11/13 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-оор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Э.Г-н өмчлөлийн Ү-22....................ХУД...........байршилтай 80,14 м.кв талбайтай , 3 өрөө орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд оролцогч А.О нь 115,000,000 төгрөгийн үнийн саналаар ялагчаар тодорч, дуудлага худалдааны орлого 115,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бүрэн төлсөн гэх үндэслэлээр уг орон сууцыг А.Од шилжүүлэхээр шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 7 хуудас/
2. Улмаар төлбөр төлөгч ГН ХХК нь шүүхэд Албадан дуудлага худалдааны орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1122 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн 210/МА2022/01100 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол улсын дээд шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 834 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзжээ. /хавтаст хэргийн 8-14 хуудас/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-д Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гараагүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно гэж заасан.
Төлбөр төлөгч ГН ХХК нь шүүхэд Албадан дуудлага худалдааны орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан тул А.Оыг НШШГГын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11/13 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-оор орон сууцны өмчлөгч болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
НШШГГаас 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр албадан дуудлага худалдааны ялагч А.Од дуудлага худалдааны үнэ болох 104,0 сая төгрөгийг мөнгийг буцаан шилжүүлсэн талаар зохигч маргаагүй.
3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/00728 дугаар шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгч ГН ХХК , Д.М нар нь шүүхийн шийдвэрт заасан 444,214,798 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төрийн банк ХХК-д төлж, төлбөрийг барагдуулсан байна.
ТБ ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/05 тоот албан бичгээр Төлбөр төлөгч нар нь Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, 444,214,798 төгрөгийг төлж барагдуулсан тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 184/Ш32019/01669 дугаартай захирамж, гүйцэтгэх хуудас материалыг хааж өгнө үү гэсэн хүсэлтийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлжээ. /хавтаст хэргийн 35 хуудас/
Мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.17-ны өдрийн 3670 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар ГН ХХК , Э.Г, Д.М нарын гомдлыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.02.01-ний өдрийн 1669 дугаар шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай захирамж, 176 дугаар гүйцэтгэх хуудас НШШГГын 2019.02.25-ны өдрийн 19270528 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, хувийн хэргийг хаахыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.01.20-ны өдрийн 198 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн 2023.03.16-ны өдрийн 295 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзжээ. /хавтаст хэргийн
Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр А.О оролцсон бөгөөд НШШГГаас 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хөрөнгийн үнэ 104,500,000 төгрөгийг албадан дуудлага худалдааны ялагч А.Од буцаан шилжүүлсэн, уг ажиллагаанд А.О гомдол гаргаагүй мөнгийг буцаан авсан учраас дуудлага худалдааны ялагч хөрөнгийн үнийг төлөөгүй гэж үзсэн. Мөн дуудлага худалдааны ялагч хөрөнгийн үнийг төлж, өмчлөгч болоогүй учраас төлбөр төлөгчөөс төлбөр авагчид төлбөрийг төлснийг буруутгахгүй гэж дүгнээд А.Оын төлбөр төлөгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт заасан хугацаанаас өмнө төлбөрөө төлөөгүй гэх гомдлыг хангаагүй байна.
4. Төлбөр төлөгч ГН ХХК , Д.М нар нь шүүхийн шийдвэрт заасан 444,214,798 төгрөгийн төлбөрийг төлбөр авагч Төрийн банк ХХК-д төлсөн, шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч нар төлбөрөө бүрэн төлсөн гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, хувийн хэргийг хаахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч А.Од дуудлага худалдааны ялагч болсноор орон сууцыг өмчлөх эрх үүссэн гэж үзэх боломжгүй байна.
Мөн А.О нь 2022.11.15-ны өдөр НШШГГын дансанд 104,120,000 төгрөг шилжүүлснийг, орон сууц өмчлөх эрх үүснэ гэж үзэх боломжгүй юм. /хавтаст хэргийн 6 хуудас/
5. Маргаан бүхий үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Э.Ган-Эрдэнийн өмчлөлийн Ү-22....................ХУД...........3 өрөө орон сууц нь барьцаалагч Төрийн банк ХХК-ийн хүсэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр барьцаанаас чөлөөлөгдсөн, орон сууцны өмчлөгч нь Э.Г болох нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 57-58 хуудас/
Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Э.Г-н өмчлөлийн Ү-22....................ХУД........... 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч А.Од шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолдоо 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.11, 122 дугаар зүйлийн 122.3-д заасны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Ү-22....................ХУД..........., 9 тоотод байрлах, 80,14 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч А.Оын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар А.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,514 төгрөгийг 70,200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА