Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2023/01363

 

 

 

 

 

 

 

 

2023 05 05 181/ШШ2023/01363

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: К ББСБ ХХК /РД:5504619/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Ед холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5,569,490 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Е нь манай компанитай 2021 оны 06 сарын 18-ны өдөр 1490004019 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г байгуулж, 3,790,000 төгрөгийг, 1 сарын 3.90 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлж, гар утас авсан. Гэвч гэрээ байгуулснаас хойш нэг ч төлөлт хийгээгүй. Манай компанийн зүгээс хорио цээрийн үед хүүг хойшлуулж, хугацаа сунгаж өгсөн боловч төлөх талаар ямар ч санаачилга гаргаагүй, утсаа авахгүй, гэрийн хаягаа солиод алга болсон бөгөөд эрэн сурвалжлуулж хаягийг тогтоолгосон. Зээлийн төлбөрийн тооцоо нь үндсэн зээл 3,790,000 төгрөг, 1 сарын хүү нь 147,810 төгрөг, нийт 9 сарын хүү нь 1,330,290 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь үндсэн зээлийн 20 хувь буюу 379,000 төгрөг, мөн Ц.Ег эрэн сурвалжилахад гаргасан улсын тэмдэгтийн хураамжийн зардал 70,200 төгрөг болсон. Иймд Ц.Еэс нийт 5,569,490 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын

Хоёрдугаар хэлтсийн 2022.11.11-ний өдрийн 28иб3/4426 дугаал албан бичиг, К ББСБ ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.06.18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, хавсралт, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, бараа хүлээлгэн өгсөн акт, зээл, хүүгийн тооцоолол зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К ББСБ ХХК нь хариуцагч Ц.Ед холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,569,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. К ББСБ ХХК нь Ц.Етэй 2021 оны 06 дугаар сарын 18-ний өдөр 1490004016 тоот Барьцаат зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, зээлдүүлэгч нь зээлдэгчид эд хөрөнгө худалдан авах зориулалтаар 3,790,000 төгрөгийг, сарын 3,9 хувь, жилийн 46,80 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 5-6 хуудас/

Барьцаат зээлийн гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтад нийцсэн байна. Тус гэрээ субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

 

2. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

а/ Гэрээний 2.1.2-д Бэлтгэн нийлүүлэгчээс бараа хүлээлгэн өгсөн актын дагуу барааг хүлээн авснаар зээл олгосонд тооцно гэж заасны дагуу Ц.Ед барааны бүртгэлийн сери, дугаар 860284055433311, one plus 9 pro гар утсыг 2021.06.18-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь бараа хүлээлгэн өгсөн актаар тогтоогдож байх тул зээлдүүлэгч К ББСБ ХХК нь Ц.Ед зээлийг олгосон байна.

 

б/ Гэрээний 2.3.1Зээлдэгч Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлнө гээд, гэрээний хавсралт 1-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг тогтоож, мөн гэрээний 2.1.4Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 (хорь) хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн Гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төдөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж тохиролцжээ.

Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээлдэгч Ц.Е нь зээлийн хүү, үндсэн зээлийг төлөх үүрэгтэй байсан бөгөөд зээлийн төлбөрийг огт төлөөгүй, зээлийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх үүргээ зөрчсөн болох нь зээлийн тооцооллын баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 31 хуудас/

Иймд нэхэмжлэгч К ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна. 

 

3. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан.

Нэхэмжлэгч К ББСБ ХХК нь үндсэн зээлийн 20%-иар тооцож нэмэгдүүлсэн хүү шаардсан нь хуульд нийцээгүй тул үндсэн хүүгийн хорин хувиас нэмэгдүүлсэн хүүг тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжилсэн үндсэн хүү 1,330,290 төгрөгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцоолбол 266,058 төгрөг болж байна.

 

4. гэрээний 3.2.5, 3.2.6-д зааснаар зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүйтэй холбоотой аливаа ажиллагаа буюу шүүх болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдон гарах зардлыг нөхөн төлөх, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах үүргийг хүлээжээ.

Нэхэмжлэгч нь уг заалтын дагуу хариуцагч Ц.Ег эрэн сурвалжилахад гаргасан зардал буюу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шаардсныг үгүйсгэх боломжгүй байна.

 

5. Хариуцагч Ц.Е нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан хугацаанд хариу тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн зүйлийн 72.3-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч К ББСБ ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Ц.Еэс үндсэн зээл 3,790,000 төгрөг, зээлийн хүү 1,330,290 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266,058 төгрөг, зардал 70,200 төгрөг нийт 5,456,548 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 104,062 төгрөгийг нэхэмжлэгч К ББСБ ХХК төлсөн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Еэс 5,456,548 /таван сая дөрвөн зуун тавин зургаан мянга таван зуун дөчин найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ББСБ ХХК -д олгож, нэхэмжлэлээс 112,942 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч К ББСБ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,062 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Еэс 102,255 /нэг зуун хоёр мянга хоёр зуун тавин таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ББСБ ХХК -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА