Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 145/ШШ2023/00262

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 145/ШШ2023/00262

Өвөрхангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүргийн 25 дугаар хороо, Баруун үйлдвэрийн 133 дугаар гудамжинд байрлах, ..... ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ..... сумын 04 дүгээр баг, .... байрлах ...... ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэг болох 25431360.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэг болох 25431360.57 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2. Нэхэмжлэгч ******* ХХК-г төлөөлж ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь******* ХХК-тай талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, тэгш байдлыг үндэслэн харилцан эрх эдэлж, үүрэг, хариуцлага хүлээхээр зөвшөөрч, Түрээслүүлэгч нь цэвэр, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт бүрэн хийгдсэн, ашиглахад бэлэн нэр бүхий 1 ширхэг САТ330D D2L маркийн экскаваторыг түрээслэгч нь тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрийг тохирсон хугацаанд төлөх үүрэг хүлээн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 10-р сарын 01-ний өдөр хүртэл RC 18/05-10TT дугаар бүхий түрээсийн гэрээг 4 сарын хугацаатайгаар байгуулсан. Түрээслэгч нь өнөөг хүртэл гэрээний үндсэн үүрэг болох төлбөрийн гүйцэтгэл 16954240.38 болон түүнд ноогдох алданги 8477120.19 нийт 25431360.57 төгрөгийг төлөөгүй байна. Одоогийн Барловорлд монголиа ХХК нь тухайн үед ******* ХХК нэрээр явж байсан. Уг компани нь Цацралт бадмаараг ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж Cat 330 D2L экскаваторыг түрээслэсэн. Уг машиныг түрээслэхээр тохирсон анхны хугацаа 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг 4 сарын хугацаатайгаар түрээсийн гэрээ байгуулсан. Энэ хугацаандаа гэрээний дийлэнх төлбөрийг төлсөн байдаг. Тэрхүү төлсөн гэх баримтын тооцоолол хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд авагдсан бөгөөд 3 нэхэмжлэлийн нийт дүн нь 57654240.38 төгрөгөөс түрээслэгч маань 40700000 төгрөгийг төлсөн. Үүний үлдэгдэл 16954240.38 төгрөг. Энэ мөнгө нь юуны үлдэгдэл вэ? гэхээр анх гэрээ дээрээ зааснаар экскаваторыг илүү цагаар ажиллуулбал урт цагаараа тооцож илүү цагийн 16954240.38 төгрөг болсон байдаг. Үүнийг Цацралт бадмаараг ХХК түрээсийн гэрээнийхээ дагуу төлөх ёстой. Тухайн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Нэхэмжлэлүүдийг цаг тухайд нь төлсөн ч илүү цагийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа ч хэлээгүй, зөвшөөрч байгаагаа ч хэлээгүй дуугүй байдлаар явсаар өнөөдрийг хүрсэн. Тийм учраас бид нар 16954240.38 төгрөгийн өнөөдрийг хүртэлх алданги 41000000 төгрөг болж байгаа хэдий ч Иргэний хуульд зааснаар алданги нь 50 хувиас хэтэрч болдоггүй учир үндсэн төлбөрийн 50 хувь болох 8477120.19 төгрөг болж байгаа учир нийт 25430360.57 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ дээр хөөн хэлэлцэх хугацаа яригдах байх. Тухайн үед ковид, цар тахлын үед таарсан. Энэ үед манай компанийн зүгээс тодорхой хэмжээний өр төлбөртэй айлуудаа 1 жилийн хугацаагаар өр төлбөрөө төлөхийг хойшлуулж байсан. Энэ талаараа тухайн үед хөл хорио тогтоосон байсан учир вэб сайт дээрээ тавьж холбогдох хүмүүс рүүгээ мэдэгдэж байсан. Зарим өр төлбөртэй байсан айлууд манай руу холбогдож мөнгөө яаж, хэдий хугацаанд төлөх вэ? гэж асуугаад бид нар тухайн үед манайхаас машин гаргаж болохгүй байсан учир шууд цахим байдлаар тавьж, жинхэнэ хувилбарыг нь өөртөө хадгалж байсан. Шаардлагатай айлууддаа хуулбар үнэн гэсэн албан бичгийн хариугаа өгч байсан. Тухайн үед ******* ХХК байсан учир хуулийн газраас ийм санал гаргаад төлбөрүүдийг хойшлуулсан. Төлбөрүүдийг хойшлуулсан ч гэсэн Цацралт бадмаараг ХХК нь төлөх ёстой төлбөрөө төлье гэж хэлээгүй, бид нар төлөхөөс татгалзаж байна гэдгээ ч илэрхийлээгүй, ямар ч сураг чимээ байхгүй алга болчихсон. Бид нар шүүх хурал болохоос өмнө Цацралт бадмаараг ХХК-ийн захиралтай эвлэрэх саналаа хэлье гэсэн боловч хүлээж аваагүй. Иймд Барловорад ХХК гэрээний үндсэн төлбөр 25431360.57 төгрөгийг******* ХХК-наас гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Цацралт бадмаараг ХХК-ийн захирлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад зөвшөөрдөггүй вэ? гэхээр ******* ХХК нь нэхэмжлэл гаргаж байгаа боловч тухайн үед байгуулсан гэрээ нь ******* ХХК нь Цацралт бадмаараг ХХК-тай гэрээ байгуулсан. Нэгдүгээрт ******* ХХК-аас эрх шилжүүлсэн талаарх ямар нэгэн баримт хэрэгт байхгүй. Хоёрдугаарт нэхэмжилж байгаа үнийн дүн нь үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацаа нь тухайн гэрээг байгуулахдаа 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэрээ байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 320 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцоно гэсний дагуу хугацаагаа тохирсон. Ингээд тохирсон хугацаа нь дуусгавар болсон. Дуусгавар болсон гэдгийг гэрээнийхээ 5.5 дээр тодорхой дурдсан. Яагаад гэхээр тоног төхөөрөмжийн түрээсийн хугацаа дуусгавар болохоос өмнө буцаан өгсөн түрээслүүлэгч А хэсгийн 3 дугаарт зааснаар 7 хоногийн суурь түрээсийн төлбөрийг түрээсэлсэн хугацааны төлбөрийг түрээслэгчээс нэхэмжилж өгнө, хэрэв түрээсийн хугацаа дуусч төлбөл зохих төлбөр байгаа бол түрээслэгч төлбөрийг нэхэмжлэх хүлээн авснаас 3 хоногийн дотор төлж барагдуулна. Төлж барагдуулсны дараа хүлээлгэн өгөх хуудсыг бөглөөд, тооцоо дуусна гэсэн асуудал ярьдаг. Иргэний хуулийн 320 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Ковидын нөхцөл байдлын улмаас манайх талуудад үүргийн гүйцэтгэлийг 1 жилийн хугацаагаар хойшлуулах талаар 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0971 дугаартай тоот явуулсан гэж баримт өгдөг. Гэхдээ миний хувьд тухайн баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар нотлох баримтыг нөхөж гаргасан. Нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сард гаргаснаас хойш хугацаа нь хэд болж байгаа билээ, нэгэнт тухайн компаниас нэхэмжлэл гарч байгаа бол нэхэмжлэлийн бүрдүүлбэр гэж байх ёстой. Энэхүү баримтаа анхнаасаа өгөх ёстой байтал 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр уг баримтаа гаргаж өгсөн. Тэгэхээр энэ нь эргэлзээтэй баримт гаргаж өгсөн гэж үзэж байна. Анх нэхэмжлэл гаргах үедээ энэ баримтаа гаргаж өгөх боломж байсан ч өгөөгүй. Нэхэмжлэгч тал 1 жилийн хугацаагаар үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан баримт байсан бол хариуцагч талд ямар нэгэн байдлаар хүргүүлсэн, ямар нэгэн байдлаар танилцуулсан баримт хэрэгт огт байдаггүй. Одоо болохоор утсаар холбогдсон гэж байгаа боловч утсаар холбогдсон гэх үйл баримт хэргийн материалд байхгүй. Цахим хаягтаа тавьсан гэж мөн ярьж байна. Тэгвэл тухайн цаг хугацаандаа буюу 12 дугаар сарын 25-ны өдөр цахим хаягтаа байршуулсан бол тухайн компаниас тэдэн сарын тэдний өдөр манайх цахим хаягтаа байршуулсан гэх баримт хэрэгт авагдсан байх ёстой. Тэгэхээр өнөөдөр гаргаж байгаа нэхэмжлэлийн үндсэн үнэ болох 16945240.38 төгрөг, дээрээс нь хүү алданги болох 25431360.25 төгрөгийг Цацралт бадмаараг ХХК өгөх үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болон учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг гаргаж өгсөн: ******* ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн АБ/2212/033 дугаартай итгэмжлэл орчуулгын хамт, улсын тэмдэгтийн хураамжид 285107 төгрөг төлсөн баримт, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 309 дугаартай захиалгын хуудасны хуулбар, RC18/05-10TT дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний хуулбар, Тоног төхөөрөмжийн түрээсээс худалдах гэрээний хуулбар, ******* ХХК-ийн нэхэмжлэхийн хуулбар, Монгол даатгал ХХК-ийн дотоод ачаа тэврийн даатгалын баталгаа, шалгах хуудаснууд, хүлээлгэн өгөх хуудаснуудын хуулбар, ******* ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0971 дугаартай хугацаа хэтэрсэн төлбөр төлөлтийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах тухай албан бичиг зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

6.Хариуцагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №000081829 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0487 дугаартай ******* *******т олгосон итгэмжлэл, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Цацралт бадмаараг ХХК-наас *******т олгосон итгэмжлэл зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

7. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн хүсэлтээр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаартай тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай тогтоол болон 27 дугаар тогтоолын хавсралт зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: ...Цацралт бадмаараг ХХК манай байгууллагатай байгуулсан түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй... гэж тайлбарласан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ ...Хөөн хэлэлцэх хугацаа дуусан... гэж маргажээ.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Цацралт бадмаараг ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр CAT 330D D2L маркийн экскаваторыг 4 сарын хугацаатайгаар түрээслэхээр ******* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

******* ХХК, Цацралт бадмаараг ХХК нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, түрээсийн гэрээний шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч Цацралт бадмаараг ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд ******* ХХК нь оноосон нэрээ ******* ХХК болгон өөрчилж бүртгэснийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэжээ.

 

4. Талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр түрээсийн гэрээний хугацаа дууссан байх боловч түрээслүүлэгч нь түрээсийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул нэхэмжлэгч ******* ХХК нь түрээсийн гэрээний үүрэг болох 25430360.57 төгрөгийг хариуцагч Цацралт бадмаараг ХХК-наас шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2021 онд дууссан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь дээрхи түрээсийн гэрээний үүргээ биелүүлэхийг Цацралт бадмаараг ХХК-наас шаардаж мэдэгдэх хуудас хүргүүлж байсан талаархи баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар нотлоогүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ******* ХХК-ны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0971 дугаартай Хугацаа хэтэрсэн төлбөр төлөлтийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах тухай албан бичгийг нотлох баримтаар гарган өгч ковид-19 цар тахалын улмаас төлбөр төлөх байгууллагуудын төлөлтийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, уг албан бичгийг хөл хориотой байсны улмаас өөрийн цахим хаягт байршуулсан гэж тайлбарлаж байна.

Гэвч дээрхи Хугацаа хэтэрсэн төлбөр төлөлтийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах тухай албан бичгийн нэхэмжлэгч байгууллага нь өөрийн цахим хаягт байршуулсан, хариуцагч Цацралт бадмаараг ХХК-д хүргүүлсэн талаархи баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

5. Иймд нэхэмжлэгч байгууллагыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний үүргээ биелүүлэхийг Цацралт бадмаараг ХХК-аас шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ******* ХХК-ны нэхэмжлэлтэй, Цацралт бадмаараг ХХК-д холбогдох Түрээсийн гэрээний үүрэг болох 25431360.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 285107 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Цацралт бадмаараг ХХК-д холбогдох Түрээсийн гэрээний үүрэг болох 25431360.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285107 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Д.МӨНХТУЯА