2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2431

 

 

 

 

 

 

 

 

 

  2025          10          28                                    2025/ШЦТ/2431

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал, 

улсын яллагч Ж.Цээрүүгүндүү,

хохирогч *****, түүний өмгөөлөгч С.Батжаргал,

шүүгдэгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** холбогдох эрүүгийн 2508000001257 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ***** нь 2025 оны 06 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг 49-р байрны Б1 давхрын 2 тоотод хохирогч О.Нандин-Эрдэнийг тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохисон үйлдлийн улмаас, түүний биед уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд нүдний булгарал, буйлны цус хуралт, баруун дээд хоёрдугаар шүдний хугарал, нэгдүгээр шүдний эмтрэл гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***** мэдүүлэхдээ: “...Би шүд, уруулын сэтэрхий зэргийг буцаагаад эрүүл байдалд нь оруулмаар байна. Сэтгэл санааны хохирол гаргуулна, шүүгдэгч намайг шүдний аппараттай байсан гэж байна, миний шүд эрүүл байсан, шүдээ янзлуулахад нэг шүд 3-4 сая төгрөг гэж байгаа, 3 шүд, уруулын дотор гаднах сэтэрхий гэх гэмтэл учирсан байгаа, эм тариа авсан зүйл байхгүй. Гэмтлийн эмнэлэгт очиж оёулсан. Баримтаар 84.130 төгрөг нэхэмжилсэн цаашид гарах зардлыг нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч О.Нандин-Эрдэнийн:

“...2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэртээ угаалга хийж байтал 22 цагийн үед найз Баянбилэг 0,75 литрийн ногоон икс нэртэй архи барьж орж ирсэн. Тэр архийг хамт амьдрагч *****, найз Баянбилэг бид нар хувааж уусан. Архиа дуусаад би найз Баянбилэгийн хамт дэлгүүр ороод нэг шил 0,5 литрийн ногоон икс авч ирсэн... Би гэрийнхээ хаалгыг онгойлгоод найз Баянбилэгийн араас явах гэтэл хамтран амьдрагч ***** миний араас татаж аваад нүүр хэсэг рүү нэг удаа алгадаад би хазайгаад унах гээд байж байтал ахиад миний нүүр хэсэг рүү 1 удаа цохиод намайг газарт унагаасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дахь тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0725/7639 дугаартай “...О.Нандин-Эрдэнийн биед уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд нэгдүгээр шүдний булгарал, буйлны цус хуралт, баруун дээд хоёрдугаар шүдний хугарал, нэгдүгээр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10 хувь алдагдуулна. Шинэ гэмтэл байх бөгөөд гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/

 

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний “...Өмнө нь ийм зан гаргаж байгаагүй, хүүхдэд минь их хайртай байдаг... Өмнө нь хүчирхийлэл үйлдэж байгаагүй...” гэсэн маяг /хавтаст хэргийн 56-64 дэх тал/,

 

Шүүгдэгч *****ы:

“...Би О.Нандин-Эрдэнийн нүүр хэсэг рүү баруун гараараа 1 удаа алгадаад, ахиад зүүн гараа атгаж байгаад нүүр хэсэг рүү 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ЕГ0825/3457 дугаартай:

“...***** /РД:04262122/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна..” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 148-150 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ЕГ0525/1267 дугаартай:

“...2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЕΓ0725/7639 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. О.Нандин-Эрдэнийн биед зүүн дээд 1-р шүдний булгарал, баруун дээд 2-р шүдний цөгц хэсгийн ташуу хугарал, зүүн дээд 2-р шүдний ёзоорын түвшин дэх хөндлөн хугарал, баруун дээд 1-р шүдний эмтрэл, сулрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. О.Нандин-Эрдэнийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна. Дээрх гэмтэл нь цаг хугацааны хувьд 2025.06.01-02-нд шилжих шөнө үйлдсэн байх боломжтой шинэ гэмтэл бөгөөд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.6.42.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 163-166 дахь тал  болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ***** нь хохирогч О.Нандин-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтогдон тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг 2 дугаар зэрэглэлээр тогтоогдсон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.920.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Нандин-Эрдэнэд олгуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч С.Батжаргал “...Хохирогч массаж хийдэг байсан, шүд нь унаснаас хойш тэр ажлаа хийхгүй байгаа, ээж нь бас ажилгүй, орлогогүй байгаа тул хэргээ эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа талаараа хэлж байгаа. Яллах дүгнэлтийн хэмжээнд гэм буруутайд тооцуулах, ажилгүй тул урьдчилсан байдлаар 4 шүдний төлбөр болох 12 сая төгрөгийг нэхэмжилнэ гэж байгаа. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас гэмтэл учирсан нь тодорхой тул шинжээчийн дүгнэлтийг үндэслээд 12 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. Улсын яллагчийн зүгээс 84.130 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж байна. Тухайн баримтын нэг нь шатахууны баримт байгаа, нөгөө баримт нь нүүр ам судлалын сиди төлбөр тул 84.130 төгрөгийг гаргуулах, сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлснээр гаргуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.   

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *****ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ***** нь:

2025 оны 06 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг 49-р байрны Б1 давхрын 2 тоотод хохирогч О.Нандин-Эрдэнийг тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохисон үйлдлийн улмаас, түүний биед уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд нүдний булгарал, буйлны цус хуралт, баруун дээд хоёрдугаар шүдний хугарал, нэгдүгээр шүдний эмтрэл гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч О.Нандин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0725/7639 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ЕГ0825/3457 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ЕГ0525/1267 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Нандин-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой 84.130 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд үүнээс хохирогчийн эмлэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан төлбөр болох 25.000 төгрөгийг шүүгдэгч *****аас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн хохирогч О.Нандин-Эрдэнийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шинжээчийн дүгнэлтээр Хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон байх тул хохирогчийн сэтгэл санааны хохирлыг эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал зэргийг харгалзан Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын хүснэгтэд тусгаснаар уг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.000 төгрөгийг 12.99 дахин үржүүлж 10.288.080 төгрөг, нийт 10.313.080 төгрөгийг шүүгдэгч *****аас гаргуулж хохирогч *****д олгож, хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч С.Батжаргал “...Ял шийтгэл оногдуулахад шүүгдэгч өөрийн үйлдэлдээ гэмшихгүй байгаа байдал харагдаж байгааг шүүх анхаарч үзнэ үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.   

 

Иймд шүүхээс шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч *****д 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2508000001257 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 2 ширхэг сиди бичлэг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****ыг 640 /зургаан зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****аас хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хохирол төлбөрт 25.000 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 10.288.080 төгрөг, нийт 10.313.080 төгрөгийг гаргуулж хохирогч *****д олгож, хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ